Марлон Брандо
Марлон Брандог хэнтэй ч зүйрлүүлэхийн аргагүй. Тэр алдар хүндийн сайхныг мэдэрч, амьдралыг хайрлаж, олон хүмүүстэй хөгжилдөн наргиж, сэтгүүлч, папараццичдын хараанд байнга өртөж байгаадаа огтхон ч хямарч байсангүй. “Загалмайлсан эцэг” киноны Вито Корлеонегийн дүр бүтээсэн Марлон Брандо гурвантаа гэрлэж байсан бөгөөд гуравдах нь эхнэр нь түүнийг бусдын хараанаас хол, амар тайван амьдрахыг ятгасан гэдэг.
Ингээд Марлон Брандо Таитигийн ойролцоо хэд хэдэн арал худалдан авч, энгийн нэгэн өрхийн тэргүүн шиг амьдрахыг хичээжээ. Гэвч удалгүй уйдаж, Холливудын гял цал ертөнц рүүгээ буцав. Брандо арал дээр нийт 30 жил амьдарсан ч үе үе “соёлт ертөнц” рүү буцаж байв. Харин 1980-аад онд хөл үймээнтэй газраас холдож, дурдатгал бичихээр болжээ. Гэвч бүхнийг орхих шалтгаан нь эмгэнэлт явдал байсан юм. 1990-ээд онд Брандогийн хүү эгчийнхээ сүйт залууг буудсаны дараа Марлон Брандо Холливудыг нэг мөр орхисон аж.
Долорес Харт
Элвис Преслитэй үнсэлцсэн хэсэг гардаг “Чамайг хайрлая” кино дэлгэцнээ гарсны дараа дэлхийн сая сая эмэгтэй энэ жшжигчинд атаархаж байлаа. Долорес Хартын карьер туйлын амжилттай байж, тэрээр хэд хэдэн кинонд тоглосон ч дараа нь Холливудыг орхиж, бенедиктинчүүдийн одонгийн гэлэнмаа болжээ. Жүжигчний өгүүлснээр, тэр сүй тавьсан байсан ч хайртай хүнтэйгээ гэрлэхээр зөвшөөрсөн нь зөв эсэхэд эргэлзэж байсан гэдэг. Сүйт залуу нь ч энэ эргэлзээг ойлгож, гэрлэхээсээ өмнө өөрийгөө танин мэдэхийг зөвлөжээ.
Ингээд Коннектикут явах зам түүний хувь тавиланг шийдсэн аж. Тийш зорих замдаа Долорес хийдийн гэлэнмаатай танилцан, ярилцаж, үүний дараа Холливудад эргэн ирж “Надтай хамт нисээч” киноны зураг авалтыг дуусгаад, хуримын ёслолоо цуцлан, сүмд очжээ. Түүний сүйт залуу асан Дон Робинсон Долорес хуримаа цуцалсны дараа өөр хэнтэй ч гэрэлсэнгүй, гэхдээ 2011 онд бие барах хүртлээ Долорестой Зул сар, Улаан өндөгний баярыг тэмдэглэдэг байжээ. Долорес урьдын адил сүмд амьдарч байгаа, гэхдээ Кино урлагийн академийн жинхэнэ гишүүн тул Оскарын шагнал гардуулах шийдвэр гаргахад саналын эрхтэй байдаг аж.
Грета Гарбо
Дуугүй киноны үед л алдар нэртэй болсон гайхалтай жүжигчин эмэгтэй амьдралынхаа төгсгөл хүртэл дэлгэцнээ гялалзаж болох л байв. Гэвч тэр 36 насандаа карьераа дуусгаж байгаагаа зарлажээ. Грета хэзээ ч дээдсийн хүрээний арга хэмжээнд дуртай байсангүй, өөрт нь төвөг учруулж, байнга л дагаж мөрдөж байдаг гэрэл зурагчин, сэтгүүлчдээс болж ихэд хямардаг байлаа. Тиймдээ ч танигдахын аргагүй хувцаслан, том нарны шил зүүн Нью-Йоркийн гудамжаар хэдэн цагаар зугаалах дуртай байж.
