2024-10-08, Мягмар
-6 C
Ulaanbaatar

Мумбайн улны давхаргынхан буюу “Угаагчид”

Энэтхэг улсын эдийн засаг, санхүүд хамгийн хүч нөлөөтөй хот бол Мумбай. Улсынх нь бүх мөнгөн гүйлгээний 70 хувь энэ хотоор дамждаг төдийгүй худалдаа арилжаа, үзвэр үйлчилгээний хамгийн гол төв юм. Хэд хэдэн улс гүрнийг нийлүүлсэнтэй тэнцэх хүн амтай Мумбай хотод 11.7 сая хүн аж төрдөг. Ийм олон хүн өдөр шөнөгүй бужигнаж, боргилон буцлаж буйг үүрээ эвдүүлсэн шоргоолжтой зүйрлэм.

Дэлхийн хамгийн үнэтэй хотуудын жагсаалтад хэдийнээ орсон Мумбайд бурхад мэт шүтэгдсэн “Болливудын оддын” амьдрах хэсэг бий. Тэр орчин нь нүд гялбам гял цал. Хүний ой ухаанд багтамгүй гоёмсог, дэндүү хээнцэр тул өөрийн эрхгүй дуу алдан шагширмаар.

Мумбай

Тэнгэр баганадам өндөр өндөр орчин цагийн тансаг байрныхаа лефтинд машинтайгаа орж гэрийнхээ үүдэнд буудаг гэж ирээд тоочвол тав тухыг хэтэртэл бүрдүүлсэн орон сууцнууд энд өчнөөнөөрөө. Энгийн хүмүүсийн төсөөлөлд ч багтамгүй тав тух, янз донж, гоё сайхан бүхнийг цогцлоосон эдгээр сууцанд зөвхөн чинээлэг хүмүүс л амьдарна. Давхар дээшлэх тутам үнэ нь хадаж, тэр хэрээр илүү бэлтэй нь илүү өндөрт амьдарна. Тэр нь бас учиртай. Байрны давхар дээшлэх тутам агаар илт цэвэршиж, их хотын утаа бохирдлоос холдох давуу талтай.

Бас мөнхийн нүргэлсэн, сонсох төдийд төвөгшөөж ядрам чимээ шуугиан хүртэл эрс багасна. Чимээгүй таатай орчинд цэнгэг агаарыг таашаасан шигээ тагтан дээрээ салхилж суух нь түм түчигнэж бум бужигнасан их хотод бол хайгаад оломгүй диваажин. Сэрүүхэн салхи, цэнгэг агаарыг мэдрэнгээ тээр дээрээс Мумбай хотыг ажин суухын кайфыг ярих юм биш. Тансаг байрны дээд давхруудад амьдардаг чинээлэг эрхмүүд нарны гэрэл байнга үзэхийн зэрэгцээ дээд зэргийн аюулгүй орчинд аж төрдөг азтай хүмүүс. Тэдний гэр оронд гаднаас нэвтрэн орох ямар ч боломжгүй. Аюулгүй байдлыг нь төгс хангасан орчинд тэд амьдарцгаадаг.

Мумбайд байдаг ийм орон сууцны нэгэнд Энэтхэгийн амьд домог гэгддэг Болливудын алдарт од Амитабх Баччаны хүү үзэсгэлэнт гэргий Айшвария Райтайгаа амьдардаг. Айшвария Райг энэтхэгчүүд гоо үзэсгэлэнгийн охин тэнгэр хэмээн шүтэн биширдгийг уншчигчид андахгүй. Тэрээр 1994 онд дэлхийн мисс титмийг зүүсэн алдартай жүжигчин юм.

мумбай

Үеэс үед, удмаас удамд нийгмийнхээ хамгийн дээд давхаргад байх заяатай хүмүүсийг харваас андашгүй. Үс толгой, дух магнай, чих хамар, хүзүү цээж, гэдэс бэлхүүс, гар бугуй, хөлийн шагай хуруундаа хүртэл алт, очир эрдэнэ, бадмаараг эрдэнийн чулууг янз бүрээр зүүж хэрэглэх нь нүд гялбам.

