2025-02-11, Мягмар
-23 C
Ulaanbaatar

Хавдрын шинэ эмнэлэг төсөвт суулгаж өгөхийг хүсч байна

Хавдрыг даван туулагчид Хавдрын шинэ эмнэлэг төсөвт суулгаж өгөхийг шаардан, Төрийн ордны баруун хаалган дээр зогсч байлаа. Тэд D-өргөдөлийн системд хандаж, хавдрын шинэ эмнэлэг хүссэн  санал гаргасан ч одоогоор хяналтын шатандаа яваа бололтой өргөдөл нь хараахан нийтлэгдээгүй байгаа гэнэ.

“Наран ижий заяа” ТББ-ын тэргүүн Ш.Ариунаагаас энэ талаар тодрууллаа.

-Би өөрөө хөхний хорт хавдрын даван туулагч юм. Өвдсөнөөсөө хойш энэ бүхний араас явж байна. Тухайн үед эмчилгээ үйлчилгээ хэцүү. Өртөг өндөр, бай эмчилгээ даатгалд ороогүй байсан. Ярьсаар байгаад даатгалд орлоо. Дараа нь сэргээн засах эмчилгээ орлоо. Ингээд  аажимдаа сайхан болох байх гээд явсан. Шинэ хавдрын эмнэлэг барих гэж байна, газраа авсан  гээд зөндөө явсан. Сүүлдээ тэр газар нь болохоо байлаа л болсон. Удахгүй хийлээ, хуулиндаа тусгагдлаа, төсөв төлөвлөгөөндөө орсон шүү л гэж байсан. Гэтэл сая Нээлттэй нийгэм форум дээр очоод, “Юу болж байна” гээд бид чинь бас хүн юм чинь чагнана шүү дээ. Гэтэл төлөвлөгөөндөө туссан мөртлөө төсөвтөө суулгаагүй байна. Энэ бол харуусал. Өнөөдөр  хорт хавдар Монголд Улсад ямар байгаа билээ. Өвчлөгчдийн нас залуужсан. Өчигдөр шөнө гэхэд хавдар нь задарсан хүүхэд над руу ярьж байна. Өвчин хүлээхгүй шүү дээ. Цаг минут, секундээр газар авч байдаг. Ийм л улсуудынхаа төлөө явж байна.

Хөхний хавдар  бол онцлогтой хэцүү өвчин. Харахад бүтэн яваад байгаа юм шиг мөртлөө цаагуураа өвчинд идэгдэж л байдаг. Бид ялангуяа клиник сувилалтай эмнэлэгтэй  болох сон гэж байсан. Ж.Чинбүрэн гишүүн ярьж л байна. Үүнтэй давхцаад эмийн чанар үйлчилгээ алдагдчих болов уу гэж санаа зовинож байсан. Эмийн том монополь байна. Эмийн чанар байхгүй, үйлдэл байхгүй гэж хүмүүс ярьдаг. Үүнийгээ чанартай болгохын тулд бас хуулинд тусгасан байна. Тухайн үед 2020 оны наймдугаар сарын 20-ны өдөр нэмэлтээр оруулсан заалтыг яагаад  эд нар бие биедээ ингэж гох дэгээ тавьдаг юм бэ.   Өвчин улс төр нам, мөнгө зоостой зоосгүй  хэнийг ч ялгахгүй хамарч байгаа шүү дээ. Ямар олон сайхан хүн явчихав.  Монголдоо бид эмчлүүлээд чанартай үйлчилгээ авч сэргээн засахдаа орж, гэр бүлтэйгээ элэг бүтэн амьдармаар байна шүү дээ. Би дөрвөн хүүхэдтэй хүн. Дотроо асч шатаж явдаг. Гэхдээ энэ бүхнээ ярьдаггүй. (хоолой зангируулав) Ярих ч шаардлага байхгүй. Улсууд янз бүрээр ханддаг. Гэхдээ бидний зорилго залуу хүмүүсээ өвдүүлэхгүй,  байх юмсан. Наран ижий төрийн бус байгууллагын зорилго хүн өвдүүлэхгүй сургалт мэдээлэл өгөх. Гарсан хуулиа танилцуулаач гэсэн шаардлага байнга тавьдаг.

Эмэгтэй гишүүд маань УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч маань энэ асуудалд анхаарал хандуулаасай. Энэ бичгийг маань хүлээж аваасай гэж хүсч байна.

Хөхний хавдрын бай эмчилгээ даатгалд оруулахын тулд судалгаа хийж байсан. 2005, 2008 онд дэд хөтөлбөрүүд явсан. Тэнд хавдрын лавлагаа төвийн тухай сайхан бичсэн байгаа. 2020 онд гаргасан сэтгүүлд энэ бүхэн бий. Гэтэл өнөөдөр тэр бүхэн нь хэрэгжээгүй.

Хавдрын шинэ эмнэлэгийн тухай худлаа гоё яриад, цаасан дээр  төлөвлөгөө гаргасан. Төсөвтөө суулгаж өгөөгүй байгаад үнэхээр харамсаж байна. Үүний төлөө дуу хоолой  өргөхгүй бол болохгүй нь ээ.

