2024-09-18, Лхагва
2 C
Ulaanbaatar

Алтны ханш 2024 онд одоогийн түвшнээс өндөр байх магадлал нэмэгдсээр байна


зурагАНУ-ын мөнгөний бодлого ба алт

АНУ-ын Холбооны Нөөцийн Сан /ХНС/@инфляцитай тэмцэх зорилгоор сүүлийн хоёр жил орчмын хугацаанд мөнгөний бодлогын хүүг 0%-иас 5.5%-д хүргэн өсгөж инфляцийг 8.9%-иас 3.7%-д хүргэн бууруулж чадлаа. Гэвч бодлогын хүү сүүлийн 15 жилийн дээд хэмжээнд хүрсэн ч инфляци ХНС-ийн зорилт болох 2%-д хүрсэнгүй. Нөгөөтэйгүүр бодлогын хүүг удаан өндөр түвшинд хадгалах нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж хумигдахад хүргэх юм.

Үүнтэй холбоотойгоор эдийн засаг хатуу газардалт хийх буюу “recession”-д хүргэх эрсдэлтэй талаар шинжээчид онцолж байна. Зарим томоохон санхүүгийн байгууллагууд 2024 оны эхний хагас жилд АНУ-ын эдийн засаг уналтанд орох таамаглал гаргаад байгаа юм.

Гэтэл ХНС энэ онд бодлогын хүүгээ дахин нэг удаа нэмэгдүүлэх төлөвтэй байгаагаа есдүгээр сард зарлаад байна. Нөхцөл байдлыг харвал алтны ханш богино хугацаандаа буурч болох урт хугацаандаа өсөх магадлал нэмэгдсээр байгаа юм. Тодруулбал цаг хугацаа өнгөрөхийн хэрээр АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд улам суларч цаашлаад ХНС бодлогын хүүгээ бууруулах нь цаг хугацааны асуудал юм.

Алтны үнийн урт хугацааны чиг хандлагыг АНУ-ын бодлогын хүү тодорхойдог. Үүнээс гадна статистикийн хувьд жил бүрийн арванхоёрдугаар сар болон нэгдүгээр сард алтны ханш өсөх магадлал өндөр байдаг.

Дэлхийн геополитик ба алт

ОХУ, Украйны дайн улам сунжрах нь тодорхой болов. Учир нь ОХУ болон БНАСАУ-ын тэргүүнүүд 9 дүгээр сард Москва хотод уулзаж, зэр зэвсгийн тал дээр хамтран ажиллах талаар хэлэлцсэн тухай олон улсын агентлагууд мэдээллээ.

Шинжээчдийн дүгнэлтээр БНАСАУ нь ОХУ-д зэр зэвсгийн нийлүүлэлт хийх бол эргээд ОХУ нь БНАСАУ-д хиймэл дагуулын технологи, тив алгасагч баллистик пуужин, цөмийн шумбагч зэргийг өгөх магадлалтай гэж үзжээ. Үүний хариуд НҮБ-ын индэр дээр Украйны Ерөнхийлөгч үг хэлж АНУ ба НАТО хамт гэдгээ бататган харуулав. Үүгээр зогсохгүй НАТО-гийн гишүүн Польш улс батлан хамгаалахын зардлаа ДНБ-ний 4% хүргэж өсгөсөн.

Учир нь Украйны дараа ОХУ-ын дайрах улс бол Польш юм. Харин нөгөө талд Япон улс мөн адил батлан хамгаалахын зардлаа хоёр дахин өсгөв. Тэдний хувьд БНАСАУ-ын ОХУ-тай харилцаа сайжирч, БНХАУ хүчирхэгжиж буй энэ үед зэвсэглэлээ нэмэгдүүлэх ёстой гэж үзжээ. Энэ бүгдээс харахад ОХУ, БНХАУ болон БНАСАУ гэх орнууд нь АНУ, Япон, НАТО-гийн орнуудын эсрэг зогсож байдал улам бүр хурцдах нь тодорхой боллоо.

Энэхүү геополитикийн эрсдэл нь хэзээ хурцдах нь тодорхой бус боловч эрт орой хэзээ нэгэн цагт томоохон эрсдэл үүсгэж алтны ханшийг богино хугацаанд огцом өсгөх хүчин зүйл болохоор байна.

Дүгнэлт

АНУ-ын эдийн засаг хөрж эхэлж буй цаг үед Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүгээ дахин өсгөж, удаан хугацаанд өндөр түвшинд хадгалах хугацаа улам бүр багассаар байна.

Иймээс уг нөхцөл байдал нь алтны ханш өсөх суурь хүчин зүйл болох бол геополитикийн эрсдэл эрт орой хэзээ нэг өдөр хурцдаж улмаар тухайн үед алтны ханшийг огцом өсөх нөлөөлөл үзүүлэх юм.

Нэгтгэн дүгнэвэл алтны ханш богино хугацаанд буурч болох ч 2024 онд одоогийн түвшнээс өндөр ханшид хүрэх магадлалтай байна.

эрдэс баялаг

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img