1999 оны арванхоёрдугаар сарын 31-нд ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Борис Ельцин огцорч буйгаа орон даяар зарлаж, В.Путиныг Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон тэр өдөр хатагтай Людмила маш их уйлсан гэдэг. Магадгүй, тэр энэ мөчөөс хойш хувийн амьдралын эрх чөлөө нь хасагдаж, ард түмний өмнө асар өндөр үүрэг хариуцлага хүлээж, энгийн амьдралаас “тасархай” хүлээн авалт, тэргүүн хатагтайн эрх ямба эдлэх гээд олон зүйлийг бодсондоо л уйлсан байх. Людмила Орос гүрний тэргүүн хатагтай болно чинээ огтхон ч төсөөлдөггүй байж. Энэхүү гэнэтийн явдал түүнд хүнд цохилт болсон нь мэдээж. Гэвч хувь тавилангаа зөрчих эрх хэнд байх билээ.
Л.Путинаг гаднаас нь өнгөцхөн ажвал нэлээд биеэ барьсан, ихэмсэгдүү хатагтай гэж ярих нь бий. Эрүүгээ цаг ямагт өргөсөн, харц нь ширүүн, хөнгөн инээмсэглэлтэй энэ хатагтай Ерөнхийлөгчийн ердийн амьдрал, улс төрийн аливаа асуудлыг хэн дуртай сэтгүүлчид дэлгээд байх хэрэггүй гэж үздэг. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө В.Путиний тухай өгүүлсэн номд ганцхан удаа ярилцлага өгөхдөө, үнэн сэтгэлээсээ яриагүй зөвхөн нөхрийнхөө захиасыг л биелүүлсэн хэмээдэг. Тагнуулчаар олон жил ажилласан хүний эхнэр нууцлаг, сэрэмжтэй, ухаалаг байх ёстой гэсэн үзэл ирээдүйн тэргүүн хатагтайн тархинд нэвт шингэж, хожмын явдалд ч барьц алдахааргүй болгосон гэдэг. Энэ нь түүний төрөлхийн даруу зан дээр соёолсон тагнуулчийн эхнэрийн ёс жаяг болсон гэлтэй.
Людмила Путина Оросын хамгийн өрнөд нутаг буюу Калининград хотод 1957 оны нэгдүгээр сарын зургааны өдөр ажилчны гэр бүлд төржээ. Түүний бага нас энэ л нутагт өнгөрсөн. Аав, ээжийнхээ үгнээс огт гардаггүй, гэр орны хар бор ажилд нухлагдан өсч, хувийн сахилга баттай байж сурсан нь түүнийг ирээдүйн хүндэтгэлт хүн болоход нөлөөлсөн нь гарцаагүй. Юм нэхэж хатгах, гар урлалын элдэв зүйлийг урлахдаа гаргууд байсан ч үүний хажуугаар теарт үе үе очиж, тэр үеийн сонгодог урлагийг бишрэн үздэг байлаа.
Дүүргийн пионерийн ордны дугуйланд явж, сургуулийнхаа “нэрийн хуудас” болж явсан тэрбээр жүжигчин болохыг цаг үргэлж мөрөөднө. Людагийн сурч байсан сургуулиас хожим Олег Газманов, Лада Дэнс зэрэг эстрадын нэрт дуучид төрсөн бөгөөд тэд ирээдүйн тэргүүн хатагтайтай найзалдаг байсныгаа одоо үе үе дурсан ярьдаг. Хатагтай Дэнс нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “Людмилатай хэд хоногийн өмнө уулзлаа, түүнтэй ярилцахад үнэхээр сайхан санагдсан. Людмилагийн зан чанар ер өөрчлөгдөөгүй байна шүү” гэжээ. Дэнс найзыгаа гэртээ урьж, хөгжилдөн наргисан ч ахиж ийм тухтай улзахгүй гэдгээ түүнийг урт хар машинд бие хамгаалагчидтай суухад нь ойлгосон гэнэ.
