2025-06-23, Даваа
16.4 C
Ulaanbaatar

“Номундалай” сургуулийн захирал Цэрэнбатын Алтангэрэл: Шавь нар маань математикийн олон ч олимпиадад тэргүүлж байсан

Баянхонгор аймгийн төрийн соёрхолт эрдэмтэн Б.Доржпаламын нэрэмжит Үндэсний лаборатори “Номун далай” цогцолбор сургуулийн захирал, Ардын боловсролын тэргүүний ажилтан Цэрэнбатын Алтангэрэлтэй хөөрөлдлөө.

-Та Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул хүн байх аа?

-Би 1964 онд төрсөн, Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул хүн. Манай нутаг чинь алдарт “Хүрэн морь” найраглалыг туурвисан төрийн шагналт яруу найрагч Чойжилжавын Лхамсүрэн, төрийн соёрхолт зохиолч, яруу найрагч Пүрэвжавын Пүрэвсүрэн, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Ш.Өөдөс, Г.Пунцаг, хошууч генерал Н.Паль, гавьяат жүжигчин Х.Пүрэвдорж, гавьяат тээвэрчин С.Зина, доктор Н.Логи, улсын идэр шаламгай начин П.Нямжанцан, улсын начин А.Норов нарын урлаг соёлын алдартнууд төрөн гарсан Алтан гадас одонт сум л даа.

За, тэгээд ямаагаараа улсад тэргүүлдэг сум. “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Э.Хүрэлбаатар хэдэн жилийн өмнө очиж нутгийн маань талаар сайхан сурвалжлага хийснийг уншаад баярлаж л байлаа. Улсын аварга малчин Д.Дүйнхэр, Дэмчиг, хошой аварга “Алтан ишиг”-ний эзэн П.Сэмнээ, Б.Адъяа, Д.Төмөрбаатар, С.Үрчгэр, П.Намсрай, С.Тамжаа, А.Дагвасамбуу, Л.Содномпил, Б.Чойдорж, Б.Доржпүрэв, Ц.Цогбадрах нарын олон сайхан малчид байна.

Би Бөөнцагаан нуур, Гурван Аргалантын нуруу зэрэг тэгш сайхан үзэмжит энэ сайхан цэнхэр говьд төрж өсөөд, 1983 онд нэгдүгээр 10 жилийн сургуулийн аравдугаар ангийг дүүргэн Монгол Улсын их сургуулийн физик, математикийн ангид элсэн орж 1988 онд математикийн багш мэргэжлээр төгссөн дөө. Түүнээс хойш боловсрол судлалын магистрын зэрэг хамгаалж, 1998 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын менежерийн анги төгссөн.

-Социализмын сүүл үеийн, өөрчлөн байгуулалт гэж яригдаж байсан тэр үеийн л багш юм аа даа?

-Сургуулиа төгсөөд 1988-1998 онд Баацагаан сумын ерөнхий боловсролын сургуульд математикийн багшаар ажиллалаа. Нутагтаа сайхан л байсан. Тэндээсээ аймгийн төв рүү шилжин ирж 1994-2004 онд Баянхонгор аймгийн төвийн нэгдүгээр арван жилийн сургууль буюу “Номун далай” цогцолбор сургуульд багш, секцийн ахлагчаар ажиллахдаа олон ч сайхан шавьтай болсон.

Altangerel

Түүнээс хойш 2005-2008 онд аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга, 2009 оноос аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар, 2013 оны тавдугаар сараас одоог хүртэл “Номун далай” цогцолбор сургуулийн захирлаар ажиллаж байна.

-Захирлын алба ч бас хариуцлагатай ажил байх шүү. Түмний үрсэд эрдмийн хишиг түгээх, удирдах ажил хоёрын ялгаа анзаарагдана биз?

-Сургуулийн захирал гэдэг хүн багшаас өөр юм. Би бодлогын асуудал хариуцаад явж л байсан. ЕБС-ийн захирал гэдэг бараг сайдаас илүү чухал юм байна гэдэг өдөр хоног өнгөрөх тусам мэдрэгдэж байдаг. Учир нь сургуулийн дэг журам, дагаж мөрдөх дүрэм бол сургуулийн үндсэн хууль юм.

Багш бүр үүнийгээ мэдэж сурагч бүрд ойлгуулж, өөрсдөө үглэж яншиж биш өөрийн үйл хөдлөл, харилцаа хандлагаараа өөрийн биеэр үлгэрлэж байх нь маш чухал. Учир нь сургуулийн алсын хараа, эрхэм зорилго бол зургаан настай нялх хүүхдийг хүлээж аваад 12-р анги төгсгөх (18 нас) хүртэл хугацаанд л харж хийгдэх ажлын хугацаанд оршиж байдаг.

