-Таныг хамгийн аймшиггүй жүжигчдийн нэг гэдэгтэй та санал нийлнэ биз?
-Продюсерууд намайг тэгж хэлдэг л юм. Гэхдээ тэднийг ямар худалч гэдгийг мэднэ биз дээ?
Гэхдээ зураг авалтын үеэр би бишгүй бэртсэн. Энд, миний толгойд нүх бий. Тэрнийг тархи урсан гарахаас сэргийлж хуванцар бөглөөгөөр тагласан юм. Одоо намайг дуу дуулах болгонд тэр хуванцар бөглөө чичиргэнэдэг дээ.
-Тэгвэл таныг хамгийн солиотой эрсдэл хийгч жүжигчин гэж хэлж болох уу?
-Солиотой гэнэ үү, галзуу гэнэ үү, буянаараа бол доо. Тэнэг л гэж харин битгий хэлээрэй.
-Та киноны бүхий л аюултай хэсэгт орлон тоглогчгүйгээр өөрөө тоглодог гэсэн?
-Тийм шүү. Аюултай, эрсдэлтэй хэсгүүдэд тоглосныхоо дараа би заавал ч үгүй камер руу хардаг. Орлон тоглогч бус би өөрөө тоглосноо үзэгчдэд харуулахын тулд шүү дээ. (Инээв) Үүний тулд ч би бүтэлгүй зураг авалтуудын хэсгүүдийг киноныхоо төгсгөл шигтгэдэг юм.
“Крамер Крамерийн эсрэг” маягийн кино үзсэний дараа хүмүүс хэзээ ч, “Аан гээч, тэр сексийн хэсэгтээ орлон тоглогчгүй өөрөө оролцсон юм байна ш дээ” гэж хэлэхгүй л болов уу.
Харин тулаантай кино гэдэг өөр. Тийм кино үзээд хүмүүс, “Чи бод доо, тэр бүх тулаантай хэсэгт өөрөө тоглоод амьд үлдсэн нь гайхалтай!” гэж шагширдаг юм.
-Та тийм хэсгүүдэд тоглохоос огт айдаггүй юу?
-Камер ажиллаагүй байхад би үнэндээ айдаг. Харин камер асангуут би юу ч хийхээс буцдаггүй. Үүгээр л би талхаа олж иддэг хүн шүү дээ. Өөр чадах юм надад ямар байх биш.
-Таныг багадаа эмч болохыг хүсдэг байсан гэнэ лээ?
-Би дэлхийн хамгийн алдарт эмч болж байлаа. Гэтэл эцэстээ эмнэлгийн хамгийн алдарт үйлчлэгч нь болж дээ.
Нэг эмч надад, “Та өөрийгөө алах нь, больсон нь дээр юм биш үү? За даа, та ч миний үгэнд орно гэж юу байхав. Ядаж өөртөө ийм асуулт тавиад хариулаад үзээч” гэж билээ. Би эмчийн зөвлөгөөг дагаж өөрөөсөө асуусаан. Одоо хэр хариулт алга даа.
-Та зураг авалтын үеэр бишгүй л бэртсэн биз?
-Урьд ганц хоёр ясаа хугалалгүйгээр давгүй кино хийх боломжгүй гэж үздэг байлаа. Харин одоо заавал тэгэх шаардлагагүй гэж боддог болсон шүү.
-Та хэдийнэ 102 кинонд тогложээ. Цаашид мэдээж эрчээ алдалгүй үргэлжлүүлэх байлгүй дээ?
-Пөөх 102 гэнэ ээ? Үнэндээ тоолж байсангүй…
-Анх кино урлагт хөл тавихдаа та хэнийг шүтэж, хэнийг үлгэрлэдэг байсан бол?
-Тэр энэ гэх тодорхой хүн нэрлэж чадахгүй нь. Бишгүй л бий. Гэхдээ би Азийн Роберт Де Ниро болно гэж нэг хэсэг “солиордог” байв.
-Стивен Спилберг та хоёрын нэг яриаг их эшлэдэг дээ. Танаас өөрөөс тань сонсмоор байх юм?