Хамт суралцагсдын яриагаар бол Людмила жүжигчин болно гэж дэмий нэгэн мөрөөдөгч биш байсан бололтой. Гэсэн хэдий ч хүний бүх хүсэл биелдэггүй шүү дээ. Жүжигчин болох хүсэл нь талаар өнгөрсөн тул Калинанградын Техникийн их сургуульд элсэж дөнгөж хоёр жил суралцаад Калинанградын нисэх отрядын онгоцны үйлчлэгчийн дамжаанд орж, төдөлгүй дотоодын шугамд үйлчлэгч болжээ.
Гэтэл театр түүний амьдралд хүчтэй нөлөөлсөөр байсан тул найз бүсгүйтэйгээ хамт Ленсовет театрт тоглолт үзэхээр очсон нь амьдралдаа хийсэн хамгийн азтай учрал боллоо.Тасалбар түгээх газрын шатан дээр намхан нуруутай, цайвар царайтай залуутай санамсаргүй тохиолдлоор учирсан нь В.Путин байв.
Энэ явдлаас хойш олон жилийн дараа Путин “Найз маань над руу утасдаад А. Райкины концертыг Ленсоветэд үзье. Тэнд охид олноор очдог юм гэж билээ. Ингээд л би шаргал үстэй охинтой танилцаж, өөрийгөө Цагдаагийн газарт ажилладаг гэж хэлсэн. Яагаад гэвэл Аюулгүйн албаны ажилчид тагнуулч гэдгээ хэнээс ч нуух хэрэгтэй байдаг юм” гэж дурсан ярьжээ. Тэд гурван жил гаруй захидал, цахилгаан утсаар харилцаж, хааяахан уулздаг байв. Энэ үед Людмила Ленинградын Их сургуулийн хэлний бэлтгэл ангид сурдаг байлаа. Мытнинскийн гудамжны оюутны байранд амьдарч байхад нь Путин орой бүр ирж уулзана. Тэд бараг гурван жил үерхсний эцэст 1983 оны долоодугаар сарын 28-нд гэрлэжээ.
Людмила хэлзүйн факультетийн Испани хэлний гуравдугаар курст суралцаж байхдаа Путины гэргий болсон аж. “Люда Володятай уулздаг байсныгаа бидэнд хааяахан хэлдэг байсан. Тэднийг учирснаас хойш хоёр жил өнгөрсний дараа би хүргэнээ анх харж билээ. Охин маань бидэнд захиа бичихдээ “Би сайн хүнтэй учирсан. Түүнтэй гэрлэхийг хүсч байна. Володягийн зүрх сэтгэл маш хүчтэй” хэмээн бичихээс цаашгүй байсан даа” гэж ээж Екатериан нь ярьсан байдаг.
Людагийн эцэг эх Володяг анх хуриман дээр нь харсан гэнэ. Хуримд тэдний цөөн тооны найз нөхдөөс өөр хүн ирээгүй бөгөөд Володя хадам эцэг, эхийнхээ сэтгэлд шууд л нийцжээ. “Сайхан инээмсэглэл, нүдэнд дулаахан байдал нь их найдлагатай хүн юм” гэсэн сэтгэгдлийг бидэнд төрүүлж байлаа. Люда Володяг их ирээдүйтэй хүн гэж ярьдаг байсан нь аяндаа ойлгогдсон” хэмээн тэргүүн хатагтайн эгч Ольга дурсан ярьсан нь бий. Володя, Людя хоёр хуримынхаа анхны аяллыг Балтийн тэнгист өнгөрүүлжээ. Аялал тэдний цаашдын олон олон аяллын эхлэл болов.
