2024-10-05, Бямба
-3 C
Ulaanbaatar

Үй Хуа:Би Улаанбаатарт од болсноо энд ирээд л мэдлээ

Номын баяраар  Үй Хуа зохиолчийн гарын үсэг зурж байгаа гэрийн гадаа уншигчид нь дугаарлаж байв.  Соёлын төв өргөөнд  хайртай зохиолчтойгоо уулзахаар зорин ирсэн олон хүн   “Зохиолч, уншигчдын уулзалт”-ын бас нэгэн шинэ жишиг тогтоосон юм.   Уулзалтын тасалбар 15 000-25 000 төгрөгийн үнэтэй байсан ч Соёлын төв өргөөний үзэгчдийн суудал дүүрчээ. Уулзалтыг хөтлөгчдийн нэг зохиолч,нийтлэлч Б.Цэнддоогийн хэлсэнчлэн  “Бидний соёлын амьдралд шинэ үзэгдэл боллоо”.

Хятадын алдарт зохиолч ирсэн болохоор ч  тэр үү номын баяраар Сүхбаатарын талбайд  хятад хүмүүс олон таарсан. Хятад хэлний сургалттай сургуулийн хүүхдүүд ч уулзалтад олноороо ирсэн бололтой байв. Өвөрмонгол яруу найрагч Ш.Дүүрэнжаргал уншигчдын уулзалтын үеэр орчуулсан.  Заримдаа түүнийг ам нээхээс ч  өмнө зохиогчийн үгэнд баясаж, алга ташиж, нир хийтэл инээж байсан хүмүүс хятад хэлтэй уншигчид олон байгааг илтгэнэ. Үй Хуа зохиолч  яриан завсраа үе үе наргиа хавчуулах юм, зохиол шигээ гунигтай хүн биш бололтой.

Б.Цэнддоо “Монголчууд маш уншимтгай хүмүүс” гэж тодорхойлсоныг Үй Хуа зохиолч  хүлээн зөвшөөрөх нь дамжиггүй.

 Алдарт зохиолч ярихдаа  “Би Улаанбаатарт од болсноо энд ирээд л мэдлээ. Ном уншдаг хүн олон гэж сонссон ч ийм олон гэж бодсонгүй. Онгоцны буудлаас ирэх замдаа “Амьдрахуй” хэр зарагдсан бэ гэж  Мө.Батбаяр(“Амьдрахуй”-н орчуулагч)-аас асуухад “50 мянга орчим борлогдсон” гэж хэлсэн. Монголын хүн амтай харьцуулахад үнэхээр их тоо” хэмээн үнэлэв.

Үй Хуа  Монголд ирэхээсээ өмнө “Улаанбаатарын үдэш” дууг олон дуучны дуулснаар сонссон  ч үнэндээ  Улаанбаатараас ч  өмнө Өндөрхаан хэмээх нэрийг тогтоосон гэнэ.

“Бага сургуульд байхдаа би Өндөрхаан гэдэг нэрийг анх олж сонссон. Тухайн үед Мао даргыг залгамжлагч Монголын газар нутагт Өндөрхаанд онгоцтойгоо унаж сүйрсэн  юм. Бага байхад хананд Мао дарга болон Линь Бяогийн зураг байдаг сан.  Мао даргын албан ёсны залгамжлагч Линь Бяо гэж үздэг байсан.

 Гэтэл гэнэт  Линь Бяо  Мао даргаас урваж, Зөвлөлт рүү зугатаах замдаа сүйрсэн гэдэг  мэдээг сонсоод маш их цочирдсон” гэж уулзалтын үеэр Үй Хуа дурссан юм.

“Амьдрахуй”-г та нарт ямар нэгэн зохиолчийн эрхгүйгээр бэлэглэчихье гэж байжээ

Уулзалтыг хөтөлсөн “Тагтаа Паблишинг”-ийн  Б.Баясгалан асуултынхаа өмнө ийн дурсав. “Өвөрмонгол яруу найрагч Ш.Дүүрэнжаргалаар дамжуулж, найман жилийн өмнө  Үй Хуа гуайтай  холбогдсон юм.  “Бид  залуу, ядуу хүмүүс байгаа юм. Гэхдээ бид дэлхийн хамгийн шилдэг зохиолчдыг л хэвлэнэ. Тэр дундаа таны номыг хэвлэх гэсэн юм” гэж гуйсан чинь Үй Хуа зохиолч яг яасныг мэдэхгүй “Амьдрахуй”-г та нарт ямар нэгэн зохиолчийн эрхгүйгээр бэлэглэчихье гэсэн. Бэлгэнд авсан ном маань 50 000 хувь хэвлэгдээд, манай цорын ганц бестселлер,  зүтгүүр болсон. Танд баярлалаа. Яагаад та бестселлер номоо бидэнд бэлэглэсэн юм бэ хэмээн асуулаа.

