2025-07-09, Лхагва
18 C
Ulaanbaatar

Путин: Украины асуудлаар хууль ёсны ерөнхийлөгчтэй хэлэлцэхэд бэлэн

ОХУ Украинд дайн эхлүүлээд хоёр жил гаруйн нүүрийг үзэж байна. Дайн эхэлснээс хэдхэн хоногийн дараа сөргөлдөгч талууд хэлэлцээрийн эхний шатыг эхлүүлж, 2022 оны гуравдугаар сар хүртэл үргэлжилсэн ч ямар ч үр дүнд хүрээгүй юм.

Энэ үеэс хойш талууд нэгэндээ болзол тулгаж, Украины Ерөнхийлөгч Зеленский Оросын төрийн эрхэнд Путин байгаа цагт хэлэлцээ хийхийг хориглосон тушаал гаргаж байлаа. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хамгийн сүүлд хийсэн мэдэгдэлдээ хэлэлцээ хийхэд бэлэн хэмээн мэдэгдсэн ч Зеленскийг хууль бус ерөнхийлөгч хэмээн онцолсныг Интерфакс дамжуулжээ.

Тодруулбал, Владимир Зеленскийн бүрэн эрхийн хугацаа энэ оны тавдугаар сарын 20-ны өдөр дууссан ч шинээр сонгууль явуулаагүй тул Зеленскийг Украины хууль ёсны ерөнхийлөгч гэж тооцох боломжгүй гэж Путин мэдэгдсэн байна. Талууд дайныг дуусгах хэлэлцээ хийхээр бол хууль ёсны удирдлага нь хэлэлцүүлэгт оролцох ёстой гэж Путин мэдэгджээ.

“Хэнтэй хэлэлцээ хийх вэ гэдэг нь шалдар булдар асуудал биш. Украины өнөөгийн төрийн тэргүүний хууль ёсны бүрэн эрх дууссан” хэмээн Путин мэдэгджээ.

Түүний үзэж байгаагаар, Зеленский бүрэн эрхэт ерөнхийлөгч гэдгийг дэлхий дахинд үнэмшүүлэх, түүний статусыг хамгаалахын тулд Швейцарт дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан гэнэ.

“Бага хурлын нэг зорилго нь Киевийн өнөөгийн дэглэмийг ивээн тэтгэгчид болох барууны орнууд өнөөгийн төрийн тэргүүний хууль ёсны эрхийг баталгаажуулахад оршиж байсан байх гэж бодож байна” хэмээн Путин мэдэгджээ.

Гэхдээ энэ “пиарын алхмууд нь хууль ёсны баримт бичигт ямар ч ач холбогдолгүй” хэмээн тэрбээр өгүүлсэн байна.

“Хэлэлцээ хийхдээ хүрвэл, энхийн хэлэлцээрийг тулган шаардлагаар биш харин эрүүл ухаанаар сэргээх ёстой гэж би үзэж байна. Хууль ёсны баримт бичигт зурахаар очихдоо хэнтэй ажил хэрэг ярьж болох вэ гэдгээ бид ойлгох ёстой” хэмээн Путин онцолжээ.

Үүний зэрэгцээ, “энхүү асуултад Украин өөрөө хариулах ёстой, Парламент эсвэл Үндсэн хуулийн шүүх нь” хэмээн Путин цохон тэмдэглэсэн байна.

Энд дуулгахад, Зеленскийн бүрэн эрхийн хугацаа тавдугаар сарын 20-ны өдөр дууссан юм. Гэсэн ч тус улсад дайны байдал зарласан тул сонгууль явуулах боломжгүй, үүнийг Украины Үндсэн хуулиар хориглодог. Ийм шалтгааны улмаас Путин Зеленскийг хууль бус ерөнхийлөгч хэмээн мэдэгдсэн байна.

Үүний зэрэгцээ Украинтай энхийн хэлэлцээг сэргээхэд бэлэн гэж мэдэгджээ. Өмнө нь ч мөн ийм төрлийн мэдээлэл гарч байлаа. Тодруулбал, Путин өдгөө эзлэн авсан нутаг дэвсгэр дээрх хяналтаа хэвээр хадгалсан нөхцөлд эвлэрлийн хэлэлцээр байгуулахад бэлэн байгаа талаар холбогдох эх сурвалжууд Ройтерс агентлагт мэдээлэл өгч байв.

Эх сурвалжийн өгүүлснээр, цаашдын довтолгоо дахин олон нийтийг хамарсан дайчилгааг зарлах шаардлагыг бий болгоно, өмнө нь 2022 оны намар цэргийн дайчилгаа зарласан нь эрх баригчдын нэр хүндийг унагаж, олон зуун хүн хилийн чанадыг зорьсон тул одоо дахин ийм алхам хийх нь эрсдэлтэй гэдгийг Путин ойлгож байгаа гэнэ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img