Хөдөө сумын сургуулийн багшийн ажлаар ажил, амьдралын гараагаа эхэлсэн болохоор сурагчдын математик сэтгэлгээг хөгжүүлэх, сургалтын чанар, сургуулийн сургалтын орчныг сайжруулах, заах арга, ур чадвараа дээшлүүлэхэд л голлон анхаарч үр бүтээлтэй ажиллахыг чармайдаг байлаа. Хамгийн гол нь аймаг, бүсийн олимпиадад шавь нараа амжилттай оролцуулж, математикийн олимпиадын аварга сурагчдыг олноор төрүүлэхийг хүсэж үүндээ ч хүрч л байсан.

-Өөрөө ч олимпиадад олон удаа амжилттай оролцож байсан биз?

-Математикийн олимпиадын аварга багшаар хэд хэдэн удаа шалгарч л байсан. Аймгийн төвийн “Номун далай” цогцолбор сургуульд математикийн секцийн ахлагч, багшаар ажиллаж байхдаа сурагчдын сэтгэн бодох ажиллагааг хөгжүүлэх зорилгоор “Дрихлейн зарчим”, “Инвариант, комбинаторик ба магадлал” зэрэг ном бичиж сургалтад ашиглаж байсан маань хожим боловсрол судлалын магистрийн зэрэг хамгаалахад минь их нэмэр тусаа өгсөн шүү.

-Багш хүн улстөрд орж болохгүй гэсэн хууль байхгүй л дээ. Гэхдээ та яаж яваад тийшээ орчихов?

-Би ардчиллыг анхнаас нь л дэмжсэн хүмүүсийн нэг. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын ажиллагаанд идэвхтэй оролцож, аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын агуулга, хэлбэрийг шинэчлэх, байгууллага, хамт олныг удирдан зохион байгуулахад санаачилгатай ажиллаж байгаа жирийн л нэг төрийн албан хаагч л даа, би. 2000-2008 онд аймгийн Иргэдийн төлөөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр хоёр ч удаа сонгогдож идэвхтэй сайн ажиллалаа.

Энд ажиллаж байхдаа аймгийн нийгмийн салбарын хөгжлийн стратеги, бодлогыг боловсруулах, төлөвлөх, боловсрол, соёл, урлаг, шинжлэх ухаан, эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмадууд зэрэг хүн ам зүйн чиглэлээр явуулах бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулахад гар бие оролцож явсандаа сэтгэл хангалуун л байдаг.

-Багшаар нь ажиллаж байсан “Номун далай” цогцолбор сургуульдаа захирлаар томилогдон ажиллаж байгаа юм байна. Хуучнаар бол Баянхонгор аймгийн төвийн нэгдүгээр арван жилийн сургууль байх аа?

-Баянхонгор аймгийн төрийн соёрхолт эрдэмтэн Б.Доржпаламын нэрэмжит үндэсний лаборатори “Номун далай” цогцолбор сургуулийн захирлаар 2013 оны тавдугаар сараас томилогдон ажиллаж байна. Манай сургуулийн 100 жилийн ой энэ онд, тэр тусмаа өнөө маргаашгүй тохиож байна. Урьд нь ажиллаж байсан хамт олонтойгоо ажиллах сайхан шүү.

Altangerel

Энэ хугацаанд боловсролын чанарын шинэчлэлийн бодлого, дэвшүүлсэн сургалтын орчны шинэчлэл, сургалтын арга зүй, технологи, хэрэглэгдэхүүний шинэчлэл бага, дунд боловсролын үнэлгээний шинэчлэл зэрэг зорилтуудыг амжилттай хэрэгжүүллээ. Аймгийн хэмжээнд хорин есөн сургуулийн бага, дунд, ахлах ангийн багш нарт бага боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалтуудыг Боловсролын газартай хамтран удаа дараа зохион байгуулж, боловсролын шинэчлэлийн бодлогыг ч үр дүнтэй хэрэгжүүлж байна.

Сургуулийнхаа 15 жилийн хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр боловсролын шинэчлэлийн бодлого, Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого, 2014-2024 оны Төрөөс боловсролын талаар баримтлах бодлоготой уялдуулан боловсруулж, сургуулийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулсан.

Бага, дунд боловсролын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх ажлаа Монгол-Кембрижийн боловсролын санаачлага, сургуулийн чанарын баталгаажуулалтын бодлоготой уялдуулан дараах чиглэлээр зохион байгуулж байгаа нь үр дүнд хүрлээ.