Үй Хуа: Зохиолч хүнд хэвлэлийн эрхээс илүү уншигч чухал. Хятад орон Соёлын хувьсгалын дараа үйлдвэржилтийн бодлогын үед гадны зохиолчдын бүтээлийг их хэмжээгээр хэвлэсэн. Гэсэн ч тухайн үед ямар ч хэвлэлийн эрх яригддаггүй байсан.  Би номонд хорхойтой болох насандаа  хэвлэлийн эрхгүй ном уншиж байсан юм. Тийм учраас хэвлэлийн эрх гэхээсээ уншигч чухал гэж үздэг.

Гэхдээ “Непко”  хэвлэлийн эрхтэй. Яагаад гэвэл тэд Ш.Дүүрэнжаргал руу биш намайг төлөөлж байгаа компанид хандсан хэмээн наргиа болгов.

Тэрбээр Ш.Дүүрэнжаргалаас гадна олон өвөрмонгол найзтай гэнэ.

“Хятад хүмүүсийн хувьд Европын ямар нэг орноос илүү Монголыг мэддэг. Би олон өвөрмонгол  найзтай.  Өвөрмонгол найзууд маань Улаанбаатарт очих гэж байгаад маань их атаархсан. Манай найзууд хамт Улаанбаатарт очих сон гэж ярьдаг. Өнөөдөр мөрөөдөл биелэж байна. 20 жилийн өмнө Улаанбаатарт ирэхийг хүсдэг байсан. Тэгэхэд Ш.Дүүрэнжаргал жаахан байсан болохоор ирж чадаагүй хэмээн орчуулагчдаа тал шагнаж байна лээ.

Үй Хуа Монголын хоёр зохиолчийн номыг уншжээ

-Би монголын хоёр зохиолчийн номыг уншсан. Б.Цэнддоо, Ц.Доржготов гуайн зохиол байсан. Хятад, Монгол хоёр орны түүх ижил төстэй явсан цаг үе бий. Өөрийнхөө үеийн монгол  зохиолчдыг уншихаар бидний тухайн үед өнгөрүүлж байсан амьдрал  төстэй, танил санагддаг гэж Үй Хуа хэлсэн юм.

 Ц.Доржготов зохиолчийн хүү өөрийн нүүр номдоо “Хятадын нэрт зохиолч Үй Хуа тусгайлан аавыг минь хүлээн авч уулзав. Аавыг минь эчнээ таних, зохиол бүтээлийг нь уншиж, биширсэн тухай онцлов. Энэ зохиолчийн гайхамшигт уран бүтээлээс илүү даруу зан, энгийн байдал таалагдав” хэмээн бичсэн байна лээ.

Хөтлөгч Б.Цэнддоо Үй Хуа зохиолчийн “Хятад орон 10 үгээр” номыг нь анх уншсан. Би баримтат уран сайхны нийтлэлийн ном бичдэг учраас надад их ойр санагдсан. Та арван сэдвээ яаж сонгож авсан бэ? Улс орны тухай ном гэхээр газарзүй, статистик,  хүн амын тухай байдаг шүү дээ. Үүнээс огт өөр байсан. Их таалагдсан  учраас “Монгол 11 үгээр” гээд яг тиймэрхүү форматаар гэхдээ өөрөө  бичсэн. Зохиолчийн эрх асуудаг юм уу гэсэн чинь Баясаа “Зүгээр бэлэглэчихдэг юм, та яах юм” гэсэн хэмээн нухацтай байж мэдэх сэдвийг хөнгөхөн төгсгөв.

 Хариуд нь  Үй ХуаБи Б.Цэнддоо зохиолчийн “Голын тэртээх гацааны хавар” гэдэг зохиолыг уншсан. Бусдаасаа арай өөрөөр сэтгэдэг хүний тухай байсан. Яриа бүхэн нь бидний хайгаад байгаа үнэн санагдсан. Тийм учраас зохиолч 11 үгээр Монголыг тайлбарласан нь надаас илүү болсон байх гэж бодож байна” гэсэн шүү.

