-Монголд анх удаа жүжигчингүй жүжиг тоглосон нь таны “Амьгүй биет” зохиол. Тайзан дээр хэн ч гарч ирэхгүй гэхээр нэг л…?
-Театр, драмын урлагийн талаарх бидний ойлголт, төсөөлөл хязгаарлагдмал хүрээнд хайрцаглагдчихсан байна л даа. Заавал хэн нэг ардын, гавьяат, соёлын тэргүүний ажилтан жүжигчнийг уйлж, дуулж, бүжиглэж, орилж хашгирч, үхэж жүжиглэхийг харж байж л театрын урлагийг мэдэрнэ гэдэг дэндүү хязгаарлагдмал биш гэж үү? Бид жүжигчний уран чадвар дээр суурилсан уламжлалт арга барилаас татгалзсан юм Үзэгчдийн анхаарал жүжигчин дээр төвлөрөхгүй учраас харин ч үзэж харах, сонсох, үнэрлэх, хүрэлцэх мэдрэмж илүү ихээр ажиллаж таарна аа даа. Бид ч дөрвөн мэдрэхүйгээрээ энэхүү зохиолыг мэдрэх бололцоог хангаж өгөхөөр ажиллаж чадсан.
-“Амьгүй биет” жүжгийг бичих санаа яагаад төрөх болов?
-Жүжигчингүй жүжгийн зохиол бичсэн анхны хүн болъё гэсэн хийсвэр хүслээр энэ зохиолыг бичээгүй л дээ. XXI зуунд хүн төрөлхтөнд гурван том асуудал тулгарч байгаа гэж эрдэмтэд үздэг. Цөмийн дайн, уур амьсгалын өөрчлөлт, технологийн хөгжил. Дээр нь хот суурин иргэншил агаарын бохирдол, хөрсний бохирдол, дуу чимээний бохирдол гэсэн толгойны өвчинтэй болоод удаж байна. Энэ өвчнүүдтэйгээ амьдарч байна, эдгээр өвчин даамжирсаар байна.
Дэд бүтцийн оновчтой шийдэл, өндөр технологийн дэвшлийн үр шимээр агаар, хөрсний бохирдлоос хэзээ нэгэн цагт бүрэн ангижирч болох юм. Харин тэр хэрээр бид дуу чимээний бохирдолд улам л өртөж яваандаа хяналтаа алдах байх. Энэ том асуудлыг л урлагийн хэлээр хүргэхийг зорьсон.
-Таны зохиолууд зөрүүд, тэрслүү байдаг. Яагаад заавал ийм байх албатай гэж?
-Дүр эсгэж хэлбэрдэж байгаа хүн илэрхий байдаг. Харин би бичиж чадах өөрт ойр сэдвээ л сонгож цаас зарлагадаж яваа нэгэн. Монгол ахуй соёл, уул, ус, ургамал, адуу малын тухай яаж ч хичээгээд бичиж чадахгүй. Мэдэх ч үгүй. Надаас дэндүү хол сэдэв. Тиймээс өөрийнхөө дотор руу өнгийхөөс өөр яалтай билээ. Нэмж хэлэхэд би ямар ч субъектив зүйлтэй тэрсэлдээгүй. Нийгэм цаг үетэйгээ тэмцэлдэх ч сонирхол алга. Зүгээр л өөрт таалагдсанаа бичээд, зорьсноо хийгээд явахыг л хүсч байна.
-Харин ч энэ нь зохиомол хиймэл дүр төрх шиг бүтээж байгаа юм шиг харагдуулахгүй гэж үү?
-Мундаг урлаг судлаач, шүүмжлэгч царайлж арт хаус киноны тухай лекц тавьдаг хэрнээ новшийн арилжааны кино хийдэг. Саммуэл Беккетээс эшлэж абсурд театрын онол ярих хэрнээ “Надаар тоглосон хайр” шиг мелодрам бичдэг нөхдүүдээс л энэ асуултаа асуусан нь оновчтой болов уу.
-Зохиол ер нь яахаар төрдөг юм бэ?