Гэвч түүнийг папараццичид дагасаар л. Олон жилийн туршид тэрээр жүжигчний замналаа эрт дуусгасан шалтгаанаа тайлбарлаж байсангүй. Харин бие барахаасаа дөрвөн жилийн өмнө Шведийн намтар зохиогч Свен Борманд анх ам нээжээ. Грета Холливудаас маш их залхсан байсан гэнэ. Түүнд ажил нь огтоос ч таалагддаггүй, тиймдээ ч өөрийгөө албадан байж студи руу явдаг өдрүүд олон байсан аж. Үнэндээ огт өөрөөр амьдрахыг хүсэж байсан гэж Грета ярьжээ.
Говард Хьюз
Тэр бол тэнгэр, кино гэсэн хоёр зүйлд тулйын дуртай гайхалтай хүн байв. Говард шинэ онгоц боловсруулах, турших ажилд оролцож, нисэхийн салбарын хэд хэдэн дээд амжилтыг тогтоосон юм. Түүний зэрэгцээ “Мөсний сахиусан тэнгэрүүд”, “Хуулиас гадуур”, “Сорвит нүүр” зэрэг оллон кино бүтээж, найруулагч, продюсерээр нь ажиллаж байжээ. Тэр өвөрмөц ааш араншинтай, дээдсийн хүрээллийн арга хэмжээнд дургүй гэдгээрээ алдартай байв. Ингээд 1950-иад оны дунд үеэс амьдралаа өөрчилж, 1956 онд ганцаархнаа кино үзэж дөрвөн сарыг өнгөрүүлсэн аж.
1958 оноос эхлэн Хьюз зураг авахуулахаас эрс татгалзаж, нэг ч хэвлэлд яилцлага өгөхөө болив. Ингээд аялалд гарч, туслахуудаараа гагцхүү мормончуудыг сонгон, хаана ч явсан нууцыг чандлан хадгалахыг шаарддаг байжээ.
Ийнхүү хачин авирлах болсон нь бусдаас нуугдаж, ямар нэг халдвар авахаас айдаг сэтгэцийн эмгэгтэй холбоотой байсан гэж хэвлэлүүд бичдэг. Хьюз үйлчлэгчдээ өдөрт хэд хэдэн удаа усанд орж, хувцсаа солихыг шаарддаг байсан ч өөрөө нэг хувцастайгаа хэдэн сар болдог байсан гэдэг. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд тэр хүнд өвдөн, Акапулькогоос Хьюстон хот руу түүнийг эмнэлэгт хүргэхээр нисэж явсан онгоцонд нас барсан юм.
Бобби Фишер
Бобби АНУ-ын найман удаагийн аварга болж, дэлхийн аваргын цолыг хэдэнтээ хүртсэнийх нь дараа түүнийг АНУ-ын Үндэсний баатар хэмээн нэрлэх болсон юм. Тэр туйлын хэцүү авиртай хүн байв, өрсөлдөгчдийнхөө тэвчээрийг барж, тоглолтын журмыг өөрчлөхийг шаардан, онцгой нөхцөл тавьдаг байжээ. Тоглолтоо хойшлуулж, заримыг нь цуцлах зэргээр дур зоргоороо авирладаг байсан ч жинхэнэ суутан байв.
Бобби Фишер шуугиан тарьсан мэдэгдэл байнга хийж, бүхнийг шүүмжилж, Калифорнид нам гүм амьдарч, АНУ, Югославын хоорондын бойкотыг үл хайхран, Белградад Борис Спасскитэй тоглон хайнцаж байлаа. Есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагааны дараа АНУ-ыг шүүмжилснийхээ төлөө Америкийн иргэншлээ алдаж байв. Тэр Америкийг дэлхийн газрын зурагнаас арчигдаасай гэж ч “ерөөж” байлаа. Ингээд иргэншлээ алдсан Бобби Фишер Исландад улс төрийн орогнол авч, амьдралынхаа сүүлчийн жилүүдийг нам гүм, “даяанч” байдлаар өнгөрүүлжээ. Бобби хүмүүст туйлын дургүй байсан гэдэг. Шатрын ертөнцийг өөрчилж, шатрын олимпын оргилд нь хүрсэн ч байнга дуулиан шуугиан дэгдээж, таагүй нөхцөлд орж, Японы шоронд ч хоригдож байв.