2024-10-05, Бямба
-0 C
Ulaanbaatar

Margadism: Бусдыг шүүмжлээд сэтгэл нь тайвширч, амьдрал нь өнгөтэй болж байвал аштай юу даа

Сошиал орчинд Margadism хаягаар үзэл бодлоо илэрхийлдэг нөлөөлөгч залуусын нэг бол Т.Маргад-Эрдэнэ. Залуус улстөржих ёстой, өөрийнхөөрөө байх эрхэд минь хэн ч халдах учиргүй, мөрөөдөл зорилгоо биелүүлэх гэж гадагшаа явсан ч эргээд Монголдоо очиж мэдсэн сурснаа ажил болгоно гэх мэт өнцөг бүхий пост, видеонуудаараа нөлөөлөгч залуусаас ялгардаг түүнтэй ярилцлаа. Ингээд элдвийг үл нуршин Margadism-тай уншигчидтайгаа уулзуулъя.

-Зарим залуус Монголд амьдрахад хэцүү болсон тухайгаа сошиалд ярьж, бичдэг. Эх орон нь хэцүү учраас гадагшаа явж сурч, ажиллаж, амьдрахаас өөр гарц алга гэсэн утгатай өнгө аяс сошиалаас анзаарагддаг. Гадаадад сурах болсон шалтгаанаас чинь ярилцлагаа эхлэх үү, хоёулаа?

-Миний зорилго, мөрөөдөл сурах байсан. “Одоо л энэ мөрөөдлөө биелүүлэхгүй юм бол, цаашдаа энэ маягаар яваад байвал яваад л байх юм байна” гэсэн мэдрэмж төрөөд гадаадад сурах шийдвэр гаргасан.

Хүн ер нь мөрөөдлийнхөө төлөө шийдвэрээ зоригтой гаргачихвал зүгээр санагддаг. Боломж тохироог хүлээгээд суувал өдөр хоногууд утга учиргүй урсаад л байна. Таны хэлсэн үнэн л дээ. Зарим залуус гадагшаа явж сурчихаад “Болж өгвөл эндээ л шингэчихье. Монгол угаасаа бүтэхгүй байна” гэж шийддэг юм билээ. Бүтэхгүй гээд харь улсад ажиллаж амьдраад байвал Монгол гэдэг улсыг хэн бүтээж, хөгжүүлэх юм бэ. Тийм биз дээ? Миний хувьд сурсан зүйлийнхээ хэргийг эх орондоо очиж гаргахсан гэж боддог. Гадаадад олон жил сурч яваа залуус Монголд очихоор “долгион” таарахгүй байна гэдэг. Таарахгүй, тохирохгүй байна гээд яваад байвал яваад л байна. Яавал бид тохирох юм бэ гэж бодмоор санагддаг.

Миний хувьд сурах мөрөөдлөө биелүүлээд тодорхой түвшинд хүрсний дараа эх орондоо хэрэгтэй зүйлийн төлөө ажиллана гэж боддог. Би энд цагийн ажил хийснийхээ төлөө долоо хоногт 30 еврогийн татвар төлдөг. Яг үнэндээ хайран мөнгө санагддаг. Би энэ мөнгийг Монголд ажиллаад татварт төлбөл эх орондоо дэмтэй зүйл хийлээ гэж бодоод сэтгэлд өег байна. Хамаг залуус нь гадагшаа гарч тухайн улсынх нь иргэдийн тоож хийдэггүй хамаг муу ажлыг хийж байгааг харах хааяа харамсмаар санагддаг. Залуус уг нь ид ажиллах насандаа Монголдоо хөрөнгө оруулж байвал сайхан шүү дээ.

-Залуус Монголын нийгмийн амьдралд, тэр дундаа улс төрийн амьдралд дургүй учраас дайжаад байх шиг анзаарагддаг. Улстөрд дургүй учраас улстөрждөггүй гэсэн тайлбар давтамжтай сонсогддог. Харин чиний “залуус улстөржих ёстой” гэсэн үзэл таалагддаг шүү. Залуу үеийнхний улс төрийн оролцоо яагаад чухал вэ, Маргад аа?

