2024-05-20, Даваа
15 C
Ulaanbaatar

Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэндээ ээлтэй нийгмийг бүтээж чадвал эрүүл хүмүүст диваажин шиг болно

Ардчилсан намын даргын зөвлөх Ж.Баясгалантай ярилцлаа.

-Танай нам өнөөдөр (өчигдөр) хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодтой Санамж бичиг байгууллаа. Энэхүү санам бичгийн гол агуулга, зорилго нь юу вэ?

-Монгол Улсад ноднин жилийн дөрөвдүгээр сарын байдлаар нийтдээ 115 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй бий гэсэн судалгаа байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдэг ямар нэгэн нам биш гэдгийг би зориуд тэмдэглэж хэлмээр байна. Хүмүүс заримдаа АН-ын хөгжлийн бэрхшээлтэй иргэн Ж.баясгалан гэж ярьдаг. Гэтэл би чинь энэ улсын л хөгжлийн бэрхшээлтэй иргэн байхгүй юу.

Ерөөсөө энэ 115 мянган хүн аль ч намынх биш. Зүгээр л хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн нэр томъёоны дор амьдарч байгаа хүмүүс. Засаг солигдоход энэ хүмүүсийн эрх ашиг, нийгэмд оролцох байр суурь өөрчлөгдөх ёсгүй.

Сонгуулиас сонгуулийн хооронд амлалт аваад, тэр нь амьдралд бодлого болж хэрэгждэггүй. Өнгөрсөн онд асран хамгаалагчийн мөнгийг төрөөс нэмсэн. Энэ бол сайн хэрэг. Гэхдээ нөгөө талдаа асран халамжийн орчныг зөв, хүртээмжтэй болгохгүйгээр мөнгө нэмээд ямар ч нэмэргүй. Нэгэнт халамжаа авчихсан учраас хүүхдээ хар гэсэн дарамтанд оруулаад байна. Үүнийг бид ерөөсөө анзаардаггүй байжээ. Уг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүд хөгжих ёстой шүү дээ.

Гэвч тэгэх боломж огт алга. Ийм гэр бүлүүд салах нь маш их болсон. Учирсан зовлонгоо давах гэж яваад ихэнх нь бүдэрдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ өдөр өнжүүлэхэд үлдээгээд гарч найзуудтайгаа уулзаж, бүжгэнд орох, иогт явах, сэтгэл зүйчтэй ярих боломж байхгүй учраас л ийм зүйлд хүргэж байгаа юм. Харин Ардчилсан намын зүгээс энэ тал дээр цаашаа тогтвортой ямар бодлого явах вэ гэдэг дээр санамж бичиг байгууллаа. Түүнээс биш ямар нэгэн амлалт биш.

-АН-ын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамаатай ямар бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?

-Мөрийн хөтөлбөрт орсон зүйлсийг ярих нь одоо хуулиар хориотой. Гэвч өнөөдөр хүн бүр хавтгайрсан халамж гээд ярьдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нөгөө халамж нь яг очиж байна уу. Тэд халамждаа орохын тулд хэр их бэрхшээлийг даван туулж байгаа юм гээд олон асуулт гарч ирнэ.

Тэргэнцэртэй, харааны бэрхшээлтэй хүн яваад очихоор эмч нь дээд давхруудад сууж байдаг. Гэтэл липт байхгүй. Дээрээс нь эмч нарын хурлаар орохын тулд заавал өөрийн биеэр ир гэдэг шаардлага тавьдаг. Асуудал ерөөсөө ингээд л үүднээсээ эхэлж байгаа юм. Тэгэхээр халамж гэдэг чинь яг очих ёстой хүндээ очдог байх хэрэгтэй. Тэр нь амьдрахад хүрэх хэмжээнд байх ёстой. Харамсалтай нь асран хамгаалагчийн авч байгаа мөнгө нь амьжиргааны доод түвшинд хүрдэггүй. Яаж амьдар гэж байгаа юм.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага гэж ярьдаг?

-Тийм байсан. Одоо болохоор чүү ай дөнгөж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэж байгаа. Эрүүл саруул хүнтэй айл өрх ийм мөнгөөр амьдрах, хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй айл тэр мөнгөөр амьдрах хоёр тэнгэр, газар шиг ялгаатай. Эм тариа, туслах хэрэгсэл, сурч боловсрох хэрэгцээ нь яах юм. Тийм болохоор хөгжлийн бэрхшээлтэй иргэн АН-ын дотоод ажилд орсноороо энэ бүхэн тодорч гарч ирж байна. Хэрвээ бид оролцохгүй л бол хөндөгдөхгүй, өөрчлөгдөхгүй. Харин оролцоод эхлэхээр намын удирдлагууд нээрээ ийм байдаг юм гээд ойлгож байгаа юм. Манай намынхан 21 аймгаар тойроод явахад бусад маань Баясааг хүлээх ёстой. Тэргэнцэрээ ачина, тэргэнээсээ бууна.

