2025-07-09, Лхагва
18 C
Ulaanbaatar

Брюс Виллис: Урьд нь урлаг амьдралыг дуурайдаг байсан бол одоо амьдрал урлагаас “шипийддэг” болж

Америкийн нэрт жүжигчин, продюсер, хөгжимчин Волтер Брюс Виллисийг манай кино сонирхогчид голдуу “Хатуу самар” (түүний тоглосон “Die Hard” кино манайд анх орос орчуулгаар дамжин “Крепкий орешек” буюу “Хатуу самар” нэрээр гарч байсан) кинонуудын цагдаа Жон Макклейны дүрээр нь мэднэ. Тэрээр түүнчлэн адал явдалт, уран зөгнөлт гээд олон төрлийн “Бүсгүйн үхэл” (“Death Becomes Her”, 1992), “Хямд ном” (“Pulp Fiction”, 1994), “12 сармагчин” (“12 Monkeys”, 1995), “Тав дахь элемент” (“The Fifth Element”, 1997), “Армагеддон” (“Armageddon”, 1998), “Зургаадахь мэдрэхүй” (“The Sixth Sense”, 1999) гээд бишгүй олон кинонд тоглосон нэгэн. Хоёр зууны заагт Холливудын хамгийн өндөр цалинтай жүжигчдийн нэг байсан тэрээр АНУ-д бус ХБНГУ-ын Идар-Оберштайнд 1955 оны гуравдугаар сарын 19-нд төржээ. Түүний эцэг АНУ-ын армийн офицер, эх нь герман бүсгүй байсан учраас л тэр. 70 насны босгыг шүргэж буй түүнийг голдуу тархины хүнд бэртэлтийн дараа илэрдэг афази хэмээх өвчинд нэрвэгдсэн хэмээн гэр бүлийнхэн нь хоёр жилийн өмнө дуулгаж, үүний улмаас киноны карьераа дуусгаж буйг нь албан ёсоор мэдэгдсэн билээ. Афази гэдэг нь хэл ярианы доголдолд хүргэдгээс гадна унших, бичих, бусдын үг яриаг ойлгоход ч муугаар нөлөөлдөг аж. Сүүлийн нэг жилд домогт жүжигчнийг экс-эхнэр Деми Мур, одоогийн эхнэр Эмма Хеминг нар хамтран тэтгэж асардаг болжээ. Брюс Виллисийн хамгийн сүүлд “The Times” сонинд өгсөн ярилцлагыг энд нийтэлж байна.

-Таны өглөөг яг юунаас эхэлдэг вэ?

-Мэдээж гичтэй хуурга, бас өндөг идсэнээр. Гол нь заавал ч үгүй өндөг идэх хэрэгтэй гэж би боддог. Эс тэгвэл өдрийг эрч хүчтэй өнгөрөөнө гэдэг бараг л худлаа.

-Таны тухай одоо ч гэсэн үнэн, худал нь мэдэгдэхгүй элдэв юм бичсээр. Үүнд та хэрхэн ханддаг бол?

-Бүгд л миний тухай бүхнийг мэддэг юм шиг мэдэмхийрдгийг нь яана. Заримдаа бүр өөрийнхөө тухай миний ч мэдэхгүй юмыг бичиж цочирдуулна шүү. Аях вэ, үүнд би хэдийнэ дасан зохицсон хүн. Гэхдээ л зарим нийтлэлд намайг худалч нарын хаанаар өргөмжлөх нь холгүй бичдэгт л үнэнээсээ гайхшран цочирддог.

Брюс Виллис

-Та орчин үеийн интернетийн нийгмийн сүлжээнүүдийг ашигладаг уу?

-“Твиттер” гээчийг ашиглах гэж нэг үзсээн. Бүтэхгүй, зохицохгүй юм байна лээ. Тэгээд “Твиттер”-т автах л юм бол солиорно гэж өөртөө хэлээд больсон доо.

-Тань шиг алдартай хүнийг хаа сайгүй таньдаг нь тодорхой. Тээртэй биз?

-Ойлгомжтой. Одоо ч танигдахгүй очиж тааваараа байх хоёр гуравхан улс л дэлхийд үлдсэн гэлтэй. Арай л дэндүү алдаршиж, тийм ээ? Муу хогийн алдартан.

-Та амьдралдаа хэдтэйдээ хамгийн чухал үйлээ хийж амжуулсан гэж үздэг вэ?