-Уг нь УИХ-д сонгогдсон гишүүд биднийг төлөөлж энэ нийгмийг улам сайхан болгох ёстой. Гэтэл зөвхөн эрх мэдлээ, хувийн орон зайгаа сайжруулаад байна л даа. Тийм учраас бидний орчин нөхцөл ерөөсөө сайжрахгүй байна.

Монголд завтай хүн алга. Бүгд л ажиллаж, хөдөлмөрлөөд татвар төлж байна. Тэр хүмүүс өнөөдрөөсөө илүү сайхан амьдрахын төлөө л татвар төлдөг. Ийм байтал амьдрах орчин нөхцөл нь сайжрахгүй байхаар хэн ч бухимдана. Улстөрчид бидний боломжийг хулгайлаад байхад дуугүй сууж болохгүй. Бүгдээрээ тэдэнд шаардлага тавих ёстой байхгүй юу. Намайг төлөөлж УИХ-д гарчихаад яагаад миний төлөө ажиллахгүй байгаа юм бэ? Бид тэдэнд шаардлага тавихын оронд “угаасаа л энэ нийгэм ийм юм чинь” гэж хүлээн зөвшөөрч, орхиод байгаа нь буруу.

Жижиг гэлтгүй асуудалд хүн бүрийн оролцоо чухал. Оролцоод ирэх юм бол нөхцөл байдал сайжирч, зөв тал руугаа эргэж эхэлнэ. Ингэхгүй зөвхөн маргаашийнхаа талхны төлөө зүтгээд, улстөрчдийг “энэ яахав,угаасаа ийм л юм чинь” гээд орхиод байвал бид нийгмээрээ улам л доошилж, дордсоор байх болно. Тиймээс болж өгвөл бүгдээрээ л дор бүрнээ өөр өөрсдийн боломжит дуу хоолойгоороо “дуугардаг” байх хэрэгтэй.

Margadism-Өнгөрсөн 30 жилд монголчууд ардчилсан нийгмийг хөгжүүлсэн гэж байгаа ч “Бид хангалттай ардчилсан улс мөн үү” гэсэн эргэлзээ олон хүнд төрөөд эхэлчихсэн. Чамд ийм эргэлзээ төрдөг үү?

-Ардчилсан юм шиг мөртлөө ардчилсан биш, зүгээр нэг “дүр эсгээд” яваад байна л даа. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн хүнийг ямар нэг байдлаар яллах гээд, цагдаа, шүүх нь дуудаж дарамтлаад байгаа нь буруу. Ардчилал маань нэг л биш байгаагийн шинж.

Ер нь хэн ч үзэл бодлоо чөлөөтэй хүргэж, түүнийг нь нийгэм нь сонсдог байхыг би хувьдаа ардчилал гэж ойлгодог. Иргэдээ сонсч чадахгүй байна гэж бодохоор ардчилал яг мөн үү, биш үү гэж эргэлзэх мэдрэмж төрдөг. Яг үнэнийг хэлэхэд манай Монголд жил ирэх бүр л нийгмийн нөхцөл байдал доройтсоор өнөөдрийг хүрсэнийг бид бүгдээрээ харж байна. Янз бүрийн гэмт хэргүүд, хулгай, гэр бүлийн хүчирхийлэл ихэсч байгаа нь нийгэм улам дордож яваагийн л дохио.

Ингээд харахаар хүн бүр дор бүрнээ нийгмээ засаж сайжруулахад дуу хоолойгоо хүргэж, оролцож л байх хэрэгтэй. Миний хувьд одоохондоо бодол санаагаа сошиал орчинд л илэрхийлж байна. Нэг их олон хүнд хүрдэг юм болов уу даа.

-Харин ч сайн хүрдэг учраас чамтай ярилцъя гэж чат бичсэн юм. Сошиал орчинд илэрхийлдэг чиний нэг үзэл бодол таалагдсан. Өөрийнхөөрөө байх эрх чөлөөний тухай хандлага чинь. Эргэн тойрноо анзаарахаар “Тэр намайг юу гэж бодох бол” гээд өөрийгөө хүлж багласан хүмүүс хаа сайгүй болчихож. Ингээд өөрийгөө хайрцагт оруулчихаар стресстэх бол наад захын хэрэг. Чи нэг дагагчийнхаа комментод “Хааяа би муу байж болох уу” гэсэн хариу өгсөн байсан. Хааяа ч тэгж адармаар болдог шүү.

