-Та айлын хэддэх хүүхэд билээ. Аавтайгаа хэр ойрхон охин нь байв?
-Би найман хүүхэдтэй айлын гуравдахь хүүхэд. Миний зулай дээр Л.Равжаа, Л.Саранхөхөө ах хоёр маань гишгэж төрсөн. Огторгуйндалай дүү минь миний удаахь. Үүлэннамуун дүү маань Франц эрт гараад явсан. Би сургууль дээрээ хичээлээ заачихаад аавтайгаа уулзаж “булагнах” гэж их дэлгүүрийн хажуу талын “Гандирс” хотхон руу гүйчихнэ. Заримдаа хамгийн гунигтай нь хүмүүс ирчихсэн байна. Охин хүүхэд байна даа, аяга тавгийг нь угааж өгөхөд “Боль, миний охин. Битгий сарвалзаад бай.
Аавтайгаа сайхан суугаад ярь” гэдэг байсан. Би чинь гурван хүүхэдтэй хүн. Ажлаасаа ядарч очоод охиноо ярих гэхэд “Ээж нь ядраад байна. Миний охин жаахан чимээгүй бай даа” гэдэг байхад миний аав надад хэзээ ч ийм зан гаргаж байгаагүй.
Би чинь багаасаа л аавдаа хамаг бүхнээ ярьдаг байсан. Аавдаа би миний хувьд аймаар ноцтой бэрхшээлийг аминчлаад ярихад тэрийг сонсож сууснаа “Хээ цэс, тэр яадаг юм” гэхэд бүхий л алжаал ядаргаа тайлагдчихаж байгаа юм чинь. Аавын минь нөмөр ийм л агуу байлаа даа. Одоо л аавыгаа өрөвдөх юм.
-Яагаад өрөвдөнө гэж?
-Аав намайг ярихаар сонсоод л, тамхиа татаад л чив чимээгүй сууна. Миний ажлын тухай яриа аавд ер нь юуны хамаа байна аа. Тэгэхэд би аавдаа эрхлээд бүгдийг ярьж өгдөг байсан байгаа юм.

-Аавд чинь охиных нь яриа их л сайхан санагддаг учраас сонсоод суудаг байсан байлгүй дээ?
-Их сайхан байдаг байсан байх л даа. Сайхнаас гадна биднийг алив бүхнээ нуухгүй яриулаад хүмүүжүүлчихсэн байхгүй юу. Аав хүний яриаг тасалдаггүй шүү дээ. Толгой дохиод сууж байдаг. Аавыгаа амьд ахуйд би ямар ч ядаргаагүй амьдарч байсан юм билээ. Одоо би хэнтэйгээ сайхан ярьж суух билээ дээ. Миний аав надтай тийм л ойр дотно байж дээ. Ээжид хамаагүй зүйл яривал даралт нь шууд өгсөөд явчихдаг.
-Ээж (Б.Лхагвасүрэн найрагчийн насны хань Баасан эгч. Л.Б) чинь айлын ганц хүүхэд гэдэг бил үү?
-Айлын ганц өргөмөл. Уг нь эхээс төрсөн гэвэл арван гурвуулаа. Хөвсгөлийн Цагаан-Уулын хотгойд хүн. Аав сайхан аашаа хөдлөхөөр “Манай хүн чинь хойд газрын гойд хүн” гэдэг байсан. Заримдаа “Хөвсгөлийнхөн муу санаатай” гэж үг хаяна.

-Лхагвасүрэн ах угаасаа айлын ганц хүүхэд юм байх даа?
-Аав айлын тогтсон ганц нь. Хоёр ганц дундаасаа найман хүүхэд гаргасан байгаа юм. Наймаас хоёр нь охин, зургаа нь хүү. Хасар дүү маань буцчихлаа. Ууган ах маань бас бурхан болсон.
-Муу Баасан эгч минь нэг хэсэг сэтгэлээрээ нэлээд гундсан байх даа?
