Британийн хааны гэр бүлийн пиарчид ханхүү Уильямын нэр хүндийг өргөхийн тулд асар их ажил хийж, ихэд хичээн ажиллалаа. Мэдээж Уильям дүү Харри шигээ нацист дүрэмт хувцас өмсөн явах зэргээр бүдүүлэг алдаанууд гаргаагүй. Гэсэн ч ирээдүйн хааны намтарт олон толбо бий гэж The Sun бичжээ. Энэ сонины нийтлэлд өгүүлснээр, Уильям болон түүний эхнэр Кэтрин нар гэр бүлийнх нь харилцаа төгс төгөлдөр байгаа гэж харуулахыг хичээж байгаа ч хөшигний цаана олон нууц хадгалагдаж байгаа гэнэ.
Хуурмаг сэтгэл хөдлөл
Ханхүү Уильям болон гүнж Кэтрин нар төгс хос мэт сэтгэгдэл төрүүлдэг. Үргэлж хамтдаа байх тэд зах явахдаа ч хамтдаа. Тэд хосгүй тансаг хурим хийснээсээ нэг жилийн дараа ханхүү Жоржийг төрүүлсэн юм. Үүний дараа нэг охин, дахин нэг хүү төрүүлж үүний дараа Кейт, Уильям нар буяны үйлсэд өөрсдийгөө зориулж, чухал төсөл дээр ажиллаж, онц чухал асуудлуудыг хэлэлцүүлэхээр өргөн барих гээд ихээхэн хөдөлмөрлөж байлаа.
Тэд сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг байнга хөндөж, харин Кейт асрагчдад найдалгүй хүүдүүдээ өөрөө өсгөж хүмүүжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх ёстой гэж үзсэн нь Кейт, Уильям нарын төгс хос гэсэн төрхийг бүрдүүлж байв.
Тэд үргэлж инээмсэглэж, гараараа даллан, байнга л гэрэл цацруулж яваа мэт харагддаг. Гэхдээ энэ бүхэн нь хуурамч гэж бодох хүмүүс ч бий. Сүүлийн үед Кейтийн өвчин, үүнээс үүдэлтэй хууран мэхлэлтийн талаар шар хэвлэлүүд бичих болсон. Гэхдээ хуурмаг сэтгэл хөдлөл нь энэ бүхэнтэй хамаагүй ч байж мэднэ.
Кейт, Уильям нар Сент-Эндрюс их сургуульд суралцах үеийн харилцааны үед ч тэдний хооронд асуудлууд байсан гэнэ. Кейт үргэлж олны анхаарлын төвд байна гэдгээ хүлээн зөвшөөрөхөд тун хэцүү байсан аж. Ханхүүтэй танилцахаас өмнө Кейт жирийн нэгэн байсан бол Уильям төрсөн цагаасаа эхлээд л байнга л аппарат, камерын дуран хараан дунд өссөн юм.
Найз залуу нь зүгээр л хөгжилдөж амарч байхад Кейт байнга л гэрэл зурагчдаас зугтдаг байлаа. Тэд үерхэж байх үед нэгэн шар хэвлэлд Уильямын зураг хэвлэгдэж байв. Энэ зураг дээр Уильям нэгэн бүсгүйн хөхөнд хүрсэн байх аж. Энэ бүхнийг хараад Кейт хямарсан нь мэдээж.
Харин 2007 онд тэд хоёр тийш болов. Уильям Кейтийг хаяж байгаагаа утсаар дуулгажээ. Уильям найз бүсгүйгээсээ салж, эрх чөлөөг мэдрэн зугаацаж байх зуур Кейт салалтаас үүдсэн хямралыг даван туулахыг хичээж, зүрх нь шаналж байв. Тэд хэзээ ч дахин хамт байхгүй гэсэн бодолтой эвлэрч эхлэх үед Уильям эргэн иржээ. Кейт түүнийг уучлан, эвлэрч, удалгүй тэд сүй тавьснаа зарласан бол үүний дараа дэлхий нийт тэдний сүрт хуримыг харсан юм. Кейт хожим дурссанаар, Уильямаас салсан нь түүнийг хүчирхэг болгосон гэдэг.
