-“Чингис хаан” анхны рок дуурь тавиад дэлхийн чихийг дэлдийлгэж л явлаа-
-Та ус нутаг хаанах билээ, Тараа ах?
-Би Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Өлийн худаг хэмээх газар төрсөн хүн. Сумынхаа бага сургуульд суралцаж байгаад арван настайдаа шилжин ирж Нийслэлийн 33 дугаар сургуулийг дүүргэсэн. Наймдугаар ангиа төгсөөд Багшийн сургуулийн хөгжмийн ангид суралцлаа.
-Танай ангиас алдартай хөгжмийн туурвилчид олон төрөв үү?
-Өө, нэг ангийнхан гэхээр чинь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, “Чингис хаан” одонт, төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, Монгол Улсын төрийн шагналт хөгжмийн зохиолч Халтарын Билэгжаргал бид гурав чинь тохой нийлүүлж суусан нөхөд шүү дээ. Бидний дараагийн үе гэхээр Чинжиг (Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзориг. Л.Б) эд нар гээд явчихна. Н.Жанцанноров багш гэхэд бидний дээд талд манай сургуулийг дүүргэсэн. Сүүлдээ бидэнд багшилсан түүхтэй. Манай ангийн багш Задгай гэж мундаг хүн ер гаруй настай хөгшин байна шүү.
-Их хөгжмийн зохиолч Билэгжаргал, Шарав гуай нар ямаршуухан хүүхдүүд байв?
-Билэгээ, Шарав бид гурав хуваарьгүй, арын хаалгаар л хөгжмийн ангид орж байсан юм шүү дээ. Билэгээг ээж нь хөтөлчихсөн, Шаравыг ах нь хөтөлчихсөн ирж шалгуулж байсан юм. Билэгээ нэг муу гитар нүднэ. Шарав нэг гармушки тоглоно. Хөдөөнөөс, биднээс авьяастай хүүхдүүд олон ирж байсан. Дундговиос Хоролсүрэн, Булганаас Болдоо гээд. Аккордиан, баян хуурыг чинь буруу солгойгүй тоглодог хүүхдүүд байсан.
Түрүүлээд сайн тоглодог болчихсон хүүхдүүд бидэн шиг нойлуудтай цуг оруулчихаар цалгарч назгайраад хаячихдаг юм шиг байна лээ. Тэгээд яах вэ, тэр арын хаалгаар авсан хүмүүс нь бүгд л Монголын хөгжмийн урлагийн суутнууд болж дээ. Бид харин завсаргүй хичээж хичээллэсэн. Манай ангид чинь гавьяат жүжигчин Туул байлаа.
-Ангийнхаа хүү, алдарт хөгжмийн зохиолч Шарав агсны тухай хуучлаач, та?
-Шаравтайгаа тавь гаруй жил үерхэж нөхөрлөж явлаа. Бие нь муудаад хагалгаанд ороход нь Бээжинд очиж хамт байлаа. Анд минь зуслангаасаа үе үехэн дуудахад очоод хуучилж суудаг сан. Унаган багын андаа их л эрхлүүлдэг байсан даа. Сэтгэлийн сайхан анд бурхан болсноос хойш их ганцаардах юм даа.
-Та яаж эрхлүүлдэг байв?
-Яахав дээ хөөрхий, хөгжмөө ярина. Ангийнхнаа дурсана. Муушиг тоглодог байлаа. Сүүлдээ ч бие нь ядраад юун тоглож наадахтай л манатай юм болсон. Энэ хорвоод ирээд буцна гэдэг хүний л нэгэн тавилан юм даа. (Санаа алдав. Л.Б)

-Багшийн сургуулийн хөгжмийн ангиа төгсөөд хаана хуваарилагдав?
-Сургуулиа төгсөөд Пионерын ордонд найрал дуу, баян хуур хөгжмийн багшаар хуваарилагдсан. Тэр үед чинь хотод цөөхөн төгсөгч үлддэг байлаа шүү дээ. Нэгдүгээр сургуульд Б.Шарав маань, тэгээд би үлдсэн юм уу даа. Х.Билэгжаргал маань Архангайн Багшийн сургуульд очсон. Би Пионерын ордонд олон жил ажилласан. Анх очуутаа төрийн шагналт яруу найрагч Цэгмидийн Гайтав гуайтай “Багачуудын ордон” гэдэг дуу хийсэн.
