2024-11-09, Бямба
2 C
Ulaanbaatar

Хашаандаа мод тарих залхуу арга

Хашаандаа мод тарихдаа  биеэ зовоохгүйгээр, залхуу арга хэрэглэхийг сурталчилдаг хүмүүстэй таарлаа.

“Харшилгүй хашаа” аяны сургагч багш Б.Дашням “Онолоор бол шарилж үр хаях үедээ л хүнд харшил өгдөг.   Шарилжийг жилд гурав тайрахад харшил өгөхөө больдог” гэж ярив. Түүнийг “Жорлонгоо өөрчилье” багийн “Мини шийдэл” xоршооны аxлагч Б.Дашням  гэдгээр нь хүмүүс мэдэх буй за.

Тэр бас сургалтад суусан хүмүүст хандан залхуурах “жор” хэлж өгөв.

    Хамгийн амархан арга үрээр мод тарих

 Хуруугаараа шороо хонхойлоод, үрээ асгаад шороогоор булна. Үр үнэ өртөггүй юм чинь 100 ширхэг үрнээс гурав нь ургасан ч хангалттай. Харин 100 ширхэг суулгац авбал нэг нь 1500 гэхээр 150 мянга болно, үхчихвэл  харамсалтай. Дээр нь нүх ухах гэж бөөн ажил. Монголд хаа газар хөрс амархан нягтаршдаг.  Бороо орсны дараа чийгтэй хөрсийг гишгэхэд хамаагүй амархан. Биеийн чилээ гаргана. Тийм учраас бороо орохыг хүлээ гэдэг.

Бидний том алдаа гадаа байгаа том модыг харчихаад жилийн дотор ийм болохыг нь  хүлээдэг. Энэ мод дөчин жил ургаж байгаа. Жилийн дотор суга өсөх боломжгүй шүү дээ. Шинжлэх ухаанаа ойлгооч, залхуураач гэж бид  хэлдэг юм. Нэгдүгээр ангийн хүүхдийг өдөрт гурав биш 30 удаа хооллолоо гээд  жилийн дараа насанд хүрэх боломж байхгүй. Олон удаа хоол өгвөл тарган л хүүхэд болно гэлээ.

Д.Нарангэрэл: Ногооны хаягдлаа ялзмагшуулж, хөрсөө бордсон

Түүний шавь нарын нэг  Сонгино хайрхан дүүргийн иргэн Д.Нарангэрэл хэрхэн “залхуурсан” тухайгаа илтгэв.  Тэрбээр орон сууцанд амьдардаг ч  “Харшилгүй хашаа” төсөлд хамрагдаж,  хашаандаа амьдрах сонирхолтой болсон гэнэ.

-Ноднин “Шар өвсөө битгий шатаагаарай, нар салхинаас хөрсөө хамгаалдаг шүү” гэсэн лайв сонсоод, шатаалгүй орхисон. Багш нарын зааснаар шуудуу ухаж, хөрс “хооллож” сурлаа. Манай хашаа хар шороогүй шахуу дан хайргатай газар. Шороотой хэсэгт нь  шуудуу татаж,  ногооны хаягдлаа ялзмагшуулж байгаад, хөрсөө бордсон. Ногооны хальсийг хаяж болохгүй юм байна гээд өвөлжингөө цуглуулж, уутанд хийж тагтан дээрээ хаясан юм. Ногооны хаягдал хөрсний хоол болдог гэж ойлгосон. Хөрсөнд шингэдэг био уутанд ногооны хаягдлаа хадгалсан болохоор  ууттай нь хөрсөнд булаад шороогоор хучиж орхисон. Дараа нь нөгөө шороон дээр маань ургамал ургаж эхэлсэн. Хайлаасны үр тарьсан юм. Хөөрхөн навч цухуйгаад, ургасан.