-Багш хүн сурагчдад, багшид дээд удирдлага нь үнэлэлт дүгнэлт өгдөг. Харин захирал хүнд хэн үнэлгээ өгөх вэ?

-(Инээв. Л.Б) Сургуулиа чадварлаг удирдсан гэж аймгийн Засаг дарга, Боловсрол, соёлын газрын даргатай хийсэн 2014 оны үр дүнгийн гэрээний биелэлт 87.8 хувь, 2015 оны Засаг дарга, Боловсрол, соёлын газрын даргатай хийсэн үр дүнгийн гэрээний биелэлт 90 хувь буюу “А” үнэлгээтэй үнэлэгдэж, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн “Авьяас” дэд хөтөлбөрийн хүрээнд хүүхэд залуучуудын авьяасыг нээж хөгжүүлэх ажлыг аймаг, орон нутагтаа манлайлан боловсрол, соёлын байгууллагууд, эцэг эх, олон нийтийн хүч нөөцийг оновчтой зохион байгуулж өндөр амжилт гаргасан гэж “Хонгор нутгийн авьяаслаг багачууд-2016” их наадмын “Авьяасыг дэмжигч шилдэг захирал”-аар шалгаруулсан.

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Соёрхол” шагналаар ч шагнагдсан. Одоо ч шагнал үнэндээ олширч. Тэртээ хориод жилийн өмнө 1993 онд “Багшийн алдар” одонгоор энгэрээ цоолуулж байсан минь их дурсамжтай сайхан санагддаг.

-ЕБС-ийн хичээлүүдээр юу үзэж судлах агуулгыг 2007 онд манай Боловсролын яам Стандарчлал хэмжил зүйн газраар батлуулсан байдаг. Та боловсролын шинэчлэлийн талаар тодорхой ярьж өгөөч!

-2009 онд улсын хэмжээнд төгсөх анги болох 5, 8, 10-р ангиудаас математик, монгол хэлний хичээлүүдээр үзэж сурсан байх ёстой агуулгын хэмжээнд шалгалт авахад сурлагын амжилт, чанар хүссэн хэмжээнээс нилээд доогуур байсан учир дүгнэлт хийж БШУС-ын сайд Ё.Отгонбаяр дэлхийн 150 гаруй улсуудын хэрэгжүүлдэг Кембрижийн сургалтын технологийг Монгол Улсад хэрэгжүүлж турших шийдвэрийг 2011 оны 11-р сард Монгол Улсын Засгийн газрын тогтоол гаргуулж улсын хэмжээнд 40 ерөнхий боловсролын сургууль дээр туршиж цаашид үндэсний хэмжээнд бүх сургуулиуд дээр хэрэгжүүлэхээр болсон байдаг.

Ингээд 2012 оны эхний хагас жил үндэсний хэмжээнд бүх ЕБС-ийн багш нарт Кембрижийн сургалтын талаарх онол, арга зүйн чиглэлээр сургалт, семинарыг зохион байгуулсан байдаг. 2012-2013 оны хичээлийн жилээс лаборатори 40 сургууль дээрээ хичээлүүдийн зааж туршиж хэрэгжүүлж эхэлсэн юм. Кембрижийн сургалтын онолын гол зарчим нь далайд байгаа мөсөн уулын далайн усны төвшнөөс дээш нүдэнд харагдаж байгаа уулын хэсэг, төвшнөөс доош харагдахгүй байгаа уулын хэсэгтэй харьцуулан үзсэн Блуемын таксиномиийн танин мэдэхүйн зургаан түвшинг үзэж ярьсан байдаг.

Танин мэдэхүйн зургаан түвшин нь 1.Сэргээн санах, 2. Ойлгох, 3. Хэрэглэх, 4. Задлан шинжлэх, 5. Үнэлэх, 6. Бүтээх гэж үздэг байна. Үүний эхний гурав буюу сэргээн санах, ойлгох, хэрэглэх гэснийг танин мэдэхүйн доод эрэмбийн түвшин, нөгөө задлан шинжлэх, үнэлэх, бүтээх гэснийг танин мэдэхүйн дээд эрэмбийн түвшин гэж үздэг юм байна.

Манай улсын сургалт нь мөсөн уулын ил харагдаж байгаа хэсэг буюу танин мэдэхүйн доод эрэмбийн 3 түвшинд явагдаж харин танин мэдэхүйн дээд эрэмбийн 3 түвшнг орхигдуулж зааж байна гэсэн дүгнэлт хийгээд боловсролын чанарын шинэчлэл эхэлсэн байна. Ингээд чанарын шинэчлэл эхэлж байгалийн ухааны хичээлүүдийг англи хэлээр заана гэсэн хүмүүсийн санал давамгайлж байлаа.