-Авах юмгүй болсон. Хасар Францаас ирснээс хойш аавын номыг хэвлэлд бэлдээд ээжтэй хамт амьдарч байсан. Муу дүү маань ажлын ойролцоо явахаараа дуудна. Би л болсон хойно оюутнууддаа илтгэл тавьдаг зангаараа дуржигнуулж гарахад баахан сонсож сууснаа “Ангаа (эгчийгээ тийн авгайлдаг байжээ. Л.Б) би бас багш болдог байж, тээ. Тэгсэн бол хоёулаа нийлээд баахан ярихгүй юу” гэдэг байлаа. Багшийн ажил чинь бас л чанга шүү дээ. Хамгийн гол нь би зүгээр нэг суугаад байдаг багш биш байхгүй юу. Хичээл орохдоо яг л онгод нь орсон бөө шиг болчихдог. Угаасаа хэлний хичээлийг тэгж амилуулж байж амьд болдог, хүнд хүрдэг.
Математикийн багш бол томоотой байж байгаад заачихаж болох байх. Намайг одоо хэн ч, юу ч гэж магтаж дөвийлгөж болно. Аав минь намайг “Миний охин сайн багш” гэж хэлсэн удаатай. Гүйцээ. Энэ сайхан үг байхад л надад бол оо. Өөр ямар ч магтаал сайшаал хэрэггүй. Ажлаа хийгээд, хичээлээ заагаад маш их ядарчихсан байхдаа “Аав намайг сайн багш гэсэн дээ” гээд бодуут л сэргээд ирдэг.
-Ууган ах тань ямар мэргэжилтэй хүн байлаа?
-Равжай ах хойшоо уран зургийн сургуульд явсан юм. Юунаас ч болсон юм, сургуулиа дүүргэлгүй ирсэн шүү. Ер нь хүний өөр өөрийн гэсэн хувь заяа байх юм байна шүү дээ.

-Би шүлэг бичихгүй. Өдрийн тэмдэглэл л хөтөлдөг. Манайд Хасар дүүгээс өөр шүлэг бичдэг хүн байхгүй.
-Их найрагч маань ач зээ нартаа нэр хайрласан байдаг. Танай хүүхдүүдэд ч нэрийг нь өгсөн байлгүй?
-Миний хань Батцэнгэл гэж өөртэй чинь амьдай нэртэй, цэргийн техникийн инженер, шинжлэх ухааны доктор хүн бий. Манайх гурван хүүхэдтэй. Аав бүгдийнх нь нэрийг өгсөн. Манай хүүхдүүд орос школьтой. Ууган хүү Гүнмөрөн маань БНСУ-д докторантурт сурч байна. Миний хүүд аав их амь. Хайртай гэж жигтэйхэн. Гүнмөрөнд хайртай байдаг нь учиртай.
-Зээ хүүдээ ямар ч өвөө яс махнаасаа, зүрх сэтгэлээсээ хайртай байх нь аргагүй л дээ?
-Манай хөгшин аав Бавуу 1994 онд нас барж, 1995 онд миний хүү төрсөн. Амаржихаас аав бид хоёрыг тосоод гэртээ ирэхдээ “Жилийн өмнө би аавыгаа таван давхрын шатаар уруудуулаад гаргаж явсан. Жилийн дараа би зээ хүүгээ тэврээд өгсөж явна” гэж нулимстай хэлж байсан. Аавынхаа сүнсийг эргэж төрлөө гэж сэтгэлээ тайвшруулж байсан нь тэр юм бол уу даа. Монгол хүний л уламжилж ирсэн нэг сайхан ёс, сэтгэл заслын сайхан арга юм даа.
-Дунд охин хэн билээ?
-Дунд охиныг маань Дуламдорж гэдэг.
-Аа, аавын тань “Морин зэрэглээ” номонд “Дуу цөөтэй ач охин Б.Дуламдорждоо” гэсэн зориулал шүлгийн эзэн байх нь?
