2024-12-03, Мягмар
-15 C
Ulaanbaatar

Аянгат луу улсын найзууд

Бутан Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук 7 дугаар сарын 8-15-ны өдрүүдэд манай улсад төрийн айлчлал хийж буй. Энэ өдрүүдэд бутан найзуудаас и-мэйл, мэссеж тасралтгүй ирж эхэллээ. Өдөр болгон бороо ороод л, нар шатаад л байдаг мөнхийн ногоон орон Филиппин улсын нийслэл Манила хотод уртаас урт чилийсэн 8 жил амьдрахдаа ёстой л зүсэн бүрийн хүмүүстэй уулзаж нөхөрлөсний дотор хоёр бутан айл байсансан.

Тэд гэр бүлээрээ Монголд ирж, Улаанбаатарт байж хөдөө гадаагүй аялсаар буцсан улс. Нэг найз хүүхэн маань Бутаны хааны садан төрлийн хүн. Сэтгүүлч мэргэжилтэй, асар өндөр боловсролтой, ном бичнэ, уран зурагт дуртай бүсгүй. Өнөөх нь манай хөрш, дунд сургуулийн багш хүүхэн Таши. Энэ төвөд нэр нь бидний дууддагаар бол Даш юм билээ.

Butan

Хашаа даган ургах гадил жимсний моддын далбагар том навчинд тогтсон борооны усанд цохиулсан Таши норсон халимаг үсээ алгаараа илэн арчсаар манай гэрт инээсээр орж ирсэн төрх нь одоо ч сэтгэлд тод байдаг. Бид анх тэгж л танилцсан юм. Тэднийх зочдоор тасрахгүй. Байсхийгээд монгол айлтай хөрш болсондоо ихэд олзуурхах найз маань өөрийгөө монгол гаралтай хэмээнэ.

Гэртээ ирсэн зочин гийчин найз нөхдөө байнга бидэнтэй танилцуулах тул нэг мэдэхэд зөндөө бутан хүмүүстэй найз болж, өөрийн эрхгүй Бутан орны тухай олон сайхан зүйлсийг заалгаж, сурч мэдсэн билээ.

Өндөр уулс, үзэсгэлэнт хөндий, онгон дагшин унаган байгаль, ан амьтадаар баялаг энэ нутгийг “Аянгат луугийн орон” хэмээдэг нь яг оносон нэр мэт. Сүрлэг уулсын бэл, толгодын орой дээр барьсан эртний хуучин сүмийн алтан орой ганжирууд гаялалзах нь Бутаны гайхамшигт нууцуудын нэг.

Энэхүү ихэмсэг, сүрлэг дүр төрхийн цаана “Буддын их ухааныг амьдралдаа нэвчээж шингээсэн бутанчууд” гэх бахархал бий. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг биш дотоодын аз жаргалыг илүүд үздэг, иргэдийнхээ аз жаргалыг бүгдээс өндөрт тавьдаг өөр ямар улс бидний цэнхэр гарагт байгаа билээ. Чухам энэ л тал нь бутанчуудыг дэлхийд онцгой харагдуулдаг.

Мөнх цас тугтийлсэн Хималайн сүрдэм нуруудын дээгүүр өтгөн цагаан манан хүдэн суунаглах нь цаанаа л үзэсгэлэнтэй. Уулын хөндийгөөр нэг тэнгэрийн дуу нүргэлж, асгаран шаагих бороо, нүргэлэн буух аянга нь үнэхээрийн айж сүрдэм гэдэг. Яг л үлгэр домгийн амьтад амилан босож, луу хүржигнэн үүлстэй орооцолдон хөвж, бар архиран хүрхэрсээр нисэх мэт сэтгэгдэл төрүүлдэг аж. Тиймээс л бутанчууд өөрсдийгөө “Бид бол “Аянгат луу орон”-ынхон” хэмээдэг гэнэ.

Butan

1961 оныг гартал Бутан улсад очиход хэцүүхэн байж. Тийш зүглэх цорын ганц унаа нь морь байжээ. Өөрөөр нэвтрэх аргагүй байсан гэдэг. Одоо гэсэн Бутан тийш явах зам амаргүй. Хималайн нурууны нам дор газар, дов толгодуудыг өгсөж уруудаж, огцом тойрч эргэдэг, тахийж мушгирсан аюултай машин замтай.

Нийслэл хотоосоо гарч хөдөө явж хөглөсөн тухай хөгжилтэй олон явдлаа ярьж биднийг инээлгэдэг бутанчууд аман ярианы 24 хэл аялгуутай ч албан хэл нь төвөдийн жонха хэл. Хэдхэн төвөд үг, төвөд хүний нэрнээс цаашгүй надад найзууд маань мөн ч их зүйлийг хичээнгүйлэн зааж тайлбарлаж өгнө.

Жонха буюу Зонка хэл нь Сино- Төвөд хэл, “жон гэдэг нь хэрэм цайз, ха- нь бол хэл яриа” гэсэн үг хэмээн төвөдөөр бичиж харуулна.

