2025-06-23, Даваа
16.4 C
Ulaanbaatar

Хойд солонгосчуудад аврал болох, далайд шидсэн лонх будаа

Хойд, Өмнөд Солонгосыг Хан мөрөн заагладаг. Энэ гол нэгэнтээ нэгэн цул байсан хоёр өөр ард түмэн, хоёр өөр ертөнцийг зааглах хил гэлтэй. Хоёр хэсэг болсон салсан солонгос ард түмний нэг нь эдийн засгийн хөгжилд хүрч, эрх чөлөөт амьдарч байгаа бол нөгөө нь дэлхийгээс тусгаарлагдсан, автократ дэглэм ноёрхсон улсад амьдарч байгаа юм. Улс орон бүрд л өөрийн гэсэн зам, өөрийн үнэн байдаг. Гэхдээ энгийн хойд солонгосчууд өмнөд хөршийнхнөөсөө нэн ядуу амьдардаг гэдэг нь бодит үнэн. Тиймдээ ч Хойд Солонгосоос эрх чөлөөт хөрш рүүгээ зугтсан дүрвэгчид нутаг нэгтнүүддээ илгээмж явуулаад охэдэн жилийн нүүр үзжээ. Энэ нь будаатай хуванцар лонх болон бусад хэрэгцээтэй зүйлс аж.

Нууцлаг лонх

Жилийн өмнө Өмнөд Солонгосын хэвлэлээр будаа, доллар, Өмнөд Солонгос дахь амьдралын тухай мэдээлэл агуулсан флеш бүхий нууцлаг хуванцар лонх олсон талаарх мэдээлэл гарч байв.

Энэ нь хаалттай улс орноосоо зугтан гарч чадаж, өдгөө Өмнөд Солонгост амьдарч буй Хойд Солонгосын дүрвэгч идэвхтнүүдийн ажил гэдэг нь удалгүй тодорхой болж байлаа.
Ёнхап агентлагийн мэдээлснээр, Хан мөрний дагуу загасчилдаг загасчид эдгээр хуванцар лонхуудыг олж авжээ.

Дүрвэгч идэвхтнүүд энэхүү илгээмж нь гол даган урсаж, тэнгист ороод, Хойд Солонгосын баруун эргийн наран шарлагын газарт хаягдах магадлал өндөр гэж тооцоолж байсан аж.

Lonh

Өлсгөлөн хүмүүст зориулсан будаа

Хойд Солонгосын амьдралын тухай мэдээлэл тун цөөн гардаг. Гэхдээ тэнд хоол хүнс нэн хомсдолтой байдаг талаарх мэдээлэл гараад багагүй хугацааг өнгөрүүлж байна. Энэ мэдээллийг нутгаасаа зугтаж чадсан дүрвэгчид болон солонгос судлаачид дэлхий нийтэд өгдөг юм.

Дүрвэгчдийн өгүүлснээр, 1930-аад онд цэргийнхэн тариачдаас үр тариа, мал хуйг нь хаман одож, хүмүүс өлсгөлөнгөөр үй олноор үхэж байсан гэдэг. Олон жил өнгөрсөн ч энэ байдал төдийлөн дээрдээгүй тул Хойд Солонгосын дүрвэгчид эх орон нэгтнүүдээ өрөвдөн, дэмжлэг үзүүлэхийг хичээдэг аж.

Хойд Солонгос руу лонх илгээх нь хууль бус үйл ажиллагаанд тооцогддог байв. Өмнөд Солонгост “ухуулах хуудас солилцох тухай” хууль үйлчилдэг бөгөөд энэ хуулийн дагуу будаа, бусад ямар ч эд зүйлсийг агаараар, усан замаар дамжуулахыг хориглосон, энэ нь огтхон ч дээрдэхгүй байгаа хоёр орны хурцадмал харилцааг улам дэвэргэнэ гэж үздэг гэнэ.

Lonh

Гэвч энэ хууль Өмнөд Солонгосын Үндсэн хуульд заасан үг хэлэх эрх чөлөөг зөрчиж байна гэж шүүмжлэгчид мэдэгдэж байлаа. Ингээд өнөөгийн ерөнхийлөгч Юн Сук Ёль энэ хуулийг алдаа байсан хэмээн мэдэгдэж, улмаар 2023 онд дээрх хуулийг цуцалжээ.

Хууль цуцлагдахаас өмнө идэвхтнүүд нэрээ нууцлан сэтгүүлчдэд ярилцлага өгдөг байж. Гэхдээ тэдний үйл ажиллагааг удирддаг нэгэн ахлагчийн нэрийг хүн бүр мэднэ. Тэр бол Пак Жон О. Тэр бээр хойд солонгосчуудад лонх илгээсэн хэргээр гурван жил байцаагдаж байсан ч хууль цуцлагдсанаар одоо энэ ажлаа чөлөөтэй хийх болжээ.

Пак Жон О хоёр долоо хоногт нэг удаа эхнэр болон бусад идэвхтнүүдийн хамт гол дээр ирж, голын ус руу хуванцар лонх шиддэг аж.

Lonh

Саяхан ВВС агентлаг тэдний тухай сурвалжлага нийтлэж байв. Энэ дүрс бичлэг дээр Пак Жон О хуванцар лонх руу будаа хийж, дараа нь нэг доллартын дэвсгэр болон флэш хийж байгаа нь дүрслэгдэнэ. Флэш дискэнд К поп хөгжим, дорам болон Солонгос соёлын бусад мэдээллийг багтаасан байдаг гэнэ.

“Хамгийн гол нь шаардлагатай хэсэг рүү лонхыг хүргэх усны урсгалыг тооцоолох хэрэгтэй. Усны урсац таатай байвал бидний илгээмжийн 90 хувь нь Хойд Солонгост хүрнэ. Лонхнуудыг ихэвчлэн Хойд Солонгосын загасчид эсвэл эргээр зугаалж яваа хүмүүс олдог” хэмээн Пак Жон О ВВС агентлагт ярьжээ.

Түүнийг энэ ажлаа үргэлжлүүлэх, энэ нь утга учиртай үйлдэл гэдгийг ухааруулах нэгэн түүхийг тэр олж мэдсэн гэнэ.

Пакийн өгүүлснээр, Хойд Солонгосын оршин суугч нэгэн эмэгтэй будаатай лонх олж, гэртээ очоод багахан будааг жигнэж идэхэд маш амттай байсан тул үлдсэн хэсгээ зах дээр аваачин зарсныг Пак олж мэджээ. Олсон мөнгөөрөө эмэгтэй эрдэнэ шиш болон өөр хүнс худалдан авсан гэнэ.

“Ингээд бодохоор бид дэмий л хийгээгүй л байна” хэмээн Пак өгүүлжээ.

Пак Өмнөд Солонгост 25 жил амьдарч байгаа. Тэр 2015 оноос эхлэн лонх илгээж эхэлсэн бөгөөд улмаар сайн дурынхан нэгдэж, тэр үеэс хойш хэдэн мянган лонх будааг Хойд Солонгос руу илгээсэн аж.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img