2024-12-04, Лхагва
-8 C
Ulaanbaatar

Стамбулын эрхэлж гүйцсэн гудамжны муурнууд

Хар тэнгис, Гантиг тэнгисийн дунд Босфорын алдарт хоолойн дээгүүр гарсан гүүр бий. Мөн доогуураа ч хоолойгоор холбогдсон байдаг. Дээгүүр доогуурх эдгээр гүүр, хоолойгоор Ази Европыг холбосон хот бол Стамбул.

cat

Хүн ам нь 16 сая гараад явчихсан энэ хотод хүн гэдэг багширч, байнгын хөл хөдөлгөөн ноёлно. Их хөлийн гудамж талбайд нь дуу шуугиан тасаралтгүй цангинаж, машин тэрэг дохио чимээгээ хангинуулж тасралтгүй сүлжилдэх ажээ.

cat

Хүн амынхаа нягтаршил бөөгнөрлөөр Европод тэргүүлдэг “завгүй” энэ хотод жаргалтай, эрх дураараа, амар амгалан амьдрах муур, нохдыг харсан хэн ч гайхаж, атаархам. Зарим нэг судалгаагаар, зөвхөн энэ хотод гэхэд 200.000 орчим гудамны муур байдаг гэлцдэг.

cat
Оффис дотор эрхэлж байгаа нь

Өглөө эртлэн буудлаас гарчихаад, цэнгэг сэрүүн агаарт хэсэгхэн зуур машин хүлээн зогстол, жигтэйхэн эрх эрээн муур дэгээ сүүлээ өргөсөөр ирж хөл налаад тухалчихав. Тэгээд ч зогссонгүй, хормой хотоор минь тоглож салах шинжгүй сүйд болов оо.

cat

Гудамжны муур ноход нь хүнээс айж сүүлээ хавчиж зугтах нь бүү хэл ямар хүн дээрээ очихоо шилж сонгож эрхэмсэг аргагүй очих нь энүүхэнд. Тэр бүү хэл Стамбулын хамгийн тансаг гэгдэх шил толь болсон “Zuser Плаза” -гийн доод давхраар эзэн мэт өөрийн дураар орж, гарцгаах нь гайхмаар. Учир нь энэ плазаад дурын нэгэн ороод байдаг газар биш юм.

cat
Гэрт бурхан авч ирдэг

Олон орны өргөмжлөлт консулууд, гадна дотны нэртэй компаниуд, албан байгууллагуудын олон зуун хүн ажилладаг газар л даа.

cat

Ажил хэргийн шугамаар ирсэн гарсан олон хүмүүс тэдгээр муурыг хараад яах ч үгүй. Тансаг газарт тухалсан муурнууд ч цочиж айхгүй. Харин ч таарсантайгаа наалдан эрхэлж байх нь тун сонин.

cat

Туркчууд муур хараад барьж үнсэх нь холгүй эрхлүүлнэ. Дуу хоолойгоо эрс зөөллөн балчир хүүхдүүдтэй ярьж байгаа мэт өхөөрдөнө. Хүүхнүүд нь цүнхээ ухаж байнга авч явдаг тусгай хоол гарган өгч байхад эрчүүд нь халаасаа тэмтчин идэж байсан талх жигнэмэгхэнээ өгч сүйд болцгооно.

Cat

Гудамжны муур их, дээд сургуулийн лекцийн зааланд, усан таксинд, автобусанд сандал эзэлж суух нь гадны хүнд бол тун содон, сонин. Эрх муужгайнууд метронд явж л байна. Тэднийг хэн ч үл төвөгшөөнө.

cat

Газар дундын тэнгисийн эрэгт аж төрөх туркчуудын хувьд таатай зөөлөн агаарт намхавтар хэрнээ завсаргүй шахам залгагдсан хөөрхөн загварын орон сууц, дэлгүүр, зах гээд холилдон шигүүхэн амьдарна. Долоон толгод дээр боссон эртний түүхт энэ хотыг “Муурын хаант улс” гээд нэрлэхэд хэтрүүлэг болохгүй.

cat

Нутгийн айлуудын аж төрөн суух гудамжаар явахад үнэн сонирхолтой. Гаднаа цэцэг ногоог өнгө зүйлээр нь гоёмсог тарьсан байх нь хараа булаам.