Харин арван сэдвээ сонгож авсан тухайгаа ийнхүү тайлбарласан.

“Тухайн үед би 2010 оноос эхэлж энэ номыг бичсэн. Миний энэ арван үг тухайн үед нийгмийн санаа бодолд байсан 10 үг байдаг. Лу Сюнь гэдэг үг  биднийг багад үнэн зөв гэж ойлгогддог байсан. Гучин насандаа түүний номыг уншаад “Зүгээр зохиолч юм байна” гэж таньж эхэлсэн. Миний ном Америкт хэвлэгдэх үед америк редактор нь  “Лу Сюнь гэдэг нэрийг сольё. Учир нь Америкт түүнийг таних хүн байхгүй гэсэн. Харин би “Үүнийг би америкчуудад бус хятад хүмүүст зориулсан юм. Хятадад хэвлэгдээгүй боловч энэ үгийг солих шаардлагагүй” гэж хариулсан юм.

Хятадын хэвлэлийн газрууд одоо болтол жаахан айгаад, энэ номыг хэвлээгүй байгаа” гэсэн шүү.

Бичих явцдаа энэ хэвлэгдэх үү үгүй юу гэдгийг боддоггүй

Номын баярыг ивээдэг УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтаас өмнөхөн Сүхбаатарын талбайд эгнэсэн асруудаар зочилж явахдаа гаднаа урт оочертой Үй Хуа зохиолчийн гэрээр ороод гарсан юм. Тэр “Ном нь хориглогдсон гэсэн гайгүй юу”хэмээн хээгүйхэн асуунгаа “Эхнэр, бэр хоёр маань таны номыг их уншдаг” хэмээн хуучилсан. “Гадаа хүмүүс хүлээгээд байгаа болохоор дараа таныг тухтай хүлээж авъя” гэж спикер өндөлзөж суусан юм. Үй Хуа зохиолч түүнд багц номоо бэлэглэсэн. Зохиолчийг ирэхийг угтуулан  “Тагтаа” номыг нь багцалж худалдах болсон юм. Номын баяраас өмнөхөн УИХ-ын дарга рийлс хийж  чухал зургаан номоо танилцуулахдаа эрхэм зочин Үй Хуагийн зохиолыг дурдсан билээ.

Хэвлэх “виз” авах гэдэг хөршийнхөнд  одоо ч  асуудал хэвээр аж.

Зохиолч уншигчдын уулзалтын үеэр Үй Хуа зохиолч ийнхүү өгүүлэв.

“Би дөчин жилийн өмнө зохиолчийн гараагаа эхлүүлж бичиж эхэлсэн. Тухайн үед миний бичсэн зүйлс хэвлэгдэх боломжгүй байв.  Гэхдээ би шантраагүй бичсээр байсан. Одоо миний  бүх зохиол хэвлэгдсэн.  Дараагийн номууд хэвлэгдэх эсэхийг хэлж мэдэхгүй ч хэзээ нэг цагт хэвлэгдэх л болно гэдэгт итгэлтэй байна.

Одоо болтол бичсээр байгаагийн нууц нь бичих явцдаа энэ хэвлэгдэх үү үгүй юу гэдгийг боддоггүй.  Хэвлэгдэх эсэх нь дараагийн асуудал.

Би одоо их сургуульд зохион бичлэг заадаг ухаантай. Миний нэг оюутан өгүүллэг бичдэг ч  хэвлүүлж чаддаггүй. “Хэзээ нэг цагт чиний бүтээл хэвлэгдэх болно” гэж захидаг. Хятадын миний үеийн зохиолч нар  ингэж бичвэл хэвлэгдэх болов уу, ингэж бичвэл хэвлэгдэхгүй байх гэх бодол тархинд нь суусан болохоор бүтээлд нь  сөргөөр нөлөөлдөг” гэж дүгнэсэн.

Хүн  бусдын нүдэнд яаж харагдахад  бус өөрөө яаж амьдарч байгаа нь чухал

Б:Баясгалан Үй Хуа зохиолчийн эхэн үеийн зохиолууд абстракт, авангард барууны нөлөө ихтэй Кафка маягийн бичлэгийг санагдуулдаг нэлээд хар бараан  эрс шийдэмгий  байдаг. Тэгтэл одоо “Амьдрахуй”, “Цусаа худалдсан тэмдэглэл”, “Вэн хот”,  “Ахан дүүс” гээд зохиолууд нь алга урвуулсан юм шиг тэс өөр болоод нэлээд реалист бодит болж ирсэн. Гэнэт  хувирсан нь надад сонирхолтой байна” хэмээн лавлав. Бас түүний шагналын талаар ч тодруулсан.

