-Удахгүй болох Бурхан багшийн их дүйчин өдрийн талаар тантай ярилцъя гэж бодлоо. Их дүйчин өдөр гэж чухам ямар учиртай өдөр байна?
-1999 оноос Нэгдсэн Үндэстний Байгууллага өөрийн төв байр болон дэлхийн өнцөг булан бүр дэхь салбарууддаа Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэх болсон. Энэ тавдугаар сарын 23-нд Бурхан багшийн эхээс мэндэлсэн, ариудан гэгээрч бурхны хутаг олсон, нирваан дүрийг үзүүлсэн өдрүүд давхацсан их дүйчин өдөр тохиож байна.
Одоогоос 2568 жилийн өмнө манай замбуу тивд Бурхан багш Шагжамуни мэндэлж, 29 насандаа гэгээрлийн эрэлд гарснаар, 36 насандаа бурхны хутгийг олж, 81 насалж төгс гэгээрсэн бөгөөд хорвоо ертөнцийн мөн чанар ба ертөнцөөс хэтийдсэн хоосон чанарыг номлож, өөрийн шашныг дэлгэрүүлсэн түүхтэй.

-Будда нирваан дүр үзүүлсний дараа ямар гайхамшигт үйл явдлууд манай ертөнцөд болсон бол?
-Бурхан багш 81 насандаа Малла улсын Кушинагара гэдэг газар Сала модны хооронд дэвсгэр засуулан нирвааны дүрийг үзүүлсэн байдаг.
Буддаг нирваанд орсны дараа Малагагийн хаан анхилуун цэцэг, навчаар чимэглэж, бүх ард иргэд долоо хоногийн турш гашуудлын ёслол хийсний дараа Буддагийн шарилыг зуу зуун цэцэг, хүжээр чимэглэсэн байна. Түүний шарилыг цэцгийн тэргээр зөөж, шилтгээнийг дайран өнгөрч, хааны гэр бүлийн ариун дагшин газар болох Махуда толгойд авч очин шарилыг таван даавуунд ороон, авсанд хийж, тагийг төмөр хавтангаар хучиж, зандан модоор бүрхэж, бүх ард иргэд хоёр гараа хавсран дурсан санаж залбирав. Гэсэн хэдий ч хэчнээн удаа галыг асаах гэж оролдсон ч ассангүй, хаан болон бусад хүмүүс юу хийхээ мэдэхгүй сандарч байтал Буддагийн ойрын шавь Маха Касьяпа өөр нутагт ном айлдаж байхдаа Буддагийн нирвааны тухай мэдээг сонсож таван зуун шавьтайгаа ирж бүгд алга хавсран мөргөхөд гал бадарч, шарилыг хайлах ёслол жигдэрсэн байна.
-Гал нь асахгүй байсан нь их л учиртай зүйл байж дээ…
-Шарилыг хайлах ёслолын дараа номын лагшин эрдэнийн арьс, шөрмөс, мах, үе мөч зэрэг нь үнс болтлоо шатаагүй харин хатуурч, тоо томшгүй олон ринсрэл болж, тэр дундаа улаан буурцаг, жижиг будаа, шар будаа, тэр ч байтугай алтан шаргал буурцагны хэмжээтэй болон элсний ширхэг шиг жижиг ринсрэл болон үлдсэн байгаа юм.
-Бурхан багшийн шарил гээд байдгийн учир нь хайлах ёслолоос үлдсэн ариун зүйлс юм байна шүү дээ. Ариун шүтээнийг уламжилж авч үлдсэн улсуудын талаар яриач?
-Магадагийн хаант улсын хаан Асасэ, Виваса хаант улсын хаан Рича, Капила хаант улсын хаан Сакжамүни, Анрагаппа улсын хаан Габра, Рамагаппа улсын Гори хаан, Видадайпага улсын хаан Брахмин, Павада улсын хаан Малла тэргүүтэй долоон улсын хаад бурхны ринсэл олон гарсан тухай мэдээг сонсоод цэргээ дагуулан ирж Буддагийн ринсрэл залах зөвшөөрөл хүссэн байна.
