2025-06-23, Даваа
16.4 C
Ulaanbaatar

Эдди Мерфи: Энэ хөгийн камертай ухаалаг утас дэлхийг завааруулж гүйцлээ!

1980-2000-аад оны хамгийн алдартай инээдмийн жүжигчдийн нэг бол яах аргагүй Эдди Мерфи. Киноны “Алтан бөмбөрцөг” шагналыг хоёр, хөгжмийн “Грэмми”, телевизийн “Эмми”-г тус бүр нэг удаа хүртэж, “Оскар”-т нэр дэвшиж байсан Эдди Мерфигийн бүтэн нэр нь Эдвард Риган Мерфи аж. Тэрээр Нью-Йоркийн Бруклин дүүргийн Бушуик хороололд 1961 оны дөрөвдүгээр сарын 3-нд замын цагдаагийн офицер Чарльз Эдвард Мерфи, утасны оператор Лиллиан Лэйни нарын хоёрдахь буюу отгон хүү нь болон төржээ. Эдди Мерфи “Беверли-Хиллсийн цагдаа” кинонд тоглосноороо анхны томоохон амжилтдаа хүрч, “Мөрөөдлийн бүсгүйчүүд”, “Намайг Долемайт гэдэг”, “Доктор Дулиттл”, “Солиотой профессор”, “48 цаг”, “Бумеранг”, “Плуто Нэшийн адал явдал”, “Танилц: Дэйв”, “Америк руу хийсэн аялал”, “Байраа сольсон нь” гээд бишгүй олон кинонд тоглосон нэгэн. Үүнээс гадна тэрээр өөрийн зохиосон дуунуудаа дуулж цөөнгүй цомог гаргасны дээр “Шрек”, “Мулан” зэрэг хэд хэдэн хүүхэлдэйн кинонд дуу оруулсан аж. ОХУ-ын “Правила жизни” сэтгүүл өдгөө 63 настай нэрт жүжигчин, кино зохиолч, продюсер, дуучин Эдди Мерфигийн бодрол, хэлсэн үгсийг ийн түүвэрлэн нийтэлжээ.

  • Эцэг, эх минь намайг гурван настайд салсан юм. Дараа нь ээж хүндээр өвдсөнөөр ах бид хоёрыг хатагтай Женкинсийн асаргаанд үлдээсэн. Хатагтай Женкинс телевиз эвдэрсэн гэх шалтгаар бид хоёрт үзүүлдэггүй байж билээ. Гэвч би түүнийг өрөөгөө түгжээд өөрөө телевиз үзэхийг нь хаалганы цаанаас сонссон юм. Тэгээд ахдаа, “Энэ гичий чинь худалч юм байна!“ гэсэн дээ. Бид хоёр бүр тэгэхэд л томчууд шиг хараал, ерөөл хэлэн ярилцдаг байлаа.
  • Ээж чинь чамайг гэрийн шаахайгаараа зоддог байсан уу? Клинт Иствуд гар буугаа эзэмшдэгтэй адил ээж минь шахайгаараа шийтгэхдээ гаргууд байлаа. “Пид, пад, пид, пад” гээд л авч өгнө шүү дээ.
  • Намайг жүжигчин төдийгүй хүн болж төлөвшихөд Билл Косби, Чарли Чаплин, Мухаммед Али, Брюс Ли нар хамгийн ихээр нөлөөлсөн. Гэхдээ би Ричард Прайор шиг болохыг хамгийн ихээр эрмэлздэг байлаа.

Eddi Merfi

  • Би хошигнолдоо тунг нь хэтрүүлчихээд дараа нь олон жилийн турш аялан тоглолт хийх боломжгүйд хүрдэг байж билээ.
  • Би ижил хүйстнүүдийн талаар их хошигнодог байсан юм. Харин одоо эрийг эмлэгчдийн бүхэл бүтэн арми намайг ангуучлах болжээ.
  • Хайр, мөнгө хоёрыг хольж хутгаж болохгүй. Ялангуяа эмэгтэй тань санхүү сайн мэддэг бол.
  • Би садист хүн. Би супермаркет руу орж ээжүүд уцаарлахдаа дүрсгүй хүүхдүүдээ сайн гээч гөвж өгөхийг харах дуртай.
  • Би арьс өнгөөр ялгаварладаг расист үзэлтэн биш. Гэхдээ харууд зузаан уруултай, цагаанууд бүжиглэж чаддаггүй гэдэг баримттай маргах хэрэггүй шүү дээ.
  • Эрэгтэйчүүд бүгд л хүүхнүүдээ араар нь тавьдаг. Зүгээр л тэдний зарим нь хэл яриа, “панаал” сайтай тул хүүхнүүддээ тийм биш гэдгийг итгүүлж дөнгөдөг юм.

