2024-12-07, Бямба
-28 C
Ulaanbaatar

“Сэр сэр салхи”: Монголыг огтлолцуулсан гайхам содон хэрнээ хатуу ёжлолтой өсвөр насныхны тухай драм

Италийн Венеци, Францын Канн, Германы Берлин, АНУ-ын “Санданс”, Канадын Торонтогийн кино наадмуудыг дэлхийн кино урлагт хамгийн нөлөөтэй, бас хамгийн нэр хүндтэй “Их тав” гэж зүй ёсоор үздэг. Тэгвэл дэлхийн ууган буюу Венецийн кино наадмын энэ жилийн уралдаант хөтөлбөрийн “Оризонти” хэсэгт орон орны 18 дэлгэцийн бүтээл шалгарсны нэг нь Монгол, Франц, Португал, Голланд, Германы “Сэр сэр салхи” (“City of Wind”) кино байлаа. Монголын кино урлагийн түүхэнд ийнхүү шинэ хуудас нээсэн “Сэр сэр салхи” киноны гол дүрд тоглосон Б.Тэргэл “Оризонти”-гийн шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртсэн билээ. Энэ киноны талаар АНУ-ын “Variety” сэтгүүлийн кино шүүмжлэгч Жессика Киангийн бичсэн нийтлэлийг дор толилуулж байна.

Дэлхийн кино урлагийн ертөнцөд Монголыг ихэвчлэн бүргэдээр ан хийдэг буурал нүүдэлчдийн хахир хатуу ч яруу сайхан хөдөө хээр гэж төсөөлдгөөс гадна мэдээж алдарт байлдан дагуулагч Чингис хааны өлгий нутаг гэдгээр нь мэднэ. Тэгвэл найруулагч П.Лхагвадуламын намуухан хэрнээ итгэл төгс дебют кинонд тэрхүү улиг болсон төсөөллийг зоригтойгоор эвдэн монгол түмний эртний их өв соёлыг огт өөр өнцгөөс, Улаанбаатарын тэнгэр баганадсан барилгууд, худалдааны төвүүд, неон гэрэл цацруулсан шөнийн цэнгээний газруудаас хаа нэгтээ алсад орших ерөнхий дүрслэл болгон харуулжээ.

Хүн ам зүйн хувьд залуучууд давамгайлсан тус орны өсвөр насны “Z” үеийн хоёр төлөөлөгчийн хооронд орчин үеийн метрополис хотын зүрхэнд болон зах хязгаарт маш эмзэг, дэндүү хэврэг холбоо үүсч буй тухай энэ кинонд өгүүлэх ажээ. Нэр шигээ яруу найрагсаг өгүүлэмжтэй биш хэдий ч “Сэр сэр салхи” кино нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хотод дөлгөөн дулаан гэрэл цацруулдаг, ихэд болгоомжлон арчилж торддог дөл гэлтэй.

Киноны хамгийн эхний үзэгдэлд гайхалтай харьцуулалтуудыг туйлын торгон мэдрэмжтэйгээр дүрслэн харуулжээ. Цацаг санжлага унжуулсан хувцас, нүүрээ халхалж, урдаа нүд зурсан өмсгөлтэй “Өвөө-Сүнс” хэмээгдсэн бөө давчуухан гэрт бүжнэ. Түүний архиран үглэхийг залуухан туслагч бүсгүй хэлмэрчлэхэд тэр нь ухаалаг зөвлөгөө, тайтгаруулах сургамжийн үгс ажээ. Тэр бүхэнд тусламж хүсэж хүрэлцэн ирсэн гэр бүлийнхэн сэтгэл хангалуун байх нь илт.

Бөөлж дуусаад “Өвөө-Сүнс” өмсгөлөө тайлахад тэр нь дөнгөж арвандолоон настай Зээ хэмээх хөвгүүн байж таарна. Энэ дүрийн дотоод хувирлыг анхны кинондоо тоглосон гэхэд, жүжигчний гараагаа дөнгөж эхлүүлж буй Б.Тэргэл үнэхээр сайн гаргасан юм.

Бидний таамаглаж байсанчлан ирээдүйн нууцад нэвтэрч тайлахын тулд балар хуучны сүнсүүдтэй харилцдаг бөө нь мэргэн буурал өвгөн бус, хичээлээс гадуур ер бусын хачирхалтай үйл хийдгээсээ болж ангийнхаа онгироо хөвгүүдэд байнга шоглуулдаг ахлах сургуулийн сайн сурагч Зээ байх нь тэр.

Бага балчраасаа бөөлөх чадвартай нь илэрсэн Зээ ер бусын увдистай гэдэгтээ үнэн сэтгэлээсээ итгэх ба гэр бүлийнхээ энэхүү өвөрмөц бизнест уусан үе тэнгийнхнээс нь хөндийрүүлж ялгаруулдаг хоёр талт амьдралтайгаа эвлэрсэн нэгэн санагдана. (Түүнийг бөөлөхөд хэлмэрчилж тусалдаг бүсгүй бол Оюу гэдэг түүний төрсөн эгч бөгөөд жирэмсэлснээс үүдэн олон хүндрэл, бэрхшээлийг даван туулахад хүрдэг нь киноны явцад ил болдог.)