-Тэгээд сайд өөрчлөгдчихдөг бил үү?

-2012 оны сүүлийн хагаст сайд солигдаж БШУС-ын сайдаар Л.Гантөмөр тохоон томилогдож боловсролын чанарын шинэчлэлийг цааш үргэлжлүүлэн Монгол Улсынхаа хөрсөн дээр улсынхаа эх хэлээр монгол өв соёлыг хадгалсан монгол хүүхдийнхээ нас сэтгэхүйн онцлог тохирсон хэрэгцээ шаардлагыг мэдэрсэн сургалтын шинэчлэлийг хэрэгжүүлж үргэлжлүүлсэн.

2013 оны эхний хагас жил гэхэд ЕБС-ийн гучин мянга гаруй багшид “ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ СУРГАЛТЫН ТЕХНОЛОГИ” сургалтыг аймаг бүрд сургагч багш нар очиж гурав хоногийн сургалтыг зохион байгуулсан. Энэ сургалт нь багш нарын хувьд урьд өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй сургалт байсан.

-Сургалтын үр дүн яаж гарав?

-Хүүхэд бүрийг хөгжүүлж чадвал тэдэнд хийж үл чадах юм байхгүй юм байна. Бага, дунд ангийн ЕБС-ийн багш нар бол сайд хүнээс илүү чухал үнэ цэнэтэй Эх орны, Монгол Улсын үнэт баялаг нь юм байна.

ЕБС-ийн багш болох хүүхдийг багшийн сургуульд сонгон шалгаруулж авахдаа ЭЕШ-д тухайн мэргэжлээрээ 100 оноо авахаас 80 онооноос дээш оноо авсан хүүхдийг элсүүлдэг журам гаргаж баталж мөрдүүлэх хэрэгтэй юм байна. Бүх хүмүүсийн аливаад ханддаг хандлагыг өөрчлөх нь чухал. Ямар нэгэн сөрөг зүйлийн бурууг гаднаас хайж олж буруутгадаг. Аливаа сөрөг муу бүхэн хувь хүнээс л үүдэлтэй байдаг. Багш нарын цалинг өчнөөн дахин нэмээд, нийгмийн асуудлыг сайжруулаад ажил сайжраад аугаа болно гэж харвал эндүүрэл.

Өмнө байсан зүйл байдгаараа хэвээрээ л байна. Хамгийн чухал юм бол сэтгэлгээ, сэтгэхүй, сэтгэл, хандлага л бүхнийг өөрчилж чадна. Сэтгэл сайтай, ур чадвартай, хандлага зөв, харилцаа сайн багшийн шавь нар өдөр болгон өнгө орж, байнгын хөгжиж хурцлагдаж байдаг нь өдөр хоног өнгөрөх тусам батлагдаж, нотлогдож байдаг .

-Таны гарын олон шавь мундаг аж төрж яваа биз?

-Баацагааны сургуулийн, Баянхонгор аймгийн нэгдүгээр арван жилийн сургуулийн, Б.Доржпаламын нэрэмжит “Номун далай” цогцолбор сургуулийн гээд олон сайхан шавь нар маань нэр төртэй сайн сайхан амьдарч, улс эх орондоо ихийг л бүтээж явна. Багш хүний нэг зовлон нь аль нэг шавиа нэрлэж жишээ авах гэдэг их хэцүү зүйл байдаг юм шүү. Удирдсан гүнзгийн ангиудаас маань ч олон шилдэг сэхээтэн төрсөн дөө.

-Та гэр бүлээ танилцуулаач!

-Гэргий маань Гончигдоржийн Ганцэцэг гээд дуу, хөгжмийн багш мэргэжилтэй хүн бий. Манайх ам бүл тавуул. Хань маань “Номун далай” цогцолбор сургуульд багшилдаг юм.

-“Номундалай” цогцолбор сургуулийн 100 жилийн ойгоо хэзээ тэмдэглэх билээ?

-Энэ сарын 18-нд төрийн соёрхолт эрдэмтэн Б.Доржпаламын нэрэмжит Баянхонгор аймгийн үндэсний лаборатори “Номун далай” цогцолбор сургуулийн түүхт 100 жилийн ой тохиож байна. Дэлхийн олон улс оронд аж төрж буй үе үеийн төгсөгчид, сурган хүмүүжүүлэгчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Та бүхэндээ сайн сайхныг хүсэн ерөөе!

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img