cat

Зөөлөвчтөй тухтай сандал бүхий тухлаг орчин нь сэтгэлд мэдрэмж төрүүлнэ. Муур нохойны савтай хоолыг эгүүлэн тавьж, муураа эрхлүүлэн хооллож байгаатай алхам тутам таарна.

cat

Урт богино, богино нарийн гудамжаар сүлжин алхахад толгодын оройд мацах мэт маш өгсүүр болж, тэгснээ эгц огцом уруудах нь эндэхийн бас л нэгэн онцлог. Огцом уруудах тоолонд яг л уулын уруу хөл алдан гүйдэг шиг юм болно. Харжээ байх нь ээ, туркчуудын хөл их чанга юм.

cat

Хөгшин залуугүй түүртэх юмгүй өгсөж уруудаад алга болж өгнө. Газар нутгийнх нь онцлог туркчуудыг хөл сайтай болгожээ. Харин тал нутгийн жуулчид үнэн хөгжилтэй. Огцом өөдөө, уруутай энэ газарт биеийн тэнцэврээ алдаж дуу шуу болцгооно. Инээх нь инээж, тэвдэх нь тэвдэж, гараа барилцаж, алхам бүрээ хянаж мацаж, уруудан бууцгаана. Энэ бүхэн Стамбул долоон толгод дээр сүндэрлэн боссон гэдгийг жинхэнэ утгаар нь батлаад өгдөг мэт санагддаг.

cat

Эртний үеэсээ худалдаа наймааны төв, олон зуун жилийн түүхт хуучны энэ хотод дэлгүүрийн үүдэнд, цэцэрлэгт гол талбайд тарган ноход нам унтаад огт сэрэхгүй хэвтэх нь гайхал төрүүлэв. “Гудамжны дуу чимээ ихтэй, олон хөлийн газарт ноход огт хөдлөхгүй, хуцах ч үгүй, нам унтаж байна вэ” гэж сониучирхтал “Манай ноход хоол, нар хоёрт нам цохиулаад ийн унтдаг. Хөл татарч сэрүү унаж, гэдэс нь өлсөөд ирэхээр сэргэж шөнөдөө хуцаж улидаг.

cat

Тэгээд л өглөө эхэлж, хүмүүс хоол өгдөг юм. Хоол идсэн ноход идшиндээ цатгалдаж ахиад унтаад өгдөг дөө” гэсэн хариу өгөв. Замд таарсан нэгэнтэй нохойны тухай ийн яриа өрнүүлэх зуур “Халваны дэлгүүр”- ийн худалдагч эр эелдэгхэн инээмсэглээд, амттан аваач гэж гараа дэлгэн дэлгүүртээ урилаа.

cat

Том нохойнууд яг л үхсэн мэт огт хөдөлгөөнүй унтаж байхыг анх харсан надад “Аан энэ нөхөд чинь хоолонд нь унтуулдаг эм хийгээд өгчихдөг байх” хэмээн ташаа таамаглаж байж. “Халваны дэлгүүр”-ийн эр “Манай Турк орны бусдаас ялгаатай нь “ муурыг “алж болохгүй-барьж хорьж болохгүй” гэх хандлага” хэмээн ярив. Гудамжины муур нь нохойноос илүүгээр үл барам, маш их эрх дархтай байгаа учрыг олж мэдэхээр өөрийн эрхгүй хорхойсов.

cat

Учир нь ийм аж. Лалын шашинт зарим хүн тэр дундаа туркчууд бүр илүүтэйгээр муурыг хайрлан хүндэлж, хамгийн цэвэр ариун амьтан хэмээн сүслэн хайрладаг байна. Тэжээсэн эзнийхээ орон гэрт “бурхан” дагуулан орж ирдэг онцгой сайхан амьтан хэмээж бусад улсаас огт өөрөөр “бэлгэшээдэг” аж.

cat

Зөнч Мухамед мууранд хайртай нэгэн байж. Түүнд Муизза хэмээх хөөрхөн муур байсан гэдэг. Их зөнч Муизза муураа цэвэр, сэтгэл тайвшируулдаг хэмээж сүм гэр орондоо чөлөөтэй оруулж байсан тухай хүмүүс олонтоо ярьдаг юм билээ.

