Украин барууны зэвсгийг Оросын нутаг дэвсгэр дээрх байд цохилт өгөх зорилгоор ашиглах зөвшөөрлийг авсан. Энэ шийдвэр нь юуг өөрчлөх вэ% украин дахь фронтын шугамд нөлөөлөх үү?
Саяхныг хүртэл барууны орнууд Украинд тусламж болгон нийлүүлсэн зэвсгээ Оросын нутаг дээр ашиглахыг зөвшөөрдөггүй байлаа. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хил дамнан НАТО-ийн олгосон зэвсгээр цохилт өгөх нь сөргөлдөөнийг хурцатгана гэж тэд үзэж байв.
Гэвч саяхан Оросын арми Харьков мужийн зүүн хойд чиглэлрүү давшсанаар Киевийн холбоотнууд Украин өөрийгөө хамгаалахын тулд хилийн цаана байгаа цэргийн объектуудыг устгах боломжтой байх ёстой гэх итгэл үнэмшлийг төрүүлсэн юм.
Тавдугаар сард ОХУ энэ бүс нутагт шинэ фронт нээн, хэд хэдэн суурин газрыг эзлэн авч, өргөн цар хүрээтэй газрын давшилт эхлүүлсэн. Оросын давшилт хилээс 30-хан км зайд орших, Украины хоёр дахь том хот болох Харьковын хувьд ноцтой аюул занал болсон юм.
Энэ бүс нутгийн хил нь бараг л фронтын шугам болж байгаа бөгөөд барууны зэвсгийг Украины нутгаас өөр газарт ашиглахыг хориглосон нь Оросын цэргүүд аюулгүй нөхцөлд давшилтдаа бэлдэх боломжийг олгосон аж.
Украин болон Европын бусад орны зүгээс ирсэн дарамт шахалт нэмэгдэхийн хэрээр Цагаан ордон бодлогоо өөрчлөн, барууны зэвсгийг ашиглан Орост цохилт өгөхийг Украинд зөвшөөрсөн юм.
Ийнхүү зөвшөөрөл өгөхөөс хэдхэн хоногийн өмнө Владимир Путин мэдэгдэл хийхдээ барууны зэвсгийг Оросын нутагт цохилт өгөх зорилгоор ашиглавал “хамгаалалтын бүс”- ийг өргөжүүлнэ хэмээн сүрдүүлж байлаа.
Барууны зэвсгийг Оросын нутагт ашиглахыг зөвшөөрсөн ч АНУ энэ зөвшөөрөлд ATACMS зэрэг алсын тусгалт зэвсгийг багтаагаагүй нь сөргөлдөөн хурцадхаас зайлсхийсэн алхам байж мэдэх юм. Энэ пуужингийн тусгал 300км бөгөөд Оросын нутгийн гүнд байрлах цэргийн бааз, нисэх буудалд цохилт өгөхөд ашиглах боломжтой юм. Ийм хол тусгалтай пуужинг биш өөр пуужин зэвсэг ашиглах боломжтой болсноор Украин гагцхүү хилийн ойролцоох байнд л анхаарал хандуулах шаардлагатай болно. Гэхдээ л энэ нь Киевийн гол холбоотнуудын бодлогод гарсан чухал өөрчлөлт юм.
Далан км хүртэлх тусгалтай HIMARS зэрэг шуурган галын тийрэлтэт системийг ашиглалаа гэхэд л Оросын цэргийн логистик ажиллагаа, хөдөлгөөнийг сарниулж, ингэснээр аливаа давшилтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд саад болж мэдэх юм.
“Одоо Украин руу халдахад ашигладаг зэвсэг техникийн агуулах болон Оросын цэргийн хүч төвлөрсөн газарт Украин цохилт өгөх боломжтой болсон” гэж Харьковын тактикийн бүлгийн төлөөлөгч Юрий Повх үзэж байна.
Өмнө нь Украины Ерөнхийлөгч Зеленский мэдэгдэл хийхдээ ОХУ ээлжит давшилтаа хийхээр Харьковоос ердөө 90км зайд цэргээ төвлөрүүлж байгааг онцолж байлаа. Харин Дайн судлалын хүрээлэн хиймэл дагуулын зургуудад дүн шинжилгээ хийгээд, энэ бүсэд үнэхээр л агуулах байрууд дахь үйл ажиллагаа идэвхжсэнийг батлаж байв.
Энэ талаас нь авч үзвэл, дээрх объектуудад Украин цохилт өгөх боломжтой болсноор бүс нутагт үүсэх шинэ давшилт халдлагыг тогтоон барих боломжтой болох юм.
Гэхдээ Харьков орчимд төвлөрүүлсэн зэвсэгийг Харьков болон бусад хил орчмын хотуудыг бөмбөгдөхөд голчлон ашиглаж байгаа. Ийм халдлагыг зогсоохын тулд эдгээр бөмбөгийг тээвэрлэж яваа онгоцуудыг Украины цэргүүд устгах ёстой. Бөмбөгдөгч онгоцуудыг амдан устгах, Украины мэдэлд байгаа цорын ганц зэвсэг нь Америкийн Рatriot агаараас эсэргүүцэн хамгаалах систем юм. Гэвч эдгээр системийг Харьковын бүсэд байршуулах нь асар их эрсдэлтэй. Тагнуулын дронууд эдгээрийг хялбархан илрүүлснээр Оросын тал “Искандер” зэрэг пуужингаар цохилт өгөх магадлалтай.
Энд өгүүлэхэд, Украинд далавчит пуужин нийлүүлж байгаа Их Британи, Франц улс эдгээр пуужингаа ашиглахад нь тодорхой хязгаарлалт тавиагүй. Эдгээр пуужингийн тусгал нь 250 км байдаг юм. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макро өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийхдээ “Пуужин харваж байгаа цэргийн объектуудыг аюулгүй болгох зөвшөөрлийг бид Украинд өгөх ёстой” хэмээж байв. Эндээс харахад Франц улс Украинд нийлүүлж буй пуужингаа Оросын нутагт ашиглахыг зөвшөөрч байгаа бололтой гэж нэрээ нууцалсан эх сурвалж ВВС агентлагт өгүүлжээ.