-Амьдрал үргэлж л гоё, төгс байхгүй байна шүү дээ. Заримдаа амьдрал “алгадах” хэцүү хатуу үе тохиолдоход тэр болгонд “цэмбийгээд” гоё байх боломжгүй. Өөрт нь өчнөөн асуудал байхад худлаа дүр эсгэж бусдад гоё ганган, баян харагдах гэж хичээгээд яах юм бэ. Амьдрал өөрөө тийм биш байхад аль болох байгаагаараа бай л даа. Хүн ер нь хөгширтлөө амьдраа ч уу, үгүй ч үү. Эгзэг нь таарвал маргааш ч үхнэ. Тиймээс нэг хоногийн өмнө ч гэсэн өөрөөрөө байж байгаад үхсэн нь дээр биз дээ. Дуртай зүйлсээ хийхэд цагаа битгий харамлаарай л гэмээр байна. Цаг үргэлж амьдралын төлөө өөрийгөө хаяж зүтгэлээ гээд бүх зүйл тийм амархан сайхан болчихгүй шүү дээ.

-Чи хааяа хэн бүхний зориглоод байхгүй зоргоороо пост, видеонууд хийдэг. Ер нь аль насныхан илүү шүүмжилж, сөрөг коммент бичдэг вэ. Чиний үеийн залуучууд 40+ насныхныг сошиалд бүдүүлэг авирладаг гэж шүүмжлээд байгаа харагдах юм…?

-Шүүмжлэлүүдийг уншиж байхад насны ялгаа нэг их харагддаггүй. Хувь хүний хандлагад л асуудал байдаг. Амьдрал нь асуудалтай, хүсэл зоригоороо байж чадахгүй болохоор өөр хэн нэгний эрх чөлөөтэй, өөрийнхөөрөө байгааг хараад дургүй нь хүрч ямар нэгэн хараалын үг бичиж байж тайтгарах гээд байна шүү дээ.

Нийгмийн сэтгэл зүйн маш том асуудал болжээ л гэж бодоод өнгөрдөг. Бусдыг шүүмжлээд өөрөө жаргалтай сайхан болж байвал одоо яах вэ дээ. Хүн муулаад “өнгө” нэмж байвал аштай юу даа. Таны түрүүний онцолж асуусан дөчөөс дээш насныхны тухай шүүмжлэлтэй би хувьдаа санал нийлдэггүй.

Тэр үе, тэр насныханд асуудал байгаа юм биш. Бидний үеийнхэнд ч буруу сэтгэлгээтэй “хэцүү” хандлагатай хүмүүс зөндөө бий. Аль ч нас, үеэс шалтгаалахгүйгээр хувь хүний хандлага л хамгийн чухал. Ахмад үе, залуу үе гээд сөргөөцөлдөх үзэгдэл анзаарагддаг. Бүх насныхан өөрсдөдөө “Яагаад заавал сөргөлдөж амьдрах ёстой гэж. Яагаад ойлголцох тухай ярьж болохгүй гэж” гэсэн асуултыг тавьдаг болчихвол олон зүйл өөрчлөгдөх байх.

-Сошиал нөлөөлөгчдөөс хэнийг нь онцолж дагадаг вэ?

-Тэр, энэ нөлөөлөгч гэж онцолж дагадаггүй. Манай нөлөөлөгчид янз бүр л байх шиг санагддаг. Сонгуулиар сурталчилгаа хийж, бараа бүтээгдэхүүн бартердаж сурталчилдаг хүмүүс байна. Өөрийгөө инфлүнсер гээд нэрлэсэн хэрнээ олон нийтэд янз бүрийн буруу мэдээлэл өгч байгаа анзаарагддаг.

Сүүлийн үед манай олны танил эмэгтэйчүүд гоо сайхны мэс заслыг олноороо сурталчилж “тэр эмнэлэгт хөхөө хийлгэлээ, энэ эмнэлэгт бөгсөө янзлууллаа” гэж их ярьж байна. Ийм зүйлийг сурталчлах нь маш буруу. Тэднийг хүмүүс даган дурайж хөх хийлгэж байгаад эрүүл мэндээрээ хохирвол яах вэ?

