2024-05-20, Даваа
15 C
Ulaanbaatar

АН-ын бүлгийн “Эрх чөлөөт Монгол Улс өнө мөнхөд оршиг” уриалгыг намын гишүүд санал нэгтэйгээр дэмжлээ

УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар АН-ын бүлэг мэдээлэл хийх үеэр Бүлгийн дарга О.Цогтгэрэл “Ардчиллын үнэт зүйлсийг тээгч мэдлэг боловсролтой шинэ үеийнхэн, орон нутагт ардчиллыг бэхжүүлэхийн төлөө тууштай тэмцэж ирсэн ардчиллын түүчээлэгчид, эмэгтэйчүүд, салбартаа тэргүүлж ирсэн нийгмийн бүлгүүдийн төлөөллийг жагсаалтаар нэр дэвшүүлэх нь өнөө үеийн шаардлагад бүрэн нийцнэ гэж үзлээ. Тиймээс УИХ дахь АН-ын бүлгийн “Эрх чөлөөт Монгол Улс өнө мөнхөд оршиг” уриалгыг намын гишүүд санал нэгтэйгээр дэмжлээ.

Монголын ардчилал сорилтын өмнө ирлээ. Төр нам хоёр өнөөдөр холилдож төрийн сонгуульд намаа ялуулахын тулд МАН юу ч хийхээс буцахааргүй байна. Энэ үед ардчиллын анхдагчид, түүчээлэгчид, ардчиллаар овоглон УИХ, Засгийн газарт ажиллаж байсан хүмүүс тойрогт очиж өрсөлдөцгөөе гэсэн санаачлагыг гаргаж, уриалж байна” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Н.Ганибал “Монголын хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуйн салбарыг сүйрүүлэх гэсэн эрх баригчдын буруу бодлогыг иргэдэд ойлгуулах зайлшгүй шаардлага үүслээ. МАН сонгууль угтаж “Шинэ хоршоо”, “Чинээлэг малчин” хөтөлбөрийг иргэдэд танилцуулж байгаа нэрээр хэдэн арван тэрбумаар хурал цуглаан хийлээ. Хэдэн арван төрийн албан хаагчдыг орон нутаг руу явуулж нийгмийн сэтгэл зүйд буруу ойлголт өгч байгаад харамсаж байна. Хоршооны асуудал сүүлийн 34 жил яригдсан. Үе үеийн Засгийн газар хоршоо байгуулах санаачилгыг гаргаж байсан. Гэхдээ энэ удаагийнх шиг ямар ч эдийн засгийн тооцоололгүй, нөхцөл байдлын бодит дүгнээгүйгээр нийтээр нь шууд хоршоожуулах аян хэзээ ч явуулж байгаагүй.

Социализмын үед “Бошгийг халах залуус” арга хэмжээг хэрэгжүүлж байсан. Хэрвээ тэр коммунист арга барилаар хоршоо байгуулах гэж байгаа бол буруу. Өнөөгийн нөхцөлд эдийн засгийн ямар ч ашиггүй хоршооны загварыг МАН-ын ЕНБ-ийн дарга Д.Амарбаясгалан иргэдэд танилцуулж байна. Хэрвээ ард түмэн, малчдын амьдралыг сайжруулъя гэж байгаа бол нэгдүгээрт, мал аж ахуй, малын түүхий эд, бараа бүтээгдэхүүний үнийг бүрэн чөлөөлөх ёстой. Ийн мал, махны үнийг нэмэгдүүлчихвэл хоршоожуулах талаар ярьж болно.

Харамсалтай нь эхэнд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдээ хэрэгжүүлэхгүй байна. Жишээ нь, өнгөрөгч өвлийн зудын гамшиг, эрсдэл, нөхцөл байдлыг бодитоор дүгнэж, малчдын зээлийг тэглэх ёстой. Хоёрдугаарт малжуулах төслийг хэрэгжүүлэх ёстой. Гуравдугаарт, үнийг чөлөөлөх хэрэгтэй. Үүний дараа хоршоо, хамтын ажиллагаа өрнүүлж болно. Харамсалтай нь, хүчээр хоршоо байгуулах гэж байна. Хоршоо бол гарц биш. Гарц нь үнийг чөлөөлж, үнэ цэнэтэй мал аж ахуйг бий болгох.

Хоршоо байгуулвал ямар бизнес хийх, хэрхэн үр ашигтай төсөл хэрэгжүүлэх талаар ямар ч тооцоолол хийгээгүй. Ийм нядалгааны цех, тийм хадлангын бригад, ийм сүүний үйлдвэрийг хоршоолж байгуулна гэсэн нэг ч аж ахуйн нэгж, малчин алга. Зээлж авч өрөнд орох хөтөлбөрийг Монголын төр малчдад яагаад тулгаад байгаа юм бэ. Малчдыг хэтэрхий ятгаж байна. Ятгах тусам нягталаарай, малчдаа. Зээл авахаасаа өмнө эдийн засгийн ямар үр өгөөжтэй, ямар төсөл хэрэгжүүлэхээ сайн судалж байж аваарай” гэв.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img