“Нэгэн өглөө зөнч Мухамед, эртлэн босчихоод эхний мөргөлөө хийхээр хувцсаа өмсөх гэтэл хайртай муур Муизза нөмрөгнийх нь урт ханцуй дээр нь унтаж байжээ. Мухамед муураа сэрээж босгохын оронд ханцуйгаа тас хайчилж хаяад нөмрөгөө авч өмсөөд гарчээ” хэмээх домог өнөөг хүртэл ам дамжин яригдсаар байна.

Ийн учир муур гэдэг лалын шашинт орнуудын хамгийн дуртай амьтан болжээ.

cat

Стамбул хотонд анх сууршиж эхэлсэн Оттаманы эзэнт гүрний үед ч муурыг бурхан мэт шүтэж, цэвэр сайхан амьтан гэж ан хийдэг чадварыг нь магтан сайшааж, ариун сүмдээ чөлөөтөй оруулж мөргөлийн хивс олбог дээрээ хүртэл гаргадаг байсан гэнэ. Эгэл жирийн ардууд нөөцөлсөн хүнс, гурил будаагаа хулганаас хамгаалан муур олноор тэжээж байхад сүм хийдийнхэн олон зуун үнэт судар номоо мөн л муураар мануулдаг байж. Исламчууд мууранд хандахдаа “Хайрла – Халамжил- Эрхэмлэ” гэсэн зарчимыг баримтлан явахыг заадаг байна.

cat

Стамбулын хамгийн алдартай сүм барилгын нэгэн бол VI зуунд хамаарах Хагиа Софиягийн сүм билээ. Ромын цаг үед “Гэгээн София” гэдэг энэ сүм христос шашинаны төв байсан бол Туркт эзлэгдэж, Оттамын эриний үед исламын чухал сүм болж хувирсан урт түүхтэй. Өнөөдөр ч гэсэн сая сая жуулчдыг татсаар байгаа дэлхийд алдарт Хагиа София сүмд 2004 онд “Гли” нэртэй муур төржээ. Гли муур нь сүмийн бэлгэ тэмдэг болж цахим сүлжээнд тархаж олны анхаарлыг татсан бяцхан “од” болсон билээ. Гли гэдэг нь энэрэл хайрын нэгдэл, холбоо гэсэн утгатай турк үг юмсанж. АНУ-ын асан ерөнхийлөгч Барак Обамаг 2009 онд Хагиа София сүмд айлчлал хийх үед Гли муур даган яваад байсан аж. Энэ цагаас хойш сүмийн муур хэвлэл мэдээллийнхний дуранд өртөж Туркийн амьдралын өөр нэгэн сайхан өнцгийг харуулдаг бэлгэ тэмдэг болчихож.

cat
Сүмийн муурm

Сүмд угтаж үдэх энэ өхөөрдөм муурыг Туркийн Ерөнхий сайд байсан Эрдоган, Реджеп Тайип хүртэл тэсэлгүй өхөөрдөж илсэн удаатай гэнэ. Ийн цахим ертөнцөд Гли муур, Хагиа София сүм олон мянган хүний хүндлэл анхаарал, өхөөрдлийг татаж жуулчид Гли-г зориуд харахаар ирдэг болсон байна. Хагиа София сүмийн муур Гли 2020 онд үхэхэд 118.000 гаруй хүн цуглаж сүмийн цэцэрлэгт оршуулжээ. Хотын гудамжинд муур, нохойн хоолын автомат машин байрлах нь Туркэд энгийн үзэгдэл. Зөрж өнгөрөх хүмүүс хэдэн зоос хийж хоол аваад нохой муур хооллож байх нь ч элбэг таарна. Хөгшид муурын үүр байр барьж, үүдэнд нь хоол, ус нямбайлан тавих ажлаа ихэд жаргалтай, хариуцлагатай хийх юм. Энэ агшныг харахад байгаль дэлхийд хүн гэдэг ганцаар амьдардаггүй гэдэг үг өөрийн эрхгүй бодогдоно.

cat
Муурын байшин

Гудамны муур нохойтой зүй бусаар харьцсан зарим жуулчин Туркээс хөөгдөж гарсан төдийгүй хуулийн дагуу мөнгөөр торгуулах болон бусад шийтгэл амссан гашуун жишээ цөөнгүй байдаг юм билээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img