  Үй Хуа: “Амьдрахуй”-гаас хойш миний зохиол өөрчлөгдсөн. Эхний үед би авангард төрлөөр өгүүлэг, зохиол бичих гэж оролдсон. Надад хэцүү хүнд санагддаг байсан. Эхлээд хөндлөнгийн  хүний нүдээр  амьдралыг өгүүлдэг байсан бол сүүлийн үед нэгдүгээр биеэс өөрийн хүүрнэл, дотоод хүүрнэл маягаар явах болсон нь надад амар санагдах болсон. Өөрийгөө бичиж байгаа юм шиг санагддаг.

“Амьдрахуй”-н гол дүр тариачин. Тариачин хүний яриа, бодлыг  хамгийн амархан хар бор үгээр илэрхийлэх  учиртай.  Их сургуулийн багш шиг  яривал үнэмшилгүй болно. Тийм учраас хамгийн  хар бор, хялбар яриагаар зохиолоо бичиж эхэлсэн.

 Дараагийн зохиолоо бичихдээ өмнөх хүүрнэлээ мартах хэрэгтэй болдог. Нэг л хүний төрхөөр дараагийн зохиол руугаа шилжиж  болохгүй. Тийм учраас  эхнийхийгээ мартаад, шинэ хүүрнэл олох хэрэгтэй байдаг. Миний хувьд сэтгэл хангалуун байдаг зүйл (Бүтээл тийм олон биш, зургаан роман бий). Энэ зохиолууд маань өөр өөр  санагддаг. Үүгээрээ бахархаж болох юм шиг бодогддог.

Фу Гүй гэдэг хүний амьдралыг хөндлөнгийн нүдээр харвал зүгээр  л зовлон зүдгүүр. Гэтэл  энэ  хүн өөрөө амьдралаа хүүрнэвэл хэдийгээр зовлонтой ч гэсэн жаргалаар сүлэгдсэн зовлон шиг санагддаг.

Хүн  бусдын нүдэнд яаж харагдахад  бус өөрөө яаж амьдарч байгаа нь чухал. “Амьдрахуй”-г дэлхийн олон орны хүмүүс унших дуртай байдаг.  42  хэл дээр орчуулагдсан.  Миний бусад бүтээлд ч хүмүүс дуртай. Тэгээд надад хэдэн шагнал өгсөн юм хэмээн даруухан ярилаа.

Миний  зохиол хүмүүст найдвар төрүүлдэг

“Амьдрахуй”-г оруулаад миний бүх зохиол хүмүүст найдвар төрүүлдэг. Италид нэг шүүмжид “Амьдрахуй” гэдэг үхлийн тухай зохиол гэхдээ яаж амьдрахыг зааж өгч байна гэж бичсэн байдаг. Америкт хэвлэгдэх үеийн нэг шүүмжид  “Хүний амьдрах хүслийг ямар ч хүч сааруулж чадахгүй” гэж онцолсон.  Хэдийгээр бүхэлдээ зовлон бэрхшээлээр дүүрэн байгаа ч яагаад хүмүүс унших дуртай байна гэхээр нууц нь хүмүүст найдлага төрүүлдэг. Анхны уншигч нь найруулагч   Жан Имоу. “Хэтэрхий хүнд учраас  яг тэр чигээр нь хэвлэвэл уншигчид нэлээд хүнд тусах болов уу” гэж тэр надад зөвлөсөн юм.

Хэтэрхий хүнд учраас киногоо үйл явдлыг дуустал хийвэл үзэгчид хүнд тусах болов уу. Тийм учраас зохиолыг дуустал кинондоо оруулаагүй, дунд нь зогссон байдаг. Би эхэндээ  уншигчид  яаж нөлөөлөхийг мэдэхгүй байсан.  Олон жилийн дараа өөр нэг найруулагч тайзны жүжиг болгохдоо “Арай хүнд юм биш үү” гэсэн. Харин би “Санаа зоволтгүй, Монголд ч  уншаад, хүлээж авч болж байхад яагаад Хятадад хүлээж авахгүй гэж” хэмээн  хариулсан. Дэлхийд олон уншигчтай болсны дараа хүмүүс хүлээж авдаг юм байна гэдэг ойлголттой болсон.