-Нэг их сүрхий яриа болоогүй ээ. Би түүний “Юрийн галавын цэцэрлэг” кинонд хүмүүс, үлэг гүрвэлүүдийг хөдөлгөөнт камераар авсан хэсгийг бишэрдэг л дээ. Үүүнийгээ ч хэлсэн. Стивен Спилберг үүний хариуд, “Жеки, маш хүчтэй компьютерууд тэрнийг чинь хийчихдэг юм. Харин чи “Бурхны хэвнэгт баатар” киноныхоо үсрэлтийг яаж авав аа?” гэж сонирхсон. Миний хариулт товч байлаа. “Маш амархан. Камераа асаагаад үсэрнэ. Тэгээд л болоо”.
-Америкийн тулаантай киноны орлон тоглогчдыг их мэргэшсэн гэдэг үнэн үү?
-Тэд их ухаалаг. Аюулгүй байдлаа юуны түрүүнд бодолцдог. Хэрэв киноны кадрт машинаар үсрэх бол хурд, зай гээд бүхнийг тооцно. Харин бид Хонгконгт тэгтлээ нарийн судалгаа хийдэггүй. Зориг чинь хүрч байвал тэгээд л шууд үсэрнэ, гүйцээ.
-Та нэр алдрын талаар ямар бодолтой байдаг вэ?
-Нэр алдар гэдэг үнэ ихтэй ч хурдан мууддаг бараа л гэж боддог.
-Тань шиг байхыг хүсдэг үй олон шүтэн бишрэгчиддээ юу гэж зөвлөх вэ?
-Намайг дуурайх гэсний хэрэггүй дээ. Компьютерийн програмчлал судалсан нь дээр.
-Таны кинонд баримталдаг гол зарчим гэвэл?
-Миний нэг ч кинонд сексийн хэсэг байхгүй. Хүүхэд залуучууд намайг секс хийхийг дэлгэцнээс харвал бараг огих биз.
-Та гэртээ цэвэрлэгээ хийх дуртай гэж үнэн үү?
-Тийм ээ. Цэвэрлэгээ гэдэг бодсоноос хавьгүй бүтээлч, бас философилог үйл явц шүү.
-Таны хоолны дэглэмийг сонирхмоор байна?
-Дэглэм ч гэж дээ. Би хүссэн болгоноо иддэг. Зайрмаг идлээ гэхэд, яахав дээ, 20 минутаар бэлтгэлийн цагаа нэмчихнэ.
-Та гэрийн тэжээвэр амьтан олонтой гэнэ?
-Би нохойтой. Бас бишгүй олон мууртай. Эхнэр минь, “Чи наад хэдэн амьтандаа надад зарцуулахаасаа хавьгүй ихийг үрэх юм” гэж үглэдэг дээ.
-Таны хувьд мөнгө гэж яг юу вэ?
-Мөнгө хүнийг хэзээ ч зөв хүмүүжүүлдэггүй гэж боддог.
-Та ердийн хүмүүсийн адил заримдаа сэтгэлээр унадаг л байлгүй дээ. Тэр үедээ яадаг вэ?
-Тийм үед би Брюс Лигийн кинонуудыг л үздэг.
-Таны шүтээн тэгвэл хэн бэ, Брюс Ли юу?
-Өөрөөсөө илүү хэнийг ч би шүтээн гэж боддог.
-Та одоо яг юуг хүсч байна вэ?
-Муу дүрд тоглохыг хүсч байна. Тэгвэл намайг яалт ч үгүй “алах” байлгүй дээ. Кинонд байнга “амьд” үлдэхээс залхлаа шд.
-Та бурханд итгэдэг үү?
-Бурхан байдаг бол намайг хүмүүсийг аз жаргалтай байлгахыг хичээж явсныг бодолцоно биз ээ.
-Та яг юуг хамгийн ихээр үзэн яддаг бол?
-Хүчирхийллийг.
-Жеки Чан гэж ер нь хэн бэ?
-Жеки Чан уу? Зүгээр л хий хоосон домог шүү дээ.