-Тийм шүү. “Тархи шиг атираатсан далай дунд
Бодол шиг олон загас орчино
Их усан анир гүм…
Ухаантай, тэсвэр их миний охины “ойд”
Утга солгой элдвийн “шувууд” шуугин орчилдоно.
Их ухаан анир гүм…” гэсэн шүлэг байгаа биз. Охин маань яагаад Дуламдорж нэртэй болсон бэ гэхээр өмнөх нь эндчихсэн, охин маань бас хэцүүхэн байхад ламын өгсөн нэр л дээ.
Охин маань Австралид дээд сургууль төгсөж ирээд МОНЦАМЭ-д орчуулагчаар ажиллаж байна. Өвөөгийн хайртай охин шүү дээ, манай “сайхан Дулмаа” чинь. Дарга Э.Содонтогос нь л магтаад байдаг юм. Унаган орос, англи хэлтэй. Отгон охинд маань өвөө нь Намлун гэж нэр өгсөн.
-Их найрагч маань хүүхдүүддээ хэчнээн хайртайгаа шүлэг бүтээлдээ нэр зоон байж зүрхний үгээ үлдээсэн байдаг. Танд жишээлбэл ямар шүлэг бичсэн байдаг бол?
-Үр хүүхдээ гэсэн аавынхаа сэтгэлийг энэ хорвоод юутай зүйрлэх аргагүй болжээ. Аав маань бидэнд зориулж олон шүлэг бичсэн. Өөрийн чинь дээр дурьдсан номонд гэхэд “Охиноо өвдлөө… гэхээр
Орох, гишгэх газар олдохгүй
Оочсон цай хоолой давахгүй
Оонын эвэр шиг олдсон нь хоёрхон юм чинь
Орчлон дайдын олон байтал
Хүнгүй юм шиг болдог…
Одод чигжсэн тэнгэр байтал
Цулгуй юм шиг болдог…
Охиноо өвдлөө… гэхээр
Байж сууж чаддаггүй
Охиноо өвдлөө гэхээр
Бурхан царайчилж сөхөрдөг…” гэж 2016 оны арванхоёрдугаар сарын 13-нд “Солонго өвдсөн өдөр” шүлгээ бичсэн байсан. Аав минь үрийнхээ төлөө ингэж л их шаналдаг, холоос санадаг, хайрладаг хүн байсан даа.
-Базарын Цэдэндамбаа гуайн дурсамжид “Бавуугийн Лхагвасүрэнгийнд ороход хэдэн хүүхэд нь шпрот оо шпрот. Эгнээд хэвтчихсэн” гэсэн зүйр яриа гардаг. Лхагвасүрэн ах ч өөрөө надад “Би шүлгээ гурилын гампанз өвөр дээрээ тавиад бичдэг байсан” гэж ярьж байсан. Найман хүүхэдтэй өнөр айл тийм байхаас аргагүй байсан юм бол уу?
-Гэрт чинь бид бүгд хоймроороо зулаатай шүү дээ. Дараа нь байшинд орсон. Муу аав ээж минь биднийг тэжээж өсгөх гэж бас амаргүй байсан шүү дээ. Би аав ээжийнхээ амьдралыг одоо л биеэрээ аав ээж болж байж ойлгож байна. Аав маань маш их ухаантай хүн учраас биднийг сэтгэлзүйн хувьд маш их баян өсгөсөн. Бидний нүдийг цадтал өсгөсөн.

-Нүдийг цадтал гэхээр…
-Номоор, дэвтрээр дутааж явсангүй. Манайх Дэнжийн мянгад байсан гэхэд биднийг ганц удаа ч цувдай идүүлээгүй өсгөсөн юм шүү дээ. “Цувдай, толгой идэхээр ходоод байхгүй болдог юм” гэдэг байсан. Манай хойд талын айл цувдай их иднэ. Тэгэхэд аав минь биднийг хайрласандаа л цувдай идүүлэлгүй өсгөж дээ.