 Миний хувьд уншигчдын сэтгэл зүй найруулагч зохиолчдынхоос илүү чанга гэж үздэг.

    Манай найруулагч, зохиолчид “Ингэж бичвэл уншигчид хүлээж авах болов уу” гэсэн сэтгэхүйтэй байдаг. Ийм зүйлд анхаарах хэрэггүй гэж бодож байна. Уран бүтээлч  өөрийнхөө чинээгээр бичээд,  түүнийг нь хүмүүс яаж хүлээж авах гэдэг дараагийн удаа бодох зүйл.

Хэрэв зохиолоо бичих явцдаа энэ хэвлэгдэж чадах болов уу, хүмүүс хүлээж авах болов уу гэж санаа зовоод байвал сайн зохиол болж чадахгүй гэж миний хувьд үздэг. Бичих явцад зөвхөн зохиол  тархинд нь эргэлдэх учиртай.

 Анх киногоо үзээд “Миний зохиол биш юм биш үү” гэсэн сэтгэгдэл төрсөн

Баабар бас зохион байгуулагчийн давуу эрхээ дурдаж байгаад ийнхүү асуув.

”Амьдрахуй” зохиол кино болж хувирсан.  Таны кино, ном хоёрыг харьцуулж ярьж байхыг олон удаа сонссон. Ном нь илүү гоё, зарим нь кино нь гоё гэдэг. Зохиол нь гутранги, Жан Имоу кино хийхдээ нэлээд өөдрөг болгосон. Надад  аль аль нь сайхан. Таны хувьд энэ кино ямар сэтгэгдэл төрүүлэв?

Үй Хуа:  Надад олон хүн таны зохиол киноноосоо хавьгүй сайхан гэж хэлсэн. Харин  Жан Имоуд олон хүн “Кино нь сайхан” гэж ярьсан гэнэ лээ.  Жан Имоугийн киноны дараа миний зохиол олон хэл дээр зэрэг орчуулагдсан юм.

1993 онд анх энэ киног үзээд “Ер нь миний зохиол биш юм биш үү” гэсэн сэтгэгдэл төрсөн. Түүн руу утасдаж “Ер нь энэ киног Амьдрахуй гэдгээс өөрөөр нэрлэх хэрэгтэй юм биш үү” гэсэн.  Жан Имоу найруулагч надад маш олон тайлбар хэлсэн юм.

Дараа нь миний номууд Европ, Америкаар хэвлэгдэж гадаадад уригдах болсон. Уулзалт арга хэмжээний үеэр киног гаргадаг. Намайг Жан Имоу найруулагчийг төлөөлүүлэн үзэгчидтэй уулзуулдаг арга хэмжээнүүд болдог байсан. Жан Имоу найруулагчийг урих боломжгүй, тухайн үед би гадны улс орнуудаар явж үзээгүй байсан учраас урилга ирэх бүрд гүйгээд оччихдог байв.(инээв)

Одоо бол би тийм амар хөдлөхгүй ээ.

Ийм маягаар би гадаадад өөрийнхөө киног 20 гаруй удаа үзсэн юм.  Олон удаа  үзсэний дараа миний тархинд нэг бодол зурсхийсэн. Би яагаад энэ кино шиг зохиол бичиж чадаагүй юм бэ?

Амьдралд зөв, буруу гэж байхгүй гэж санагддаг. Өөрт чинь дасал болсон зүйл зөв санагддаг.  Нөгөө зүйлд дассаны дараа тэр ч бас зөв санагдаж эхэлдэг.

Үүнээс хойш хүмүүс киноны тухай асуухад би нэг л үгээр хариулдаг. “Мундаг кино болсон” л гэдэг.

 Фу Гүйн дүрд олон хүний зовлонг нэгтгэжээ

   “Амьдрахуй”-н гол дүр Фу Гүйд хорвоогийн хамаг зовлонг үүрүүлчихсэн юм шиг л санагддаг. Үнэндээ тэр зөвхөн  нэг хүний амьдралд тохиолдсон бодит түүх бус, олон хүний зовлонг түүний дүрд шингээжээ.

“Миний үеийн хятад зохиолчид олон хүний амьдралыг бүтээлдээ тусгадаг.