Гэвч Гусира Мала хаан долоон улсын хаадад хандан “Би Буддаг хэзээ ч уриагүй, харин тэрээр өөрөө энд ирж нирваан дүрийг үзүүллээ. Буддагийн ринсрэлийг бусад орны хүмүүст өгөх үүрэг надад байхгүй, тарааж ч чадахгүй” гэж хэлжээ. Ийнхүү татгалзсанаар Буддагийн ринсрэл олж залахын төлөөх дайн эхлэх гэж байхад Брахмануудын нэгэн агуу багш эрхэм Дорона хэмээх гарч ирээд “Бидний багш хамаг амьтанд учир шалтгаан, үйлийн үрийг тайлбарлаж, бидэнд энх тайван, энэрэн нигүүлсэхүйн үзлийг заасан билээ.
Энэхүү ариун нандин ринсрэлийг олж авахын тулд дайн хийх нь Буддаг доромжилж байгаа хэрэг юм. Их нигүүлсэхүй гуу сан, дөрвөн төрөлтөн, хамаг амьтны эцэг болсон Буддагийн ринсрэлийг баяр хөөртэйгөөр хувааж найман хэсэгт тэгш шударгаар түгээцгээе. Шагжамүни Буддаг шүтдэг олон хүнийг баярлуулахын тулд тус бүр залж, Буддагийн ринсрэлийн суварга босгохыг хүсье” гэжээ. Бүх хаад машид ихээр баярлацгааж дээ.
-Бурхан багшийн шарилыг хайлсан үнс нь хүртэл ариун шүтээнд тооцогддог байх шүү?

-Ингэж найман хэсэгт хувааж янз бүрийн овог аймгуудад жигд хуваарилсан бөгөөд шарилыг хайлсан үнсийг Пиппалли ойн Морио овог өвлөж, Эрхэм Дорона ринсрэлийн хайрцгийг авчээ. Олон овог аймгууд Буддагийн оронд залах ринсрэлтэй болжээ.
Улс орнууд (овог аймгуудад) үндсэн найман ринсрэлийн суварга (根本八塔), Ринсрэлийг анх агуулсан лонхны суварга (甁塔) байдаг. Ингэж үнс агуулсан суврага (炭塔) зэрэг арван суваргыг анх барьсан. Бурхан багшийг нирваан дүр үзүүлснээс гурван сарын дараа эрхэм шавь Маха Касапа, эрхэм шавь Ананда, шавь Ури, шавь Анурудда болон бусад ахмадууд болон архдууд Магада (Magadha) улсын Асасэ хааны дэмжлэгээр цуглаж, Бурхан багшийн номлосон номлолуудыг урт хугацааны туршид эмхэтгэсэн байдаг.
-Ариун шүтээнийг хадгалж хамгаалах гэдэг их л чухал үйл байсан нь тодорхой…
-Эрхэм шавь Касяпа чуулганыг гүйцсэний дараа хойшид “Муу үзэл хүчтэй болж номын ёс доройтох” (魔强法弱) найман оронд тархсан Буддагийн ринсрэлийг ирээдүйд хадгалахад хэцүү болохыг урьдчилан таамаглаж, улс орон бүрд тархсан бурхны ринсрэлийн суваргыг хадгалах буюу тодорхой нэг газар хадгалж хамгаалахыг Асасэ хаантай хэлэлцжээ.
Дараа нь Энэтхэг даяар болох Хинди шашинтнуудын үймээн самууны улмаас Буддын шашны дурсгалт газрууд эвдэрч ноцтой нөхцөл байдалд хүрэх, Буддын шашны ахмадууд Хиндичүүдийн хүчирхийллийн улмаас Буддагийн ринсрэл алга болно гэж урьдчилан санаа зовж, Энэтхэг улстай хиллэдэг Мьянмарын хилийн бүсэд суврага босгож ринсрэлийг залж, шороогоор хучиж хиймэл уул бүтээсэн.