Люда орчуулагчаар ажиллаж байгаад дөрөвдүгээр курс төгсөх үедээ ууган охин Машагаа төрүүлжээ. В.Путин энэ үед Москвагийн сөрөг тагнуулын Краснокзнаменый их сургуульд суралцаж байлаа. Охиныг нь өсгөж хүмүүжүүлэхэд Людагийн эцэг, эх байнга тусалдаг байсан нь 1986 онд “Испани хэлний үйлт нэр” сэдвээр дипломын ажлаа амжилттай хамгаалахад нөлөөлжээ. Испани хэлийг Людмила ус цас шиг эзэмшсэн юм. Хожим нь Мадридад айлчлахдаа Людмила Путин Испанийн вангийн хатагтайтай төрөлх хэлээр нь ус цас шиг ярьж, хэрэг зорилгоо биелүүлж байсныг хамт явсан хүмүүс нь шагшин ярьж билээ.
Их сургууль төгссөнийхөө дараа Путиныхан Германд амьдрахаар болов. Путин юуны өмнө Берлинийг зорих болсон нь Дрезден хотод байдаг сөрөг тагнуулын газрын нэгэн найз нь түүнд ажил санал болгосонтой холбоотой. Путины гэр бүл Зөвлөлтийн тагнуулчдын нууц байр байрладаг газраас холгүй газарт герман айлын албан хэргийн өрөөнд нь нүүж оржээ. Учир нь энэ байрнаас ердөө тавхан минут алхахад л ажлынхаа газар хүрэх боломжтой. В.Путин ажлынхаа цонхоор охиноо харж болно гэж тооцоолсон хэрэг. В.Путин үдийн хоол идэхээр болвол заавал гэртээ ирнэ. Тэр үед тагнуулч маань “Жигули”хэмээх тусгай унаа хөлөглөдөг байв. Гэсэн ч тэр гэр лүүгээ явган явна.
Харин Людмила ихэнх цагаа хүүхэддээ зориулдаг байсан бөгөөд жил хагасын дараа Катя охиноо төрүүлжээ. Хилийн чанадад амьдрах хугацаандаа тэргүүн хатагтай өөртөө итгэж сурсан төдийгүй немцийн соёл урлагийг сайтар судалсан гэдэг.
Гэхдээ Берлиний хана нурах тэр түүхэн үед Путиныхан нутаг буцахаас өөр аргагүйд хүрчээ. Эх оронд нь “өөрчлөн байгуулалтын” салхи дэгдэж эхэлсэн үест Орос оронд эмх замбараагүй байдал ноёлох болов. Дөнгөж буцаж ирсэн Путин хэсэг зуур ажилгүй болж, эхнэр хүүхэдтэйгээ эцэг эхийнхээ байранд амьдрав. Гэхдээ Германаас “Волга-24” машин оруулж ирсэн болохоор хөл дүүжлэх унааны тал дээр санаа зовох зүйлгүй байв. Людмилатай ойр дотно байдаг хүмүүсийн ярьснаар тэрбээр Волгагаа хөлөглөн замаар аймшиггүй хурдалдаг байсан гэнэ.
Ингэж давхиж байгаад 1994 онд замын осолд орж, нуруу гавалдаа маш хүнд гавалдаа маш хүнд бэртэл авч, хэд хэдэн хагалгаа хийлгэж, олон сар үхлүүт хэвтсэн билээ. Гэсэн хэдий ч тэр гэр бүлээ авч явах бүх л хариуцлагыг өөртөө үүрч чадсан нэгэн. Тэрбээр тэргүүн хатагтай байхдаа соёлын болон хүмүүнлэгийн салбарт хийсэн ажлуудаараа ард түмнээ татаж чаджээ.
Людмила Москвад Орос хэлний төв нээсэн бөгөөд төрөлх хэлээ хайрлан хамгаалахыг олонтаа уриалж, Оросын шорон дахь эмэгтэй хоригдлуудын асуудлыг байнга хөндөж ярьдаг байв. Тэр энгийн нэгэн байх дуртай. Саарал, цайвар өнгийн энгийн хүрэм, ноосон цамц голдуу өмсдөг, агаарт явж, агаар салхинд гарахыг илүүд үздэг байв. Одоо ч тэр янзаараа гэдэгт нь эргэлзэх юм алга.