Хүйтэн бас хөндий
Кейт шиг үнэнч эхнэртэй болно гэдэг ихэнх эрчүүдийн мөрөөдөл бас зорилго биз. Гэхдээ Уильям харилцаагаа төдийлөн нандигнадаггүй байсан талаар Британийн шар хэвлэлүүд нэг бус удаа мэдээлж байлаа.
Уильям, Кейт хоёр хэсэг хугацаанд салж, эргэн нийлснийхээ дараа ч Уильям хөнгөн хуумгай зан гаргаж, Кейтийн нүдний өмнө ч бусадтай сээтгэнэж байсан гэдэг. Энэ бүхнийг хараагүй мэт тэсэж өнгөрүүлсэн Кейт 2010 онд Уильямын хууль ёсны эхнэр болсон юм.
Хурим болно гэдэг нь нэгэнт тодорхой болсны дараа Кейт, Уильямын харилцаанд протокол үйлчилж эхлэв. Тэд олны өмнө сэтгэл хөдлөлөө гаргаж болохгүй, нэгнээсээ тодорхой зай аван зогсож, албархаг байх ёстой байлаа. Албаны энэ зарчим тэднийг хүйтэн хөндий харилцаатай гэх яриа гарах эхлэл болсон юм.
Экс найз бүсгүйнхээ үдэшлэгт очсон нь
2014 онд хэвлэлүүдээр Уильямтай холбоотой дуулиан дэгдсэн юм. Уильям ханхүү өмнө нь үерхэж байсан Жекки Крейгийн төрсөн өдөрт оролцжээ. Энэ бүсгүйг Кейтийн жинхэнэ өрсөлдөгч гэж олон хүмүүс боддог байсан юм. Хуучин найз бүсгүйнхээ төрсөн өдөрт оролцох урилга хүлээн авсныг нь Кейт сонсоод зөөлнөөр хэлэхэд тийм ч таатай хүлээж авсангүй. Харин Уильям шийдвэрээ өөрчлөөгүй аж. Энэ явдлаас хойш Уильям эхнэртээ үнэнч биш гэх яриа дахин газар авсан юм.
2017 онд төгс хосын дүр төрхийг сэвтээсэн өөр нэг дуулиан дэгдэв. Тухайн үед тэдний гурав дахь хүүхэд төрсөн байсан бөгөөд үүний дараа өөрт нь амралт хэрэгтэй гэж үзсэн ханхүү найзуудтайгаа хамт Альпыг зорьжээ.
Эхнэр хүүхдээ орхин найзуудтайгаа зугаацахаар явсан ханхүү тэнд очоод уйдсангүй. Тэр олон загвар өмсөгчийн хүрээлэлд хөгжилдөж байсан бөгөөд тэдний дунд Софи Тейлор байв. Чухамхүү түүнтэй Уильям нууцаар амрагийн харилцаа үүсгэсэн гэж хэвлэлүүд бичих болов. Гэхдээ үүнийг батлах баримт гараагүй юм.
Эмээгийн урам хугарсан нь
Эхнэр хүүхдээ орхин, гоонь эр шиг зугаацахаар явсан нь ханхүүгийн нэр хүндэд ихэд сөргөөр нөлөөлсөн юм. Гэхдээ Кейттэй түр тар хийсэн төдийгөөс ч биш.
Найзуудтайгаа амралтаар явах шийдвэр гаргахдаа ханхүү зугаа цэнгэлээ гэр бүлээсээ дээгүүр тавьсан нь олны дургүйцлийг төрүүлж байлаа. Ханхүү Вестминстерт болох Нөхөрлөлийн өдөрт зориулсан мөргөлд Уильям оролцсонгүй. Харин түүний хайртай эмээ болох II Элизабетын хувьд энэ нь оны хамгийн чухал үйл явдлуудын нэг байсан юм. Эхнэр хүүхдээ орхин, найзуудтайгаа, тэр дундаа загвар өмсөгчидтэй хамт амарч, зугаацсан нь Уильямын нэр хүндийг ихээр сэвтээх олон шалтгааны нэг болжээ.