Учир нь газар шороонд нь залах юм бол үүрд газарт шингэж алга болно гэж үзэн газар дээр суварга босгож, шороогоор бүрхсэн байгаа юм.
-Их л нандигнан хадгалсан юм байна шүү дээ?
-Үүнээс хойш 2500 жилийн хугацаанд ринсрэлүүд хаана байгаа нь аман ярианаас өөр яг хаана байгаа нь тодорхойгүй байсан бөгөөд олон жилийн турш салхи борооны улмаас хөрс нь ухагдаж суврага хэлбэртэй зүйл байгааг мэдэж, малтлагын явцад томоохон ринсрэл хадгалсан суварга байгааг илрүүлсэн байдаг.
Ойролцоогоор 2500 жилийн дараа буюу 1912 онд бороо, салхинд хөрс нь урсах үед Ринсрэл залсан суваргыг олж илрүүлж, малтлага хийсний үр дүнд Буддагийн ринсрэл дэлхий нийтэд ил болж Буддагийн ихэнх ринсрэл одоо Мьянмарт залагдаж байгаа юм билээ. 2500 жилийн дараа орчин үеийн буддизмд тарж бутарсан даяанчид болон буддын шашинтнуудыг хараад анхлан үүсгэсэн сүжигт сэтгэлээ эргэн санах, өөрийнхөө мөн чанарыг олох боломжийг олгох агуу их хүсэл эрмэлзэлтэйгээр Мьянмарын нэгдсэн Санга нийгэмлэгийн тэргүүн бөгөөд Хамба лам У Кумара Саядау, Хамба асан Ваданта Собхита Саядау, Бодхи Таттаунг у Нарада Саядау нарын өгч залуулсан Бурхан багшийн ринсрэлийг Мьянмарын Нэгдсэн Засгийн газрын зөвшөөрөлтэйгөөр Мьянмарын Соёлын төв болон Олон улсын Буддагийн ринсрэлийн музейг 2008 онд БНСУ-д нээсэн байна.
-Буддагийн ринсрэлийн музейг байгуулсан тэр гавьяатай хүнийг танилцуулаач!
-Хамба лам Моктак Мьянмарын түүхэнд гүн ухааны докторын зэрэг хүртсэн анхны гадаадын иргэн болсон. Тэрээр Мьянмарын нэгдсэн Санга нийгэмлэгийн үе үеийн тэргүүн нарын итгэлийг хүлээж, бурхан багшийн ринсрэлийг гардан авч, Солонгос улсад ринсрэлийн музей байгуулснаар дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүст бурхан багшийн ринсрэлийг үзүүлэх боломжийг нээж өгсөн.
Их хөлгөний лам Махасеонгжон Моктак-Хе Юн нь “Солонгос-Мьянмарын найрамдлын солилцооны нийгэмлэг” болон “Дэлхийн буддистуудын Дармакинг төв”, “Олон улсын буддист удирдагчдын нийгэмлэг”-ийн ерөнхийлөгч, Мьянмарыг төлөөлсөн хүндэт элчин сайд бөгөөд Маха Садахамма Жускар Хажа зэрэг олон байгууллагын Хууль зүйн сайд, Шашны сайд зэрэг сонгуульт ажлууд эрхэлж ирсэн бөгөөд 70 гаруй шагнал, өргөмжлөл хүртсэн. Мьянмарын шашны хэрэг эрхлэх газарт тэрээр 32 жил Хууль зүйн яамны засч залруулах хорооны гишүүнээр ажиллаж байна.
Олон улсын Буддагийн дурсгалын музейд дэлгэгдсэн дурсгалуудыг Мьянмарын Засгийн Газрын Шашны асуудал эрхэлсэн сайдын дэмжлэгээр байгуулж 2008 оны наймдугаар сарын 22-ны өдөр Сөүл хотын Жонгно-гу, Чонжин-дун, Дэмюн байрны 303 тоотод нээсэн түүхтэй.