Халцгай хөрстэй  хэсгүүдээ бороо орсны дараа жаахан хөндөөд байхаар агаар нар, борооны ус орж, ургамал ургаад тэрүүхэн хэсэгтээ ногоон болчихдог юм билээ. Энэ хавар гурван сард багш нар үр өгсөн юм. Заавраар нь суулгасан. Хоёр ширхэг агч модоо зургаан сард суулгаад, одоо овоо өндөр ургасан гэж хуучлав.

Модны үрийг аваад шууд тарьж болох уу?

Б.Дашням үргэлжлүүлэн сургаж байна.  “Сонгинохайрханд айлын хашаагаар явж үзсэн.  Уулын орой, хадан дээр, хар шороо асгана гэвэл үнэ хөлс нь дийлдэхгүй. Мод тарина гэхээр Монголд хаа сайгүй ургадаг ганцхан мод бий, хайлаас. Хайлаас  зургаан сарын эхээр үрээ хаядаг. “Модны үрийг аваад шууд  тарьж болох уу” гэж хүмүүс асуудаг. Хугацааг нь ажиглачих. Зундаа ургахын тулд л зургаан сарын эхээр үрээ хаяж байгаа юм.  Үрээ өгөөд, бороо хур орж нөхцөл нь бүрдвэл, хонхор газар ургачихдаг. Зургаан сард хайлаасны үр унаж байна гэдэг тэр дороо тарьж болно гэсэн үг. Улиас наадмын өмнө хөвөнгөө хаяж эхэлдэг, тарьж болно гэсэн үг.

Наймдугаар сараас үрээ хаяж байгаа мод зундаа ургах боломжгүй. Ургах  хугацаа байхгүй. Үрийг нь түүж аваад, дараа жил тарих боломжтой.

Цонхондоо  тулгаж мод таривал ялаа шавна, нар үзэхээ байна

 Гэр хорооллоор явж үзэхэд хүмүүс хашаандаа мод их тарьсан байна. Ер нь монголчууд мод тарих дуртай хүмүүс юм билээ.. Мод тарихыг насны буян гэж үздэг.  Тарьж л байвал сайн. Гэхдээ  биеэ зовоохгүйгээр зөв  тарих ёстой.

Ихэвчлэн цонхныхоо урд талд модоо тарьчих юм.  “Дахиад таван жилийн дараа энэ мод өндөр ургана. Та нар  нар үзэхээ байна” гэхээр “Өө нээрэн тийм юм байна шүү дээ” гэдэг.

Монгол хойноосоо салхитай. Салхи, дэлхийн татах хүч хөрсийг нягтруулаад, юм ургуулахгүй  байгаа юм. Хавар салхи чийг хөөгөөд, мөддөө ногоорч өгөхгүй. Салхинаас хамгаалах ёстой.

Хорооноос мод тарь гэдэг ч мэргэжлийн хүмүүсээр зөвлөгөө өгүүлээгүй. Цонхондоо  тулгаад мод тарьчихаар ялаа шавах нь аргагүй шүү дээ.

 Мод тарь, нүх ух, усал гэвэл их ажил.

50 литр усаар нэг л мод усална. 10 мод таривал арван удаа усанд явах уу?

Байгальд  даатгаач гэж зөвлөдөг. Тайрсан өвсөө  дэвсчихвэл, хөрс хамгаална.  Нар тусахгүй, салхи үлээхгүй бол хөрс чийгээ хадгална.

Баянзүрх дүүрэгт очиход арав, хорин жил  ногоо тарьсан туршлагатай  хүмүүс угтсан.

Эдэнд “Хэдүүлээ ухаалаг аргаар тарья, залхууръя. Танайхан арай л  дэндүү ажилсаг юм” гэж хэлсэн.

Оюунчимэг гэдэг эмэгтэйг ажиллахыг нь болиулах гээд чадахгүй байгаа.

Биеэ битгий зовоо, та нар хэчнээн ажилласан ч наад хадаа бутлаад шороо болгож чадахгүй. Мянга услаад, гурван жилийн дараа байшингаа сүүдэрлэх хэмжээний ургуулж чадахгүй гэдэг.