-Хүүхдүүд одоо ч дуулдаг сайхан дуу шүү…
-Балчинжав захирал дуудаад “Чи энэ хүнтэй дуу хий” гээд. Тийм том амьтантай дуу хийнэ гэхээс ухаан алдчихаж байгаа юм чинь. Пионерын ордны хүүхдүүд их дуулдаг л байсан. “Мөнгөн хонхны дуу” гэсэн түүвэрт байдаг юм шүү. “Агуу Лениний…” энэ тэр гэсэн үгтэй дуу л даа.
-Одоо ч тэр Лениний тухай бадгийг нь дуулдаггүй л дээ. Хөгжмийн зохиолчийн хувьд та хэний шавь бол?
-Гончигсумлаа багшид Гончигийн Бирваа багш маань дагуулж аваачиж шавь оруулсан. Манай үеийнхнээс эхнээсээ хойшоо явсаар би хамгийн сүүлд Свердловск хотын Хөгжмийн дээд сургуульд суралцахаар очсон доо. Уг нь 1977 онд хойшоо явчих байсан юм. Шалгалтаа өгчихөөд байж байсан чинь цэрэг татлагад ороод тэнцээд явчихдаг юм. Тэгэхдээ би сүүлд явахдаа бэлтгэл ангид суулгүй шууд үндсэн ангидаа орсон л доо. Ингээд найрал дууны удирдаачийн ангийг төгсөж ирсэн. Дөрөвдүгээр курстээ хөгжмийн зохиолчийн ангид орох гэсэн чинь багш маань дургүйцээд больсон юм.
-Таны анхны хөгжмийн бүтээл, дуунууд хэдийнээс олны түгээл болов?
-Багшийн сургууль төгсөхдөө би “Шанзны гоцлол” концерт бичсэн.
-Хөөх, оюутан байхдаа бүтэн концерт бичнэ гэдэг аргагүй л авьяас билгийн бурханы харьяатын шинж дээ?
-Залуу байхад зоригтой байж. Юм мэддэггүй хүн чинь их зоригтой байдаг байхгүй юу. Тэгэхэд манай Шарав, Билэгжаргал нар чинь хөгжим бичих нь бараг сураггүй байсан байх аа. (Инээв. Л.Б) Багшийн сургуулийн тавин жилийн ойн үзэсгэлэн дээр Нацагдорж багшийн “Хуучирын гоцлол”, миний “Шанзны гоцлол” хоёрын ноот байдаг байсан. Одоо би тэрийгээ олдог ч үгүй юм. Миний анхны олонд түгээл болсон дуу чинь “Ээжийн бүүвэйн дуу” юм уу даа.
-Ямар дуу билээ?
-Яруу найрагч Цамбын Зоригтсайхан агсны шүлгийг нь бичсэн дуу л даа. Чи бараг мэдэх л ёстой доо.
“Хорвоо дэлхийд сонссон
Ээжийн бүүвэйн анхны дуу
Хонгор зүрхийг уяраасан
Ээжийн цагаан уяхан дуу
Ээжийн бүүвэйн энэ дуу
Эгшиг надад хайрласан
Энэ л миний дуулах дуу
Ээжийн бүүвэйн дуу” гээд эхэлдэг.
-Өө, их сайхан дуу шүү дээ. Дуучин Оюунтүлхүүр дуулдаг байх шүү?
-Анх Чулуунхүү гавьяатын охин Мөнхчулуун дуулсан юм шүү. Гончигсумлаа багштай хичээллэж байхад “Хараацай минь нисээрэй” гэсэн дуу бичиж байлаа. Гавьяат жүжигчин Эрдэнэбатын дуулдаг “Цасан дээрх танго”, “Эмчийн сэтгэл” гээд хэд хэдэн дуу бий.
Харин би нийтийн дуу руу нэг их ороогүй хүн юм аа. Яг одоо бол дууны үйлдвэрлэл явагдаад байна уу даа. Би далан дөрвөн оноос дуу бичсэн. Тоолоод үзвэл зуугаад л юм байгаа байх. Тэгэхэд ноднин уржнан л дуу бичиж эхэлсэн хүн гурван зуу, дөрвөн зуун дуу хийчихлээ гэх юм. Бүх дуу нь сонсоход адилхан л дуу байх юм. Гончигсумлаа гуайд гэхэд үсрээд тав, арван л аварга дуу байгаа байх аа. Одоо бол хүмүүс ичих булчирхай байхгүй болчихож дээ.
-Тийм гунигтай явдал ч байгаа байх шүү. Хөгжмийн дээд сургууль дүүргэж ирээд хаана ажиллав?