Буддагийн ринсрэлийн музейн нээлтийн өдөр Мьянмарын Засгийн Газрын Шашны хэрэг эрхлэх сайдаас илгээсэн мэндчилгээндээ “2500 гаруй жилийн Буддын шашны соёлыг хадгалан Буддын шашны түүхэн ул мөрийг мөнхжүүлэн үлдээсэн ринсрэлийн музейг Солонгос улсад нээгдсэнд чин сэтгэлээсээ баяр хүргэж байна. Мьянмарын ард иргэд өдөр бүр Буддагийн сургаалыг дуурайн аз жаргалтай, амар амгалан амьдарч буйг бас дахин илэрхийлье” гэж мэндчилсэн.
-Бурхан багшийн шарил зөвхөн ариун нандин дурсгал төдийгүй өнөө болтол гайхамшгийн үзүүлсээр байдаг гэж сонссон юм байна?
-Мьянмар улсын соёлын төв дэхь дэлхийн анхны олон улсын Буддагийн дурсгалын музейн нээлтийн арга хэмжээнд дипломатч, Солонгос-Мьянмарын найрамдлын солилцооны нийгэмлэг, Олон улсын буддист удирдагчдын холбооны ерөнхийлөгч, Мьянмар улсад суугаа хүндэт элчин сайд, Их хөлгөний лам Мок Так Хе Юн нь “Хааяа бурхан багшийн дурсгалыг залсан сүм хийдүүд, ринсрэлийн үзэгдэл, бурхан багшийн дүр төрх, эгшиглэн дуулах, олшрохын гайхамшгийг харуулж байна.
Эдгээр үзэгдлүүд зөвхөн энд тохиолдоогүй, харин Жокмёолбогун гэх хийд бүрт тохиолддог хачирхалтай үзэгдэл юм. Сарираг ясны, чи, залгиурын, пи, тархины сарира гэж ангилдаг бөгөөд таван өнгийн сарира болон хар сарирагийн дүрсээр харагддаг” гэж хэлсэн байдаг.
Буддын шашны орны хувьд Зүүн өмнөд Азийн Тайланд, Сингапур, Камбож, Энэтхэг, Индонез, Мьянмар, Цейлон зэрэг орнуудаас Солонгост зочлон ирж буй жуулчдын заавал очиж үзэхийг хүсдэг Буддагийн эртний дурсгалуудыг агуулсан ринсрэлийн музейд олон төрлийн сарира түүнчлэн 500 орчим эд зүйлс, түүний дотор манай эриний 10-р зууны дурсгал, 500 гаруй архад, тэр ч байтугай уг дурсгалыг хадгалсан савнуудад үлдсэн чандар хүртэл байдаг.
-Бурхан багшийн ариун шарилын музей байгуулсан нь ч цаанаа учиртай зүйл юм байна даа?
-Зүүн өмнөд Азийн Буддын шашинтай ихэнх орнуудад дурсгалт зүйлсийг өөрийн биеэр үзэх боломжгүй, тэр ч байтугай тэдгээрийг дэлгэн тавьж байгаа газраасаа дор хаяж 1-2 метрийн зайнаас залбиран үздэг нь хүндэтгэсэн хэрэг гэж үздэг байна.
Солонгост юмыг харж, гараараа шалгадаг зуршилтай гэдэг. Ямартай ч ард түмэнд уг дурсгалыг өөрийн нүдээр харах боломж олгохыг анхаарч байгаа нь тэднийг сүм хийдэд залах, номлолын зорилгоор биш, харин хүн бүрийг анхны сэтгэлгээ рүүгээ буцахыг уриалж байгаа юм.
-Буддагийн лагшингийн ариун эдийг манай улсад бэлэглэх гэж байгаа гэсэн үү?