Ээж “Баянгол” ресторанд ажилладаг байсан. Хөөрхий минь гэж, аав ээж хоёр минь бидний гэдсийг цатгалан, мөр бүтэн, нүд цатгалан өсгөсөн дөө. Манайх гурван ортой. Хойморын ор минийх. Ээж минь жигтэйхэн гоёод, чимээд өгчихсөн. Охин хүүхэд болохоор тэгтлээ их хайрладаг байсан байх. Манай дүү нар л харин ёстой жинхэнэ шпрот. Газраар зулаад унтацгаана. (Инээв. Л.Б)
-Та аавтайгаа олон сайхан зураг авахуулсан байдаг биз?
-Аав охидоосоо надтай, хөвгүүдээсээ Хасартай их дотно. Аавтайгаа тийм их дотно байсан мөртлөө аймаар сонин нь хамт авахуулсан зураг цөөхөн байдаг юм билээ. Хүмүүс орж ирээд зураг авахуулж л байна. Би тэнд байж л байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө би хамт авахуулсан нь цөөн. Бараг л зургийг нь дарж өгөөд байж байдаг байсан. Хүн ер нь аягүй тэнэг ш дээ. Бие нь нүдэн дээр муудаад байхад л аавыгаа байхгүй болчихно гэж бодож чаддаггүй юм билээ.
-Хэвлэлд өгсөн хамгийн сүүлчийн ярилцлагыг нь “Өдрийн сонин”-д гаргах хувь надад олдсон. Зуун зуунд цөөхөн төрөх билгүүн төгөлдөр тэр их хүмүүнийг долоо хоногийн дараа тэнгэрт дэвшлээ гэхэд нэг л үнэмшиж чадахгүй байсан. Урианхай их анд нь “Сүүлчийн хундага” гэсэн сэнсрэл шимшрэлийн уйлган шүлэг бичсэн дээ. Урианхай ах өнгөрөхөөс нь очиж хундага тулгасан юм бол уу?
-Аав буцахаа мэдсэн юм шиг “Урианхайг ирэхээр энийг өгөөрэй” гээд “Белуга” хэмээх үнэтэй дарс захьж үлдээсэн байсан. Түүнээс л сэдэвлэсэн байх. Аав маань хамгийн сүүлд намайг нэг том хараад амьсгал эвхсэн. Хүн чинь тэр эцсийн мөчид нь яаж ч чаддагүй юм байна лээ.
Дэмий л “Хасар аа, миний дүү хүрээд ир дээ” гэсэн. Байнга сахьж байсан дүү минь түрхэн өндийж нөгөө өрөөнд ороод ирэх хооронд л тэгээд амьсгаа татчихдаг юм билээ. Саяхан аавынхаа алтан шарилыг эргээд ирснээс хойш сэтгэл сайхан онгойж тэр үеийн бараан гуниг бага багаар сийрч цайрч л эхэлж байна даа.
-Бавуу өвөөгөө та аль хэр мэдэх вэ?
-Мэдэлгүй яах вэ. Өвөөгийндөө зуныхаа амралтаар очно. Шувуун фабрик, Яармагт амьдардаг байлаа. Хоёр үнээтэй. Би чинь олон дүү нартай, айлын том охин болохоор ер нь гэрийн ажилд гайгүй. Тиймээс өвөөдөө их тусална. Дүү нараа дэгдээхэй шиг дагуулаад галуу шиг л явдаг байлаа.
-Ёстой л олон дүү нараа дагуулсан эгч ч галуу шиг л харагдах байх даа?