-Бусдад яаж төрдөгийг мэдэхгүй. Надад ч яаж зохиолын санаа төрдөг тухай бодож байгаагүй юм байна. Өглөө сэрэхдээ өнөөдөр нэг сайхан өгүүллэг заавал бичье байз, харин юуны тухай хөндөх вэ гэж зорилт тавьдаггүй. Хэзээ ч бичихийн тулд зорилт тавьж байсангүй. Тэр тусмаа зохиолын эрэл хайгуул хийж цөхөж байгаагүй. Нэг л мэдэхэд зурсхийгээд санаа орж ирдэг. Тэр долгионыг нь алдалгүй барьж аваад хөгжүүлж боловсруулахыг зорьдог доо.
-Та утга зохиолын “Шинэ үнэр” бүлгэмийн гишүүн. Танай бүлгэмийн бүтээлчид үнэхээр шинэ үнэр байж чадаж байгаа юу?
-Бид биш уран зохиолын хүрээнийхэн, уншигчид, судлаач шүүмжлэгчид л үүнд хариу өгөх байх. Бид яах вэ хувь хувийн уран бүтээлээ хийгээд л явж байна. Одоогоор овойж оцойсон даацтай бүтээлүүд хийж амжаагүй байж болно оо. Гэхдээ ямар нэг үнэр ялгаруулж байгаа гэж найдаж байна.
-Та “Нэн шинэ үеийнхэн” гэгддэг уран бүтээлчдийн нэг. Та бүхэн “Алтан”, “Мөнгөн” үеүдээсээ юугаараа онцлог, шинэлэг байж чадах вэ?
-Аль хэдийнэ өөр хүн бичсэн сэдэв санаа, хийц арга барилыг улиглан давтахгүй байх нь “Шинэ Үнэр”-ийнхний үнэт зарчим. Нуруугаа авахуулчихсан морь шиг талхиулж дууссан хэдхээн сэдэвт манай уран зохиол эргэлдсээр л байна. “Утгын чимэг” нэртэй богино өгүүллэгийн наадмыг жил алгасалгүй үзвэл та миний юу хэлээд байгааг сайн ойлгож мэдрэх биз ээ. Энд нэг зүйл залруулж хэлэхэд манай үеийн яруу найрагчид бүгдээрээ “Нэн шинэ үеийнхэн” харамсалтай нь биш. Нас нь залуу ч сэтгэхүй нь хөгшин, бичиж туурвиж байгаа сэдэв нь үеэ өнгөрөөсөн хүмүүс зөндөө л байна.
-Утга зохиолын хүрээнийхэн өнгөрсөн үеэ үгүйсгэсэн, талцсан, бүлгэмжсэн нэг тиймэрхүү үзэгдэл харагддаг. Энэ шинэчлэл, хувьсал явагдаж байгаа үзэгдэл нь үү?
-Хийрхэл шүү дээ. Бүгдээрээ хийрхэцгээж байна. Би ч хийрхдэг.
-Залуу бүтээлчдэд тохиолддог хамгийн том “зовлон” нь юу байдаг вэ?
-Санхүү. Бас дахин санхүү.
-Утга зохиолын хүрээнд амьдрахад таашаалтай нь юу байдаг вэ?
-Оюун санааны ижилсэл, урлагийг үзэх үнэт зарчим нэгтэй уран бүтээлч нөхөдтэйгөө ярьж суух. Ийм л үед маш их эрх чөлөө, эрч хүчийг мэдэрдэг. Магадгүй хэзээ ч бичиж дуусахгүй роман, хэзээ ч тайзан дээр тоглогдохгүй жүжиг, хэзээ ч камерт бичигдэхгүй кино зохиолынхоо тухай нүдэнд харагдтал ярьж, санаа оноогоо нэмэрлэцгээж, удтал мэтгэлцэх нь сайхан байдаг. Хэзээ ч өөр хүн үзэхгүй, уншихгүй, хэзээ ч мэндлэхгүй бүтээлийн талаар ярилцаж, мэдэрч төсөөлнө гэдэг хачирхалтай хийгээд хачин таашаалтай мэдрэмж.