Энэтхэгийн нийгэм ерөнхий дөрвөн том “каст – ангид” хуваагддаг, хүмүүсийнхээ ажил төрлөөр задлан ялгаж 3000 давхарга болгосон байдаг. Түүнээ ахин шигшин нарийвчилж 25000 дэд хэсэгт хуваан бүлэгт оруулдаг аж. Эдгээр анги давхаргынхан хоорондоо холилдож хамтрах, гэрлэх нь бүү хэл хувцас шүргэх төдийд, алдас боллоо цээрлэж айж эмээн бурханд мөргөж бие сэтгэлээ ариусгадаг зан үйлтэй.

Энэтхэг улсад олон арван жил ажиллаж амьдарч байсан МУСГЗ, дипломат, орчуулагч зохиолч Ж. Гэндэндарам гуай, Хиндийн кастын талаар маш тодорхой тайлбарлан ярьсан их сайхан нэвтрүүлэг хэдэн жилийн өмнө гарч билээ.

Мумбай

Гэндэндарам гуай нэвтрүүлгийн багийнхантай ярилцаж суухдаа “Манай элчин сайдын яаманд, доод ангийн нэгэн эр 18 настай манаачаар орж 20 гаруй жил ажилласан юм. Зургаа, долоон хүүхэдтэй, машид ядуу зүдүү тул өрөвдөж хашаа цэвэрлэх ажлын орон тоо гаргаж цалин давхар өгөх гэтэл халгаагаагүй шүү. Би цэвэрлэгчийн давхаргын хүн биш хэмээн уурлаж сүйд болсон. Сүүлдээ уучлалт гуйж байж ойлголцсон” хэмээн ярьсан нь санаанд тод үлдчихэж. Учир нь манаач хүн цэвэрлэгчээс арай дээр шатных байж л дээ. Тэд насан туршдаа манаачаа л хийж явах хувьтавилантай аж.

“Дхоби Гхат” дэлхийн хамгийн том задгай угаалгын газар

Мумай хотын өмнөд зүгт Махалакшмин хэмээх суудлын вагоны зогсоолын хажууханд,10мянга орчим хавтгай метр орчим газарт навтайж навсайсан, намхан тагз оромжууд бөөгнөрч шавааралдана. Хинди кастийн системээс хамгийн ихээр гадуурхагдан хаягдсан, улны давхаргынхан буюу “Угаагчид” энэ газарт амьдарч ажиллаж эндээ бүхий л насаараа ажилласаар дуусдаг жамтай.

МумбайӨдөр шөнөгүй хажууд нь төмөр зам тачигнана. Толгой дээр нь барьсан том том гүүрээр голын урсгал адил тасралтгүй хөврөх автобус, машины нүргэлэх чимээ ер тасрахгүй. “Угаагчид” энэ чимээ шуугиан, тоос тортог, үнэр танартай холилдсон хэсэгхэн зайндаа угаалгаа хийж, орон гэрээ болгож эхнэр хүүхэд, муур нохойтойгоо холилдон амиа зогоон амьдарна.

Мумбай

1890 оноос эхэлсэн “Дхоби Гхат” хэмээх дэлхий хамгийн том задгай гар угаалгын газар өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа бөгөөд нэг өдөрт гэхэд 100.000 гаруй хувцас бараа угааж хэцэнд өлгөж наранд хатаана. Дхоби – гэдэг нь “юм угаадаг хүн” гэсэн утгатай үг аж.

Угаалгын газарт нийтдээ 700 гаруй айл өрхийн 8000- 10.000 хүн угаагчаар ажилладаг. Айл бүрд зориулсан адил хэмжээтэй цементээр дөрвөлжлөн тусгаарлаж цутгасан 700 угаах цэгтэй. Мумбай хотын бүх зочид буудал, эмнэлэг, үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, албан газар, айлууд “угаагчид”-ыг хэдэн зуун хүний хурим найрын сандал ширээний бүтээлгээр дарах тул зарим айл үүрийн дөрвөн цагт босож ажлаа эхэлнэ. Тэд усаа халаахаас эхлэн угааж цэвэрлэсээр оройн 10 цаг гэхэд ажлаа дуусгаж нуруугаа тэнийлгэнэ.