Баянзүрхийн хэсэг газар үржил шимтэй тариад л ургана. Зай үлдээхгүй тарих юм. Сүүлдээ бүр “Та нар ширэнгэд амьдрах гээд байгаа юм уу” гэж хэлсэн хэмээн Б.Дашням ярилаа.

Улиас, хайлаасыг салхинаас нөмөрлөх зорилгоор тарьдаг

Гэр хорооллын айлууд хайлаас тариад,  хойноосоо салхи хаачихвал Улаанбаатар хавар эрт ногоордог болно. Хавар улаан шороогоор нүдүүлэхээ байна. Гуравдугаар сарын сүүлээс өдөртөө нэмэх хэмтэй, салхи үлээчихдэг. Өдөр, шөнийн аль ч үед нэмэх хэмтэй болоход л мод ургадаг. Шөнөдөө хасах хэмтэй бол үр булаад нэмэргүй. Тавдугаар сарын 15-наас өдөр, шөнөдөө нэмэх хэмтэй болдог.  Бороо орохгүй  бол хот ногоордоггүй. Салхи хааж чадвал Улаанбаатар маш хурдан ногоорч, орчны бохирдлын асуудлыг давхар шийднэ хэмээн Б.Дашням дүгнэв.

О.Энхцэцэг: Энэ зун аз жаргалтай байсан, баярлалаа

“Харшилгүй хашаа” аяны оролцогч, Баянзүрх дүүргийн 34 дүгээр хорооны иргэн О.Энхцэцэг “Олон жилийн өмнө  хүнд өвдөж, ногоо идэх шаардлага гараад ногоочин болсон юм. Арав гаруй жил оролдоод, манай хашаа очоод зусдаг газар болсон.  Анх ногоочин болоод хүнсний ногоо навчит ногоо түлхүү тарьж сурсан. Олон сургалт хөтөлбөрт хамрагдаж ногоо яаж тарих талаар  сурсан.

 “Хүний генд нөлөөлсөн өвчин биш л бол ногоон ногоог түүхийгээр нь идвэл эрүүл мэндэд тустай” гэж нэг сургалтаас ойлгож авсан юм. Хагалгаанд орох гээд Сингапур явсан чинь “Танд хагалгаа  хийхгүй, та амьдралынхаа хэвшлийг өөрчил” гэсэн юм. Тэгээд ногоочин болоод хүлэмжтэй ч болсон. Ногоо тарьж сурсан ч мод тарьж чаддаггүй.  Ам бүл цөөтэй болохоор модны нүх ухах гэдэг бөөн зовлон. Худаг ус байхгүй. Уржнан хайлаас авч хашаагаа тойруулаад ургамалан хашаатай болохоор шийдсэн. Мод суулгах гэж бөөн ажил болсон. Хүн амьтан гуйсан. Бортоготой мод худалдаж авсан чинь бортоготой нь тарьчихсан учраас ургаагүй. Арай гэж эрүүл болсон мөртлөө яаж мод тарина гээд буцаад өвчтэй болох шахсан.  Ц.Оюунгэрэлийн лайвыг үзээд, “Харшилгүй хашаа”-ны сургалтад суусан юм.

Ус зөөх асуудалтай. Манай багш “Цаг агаарын мэдээ үз, залхуур, битгий усанд яваад бай” гэдэг.  Борооны ус тосдог.

Одоо хүнсний хаягдал, цайны шаараа ч хаяхгүй суваг шуудуунд хийсээр байгаад, зэрлэгээ ч зулгаагаад хаядаггүй “Миний хүү хонхор руу хийгээрэй” гэдэг. Яваандаа ургамалын бүтэц бас өөрчлөгддөг юм билээ.

Манай багш “Цаг агаарын мэдээ үз, залхуур, битгий усанд яваад бай” гэдэг.  Энэ зун аз жаргалтай байсан, баярлалаа” гэв.