Маш олон хүн бидэнд ханддаг. Нас барсан хүмүүс ч олон. Хүнс, хөрс, агаарын бохирдол,  уул уурхайн асуудал бүгд хавдар ихэсч байгаад хамаатай.

Одоо байгаа эмнэлэг эмч нар маань сэтгэл зүрхээрээ ажиллаж ирсэн ч ачааллаа дийлэхгүй болж байна. Ихэвчлэн хожуу шатандаа хавдар нь илэрч байна. Шинэ эмнэлэгтэй болчихвол ХСҮТ-ийн ачаалал 50 хувиар буурч, эмч мэргэжилтэнүүд маань урьдчилан сэргийлэхэд анхаарах боломжтой болох юм.

 Орон нутагт байгаа эмч нараа чадавхижуулаач ээ. Шинээр байгуулагдсан хавдрын хувийн эмнэлэг маш өндөр төлбөртэй. Аяга хоолныхоо мөнгийг олж чадахгүй байгаа хүмүүс яаж тэнд хандах билээ.  Хувийн эмнэлэгт хэдэн хүн очиж үйлчилгээ авч чадах билээ.    Хувийн эмнэлэгт очоод болохоо байхаараа улсын эмнэлэгт ирж байгаа хүмүүс олон байна.

Удаан өвчилсөн хүнд өвчтэй хүмүүс сүүлдээ ах дүү нартаа ч хаягдаад амьдаараа хатаж байна шүү дээ.

Хавдрын шинэ эмнэлэгийг 2024 оны хөгжлийн төлөвлөгөөндөө тусгасанаараа төсөвтөө суулгаад өгөөч гэв.

Б.Сарнай:Хүмүүс над шиг байдалд битгий ороосой гээд энд ирсэн

Тэргэнцэр дээр сууж,  сульдсан байртай харагдах ч УИХ-ын гишүүдэд дуу хоолойгоо хүргэхээр ирсэн Б.Сарнайтай хэдэн хором ярилцлаа.

-Та өөрийгөө танилцуулаач. Таны бие ямархуу байна?

-Б.Сарнай 38 настай. Хавдраар оношлогдоод жил гаруй болж байна. Цөсний булчирхайн хавдартай. Жил зургаан сарын хугацаанд эмчилгээ хийлгэсэн, гэхдээ яс руугаа үсэрхийлсэн, дотор эрхтэндээ бас булчирхайнууд маань томорсон. Яг одоо би цөсний замдаа гуурс тавиулсан. Гуурстайгаа яваа.

-Эмчилгээ хэр явж байна вэ?

-Хавдрын эмнэлэг ачааллаа дийлэхээ байсан.Хоёр өлгүүртэй хэрнээ өвөл хувцас хунар багтахгүй хүмүүс нь хувцсаа бариад л явж байдаг.

Миний хавдар толгой хүзүүний байрлалтай болохоор түрүү долоо хоногт эмнэлэгт хандахад 2024 оны нэгдүгээр сарын цаг авч байгаа юм.

Гурван сар хүлээхэд миний эмчилгээ бүх юм хойшлогдоод явж байна. Тийм болохоор бидэнд эмнэлэг чухал хэрэгтэй байна.

-Хэдэн хүүхэдтэй вэ?

-Том маань оюутан. Багыгаа харж чадахгүй болохоор 24 цагийн цэцэрлэгт өгсөн. Би өөрөө ээж, эгчийнхээ асаргаанд явдаг.

– Эмчилгээнд их мөнгө орох байх даа?

-Би сард 450 мянган төгрөг авдаг. 21 хоноод  ясны тариа хийлгэдэг.  Ясны тариагаа Моносоос 230 мянгаар авдаг.  Хордлого тайлах химийн эмчилгээ хийлгэхээр бас 200 мянга гараад явчихдаг. Хавдрын эмнэлэгт ор хүрэлцэхгүй болохоор химийн тариагаа хийлгээд л гардаг.  Хордлого тайлах үйлчилгээгээ гэрээрээ авч хийдэг болохоор хүнд тусдаг.  Ар гэрийнхэн маань энэ бүгдийг зохицуулах гэж их зүдэрдэг.

Энд би хавдрыг даван туулагчдаа төлөөлж ирсэн. Бидэнд эмнэлэг амин чухал байна. Хөдөө орон нутгаас ирсэн хүмүүс  учраа олохгүй маш их цаг хугацаа алддаг.  Би ч бас цаг их алдаж хавдар  үсэрхийлсэн хойно нь эмнэлэгт хандсан болохоор бусад хүмүүс над шиг байдалд битгий ороосой гээд энд ирсэн юм гэв.

- Сурталчилгаа -spot_img

1 сэтгэгдэл

  1. Маш их хэрэгтэй байна шинэ эмнэлэг барьж өг химийн тариаг дахиулахгүй байлгахаар чанартайг нь оруулж ир,туяа аппаратаа шинэчил өөр хэлэх гуйх үг алга

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img