Мумбай

Жуулчдын ирэх тохиромжтой үе өглөөний 8 цагаас оройн 5 цагийн хооронд. “Махалакшмин” буудал дээр ирж, гүүрэн дээрээс тэднийг харж, зураг авцгааж болно. Мөн 200- 300 рупи төлж хөтөч аваад Дхоби Гхатын дундуур явж үзэх боломжтой.

Завсаргүй залгагдсан хаалга цонх бүхий хэцүүхэн нийтийн оромжоор явахад зарим хэсэг жигтэйхэн бохир. Хогтойгоо холилдчихсон үнэр танар нь хамар сэтлэм, угаалгын бодис нь нүд хорсгом. Жин тээж яваа мэт том том баадантай угаах юмаа нуруундаа үүрч дүүрсэн, дугуйныхаа чинээнд тултал ачсан хүмүүс давчуухан зайгаар зөрөхдөө хамж авч явчих гээд аюултай.

Эргэн тойрон саван уусаж сааралтсан ус. Тэр усан дунд хөл нүцгэн зогсох эрс савандсан хувцсаа ус цацруулан чулуугаар нүдэж уламжлалт хуучин аргаараа угааж цэвэрлэхийг харахад гайхмаар. Аварга том төмөр торхнуудын дор мод шатаан ус буцалгаж эмнэлгийн хэрэгсэл ариутгадаг хэсэгт сода, элдэв химийн бодисын хүчтэй үнэр тасхийнэ.

Мумбай

Хөлс нь бурзайсан хөгшид, залуус шатаж буй мэт + 45 хэмийн халуунд, жигтэйхэн хүнд хар ширмэн индүүнийхээ цогыг улалзуулан буудлын бололтой цагаан даавуунууд индүүдэж зогсоцгооно. Навтгар хар задгай өрөөнүүдэд зарим нэг нь унтаж байхад өөр хэсэгт нь сахал үсээ засацгааж, хоол ундаа хийж, юм оёж шидэж, шавраар ваар сав хийж, хүүхдүүд нь тоглож гүйлдэн бужигнана. Зарим айл хямд төсөр гөлмөн төмрөөр хийсэн дуу чимээ ихтэй угаалгын машин хатаагчаар юмаа угааж хатаахдаа хавчаар огт хэрэглэхгүй. Аалзны тор шиг хэрсэн бүдүүн олсон хэцнийхээ эрчлээс завсарт угаасан юмаа сурамгай гэгч хавчуулан хатаана.

“Дхоби Гхат” өөрийн гэсэн нарийн зохион байгуулалттай. Хүлээн авах, өнгө хэмжээгээр ялгах, ариутгах, цайруулах, гараар угаах, машинаар угаах, хатаах, индүүдэх, зөөлт, хүргэлт гэх мэтээр зогсолт, тасралтгүй ажиллана. Улны давхарга хэмээгдэх эдгээр угаагч- дхоби нар нь “хамгийн олон хүнтэй гараар угаадаг газар” гэдгээрээ Геннисийн номонд 2011 онд орсон төдийгүй гадны олон жуулчин, тэр дундаа гэрэл зурагчдын сонирхлыг маш ихээр татдаг байна.

Мумбай

- Сурталчилгаа -spot_img

1 сэтгэгдэл

  1. Танил дотно бичлэг гараад ирсэн чинь Азаа минь бичсэн байна. Сэтгэлгээний ялгааг их гоё харуулжээ. Би өмнө нь баримтат киног нь үзэж байсан болохоор энэ газрыг цаг хугацаа нь зогсчихсон юм шиг гээд их гайхаж байсан. Яг л нүдэнд харагдахаар сайхан бичжээ. Унших дуртай шүү

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img