Залхуурах философ

Залхуурах  философийг  “Харшилгүй хашаа” аяныг санаачлагчдын нэг Ц.Оюунгэрэл ийнхүү тайлбарлав.  Ажил хийвэл  байгальд туслах хэрэгтэй. “Харшилгүй хашаа”-ны гол философ нь орчноо, эко системээ ойлгох, байгаль орчиндоо зохицуулаад, хэрэгтэй  цагтаа, тус болох үйлдэл л хийнэ. Хэрэггүй  илүү үйлдэл хийхгүй, илүү зардал гаргахгүй. Илүү цаг зарцуулахгүй, илүү ачаалал өөртөө авч стрестэхгүйгээр  ногоон байгууламжаа хөгжүүлэх юм. Б.Дашням манай төслийг хоёр жил удирдаж байгаа гол багш. Агрономич хүн болохоор “Одоо  үрээ түүнэ, үрслүүлнэ, хөрсөө гишгэнэ” гээд өдөр тутам мессежээр зөвлөдөг. Хэсэг хүлээ дараагийн долоо хоногт бороо орно гээд хариу өгдөг. Бороо орохоор  “Охидоо, гараад хөрсөө гишгээрэй” гэсэн команд өгдөг” гэж ярив.

Мод,  зүлэг үерийн усны хурдыг сааруулж, өөртөө шингээдэг

Харин Б.Дашням “Харшилгүй хашаа”-ны оролцогч  Э.Алдар түүний нөхрийн ажилсагийг гайхав. “Зэрлэгтэй улайран тэмцдэг. Хадтай газар ургадаг нь зэрлэг л байдаг, ширхэгчлэн зулгаагаад шатаадаг байж. Хашаа нь зургаан ширхэг шар хайснаас өөр бүртийх ногоогүй. “Арай л дэндүү юм биш үү“ гэсэн чинь  нөхөр нь харшилтай гэсэн. Одоо харин  хоёр үр дүнтэй. Нөхрийнх нь  харшил энэ жил хөдлөөгүй. Зэрлэгээ үрээ хаяхаас нь өмнө тайрсан. Одоо зэрлэгний оронд олон наст зүлэг ургаж эхэлсэн. Мод тарьсан. Ногооны хаягдлаар бордсон. Тэднийх жалганы аман дээр байдаг.  Хоёр жалганы ус нийлж орж ирээд тэдний хашаагаар дамжиж гадагшилдаг юм билээ.  Гэхдээ товгор газар учраас гайгүй. Үерийн ус хашаагаар нь хамаад өнгөрдөг юм байна. Дор  нь байдаг худгийг усанд авхуулаад бөөн асуудал болдог байж.  Энэ жил ногоон хашаа болсон чинь үер болоогүй. Хоёр жалганы усыг тэдний өвстэй хашаа барьсан байгаа юм.

Үерт автаагүй, зүлэг нь үерийн усыг шингээсэн хэмээн тайлбарлав.

 Сул байгаа бургас, зүлэг үерийн усны хурдыг сааруулж, өөртөө шингээдэг.  Шингээх талбай гэж байх учиртай. Дэлхийн аль ч оронд шингээх талбайд шороо овоолж, илүү дутуу мод тарьж бүтцийг нь хамаагүй өөрчилдөггүй. Ургамалыг нь солихыг тас хорьдог. Байгалийн хамгаалалт  учраас унаган ургамал мод нь байх ёстой гэж үздэг.

Гэр хорооллын бүх айлууд зүлэгтэй болчихвол үерийн ус орохгүй юм байна.

  Хайлаас таривал салхи хаана. Улаанбаатарын том асуудал шийдэгдэх юм.  Гоё эмх цэгцтэй мод зүлэгтэй хашааны үнэ өсдөг.

Битүү мод тарина гэдэг алдаа.  Жимсэлдэг, өндөр болдоггүй мод цонхноосоо таваас, долоон метрийн зайтай тарих хэрэгтэй.  Бүйлс тарихад хавар ягаан цэцэг ургадаг. Ухаантай тарь гэдэг.  Шар хайсны цэцэг гарахаар бүх л шавж шавна.