-Дөчөөс жаран насны хоорондоо л хамгийн сайн, чухал үйлээ хийнэ гэж хэзээнээс боддог байлаа. Үнэхээр ч тэгсэн. Энд гэж хэлэхэд хэн хэдэн нас хүрлээ ч өөрийгөө 24-тэй л гэж боддог гэлтэй.

Брюс Виллис

-Гэхдээ л эрчүүд үс нь унаад халзан болоод ирэхэд санаагаар унах нь элбэг дээ?

-Уг нь тэр чинь таныг сармагчин биш, хүн шүү гэж бурхан сануулж буйн хэрэг дээ.

-Та юунд харамсдаг вэ?

-Би хэзээ ч юунд ч харамсдаггүй болоод удаж байна. Өнөөдөр харамссан зүйл чинь хожим аугаа зүйлд хүргэж болдгийг мэдэрсэн учраас л тэр гэх үү дээ.

-Та адал явдалт кинонд тоглохоо больжээ дээ?

-Миний карьерт дэлхийг авраг баагийгийн дүрд тоглохоо болих удаан хүлээсэн үе ирэх шиг. Камерын урдуур буу барьж гүйхээс залхлаа шүү дээ. Гэхдээ “Хатуу самар” кинонууддаа дуртай.

-Ойрд адал явдалт киноны төрөл өөрийгөө шавхан хуучнаа улиг болтол давтдаг болсон гэдэгтэй та санал нийлэх үү?

-Адал явдалт киног олон янз байхыг үзэгчид хүсч буй нь тодорхой. Гэвч энэ төрлийн кинонд дайснууд, террористууд, дээрэмчид, тэр ч бүү хэл харь гаригийн баатрууд нь ч дууссан гэмээр. Одоо цааш яах байгаа юм, бүү мэд.

-Таны бодлоор урлаг амьдралд яаж нөлөөлдөг вэ?

-Урьд нь урлаг амьдралыг дуурайдаг байсан бол одоо амьдрал урлагаас “шипийддэг” болж.

Брюс Виллис

-Та туулж өнгөрүүлсэн амьдралынхаа зарим хэсэгт харамсдаг уу?

-Өнгөрснийг ямар арчиж болох биш. Гол нь урьдын алдаагаа л давтахгүй байх нь чухал.

-Иргэд буу эзэмших хэрэгтэй юу?

-Хүн бүр буутай байх хэрэгтэй, бас эрхтэй. Энгийн иргэдээс бууг нь хураавал зөвхөн солиотнууд л буу эзэмших болно. Хамгийн энх тайванч үзэлтэй хүн ч хэн нэгэн амь насанд нь халдвал өөрийгөө хамгаална шүү дээ. Буу байхгүй бол чулуу аваад ч юм уу, сандал шидлээд ч хамаагүй.

-Та нэгэнтээ бусдын үгийг сонсоно гэдэг мэргэдийн ухаан гэж хэлсэн. Энэ санаагаа товчхон тайлбарлаач?

-Заримдаа жаахан хүүхдүүд ярих хүслээ хүчээр боодгийг анзаарсан уу? Дуугаа хураан бусдыг сонсохдоо хүүхэд хөгшидгүй ихийг суралцдаг гэсэн санаагаа л илэрхийлэхийг хүссэн.

-Бурхан гэж хэн гээч байдаг юм бол?

-Өө, бурхан уу? Эргэн тойронд бүчин орох цас, моддоос улбаалах нахиа, хүүхэд төрөх явдал гэдэг чинь бүгд л бурханлиг үйл явц гэж бодох юм.

Брюс Виллис

-Мөнгө гэж таны хувьд яг юу вэ?

-Мөнгө хүнийг эвддэг. Гэвч мөнгөгүй амьдрал гэж үгүй. Залуудаа би аль ч зоогийн газарт ороод хооллох хангалттай мөнгөтэй болохыг хүсдэг байв. Түүндээ ч хүрсэн. Хүнд өөр илүү юу хэрэгтэй гэж?

Би баян хүн болсон ч хүүхдийнхээ живхийг өөрөө сольж, нохойныхоо баасыг өөрөө цэвэрлэдэг байдаг л нэг хүн.

-Ингэхэд та өөрийгөө аз жаргалтай хүн гэж боддог уу?

-Би аз жаргалтай шүү. Харин та?

-Тэгвэл амьдрал гэж чухам юу юм бэ?

-Амьдрал гэдэг кино биш. Учир нь амьдралд дахин дахин зураг авах боломж, дубль гэж байдаггүй.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img