Цаадахыгаа аль болох нэг давхарт аятайхан байлгаарай гэдэг болчихсон. Энэ нөлөөлөл өөрөө маш чухал юм байна. МАН-ын дарга жагсаалтын эхний тавд хөгжлийн брэхшээлтэй иргэнийг оруулна гэдгээ хэлсэн. Сайн хэрэг. Яагаад гэхээр энэ хүмүүс чинь нийт иргэдийн 13 хувийг төлөөлнө. Орж байж л энэ асуудлууд шийдэгдэнэ. Нийслэл, дүүрэг, аймагт ч гэсэн төлөөлөл байх ёстой. Ингэж байж бүх газраа тэгш, зөв болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэндээ ээлтэй нийгмийг бүтээж чадвал эрүүл хүмүүст диваажин шиг болно.

-Хөгжлийн болон харааны бэрхшээлтэй иргэд сонгуульд саналаа өгөхөд нэлээд хүндрэлтэй байдаг. АН-аас энэ асуудал хэр анхаарал хандуулж байна. Санал авах байруудыг бэлдэх зэрэг дээр СЕХ-нд санал, хүсэлт өгсөн үү?

-Манай нам энэ тал дээр маш их анхаарал хандуулж байгаа. Өмнө нь гарсан алдаануудын баримт дээр тулгуурлан шаардаж байна. Сонгох, сонгогдох эрхээ эдэлж чадахгүй байна гэдэг чинь Үндсэн хуульд заасан гол эрх нь зөрчигдөж байгаа асуудал.

Иргэний нийгмийн байгууллагууд ч гэсэн энэ тал дээр анхаарч, СЕХ-той санамж бичиг байгуулж байгаа юм билээ. Өмнө нь маш сонин тохиолдол гарч байсан. Санал авах байранд хөгжлийн бэрхшээлтэй иргэн орохоор туслах үйлчилгээ үзүүлдэг ажилтан байдаг. Гэтэл нэг сумын Засаг дарга 32 хүний өмнөөс эд нар архи уудаг, бичиг үсэг байхгүй. Тийм болохоор би өмнөөс нь бөглөнө гээд сууж байсан тохиолдол гарсан. Харин энэ удаагийн хуульд туслах ажилтан нэгээс илүү хүнд тусалж болохгүй гэсэн заалт оруулсан.

Санал авах байр орох талдаа налуу шаттай. Гэвч гарах талд нь байдаггүй. Би 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгсөн. Гэтэл ХААИХС-ийн маш өндөр шаттай байр руу намайг дөрвөн хүн өргөж оруулсан. Яагаад өөр байр сонгож болоогүй юм. Ингэж өргүүлж яваад унаад гэмтсэн бол яах вэ.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоод өөр бусад намуудтай ийм Санамж бичиг байгуулах болов уу?

-Би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй иргэн учраас тэр холбоодтой байнга харилцаатай байдаг. Бүх намтай байгуулна гэсэн бодолтой байгаа юм билээ. Харин хүний эрхийг дээдэлдэг, хүн төвтэй намын хувьд АН түрүүлж энэ Санамж бичгийг байгуулж байгаа юм. Ер нь нэг биш нэлээд хэдэн төлөөлөл УИХ-д орж суугаасай гэж би боддог. Би 2020 онд нэр дэвшиж, 115 мянган иргэний төлөө явсан. Төлөөлж яваагүй. Тийм боломж ч байхгүй. Яагаад гэвэл би нуруу, нугасны гэмтэлтэй, тэргэнцэртэй хүний зовлонг л мэднэ. Түүнээс биш харааны бэрхшээлтэй, сонсголгүй, аутизмтай хүмүүсийн зовлонг мэдэхгүй. Тиймээс болдог бол бүх намууд эдгээр хүмүүсээс төлөөлөл оруулаад Ерөнхий сайдын уриалсан шиг жагсаалтынхаа эхний тавд багтаагаад өгөөсэй гэж хүсч байна.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Эх сурвалжӨдрийн сонин
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img