-Наян зургаан онд төгсөж ирснийхээ дараа Германд мэргэжил дээшлүүллээ. Ирээд “Варьетте” чуулгыг байгуулан ерөнхий удирдаач, хөгжмийн зохиолчоор ажилласан даа. Ингэж хөгжим бичих ажил толгой дээр буулаа даа. “Варьетте” чинь хотын имижийг харуулсан их сайхан чуулга байлаа.
Одооны энэ “Улаанбаатар” чуулгыг ямар хотын чуулга гэх юм бэ. Хөдөөний чуулгуудтай л адил ардын дуугаар дагнасан шахуу чуулга байгаа биз дээ. Тухайн үеийн Улаанбаатар хотын дарга Мөнхжаргал гуай чинь Франц, Италигүй явж юм үзэж нүд тайлсан хүн болохоор өрнийн тэр гайхамшигт чуулгуудыг мэддэг хүн байсан. Тэр хүний захирамжаар анх байгуулагдсан юм.
Сая өнгөрөгч (2024.05.11-нд) сарын 11-нд “Варьетте-35, С.Тараа-45” гэсэн тоглолт болж Хилийн цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга, “Варьетте” Монгол Улсын гурван том чуулга хамтарч тоглолоо. Миний уран бүтээлээ хийж эхэлсний 45 жил, “Варьетте” чуулга үүсэн байгуулагдсаны 35 жилийн ойг ташруулан ийм тоглолт зохион байгуулсан.
-“Варьетте” чуулга ч бас л цаг үедээ гайхагдаж байсан алтан тайз даа…
-Бид тэр үед Соёлын төв өргөөнд дандаа гадаадынханд ёстой нэг орой болгон тоглож байлаа даа. Дуучин Оюунчимэг, Эрдэнэцэцэг эд жинхэнэ мандаж байлаа. Хөгжим бүжгийн сургууль төгссөн хөгжимчдийг авчихсан, Дарханд ангиараа очсон бүжигчдийг татчихсан, анхны эстрад найрал хөгжим дуугарч байсан сайн хамт олон байсан даа.
Симфони-жааз оркестртой. Энд ажиллаж байтал 1995 оны үед байрыг нь өмч хувьчлалаар булааж авснаар энэ сайхан чуулга бутарсан юм шүү. Энд байхдаа би бүжгийн хөгжим, жүжгийн хөгжмүүд, жааз оркестрт зориулсан аяз олныг бичсэн дээ.
-Та Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгад олон жил ажилласан санагдах юм?
-Цэргийн чуулгын оркестр солигдож байх үед “шар” Даваа маань намайг ирж ажиллаач гэж урьсан. Тэрнээс хойш арван долоон жил ажилласан байна лээ. Ерөнхий удирдаач, хөгжмийн зохиолч гээд хийгээгүй ажил байхгүй дээ. Энд очоод би Цэргийн чуулга бол зөвхөн цэргийн жагсаалын дуунаас гадна утга-уянгын уран бүтээлтэй байх ёстой гэж их олон уран бүтээлээ зориулсан.
Цэргүүд эх орны дуунаас гадна эцэг эх, янаг амрагийн тухай дуу дуулах ёстой биз дээ. “Жаахан цэрэг өндөр болно. Жаварт даарахгүй өлчир болно” ч юм уу, “Цэрэг бүсгүй” энэ тэр гэсэн стиль имижийн өөр жааз маягийн дуунууд хийж байлаа.
-Таныг олон киноны хөгжим бичсэн гэдэг юм билээ?
-Уран сайхны арван зургаан киноны хөгжим бичсэн юм билээ. “Жин дунгуй”-гаас эхлээд “Миний охин ээждээ ир”, “Сүүгээр амилсан хорвоо” гээд нэлээд хэдэн юм байна аа. Хамгийн сүүлд “Худгийн мисс” гэдэг кино зурагтаар гараад л байна лээ. Дарханы Ганбаатар найруулагч, том Биндэр нартай олон кинон дээр ажилласан.
-Монголын анхны рок дуурь тайзнаа амилуулсныг чинь мэдэх юм байна?
-Их Монгол Улс байгуулсны 800 жилийн ойд зориулж “Чингис хаан” рок дуурийг бичсэн. Монголын анхны рок дуурь байгаа юм. Америкаас, дэлхийн олон орноос урлаг соёлынхон, хэвлэл мэдээллийнхэн үзээд шагшиж л байсан. Ах нь тэр үед мандаж байлаа. (Инээв. Л.Б) Дэлхийн том хэвлэлүүдэд яриа өгөөд л. Тэр рок дуурь маань оны шилдэг уран бүтээлээр шалгарч байсан. Би сүүлийн үед нэг юманд их харамсаад байгаа.