Роуз Фаркуартай үүсгэсэн харилцаа
Британийн хэвлэлүүд ханхүү Уильямыг эхнэрээ араар нь тавьдаг гэж ихээхэн буруутган бичдэг. Ийм мэдээллүүдийн дунд Роуз Фаркуар гэх эмэгтэйн нэр олонтаа давтагдаж байв. Энэ бол Кейтийн найз бүсгүй. Кембрижийн гүнгийн ахайтан найз болон нөхрийнх нь хооронд хэт ойр дотны харилцаа үүссэн гэдгийг мэдсэнийхээ дараа найзаасаа харилцаагаа тасалсан гэдэг. Мэдээж Кейт, Уильям хоёрын аль нь ч энэ тал дээр тайлбар өгөөгүй юм.
Хөл хүнд маркиз
Хааны гэр бүлийн гишүүд хов жив, явган ярианд хэзээ ч хариу өгдөггүй. Няцаадаг ч үгүй. Тэд аливаа явган ярианд хэт их анхаарвал энэ нь үнэн бодит байсныг гэрчлэх алхам болчих учраас тэр.
Гэхдээ зарим үед тэсгэл алдах үе гарна. Тухайлбал, ханхүү Уильям өөрийнх нь талаар бичсэн шар сониныг шүүхэд өгнө хэмээн сүрдүүлж байв. Энэ сонин Холмондейн маркиз Роуз Фаркуар Уильямын нууц амраг байсан төдийгүй ханхүүгийн охиныг төрүүлсэн гэж бичиж байлаа.
Гэрлэлтийн гэрээ
Кейт, Уильям хоёр олон хямралыг хамтдаа даван туулсан. Яг л үнсэн дотроосоо буцан амилдаг галт шувуу шиг. Гэхдээ энэ нь гагцхүү аугаа хайраас болсон хэрэг биш гэж The Sun бичжээ.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр, Кейт, Уильям нар гэрлэснийхээ дараа гэрээ байгуулжээ. Энэ гэрээнд Уильям хүссэнээрээ л амьдарна, харин Кейт болон түүний гэр бүл Британийн хааны гэр бүлийн гишүүдэд оногддог бүхий л ивээлийг хүртэнэ гэж заажээ. Тэд хамтдаа зайлшгүй хийх ёстой зүйл нь төгс харилцаатай мэт харагдаж, олны өмнө байнга инээмсэглэх ёстой. Юу ч болж байсан гэсэн Кейт, Уильям нар төгс хэвээрээ үлдэх ёстой, учир нь хаан, хатан хаан хоёр ингэж л харагдах учиртай.
Гэр бүлийг нэгтгэсэн хүнд өвчин
Кейт хорт хавдраар өвдсөн нь энэ гэр бүлийн хувьд том цохилт байв. Кейт өвдсөн талаараа хэлэхэд Уильям ханхүү хэсэг хугацаанд үүрэгт ажлаасаа түр холдон, эхнэр, хүүхдүүддээ цагийг зарцуулахаар шийдсэн аж. Харин одоо ажил албандаа эргэн орсон. Гэхдээ ажлаа хийж байгаа ч эхнэртээ гол дэмжлэг үзүүлэх хүн нь хэвээр байгаа гэнэ.
Хорт хавдраас ангижрах эмчилгээ хийлгэж байгаа Кейт он дуустал олны өмнө гарахааргүй болсон бөгөөд энэ нь түүний биеийн байдалтай холбоотой юм. Кейт там шиг зовлон туулж яваа хэмээн найз нь хэвлэлд ярьж байв. Гэсэн ч Уильям эхнэр хүүхдэдээ аль болох их цагийг зарцуулахаар шийдсэн бөгөөд чухамхүү ингэснээр Кейт хурдан эдгэнэ гэж ханхүү үзэж байгаа аж.