Гоо сайхны хагалгаанаас нь болж өчнөөн хүн хохирогч болчихсон байхад тэр эмнэлгийг нь дахин дахин сурталчлаад байдаг олны танил хүмүүсийг гайхдаг. Инфлүнсерүүд үнэн, зөв бодитой мэдээллийг нийгэмдээ, залууст, дагагчдадаа хүргэдэг байгаасай л гэж боддог.

-Сая болж өнгөрсөн хичээлийн шинэ жилийн нээлтэд манай хотын орлогч дарга хүүхдээ сургуульд нь хүргэж өгсөн зургаа сошиалд тавьсан нь шүүмжлэл дагууллаа. Хүүхдийнхээ багшид “Байгал” брэндийн үнэтэй бэлэг өгч байгаа нь төрийн албан тушаалтны хувьд хэт ёс зүйгүй хэрэг гэх мэт шүүмжлэл өрнөсөн. Чи бас шууд шүүмжилсэн видео хийсэн байсан. Боловсролын орчин дахь авлига, тэгш бус байдлыг харуулж байна энэ тэр гээд. Улстөрчдийг шууд нэрлэж шүүмжилсэн байр сууриуд дээр чинь улстөрчдөөс элдэв дайралт ирдэг үү?

-Заримдаа бас ирнэ ээ. Зарим нь “Таалагдахгүй байна шүү. Аятайхан байгаарай” энэ тэр гэнэ. Гэвч тэд ингэж хэлээд яах вэ дээ. Муу сайн ч бас хууль, журамтай улсад амьдарч байгаа байлгүй дээ, бид. Шударга ажилладаг хүмүүс ч бас зөндөө бий гэдэгт би итгэдэг. Хотын орлогч даргын хувьд бол хүүхдэдээ хичээлийн шинэ жилийн баяраар үнэтэй брэнд бариулсан байгаа нь нэг төрлийн авлига. Багшдаа үнэтэй брэндийн зүүлт өгөх нь байтугай нэг ширхэг сарнай өгч чадахгүй хүүхдүүд зөндөө л байгаа шүү дээ.

Ямар нэгэн нийгмийн ялгаа гаргахгүй гэж хүүхдүүдэд дүрэмт хувцас өмсүүлж байхад иймхэн зүйлийг хотын орлогч дарга байна гэхээр… Ийм зүйлийг ойлгоогүй хүн орлогч даргын суудалд суух нь “инээдтэй” биз дээ. Өмнө нь бас нэг өдөрлөгийн үеэр азын дугаар өөртөө авчихсан ч байх шиг. Тэр дарга “юм үзээгүй” л харуулж байгаа хэрэг.

-Чамд тэгвэл улстөрчдөөс үзэл бодол, үйл ажиллагаагаараа таалагддаг хүн бий уу?

-Ер нь хэцүү дээ. Та бод л доо. Төрийн алба хаагчид хэдэн төгрөгийн цалинтай билээ. Тэр цалингаараа 20-30 мянган ам.долларын төлбөртэй сургуульд хүүхдээ сургах ямар ч боломжгүй. Үүнийг нь шалгах хэрэгтэй л гэж хардаг.

Margadism-Чи бас сошиал хуудастаа монгол охид, эмэгтэйчүүдийн үнэ цэнийн тухай хөндсөн. “Турк залуус монгол охидыг амархан гэж яриад байна. Ядаж та нар өөрсдийгөө Бангладеш гэж хэл л дээ…” гэж хэлэхийг чинь сонсоод өөрийн эрхгүй инээсэн. Гэхдээ нэг тийм хөнгөн гунигтай инээд байсан шүү… ?

-Ер нь цөөхөн хүн амтай улс үндсэрхэг үзэлтэй байдаг. Муу сайн ч элэг нэгтнүүдээ гаднын улсад муу явж байгааг харах онцгүй. Хүнтэй үерхэж, нөхөрлөхийг алийг тэр гэхэв. Өөрийнх нь улсын охид ч тоохгүй сонин нөхдийг тоож “хөөргөөд” байж болохгүй л санагддаг. Залуухан гоё охид тэгээд явж байгааг харах хайран санагддаг.