Eddi Merfi

  • Төгс хүмүүс гэж байхгүй. Иймд өөртэйгөө төстэй нэгнийг олоод л эрлээ зогсоох нь дээр.
  • Хэрэв чи төлөв даруу бүсгүйтэй учирвал тэр нь ямагт өөр хотынх байж таардаг. Нутаг орондоо юу хийж байсан нь мэдэгдэхгүй тэд ирэнгүүтээ л гэм хоргүй энхийн цагаан тагтаа болж жүжиглэдэг юм.
  • Зодолдож чаддаггүй бол чаддаг юм шиг дүр эсгэ. Үр дүнд хүрдэг арга шүү.
  • Их секс хүсдэг бол шоу бизнест орох нь дээр. Жимми Вокер (1980-аад онд ид мандаж явсан Америкийн хошин шогийн жүжигчин) ганц хоёр хүүхнийг орондоо оруулж чадаж байхад би бүгдэнтэй нь үүлэн борооны явдал хийж дөнгөнө гэж би нэгэнтээ боддог байж билээ.
  • Үнэн хэрэгтээ бүхий л гайгүй хүүхнүүдийг хошин шогийн жүжигчид бус дуучид хүртдэг юм. Дуучид заавал дур булаам байх албагүй. Царай муутай Принс, Мик Жаггер зэрэг балиар новшнуудын өмнө хүүхнүүд бөөн бөөнөөрөө сөгдөн унадаг нь гайхалтай.
  • Энэ хөгийн камертай ухаалаг утас дэлхийг завааруулж гүйцлээ! Чи хаашаа ч явсан, хаа сайгүй чиний зургийг дарна. Хэрэв би клубуудээр үдэш бүр явдаг байсан бол сошиалд тавьсан зургуудыг минь хараад бүгд л, “Хараач ээ, энэ нэг юм 60 хүрчихээд үдэшлэг, нийллэгт оролцсоор л явж байх юм!” гэнэ дээ.

Eddi Merfi

  • Би хэдийнэ арван хүүхэдтэй болсон. Хэрэв 30 жилийн тэртээ хэн нэгэн намайг гэрээсээ цухуйдаггүй уйтгартай эцэг болж хувирна, харин Билл Кросби шоронд сууна гэвэл би ямар их маргалдах байсан бол оо!
  • Согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй, стресст хамгийн бага өртөхийг эрмэлзсэний эцэст би 60 настайдаа ингэж харагдаж байгаа юм.

Eddi Merfi

  • Би хэзээ ч ноутбүүктэй байж үзээгүй. Компьютерийн талаар юу ч ойлгодоггүй би бээр 1970-аад онд юм шиг л амьдардаг. Хүмүүс над дээр үе үе дөхөж ирээд, “Сайн уу, та бид хоёр өчигдөр твиттерээр харилцсан шүү дээ!” гэдэг юм. Би тэдэнд, “Надад твиттер байхгүй ээ” гэж үнэнээ л хэлдэг. Гэтэл нэг нөхөр, “Үгүй байлгүй дээ. Тэгээд би таван жилийн турш хэнтэй харилцсан болж таарах нь вэ?” гээд мэл гайхаж билээ.
  • Стэнд-ап хошигнол хөгжилтэй зүйл биш болжээ. 27 настай байхдаа би ижил хүйстэн, ДОХ гэх мэт маргаан дагуулсан олон эмзэг сэдвээр хошигнодог байлаа. Одоо би харин ингэж хошигнож эхэлбэл бичлэг нь “YouTube”-ээр дорхноо цацагдаж, эсэргүүцлийн элдэв цуглаан, мэдэгдэл өдөөж, намайг уучлалт гуйхаас өөр аргагүйд хүргэх биз. Ийм нөхцөлд ер нь яаж хошигнож болох юм бэ?
  • Расизм, арьс өнгөөр ялгаварлах үзэл өмнөхөөсөө огт өөр болсон. Цагаанууд харуудыг “ниггер” гэж дуудахаа нэгэнт больжээ. Тэр тусмаа ниггеруудын хажууд.
  • Ямар ч үеийнхэн намайг мэддэг. Чи 15 эсвэл 65 настай байх нь хамаагүй, “Шрек”, “Беверли Хиллсийн цагдаа”-г үзсэн л байж таараа. Би киноны түүхэн дэх хамгийн их цалинтай хошин шогийн жүжигчин. Миний тоглосон кинонууд долоон тэрбум доллар цуглуулсан юм. Эго минь хөдөлсөндөө ингэж хэлсэнгүй. Энэ бол үнэндээ баримт.

Eddi Merfi

  • Ниггер хүн амжилттай жүжигчин болох магадлал хэр вэ? Надаас өмнө Сидни Пуатье, Ричард Прайор хоёр л тэгж чадсан. Харин миний тоглосон зуу зуун сая долларын орлоготой кинонууд Дензел Вашингтон, Морган Фриман гээд хар арьст олон жүжигчинд амжилтын үүд хаалгыг нээж өгсөн юм! Онгироогүй шүү, үүнийг би зүгээр л мэднэ.
  • Би дуу хөгжим бичихээ хэзээ ч больж байсангүй. Гэхдээ тодорхой нэг үеэс хойш олны хүртээл болгохоо больсон. Учир нь миний дуу хөгжим олон хүнд хачирхалтай санагддаг юм. Харин би хачин эр байхыг хэзээ ч хүсэхгүй.
  • Би савхин хувцас өмссөн ч ер хөлөрдөггүй. Учир нь би өвөрмөц содон үзэгдэл шүү дээ.
  • Би өнөөх л Эдди хэвээрээ. Эргэн тойрноо ажиглан үгээр зураг зурсаар л явнам.

Eddi Merfi

Eddi Merfi

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img