-Тэр үед замын хөдөлгөөн чөлөөтэй сайхан байж. Сурагчдын амралтаар “Ард” кино театр, Улсын цирк, Хүүхдийн кино театр руу явахдаа Намууныхаа үсийг самнаад, Заяагийнхаа нүүрийг нь угаагаад, Хасарынхаа нусыг нь аваад, Нанаагаа дагуулаад галуу шиг дөрөв таван хүүхэд дагуулаад гарч өгнө. Яаж машин техникт дайруулчихгүй нэг юм яваад байдаг байсан юм, цаг үе нь сайхан байж дээ.
-Танайх Дэнжийн мянгаас Нэгдүгээр хорооллын наймдугаар байранд шилжин орсон байх аа?
-Тэр байрыг өгчихөөд байхад аав цахилгаан тулгаа аваачиж тавьчихаад орохгүй байгаад байсан. Нэг билэгшээлт сайхан өдрийг л хүлээгээд байсан юм билээ. Соёлын яамнаас өгсөн дөрвөн өрөө байрандаа оруут би нэг өрөөнд эзэн суугаад авсан. Шалнаасаа дээш нь номоо өрчихөөд бид чинь амьдарч эхэлсэн дээ. Аав оросоор маш сайн уншина. Гадаад явахаараа дэлхийн сонгодгуудын ботиудыг авчирна. Хүн чинь охин хүүхэддээ гоё даашинз авчирч өгдөг дөө.
Тэгэхэд аав 1700-1800-гаад оны англи хэлний хуучны толь авчирч өгч байгаа юм. Оросоос нэг удаа ирэхдээ хүүхдийн тоглоомон хүүхэлдэйн тэрэг авчирч өглөө. За тэр үед чинь манай тэр Дэнжийн мянгад над шиг гоё тоглоомтой хүүхэд байхгүй. Ээжийг дуурайж өлгийн даавуугаар алчуур болгоод толгойгоо боочихно доо.
-Хүүхдийн тэр сайхан үе чинь ёстой нүдэнд харагдчихлаа шүү…
-Хүүхдүүд намайг дагаж хуйлраад л. “Надад нэг түрүүлчих л дээ. Намайг нэг тоглуулчих л даа” гээд л гуйцгаана. Аав намайг тэгж их хайрлаж эрхлүүлдэг байсан. Би тэр үед хамгийн гоё тоглоомтой хүүхэд байсан. Хүүхэлдэй нь ч их хөөрхөн. (Инээв. Л.Б)
-Та аав ээж хоёртойгоо, бурхан болооч Л.Хасар андтай мөн ч адилхан төрхтэй хүн юм аа?
-Аавыг таних хүмүүс “Яг аав” гэнэ. Ээжийг харсан хүн “Ээж байна” гэнэ. Би аав ээжтэйгээ их адилхан шүү. Хасар бид хоёрыг “Эрэгтэй, эмэгтэй ихрүүд юм уу” гэдэг гээч. Бид хоёр ч их адилхан юм шиг байгаа юм.
-Аав чинь харахад ихэмсэг юм шиг мөртлөө ойртоод очихоор нөмөртэй сайхан уул шиг хүн байсан шүү…
-Миний аав хүнд их элгэмсүү хүн байсан. Хүн чанарын сайхныг яана гээч. Гавьяат жүжигчин Дашням гуайг бурхан болоход “Архичин байсан” гээд Офицеруудын ордноос гаргуулахгүй гэсэн юм билээ. Аав тэр шөнө нь Хүүхэлдэйн театрыг сайхан засаад тэр их хүнийг тайзан дээрээс нь үдэж байсан. “Хүн архичин, тамхичин ямар ч байж болно. Аугаа авьяастай хүнийг бурхан мэт хүндэлж байх учиртай” гэдэг байсан. Авьяастай хүнийг дэндүү дээдэлдэг хүн байлаа даа, аав минь.
-Хообий нь чухам юу байв?