-За юунд тэгтлээ харамсах болов?
-“Чингис хаан” рок дуурь тавиад ЦДБЭЧ-аас гарах минь яалаа гэж. Удирдаач хийхээр өөрийн уран бүтээлээ үндсэндээ хаячихдаг байхгүй юу. Тэгсэн бол би чөлөөтэй олон сайхан уран бүтээл хийх байж. Цэргийн чуулгаас гараад дөрөв таван жилийн дотор оркестрт зориулсан “Төгөлдөр хуурын нэгдүгээр концерт”-оо бичлээ.
“Морин хуурын квартет”, нутагтаа зориулж “Алтай” симфони найраглал бичлээ. Хийл, виоленчели, төгөлдөрийн гурвал концертоо хийсэн. Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Д.Дашдондовын цомнолоор “Цогт тайж” дуурь бичсэн. Хоёрын хооронд юм хийчихсэн шалдан банди ч биш ээ, би. Жаахан шударгадуу хүн ч тэгээд хохирч л явдаг хорвоо юм шив дээ.
-Таныг аль эрт гавьяатаа авчихсан хөгжмийн зохиолч гэж мэргэжлийнхэн чинь ярих юм билээ. Хөшигний ард нуугдаад байдаг даруухан амьтан юм биш үү, та?
-2002 онд “Маргааш гавьяатыг чинь гардуулна” гээд Баасанхүү генерал надад хэлсэн юм. Тэгсэн л маргааш нь өөрчлөгдчихсөн байх жишээтэй. Төрийн шагнал чинь бас зовлонтой юм байна шүү дээ. Хаа газар ченжүүд бий болчихсон. (Гашуунаар мушийв. Л.Б) Үнэхээр авах цаг нь болчихсон хүн төрдөө шагнуулж байхад баяр хүрдэг юм шүү. Бүүр өмнөөс нь баяр хүрээд ганц нэг хундага татмаар санагдана. Үнэхээр нэг сонин нөхөр авчихвал бас татмаар санагдана. Юм чинь их сонин шүү дээ. Би яахав дунд үеийн л нэг хөгжмийн зохиолч. Тэрнээс алдар суутай элдэв хүн рүү яваад байдаг нэгэн биш шүү дээ.
Сүүлийн үед сонсголоороо явдаг баарны хөгжимчин, дуучид л төрийн шагнал авдаг боллоо. Филармонид арав, хорь, гучин жил ажилласан мэргэжлийн гайхамшигтай хөгжимчид шагнал авч байна гэж сонссон уу. Мэргэжлийн хөгжим, сонирхогчдын урлаг хоёрыг төр ялгаатай харах цаг нь уг нь болсон л баймаар.
-Мэргэжлийн хүний нүдээр харахад тийм л байдаг байх даа?
-Соёлын яамнаас л шалгалт хийчихэд болоо шүү дээ. Монголд тэгээд хөгжмийн боловсролтой хүн улам цөөрөөд байна л даа. Намайг залуу байхад аливаа чуулгын удирдлагад гавьяат цолтой хүн байдаггүй байлаа.
Жүжигчид, дуучид нь цол авдаг байлаа. Одоо тэгсэн нэг нөхөр аль нэг урлагийн байгууллагад даргаар очлоо гэхэд уран бүтээлчдийн хийсэн уран бүтээл дээр хувийн тоглолт хийгээд л өөрийгөө гавьяатад тодорхойлоод энгэртээ тэмдэг зүүдэг болчихсон шүү дээ.
-Тийм новшийн юмс их олширчээ, ах минь. Урлагийнхны гэр бүл гэж хазайхад түшиг, халтирахад таяг болсон улс байдаг даа?
-Миний хань Бяруузанын Мөнхцэцэг гэж Монгол Улсын мастер эсгүүрчин хүн бий. Завхан аймгийн Алдархаан сумын уугуул. Сайн хүнтэй сууна гэдэг шар тэмдэг авахаас илүү эр хүний хамгийн том аз юм шүү.