Яг үнэндээ улс бүрд мундаг боловсролтой, сайн сайхан залуус байдаг. Тэдэнтэй нөхөрлөж яагаад болохгүй гэж. Хүн ам цөөтэй жижигхэн улсын иргэд гадаадад амьдрахдаа улсынхаа нэрийг хайрлаж аж төрөх ёстой. Түүх, уламжлалаа эргээд харсан ч бид ямар улс билээ дээ. Өвөг дээдэс нь Монгол гэдэг нэрийг дэлхийд гаргачихсан тийм гоё түүхтэй улс. Улс эх орноо боддоггүй юм аа гэхэд ядаж өөрийгөө хайрлах хэрэгтэй.

-Хэзээнээс гадагшаа явж сурахаар шийдсэн бэ?

-Би 2016 оноос гэрээсээ гарч биеэ дааж амьдарч эхэлсэн. Хятадад амьдрахдаа их сургуулийн тэтгэлэг хоёр жил орчим хөөцөлдсөн ч бүтээгүй. Тэр тэтгэлэг нь “арын хаалга” энэ тэр орохгүй бол болдоггүй зүйл байна лээ. Тэгээд Монголдоо буцаж ирж 1-2 жил ажиллаж байгаад одоо байгаа энэ газраа ирсэн.

-Аль улсад сурч байна, одоо?

-Тэрийгээ нууцалж болох уу (инээв).

-Өө бололгүй яахав. Гадны зарим улс орноор явж байхад яг энэ шийдлийг нь Монголдоо хэрэгжүүлчих юмсан гэсэн бодол төрдөг. Чиний хувьд тийм мэдрэмж төрүүлсэн зүйл гэвэл юуг онцлох вэ?

-Хүний бие, эд зүйлсэд дураараа гар хүрэхгүй хүндэтгэлтэй ханддаг нь таалагддаг. Илүүдэл жинтэй хэн нэгнийг дуртайгаа хувцсаа өмсч гэдсээ гаргаад явж байсан ч өөлөх хүн байхгүй.

Ер нь зүгээр л дуртайгаа өмсөөд өөрийнхөөрөө байх оршихуйг жинхэнэ утгаар нь мэдрүүлсэн нийгэм. Эднийг хараад, та л жаргалтай байвал юу ч өмссөн хамаагүй гэдэг ойлголттой ийм нийгмийг Монголдоо бүтээхсэн гэж хүсдэг шүү. Хувь хүний орон зайг байгаагаар нь хүлээн авч янз бүрээр шүүмжилж ханддаггүй нь таалагддаг. Манайхан бас ийм байвал зүгээр юм уу гэж боддог.

Ер нь стресс багатай нийгэм. Ажлаа хийгээд зогсч байхад уурлаж орж ирээд л загнаж тайлбар хийдэггүй аль болох тайлбарлаж, ойлгуулж өгдөг байдал гээд яривал олон гоё хандлага анзаарагддаг. Манай монголчууд ийм хандлагатай болчихвол гэсэн бодол байсхийгээд төрдөг шүү. Монголчуудын нэг тийм хандлага байдаг шүү дээ. Эвтэйхэн тайлбарласан ч өөдөөс уурлаад байдаг. Тэр уур бухимдлаа нийгмийн стрессээс болсон гэж тайлбарладаг. Яг үнэндээ өөрсдийнх нь буруу хандлага яваад байдаг. Элдэв хараалын үг хэлдгээ “энэ нийгмээс болж би ийм үг хэлж байна” гэдэг. Нийгмээс бус өөрийнх нь л хүмүүжил, хандлага шүү дээ.

-Чи одоо ямар чиглэлээр сурч байгаа вэ?

-Миний мэргэжил дизайнер. Үндсэн мэргэжилтэйгээ хорших менежментийн чиглэлээр сурах гээд л үзэж байна.

-Залуус улс төрд оролцож байна гээд ямар нэгэн намд гишүүн болж элсээд “цүнх баригч” боллоо гэх зэргээр нэгнээ шүүмжилдэг. Улс төрийн оролцоо гэдгийг ямар нэгэн намын хүн болохоор ойлгодог хэсэг бий. Тэдний тухай чи ямар бодолтой явдаг вэ?

-“Ялзарсан” нийгмийг өөрчилнө гэх зэргээр яриад л явдаг. Гэвч тэр ялзарсан хэсэг рүүгээ өөрөө орчихоор тэр зүгээр л нэг залуу биетэй, ялгаагүй “ялзарсан” хүн болж байгаа хэрэг. Ямар ч өөрчлөлт байхгүй. Монголд өнөөдөр хэн сайж явж байна вэ гэвэл “цүнх баригч” нар л сайн явж байна. Ийм аргаар нийгмийг өөрчлөхгүй.