Зээгийн аав, ээж хоёр ер бусын бэлгийн нүдтэй төрсөн хүүгээрээ бахархах ба Оюу эгч нь (Ц.Ану-Үжин тоглосон) шөнө дунд дүүгийнхээ аман хуурын эгшгинд өөрийн эрхгүй уярч тайвширдгаа өөртөө ч хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй.

“Сэр сэр салхи”

Зээ гэр бүлтэй, бас өөрийн гэсэн үйлчлүүлэгчидтэй ба энэ нь түүний амьдралд хангалттай санагдана. Түүний байнгын үйлчлүүлэгчдийн нэг нь архинд орсон хүүдээ санаа зовнидог хөрш айлын өвгөн аж. (Энд нэг сонирхолтой зүйл ажиглагдсан нь, монголчууд хүмүүсийг нэрээр нь гэхээсээ илүүтэй ямар харилцаатайгаасаа үүдэн дууддаг уламжлалтай тул Зээ тэднийг “Хөрш өвөө”, “Хөрш ах” гэж авгайлна.)

“Сэр сэр салхи”Гэвч нэг удаа зүрхний хагалгаанд орох гэж буй өөрөөс нь нэг насаар дүү ч хавьгүй сэргэлэн, гүйлгээ ухаантай Марал охинд (А. Номин-Эрдэнэ тоглосон) бөөгийн зан үйл хийх болсноос эхлэн Зээгийн дасал болсон тогтуун амьдрал эрч өөрчлөгддөг. Охиноо бөөд үзүүлэхийг хүссэн ээжийнхээ үгэнд арга буюу орсон хэдий ч Марал Зээг бөөлж дууссаны дараа хууран мэхлэгч луйварчнаар нь дуудаж ихэд зэвүүцнэ. Эхэндээ сэтгэлийнхээ голоос үзэн ядсан хүнд ухаангүй татагдаж сайн болдог тийм л хайр дурлал Зээг ниргэжээ.

Зээ Маралыг хагалгааны дараа тэнхэрч байхад нь эмнэлэгт эргэн очиж ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг, Солонгос руу явсан аавыгаа үгүйлж санадаг, өөртэй нь адилхан ганцаардаж шаналдаг нэгэн болохыг мэддэг байна. Тэр хоёр дотносон үерхэж эхэлдэг нь тодорхой. Найз охиныхоо нөлөөгөөр Зээ үсээ будаж, хичээлдээ шамдахаа больж, тэр ч бүү хэл ангидаа хэрэг тарьдаг болно. Гэвч Зээгийн хувьд бүх юм муугаар эргэхгүй. Нэгэн үзэгдэлд тэрээр өөрийг нь дээрэлхдэг байсан ангийн хөвгүүнтэйгээ хамт хэт түрэмгий ааш гаргадаг багшийг шоглон биеэ өмгөөлж чадахтайгаа болсноо харуулдаг.

Хотын шуугиант амьдралаас залхсан Марал ирээдүйн амьдралаа алслагдсан хөдөө хээр нутагтай холбон төсөөлдөг бол Зээ элдэв ухаалаг төхөөрөмжөөр тоноглогдсон хотын тохилог орон сууц худалдан авах хангалттай мөнгө цуглуулахыг зорих ажээ. Хүн гэдэг угаасаа өөрт байхгүй зүйлдээ тэмүүлдэг хойно арга ч үгүй.

Гэвч өөр өөрийн бүтэшгүй хийсвэр мөрөөдөлтэй дурлалт хос эргэн тойрны бодит байдлыг хэрхэн хүлээж зөвшөөрч буйг тогтуун бөгөөд энгийн хийцтэй энэ кинонд ихэд өвөрмөцөөр товойлгон харуулж чаджээ. Зээ заримдаа огт өөр ертөнцөд үйл хийвч зураглаач Васко Карвальо Вианагийн камер хөвгүүний гэр бүл амьдардаг хотын захын хайш яаш дүүргээс гял цал болсон худалдааны төв, гойд юмгүй уйтгартай ангийн өрөө хүртэл гагцхүү бодит байдлыг гярхай ажиглан хэсүүчлэх аж.

Өсвөр насныхны тухай кинонууд ихэвчлэн уламжлал-орчин үе гэсэн зөрчлийн тэнхлэгийг тойрсон сэдэвтэй, тэрхүү зөрчлийн явцад киноны баатар тодорхой нөхцөл байдлаас шалтгаалан олон салаа замын алиныг сонгон томчуудын амьдралд хэрхэн хөл тавихыг дүрсэлдэг.

Тэгвэл П.Лхагвадулам хэн хүнд танил энэ сэдвээр анхныхаа бүрэн хэмжээний кино бүтээхдээ шинэхэн найруулагчдын нэгэн адил ямар нэг хурц зөрчил дээр тоглон өөрийн арга барилын давуу тал, юу хийж чаддаг зэргээ давын өмнө сайрхан харуулахыг эрмэлзээгүй нь ажиглагдана. Тэрээр киногоо зөөлөн дулаан сэтгэлээр дүүргэж, нэг дусал ч халиалгүй дуусгаж чадсан нь үнэхээр гайхам сайхан.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img