Намайг бага байхад Фу Гүй шиг хүн олон байсан. Зөвхөн ганц хүний түүх биш. Засгийн газраас сар бүр амьжиргааны тэтгэмж олгодог. Түүгээрээ амьдардаг,  ямар ч хамаатан, садан төрөлгүй орь ганцаараа амьдардаг хүн миний эргэн тойронд маш олон байсан.  Дайн, Соёлын хувьсгал, өлсгөлөн, хижигийн үеэр  маш олон хүн үхэж үрэгдсэн  учраас ганц бие хөгшид олон байсан. Энэ зохиолыг бичих сэдэл хятад хүний хувь тавилан. Хятад хүмүүс сүүлийн 20 жил чинээлэг амьдралд хүрсэн. Түүнээс өмнө Хятадын ард түмэн үнэхээрийн их зовлон үзсэн. Энэ асуудлыг тусгасан зохиол бичихээр шийдсэн юм.

Гэхдээ яаж эхэлж бичихээ мэдэхгүй байсан. Нэг удаа дугхийгээд сэрэхэд “Амьдрахуй” гэдэг үг санаанд  буусан. Тэгэхэд би энэ зохиолыг биччих юм байна гэсэн итгэл төрсөн.

“Амьдрахуй”-гаа бичиж дуусаад тухайн үеийн уран зохиолын нэр хүндтэй сэтгүүлийн редакторт уншуулахаар илгээж байсан. Яаж ийж байгаад сэтгүүлд нийтлүүлчихье гэдэг бодолтой байсан. Миний зохиолыг хэвлэхээ мэдэгдсэний дараа бодогдсон зүйл хамгийн эхний нүүрт хэвлүүлэх боломжтой болов уу гэж бодогдсон. Ном болгож хэвлэгдсэн. Эхний удаа 2000 ширхэг хэвлэсэн. Хоёр, гурван жилд зарагдаж дуусаагүй.   1998 онд өөр нэг хэвлэлийн газарт хэвлэсний дараа олон хүн уншсан. Одоо бол цахим номыг тооцохгүйгээр 20 сая ширхэг борлогдсон байна.

 Эхлээд нэг их найдлага тавиагүй л дээ. Дараа нь бодож байхад би ер нь номынхоо нэрийг зөв өгчээ гэж санагдсан.

Амьдрахуй гэдэг үг хятадаар бол маш хүчтэй үг. Бусад руу довтлох хашгирах, орилоон чарлаан бус. Хувь тавилан болоод нийгмийн бидэнд үүрүүлсэн  бүхнийг тэвчиж өнгөрүүлэх гэсэн утга илэрхийлдэг.

 “Амьдрахуй”  гэдэг нэртэй ном одоо хүртэл амьдарсаар л байна гэлээ.

Хүнд зохиол бичдэг эрхэм өөрөө харин хүнд байдалд орохдоо  сайтар нойр авахыг эрхэмлэдэг гэнэ.

“Миний хувьд хамгийн сайн арга унтах. Унтаад сэрэхэд бүх зүйлс өөр өнгө төрхтэй харагддаг. Нойр гэдэг хүн төрөлхтний маш олон асуудлыг шийдэж өгдөг зүйл” гэсэн шүү.

“Амьдрахуй” романд хэлц үг их орсон байдаг. Ардын аман зохиолыг хэр их ашигладаг вэ гэсэн уншигчийн асуултад “Багадаа Хятадын хэлц үгийн толь уншдаг байсан. Энэ үг яаж бий болсон гэдгийг тайлбарласан үлгэр байсан. Соёлын хувьсгалаас өмнө хэвлэгдсэн ном. Түүнийг байн байн уншдаг байсан” хэмээн хариуллаа.

Сүүлийн асуултыг тавих эрх орчуулагч Мө.Батбаярт олгогдов.

 “Уран зохиол дахь үнэн хийгээд амьдралын үнэн юугаараа ялгаатай вэ” гэхэд нь эрхэм зочин ийнхүү хариуллаа.

 “Хэцүү асуулт байна. Өвөрмонголд нэг осол болсон тухай найз маань надад ярьсан юм. Хоёр ачааны том машин мөргөлдсөн.  Энэ ослын тухай зохиол бичих бол замын хоёр талд модон дээр суусан шувууд  унаж, зарим нь үхсэн гэвэл энэ дүрслэл хоёр машин ямар хүчээр мөргөлдсөнийг хүний тархинд мартагдахгүйгээр буулгана. Зөвхөн машины тухай бичээд өнгөрвөл учир дутагдалтай. Шувуудыг бас бичиж байж уран зохиол болно” гэсэн юм.

Уулзалтын дараа ч эрхэм зочныг гарын үсэг зуруулах гэсэн хүмүүс бүчиж авлаа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img