Хөгжмийн зохиолч Самдангийн Тараагийн тухай “Викепедиа” нэвтэрхий тольд ийн дурджээ
Монголын хөгжмийн зохиолч, найрал дууны багш-удирдаач. 1953 оны гуравдугаар сарын 30-нд Говь-Алтай аймгийн Төгрөг суманд төрсөн. Сумын бага сургуульд орж суралцаж байгаад 1963 онд 10 настайдаа Улаанбаатар хотод шилжиж ирсэн. 1968 онд Москвагийн нэрэмжит Нийслэлийн 33-р дунд сургуулийн 8-р ангийг төгссөн.
1968-1972 онд Багш нарыг бэлтгэх сургуульд суралцаж төгсөн дуу хөгжмийн багш мэргэжил эзэмшсэн. 1979-1986 онд ЗХУ-ын Свердловск хотын М.П.Мусоргскийн нэрэмжит Уралын хөгжмийн их сургуулийг найрал дууны багш-удирдаач мэргэжлээр дүүргэсэн.
1986 онд Хөгжмийн их сургуулиа төгсөөд Зүүн Германд мэргэжил дээшлүүлсэн.
1973-1977 онд Монголын пионер сурагчдын ордонд найрал дууны багш, 1977-1979 онд Цэцэрлэгийн багшийн сургуульд хөгжмийн багш, 1986-1988 онд МҮЭ-ийн Соёлын төв ордонд хөгжмийн багш, 1988-1995 онд “Варьете” чуулгад хөгжмийн зохиолч-удирдаач, 1995-1997 онд “Цагаан уул” киностудид хөгжмийн зохиолч, 1996-2013 онд ЦДБЭЧ-ийн удирдаач, ерөнхий удирдаач, ерөнхий хормейстр, хөгжмийн зохиолчоор ажиллажээ.
1990 онд Монголын Хөгжмийн зохиолчдын эвлэлийн гишүүнээр элссэн. “Алтан гадас” одон, БХЯ-ны “Хүндэт тэмдэг”, Хилийн цэргийн “Хүндэт тэмдэг”, “БХЯ-ны “Хүндэт жуух бичиг”, Ардын хувьсгалын ойн медалиудаар шагнагдаж, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны нэрэмжит шагнал, Соёлын тэргүүний ажилтан цол хүртжээ.
1972 онд Багшийн сургууль төгсөхдөө “Шанзны гоцлол” концерт бичсэн. 1973 оноос манай алтан үеийн суут хөгжмийн зохиолчдын нэг С.Гончигсумлаагаар хөгжмийн зохиомж заалган 1974 оноос “Хараацай минь нисээрэй”, “Багачуудын ордон” зэрэг дуугаар дууны уран бүтээлийн гараагаа эхлүүлжээ. Түүний “Ээжийн бүүвэйн дуу”, “Хүйн ээж”, “Эмчийн сэтгэл”, “Миний хань”, “Танго”, “Жаахан цэрэг”, “Цэргийн бүсгүй” зэрэг хүмүүний сэтгэлийн чавхдсыг эрхгүй хөндөх содон аялгуутай олон сайхан дууг монгол түмэн зуун дамжин таашаан сонссоор ирсэн билээ. Ц.Зоригтсайханы шүлэг,
С.Тараагийн хөгжим
“Бурхан чөтгөр хоёрыг аргаа барсан мөчид
Буурал дээдсийн голомты нь айж түгших агшинд
Амьдрал, үхэл хоёрын амсар нийлсэн уулзвараас
Аврал эрсэн биесийн минь алтан хэлхээг салгасан
Ээжээс минь өмнө энхрийлж намайг тэвэрсэн
Эрлэгийн үүдийг хаасан ээж-хүйн ээжий” гэсэн үгтэй энэ дуу он цагийн шалгуураар хэдийнээ Монгол түмний удам залгах энхрий бяцхан үрсийг эндэл осолгүй эх барьж авах энхийн манаанд зогсох эх баригчдын сүлд дуулал болжээ.
1980-аад оны сүүлээр Монголд анх “Варьете” чуулга байгуулагдахад Соёлын Яам, МХөЗЭ зэрэг удирдах дээд байгууллагын шийдвэрээр томилогдон очиж 1990-ээд оны дунд үе хүртэл ажиллахдаа бие даасан эстрад симфони найрал хөгжмийг байгуулж хөгжмийн зохиолч-удирдаачаар ажиллаж байв.
1995, 2024 оны эхээр өөрийн уран бүтээлийн тоглолтоо хийж үзэгч сонсогчддоо толилуулсан. Улс орон төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн системд шилжсэн хүнд үе 1995 оноос Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад тасралтгүй 17 жил ажиллажээ.
Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ойд зориулж бичсэн “Чингис хаан” рок дууриараа 2006 онд БСШУЯ-ны “ОНЫ ШИЛДЭГ” уран бүтээлийн шагнал хүртсэн. 150 гаруй хүний бүрэлдхүүнтэй, цаг хорин минутын турш үргэлжлэх уг бүтээлээ тэрбээр ари романс, хоршил, үглэл дуу зэрэг сонгодог дуурийн бүхий л төрлүүдэд түшиглэн зохиохдоо уртын дуу, хөөмэй зэрэг ардын язгуур урлаг, дуу бүжгийг рок хөгжмийн хэв маягтай нягт уялдуулан хослуулж хөгжмийн шинэ төрөл урсгал болох “рок дуурь”-ийг Монголын хөгжмийн урлагт төдийгүй Азид анх удаа гаргаж ирсэн юм.
Тэрээр соёл урлаг, боловсролын байгууллагуудад багшлахдаа залуу үеийг сурган хүмүүжүүлж, мэргэжлийн хөгжимчид, багш нарыг бэлтгэхэд өөрийн авьяас билэг, ур чадвараа бүрэн дайчлан ажиллаж Монголын хөгжмийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан хүн юм.
Уран бүтээл
Тайз дэлгэцийн бүтээл
Дуурь
“Чингис хаан” рок дуурь (Д.Ганзоригийн цомнол)
“Цогт тайж” дуурь (Д.Дашдондовын цомнол)
Уран сайхны кино (16 киноны хөгжим бичсэн)
“Амьдрал”
“Ахадсан ачаа”
“Жин дунгуй”
“Зүрх зогсохгүй”
“Миний охин ээждээ ир”
“Санан санан дурсана”
“Сүүгээр амилсан хорвоо”
“Худгийн мисс”
Дуу-хөгжмийн чуулбар
“Миний сайхан хөдөө”
“Намуун үдшийн бороо”
Бүжиг (10 бүжгийн хөгжим бичсэн)
“Галын бүжиг”
“Хатдын бүжиг”
“Хилчин”
“Хорин нэгэн Дарь-Эх”
“Хөдөөгийн залуус”
Дан хөгжмийн бүтээл
“Алтай” симфони найраглал
“Шанзны гоцлол” концерт (1972)
“Төгөлдөр хуурын нэгдүгээр концерт”
“Морин хуурын квартет”
Хийл, виолончель, төгөлдөр хуурын гурвал концерт
“Аяз” – эстрад найрал хөгжим
Дуулаачийн бүтээл
“Алтай зүгийн унага” (шүлэг Ч.Дагвадорж)
“Андуураагүй анхны харц” (шүлэг Ж.Биндэр, А.Бямбацогт)
“Багачуудын ордон” (шүлэг Ц.Гайтав)
“Баян Туул” (шүлэг Г.Донид)
“Бүсгүй” (шүлэг Н.Содномцэрэн)
“Жаахан цэрэг” (шүлэг Д.Дашдондов)
“Жин дунгуй” киноны дуу (шүлэг Д.Намсрай)
“Миний нутгийн Сутай” (шүлэг Т.Доржоо)
“Миний үр ээждээ ир” (шүлэг Ц.Зоригтсайхан)
“Миний хань” (шүлэг н.Баярсайхан)
“Намрын бороо” (шүлэг Д.Хишигжаргал)
“Нутаг нугын бүсгүй” (шүлэг Н.Пүрэв)
“Нутгийн уулс” (шүлэг Г.Батболд)
“Санаад л байна” (шүлэг Н.Пүрэв)
“Танго” \ “Цасан дээрх танго” (шүлэг Д.Батсүрэн)
“Хараацай минь нисээрэй” (шүлэг …)
“Хүйн ээж” (шүлэг Ц.Зоригтсайхан)
“Цэргийн бүсгүй” (шүлэг Ч.Бадамсүрэн)
“Чамдаа ээж нь хайртай” (шүлэг Ж.Ганчимэг)
“Эмч сувилагч хоёр” (шүлэг Ш.Сүрэнжав)
“Эмчийн сэтгэл” (шүлэг Д.Дашпунцаг)
“Энэ миний анхны хайр” (шүлэг Ч.Баярлах)
“Эхийн захиас” (шүлэг н.Болдбаатар)
“Ээжийгээ би дуулна” (шүлэг Г.Бавуудорж)
“Ээжийн бүүвэйн дуу” (шүлэг Ц.Зоригтсайхан)