-Сошиал орчинд дагагч нараас чинь янз бүрийн захидал чам руу ирдэг байх.

-Нэг их ирэхгүй. Гэхдээ сүүлд нэг хөдөөний эгчээс захидал ирсэн. “Хөдөөгийн амьдрал бүр хаягдчихаад байна. Тамын тогооны үлгэр шиг нэг нэгнийхээ дээр гарах гэсэн дорой явж байгаагаа дээрэлхдэг асуудлууд хөдөөд их гардаг” тухай бичсэн байсан. Хотоо яая гэж байгаа хүмүүс хөдөөгийн асуудалдаа хүрч ажиллаж чаддаггүй юм уу. Хаягдаад байгаа хөдөөгийнхний амьдралын асуудал руу чиглэх ёстой юм шиг санагддаг.

-Чиний нээлттэй, үзэл бодлоо өөрийнхөөрөө чөлөөтэй илэрхийлдэг энэ зан чанарт чинь юу нөлөөлсөн гэж боддог вэ?

-Би багадаа бүрэг, ичимхий, дотогшоогоо хүүхэд байсан. Ээж, ааваараа тэжээлгэж байсан болохоор нийгмийн асуудлыг мэдэхгүй. Харин бие дааж шийдвэр гаргадаг болоод ирмэгц нийгмийн амьдралын олон асуудлуудтай нүүр тулна. Тэр бүрд өөрийгөө бага, багаар илэрхийлж явсаар байтал нэг л мэдэхэд “за, за шууд л дайрья” гэдэг бодолтой болчихдог юм билээ.

-Чи сошиал орчинд анхны видеогоо ямар сэдвээр хийж байсан бэ?

-Анхны видеогоо, “хоёр хүнтэй зэрэг “явахад” Монгол дэндүү жижигдэнэ” гэдэг сэдвээр ярьж байсан.

-Энэ сэдвийн тухай ямар нэгэн тохиолдол сонссон хэрэг үү?

-Тийм. Ер нь бол дорхноо л баригдана шүү дээ. Тийм биз дээ /инээв/. Сүүлд тэр видеогоо эргээд харсан чинь би их муу ярьсан байсан. Дадлага хийгээд байхаар ярих чадвар бага багаар сайжирдаг юм билээ.

-Чиний хэлснээр “амьдрал үргэлж гоё, төгс биш”. Заримдаа гутарсан, урам хугарсан үедийг хэрхэн яаж даван гардаг вэ?

-Тиймэрхүү үедээ гэртээ ирээд шууд унтчихдаг. Тэр нь илүү дээр юм шиг санагддаг. Уран зурагт дуртай. Галлерей, музей үзэж хүмүүсийн хийж бүтээснийг харж урам зориг авдаг даа.

-Чамайг хүмүүс “галзуу, нүүрэмгий юм аа” гэж хэлж байсан уу?

-Хүмүүс таарахаараа “зурдаг, бичдэгээсээ өөр юм байна” гээд байдаг. Яана ч гэж боддог юм, яг ямар ч байх ч ёстой юм (инээв).

-Сониноос чи саяхан гадаад залуу болзоонд урьсан ч болзоондоо очоогүй гэж байсан. Болзсон уу, нээрээ?

-Би Монголд байхдаа хүнтэй үерхэж үзээгүй юм аа (инээв). Энд ирээд гадаад залуутай болзох гэхээр хэдэн монгол залуус нь “жадалж алчих” гээд хэцүү юм байна шүү дээ. (инээв). Гэхдээ надад нэг бодол байдаг юм. Монголчууд цөөхүүлээ учраас болж өгвөл монгол хүнтэйгээ суувал зүгээр санагддаг. Муу сайн ч нэг монгол залуу гараад ирэх байлгүй гэж бодоод байдагшд (инээв).

-Сурах, ажиллах завгүй хэмнэлээсээ цаг гаргаж ярилцсанд баярлалаа Маргадаа. Амжилт хүсье, Монголдоо ирэхэд нь эргэж уулзахын ерөөл тавья.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img