-Махасеонгжон Моктак-Хе Юн Монголын бурхны шашинт хувраг, “Ламын гэгээн Лувсанданзанжанцан судлал төв”-ийн тэргүүн (Д.Батболд миний бие)-тэй харилцах харилцаандаа тулгуурлан Монголын бурхан шашны хөгжил дэвшлийг хүсэн ерөөж, Мьянмар улсаас гаралтай Буддагийн үснэр, ясны ринсрэл, таван өнгийн ринсрэлийг бэлэглэх гэж байна.

-Энэ сайхан үйл явдал хэзээ болох гэж байна. Бурхан багшийн ринсрэлээс юуг бэлэглэх гэнэ?
-Бурхан багшийн их дүйчин өдрийг тохиолдуулан 2024 оны тавдугаар сарын 20-24-нд дөрвөн өдрийн туршид Буддагийн Олон улсын музейгээс Богд хааны ордон музей, Самьяа хийдтэй хамтран Монголчуудад “Бурхан багшийн хуруу эрдэнэ”, Солонгост хадгалагдаж буй зарим ринсрэлийг авчирч мөргөл үйлдэхээр болж байна.

-Бурхан багшийн хуруу эрдэнийн талаар тодорхой мэдээлэл өгөөч!
-Бурхан багшийн хуруу эрдэнэ дэлхий дээр маш ховор ердөө хоёрхон газар байдаг юм билээ. Түүний нэгэн болох хятадын Шаньши мужийн Фа Мэньсы хийдэд тахиж байгаа Хятадын төрийн эрдэнэ болсон Бурхан багшийн хуруу эрдэнийг 2005 онд Өмнөд Солонгост залж 40 хоног хүндэтгэн тахихад өмнөд Солонгосын олон давхаргын хэдэн сая хүн мөргөл үйлдсэн байдаг юм.
Бурхан багшийн хуруу эрдэнийг өмнөд Солонгост хүндэтгэн залсан нь Өмнөд Солонгосын буддын шашны сүсэгтнүүдийн дунд шашин шүтэх өрнөлтийг хүчтэй болгосон төдийгүй бас Хятад-Өмнөд Солонгос хоёр орны буддын шашны салбар хоорондын харилцааг ч хөгжлийн шинэ үе шатанд оруулсан гэж тоймч нар үзэж байгаа.
Үүний нэгэн адил Монголд зохион байгуулагдах энэхүү үйл ажиллагаа нь хоёр улсын шашин соёлын харилцааг хөгжүүлэхэд үр дүнгээ өгнө хэмээн найдаж байна. Сүсэгтэн олондоо танилцуулахад Богд хааны ордон музейд Бурхан багшийн цахиур эрдэнэ заларч байдгийг цухасхан болтугай ч дурдах нь зүй.

-“Дэлхийн буддистуудын Дармакинг төв” ямар үйл ажиллагаа эрхэлдэг байгуулага байна?
-“Дэлхийн буддистуудын Дармакинг төв” зүүн Азийн 15 орны бурхны шашны лам хуврагууд нэгдэж байгуулсан олон улсын буддист байгууллага. Тус төвөөс олон оронд сүм хийд, сургуулиуд байгуулахад нь туслаж, хүмүүнлэгийн ажиллагааг тогтмол явуулж ирсэн.
Монгол Улсад дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд “Самьяа” хийд, Богд хааны ордон музейд Бурхан багшийн үснэр, ринсрэлүүдийг бэлэглэж байгаа. Цаашид дэлхийн хэмжээний боловсролд хамаарагдаж чадахгүй байгаа хүүхэд залууст БНСУ-ын их, дээд сургуулиудад суралцах боломжийг олгох тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болоод байгаа. Мөн БНСУ-ын тэргүүлэх эмийн групп компани “Dongkook Pharmaceutical”-тай хамтран Монгол улсын нэн шаардлагатай нэгжүүдэд эмийн буцалтгүй тусламжийг олгох аяныг жил бүр өрнүүлэхээр бэлтгэж байна даа.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийг дэмжиж, Налайх дүүрэгт байгуулагдах 10 га газрын ойжуулалтыг хийхэд нь туслах зэрэг ажлуудыг эхлүүлж байна.