Бал, үнэр гаргадаг моднуудаа цонхныхоо доор тарьчихаад “Шал дэмий мод, ялаа шаваад” гэдэг.

Айл болгон зэрлэгээ жилд гурав тайраад, мод таривал хотыг үер, салхи, хаврын хуурайшил, харшлаас хамгаална.

Дасгал хөдөлгөөн болно. Шарилжийг үндсээр нь зулгаах шаардлагагүй, үрлэхээс нь өмнө тайрахад л болно. Шарилж зулгаагаад байвал хөрс дахин эвдрээд бүүр их ургана. Тайралт хийгээд хөрс бүрэн эдгэрсний дараа хүссэнээ тарьж, ургуулж болно. Тайрснаар хог ургамал хөрсөө  сүүдэрлэнэ. Сүүдэрлэснээр наранд халахгүй учир хөрс нь чийгтэй сэрүүхэн  байдаг. Тиймээс 1-2 жилийн дараа зэрлэг өвс нь ургахаа болиод олон наст  зүлэг ургаж эхэлдэг байна.

Ганцхан литр усаар усална

Модыг эхний хоёр жилд услах ёстой. Дуслаар усалдаг систем нэвтрүүлсэн. Ус зөөхгүй. Арван литр усаар мод услахгүй. Ганцхан литр усаар усална гэнэ.

Ундааны саванд тариурын дуслын систем шургуулж, баримлын шавраар тогтоогоод, нээж хаадаг болгосон гэнэ.  Гэр хорооллын хашааны газарт өндөр ургадаг мод бол гурваас таван ширхэг байхад л хангалттай. Хашааны голд нэг хоёр гоёлын мод, бүйлс алимны мод, агч таривал зүгээр. Гол нь зүлэг сайн тарих учиртай. Зүлэг, ургахад амархан. Хавар шороо босоод байхгүй.

Үер усны  аюултай газар нийтээрээ зүлэгтэй бол уулнаас буусан ус айлын хашаагаар тарж шингэж  алга болно хэмээн Б.Дашням ярьж байна.

  Харин Ц.Оюунгэрэл “Шингээх талбай чухал. Нидерланд  үерийн бүсэд байдаг, Амстердам гээд алдартай хот нь далайн түвшнээс дор байдаг.  Хотоо тойруулсан маш өндөр үерийн далантай. Гэхдээ далайн ус түүнийг нь даваад л орно.  Амстердамынхан байшин барилгаа нурааж чадахгүй, замаа өөрчлөх боломжгүй. Үлдсэн жижиг зай талбай болгоноо ногоон талбай болгоно гээд зүлэг тарьсан. Сагсны талбай, хүүхдийн тоглоомын талбай, байрны гадна талбайдаа барилга  нэмж барихгүй, ногоо зүлэг тарьдаг.  Том спортын  цогцолборыг нүүдлийн маягаар барьдаг. Спортын наадам тэмцээн болохоор шоуны асрууд шиг асар майхан авчирч зоочихоод, буцаагаад хураагаад аваад явдаг. Талбайг  нь үерийн шингээх талбайн зориулалтаар ашигладаг. Хөл бөмбөгийн талбай бусад бүх талбайгаа зүлэгжүүлдэг. Нидерланд дэлхийн хамгийн их үерт автдаг улс мөртлөө хамгийн их ногоон талбайтай улс болсон. Явган замаа хүртэл ногооруулсан.

Явган зам битүү цемент байхаараа үерийн усыг тээвэрлэдэг. Явган замаа нүхтэй болгонгуут нүхнийх нь завсраар ногоо ургаад, шингээх талбай болж хувирдаг.

Ид хөгжиж байх  үедээ бүх зам талбайгаа цементэлчихсэн юм билээ. Түүнээсээ болоод  үерт маш их автаж,   олон хүний амь нас эрсэддэг байсан. Үерийн бүсэд байгаа Баянзүрх дүүргийнхний хийх эхний ажил бол зүлэгжүүлэх л байгаа юм гэж зөвлөв.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img