-Үзгэнд нугасгүй хайртай. Цуглуулна. Тэмдэглэлийн дэвтэр, шүдэнз бас цуглуулна. Тэр хөөрхөн тэмдэглэлийн дэвтрүүд дээрээ бүтээлийнхээ санааг л байнга тэмдэглэж явна. Би бас аав шигээ тэмдэглэлийн дэвтэр цуглуулна. “Миний охин чинь сайхан дэвтэр сонгодог” гэж бас магтана аа. Аав дандаа магтаад байхгүй ч үгээ яг тултал хэлнэ. Тэгээд л би хөөрчихдөг сөн.
-Аав чинь харахад их л зав чөлөөтэй юм шиг дураараа аж төрдөг мөртлөө тэр том жүжиг, кино, найраглал, шүлгүүдээ хэдийдээ бичдэг байсан бол?
-Өө, наана нь манайхан бужигнаж л байна. Аав дүнхийгээд сууж л байна. Ач зээ нар нь яаж ч үймүүлж байсан тоохгүй. Харж сууж байхдаа л жижигхэн цаасан дээр, нөгөө хөөрхөн дэвтрүүд дээрээ юм бичээд л сууна. Тэгээд нэг суугаад бичихдээ бүтээлээ ёстой тултал нь хийдэг хүн байлаа даа.
-Та аавынхаа шүлгүүдийг цээжээр мэдэх үү?
-Мэднэ ш дээ. Эморвол уншина ш дээ.
-Ямар шүлгийг нь уншихав?
-“Харахгүй өнгөрч чадахгүй харчуудын нүдэн дундуур туучиж
Халуун залуу үзэсгэлэнт охин чамайг ханиа болооч гэж гуйж
Хайраараа би гоёсоон…” гээд явж өгнө шүү дээ. “Аав нь чамайг согтуу явахыг үзлээ. Азгүй хүн ээ би…” гэх мэтээр уншилгүй дээ. Хааяа эморвол гэснээс би архи ууж чаддаггүй юм. Айраг уугаад аллергийтчихдаг. Зөөлөн дарс ч амсаж чаддаггүй. Энэ их муу юу? (Инээмсэглэв. Л.Б)
-Үүлэнсолонго гэж их содон нэр шүү. Аав тань юу гэж тайлбарладаг байв?
-Аав хөдөө мод хийгээд явж байсан юм гэсэн. Тэр үед “Солонго” гэж чихэр байсныг санаж байна уу, чи? Цэнхэр цаастай.
-Аа тийм…
-Тийм чихрийн цаас салхинд хийсээд ирсэн гэж байгаа юм. Тэгэхэд би хотод төрж байхгүй юу. Тэгээд хөдөө буйдад байгаа хүн чинь бодож байгаад “Үүлэнсолонго” гэж нэрлэсэн юм байлгүй дээ.
-Аав нь танд олон шүлэг зориулсан байх даа?
-“Эрхлүүлэнхэн өсгөсөн Солонго, Намуу хоёртоо” гээд “Эр хүнийг хайрлаж яваарай!” гээд шүлэг бий шүү дээ. Гавьяат жүжигчин, эстрадын дуучин Насантогтохын “Миний охин сайн хүн болоорой” гэсэн дуу байна. Насантогтох гуай миний дээд сургуулийн төгсөлтийн баяр дээр ирж дуулахад манай ангийн нэг галзуу охин “Лхагвасүрэн гуайн охин нь энэ байна” гэж намайг их ичээж байсан. Аав минь “Авах юмгүй муу хүн гэж байдаггүй юм аа. Хаях юмгүй сайн хүн гэж ч байдаггүй юм аа. Цаг хугацаа хүнийг шалгаад өгдөг юм” гэж аав минь бидэнд үргэлж захьдаг байлаа. Миний аав ийм л хүн байлаа.
Ямар гоё юм бэ…Лхагвасүрэн ах, Баасан эгч хоёр эхнэр бид хоёрыг очиход дан хонины сүүлээр хуушуур хийж өгдөгсөн… Ай, хөөрхий…