Бидний хэлдэгээр энэхүү зонка буюу жонха хэл нь өмнөд төвөдийн хэл юм билээ. Бутанчууд шашин шүтлэгтэй улс. Өдөр болгон мөргөлийнхөө өрөөнд орж бурхандаа сүслэн мөргөж, зулаа асааж, тарни мэгзмээ уншина. Мөргөлийн өрөөнд нь ороод суухад, яг Монголынхоо сүм хийдэд байгаа мэт дотно дулаан мэдрэмж сэтгэлд өөрийн эрхгүй төрнө. Хөршийн маань байшин гэдэг бага зэргийн хийд адил байдагсан.

Дээврээсээ битүү татсан төвдийн залбиралын дарцаг хөх, улаан, иш ногоон, шар, цагаан өнгөөр алаглах нь бусдаас тун содон тул христосийн шашинт филиппинчууд байнга сонирхож асууна.

Butan

Таши маш сайн хэлтэй тул ёстой тайлбарлаж гарна даа. “Энэ таван өнгө өөр өөрийн утга учиртай. Тэнгэр, салхи, гал, ус, газар шороо төлөөл бөгөөд дэлхийн хамаг сайн сайхан хүн амьтны тусын төлөөх бодол залбиралаа бурхандаа харуулж буй сүсэгтний илэрхийлэл” гэж ирээд уйгагүй тайлбарлана.

Бутанчууд бурханаа шүтэж, хаанаа дээдлэн хүндлэнэ. Гэртээ хааныхаа сайхан зургийг тавьж тэдний удам угсааны түүхээс өгүүлж гарна даа.

Би ч найзуудаасаа түүх урлаг, шашин спорт хийгээд амьдралын хэв маяг гэх мэт элдвийг асууж шалгааж байхдаа манайхтай ижил төстөй талуудыг нь дотроо эрэлхийлдэг байв. Хималайн сая ч хүрэхгүй цөөхөн хүн амтай, эзэн хаант энэ улсын уламжлалт спорт нь яахын аргагүй нум сум харваа.

Хөдөөний тосгон бүр өөрийн гэсэн нум сум харвах талбайтай, нийслэл Тимпу хотын цэнгэлдэх хүрээлэндээ харвалтын тусгай газартай. Улсынхаа сар харвалтын аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр хийхээс гадна Бутаны Лосар буюу Цагаан сарын аварга шалгаруулах тэмцээн өргөн дэлгэр болно.

Butan
“Хуру”-дартс

Бидний хэдэн найзууд “Дигор”, “Хуру”,” Соком”, “ Пундо” хэмээх тоглоомуудыг хаа нэг хүнгүй газар очиж тоглодог байж билээ. “Дигор” тоглоход тусгай хэрэгсэл огт хэрэггүй. 20 гаруй метрийн зайнд таввсан байг хавтгай чулуугаар онох. Гэхдээ даллаж шидэхгүй, гарын алгаа өөдөө харсан байдалтай яг боулинг шиг шидэж онох учиртай.

“Хуру” нь их хөгжилтэй. Гадаа задгай талбайд аварга том дартс шидэж 15-20 метр хавьцааны зайтай бай онож нааддаг тоглоом.

”Соксом” нь болохоор шулуун сайхан мөчир бургасны үзүүрийг жад мэт үзүүрлэн шовхлоод шиднэ. Харамсалтай нь бид “ Пундо” хэмээх тоглоомыг ярьсаар байгаад тоглож амжаагүй юм.

Butan
Дигор

Бутан найзууд гэртээ төвөдийн гар хийцийн ганган хивсүүдээ шалаар дэвсэж, ширээ дүүрэн нутгийн хоолоор дайлна. Хөгжилтэй яриа хөөрөө өрнөсөн ширээн дээр агшаасан будаа, тахиа, хонь, гахайн өөх тунарсан мах, үхрийн борц өнгө алаглана. Ногоон улаан халуун чинжүүтэй “ема датши” гэдэг нэртэй үндэсний хоолоо их хийнэ. Гараа гарган байж момо (биднийхээр банш) жигнэж иднэ.

Butan

Соксом

Цагаан сараар ай мөн сайхан шүү, “ Tashi Deleg- Дашидэлэг” хэмээн алга хавсран урьж гэртээ оруулна. Дашидэлэг гэдэг нь сайн сайхныг ерөөе, бэлгэдэл бат мөнх оршигоо гэсэн бэлгэ дэмбэрэлтэй үг юм билээ. Найзуудад байсхийгээд л “Ара” бас “Араг” гэдэг нутгийнх нь нэрмэл архи ирнэ. Таши их баярлана орж ирээ, ара уу гэж дуудна. Заримдаа, үүдэн дээрээ зогсоод, гадаа тоглох манай хүүг “Цэгмээд, хөөе Цэгмээд ээжийгээ ороод ир гэж хэлээ” хэмээн чангаар дуудна.

Butan
Ара араг

Хүү маань нэрийг сольж дуудахад жаахан дургүй. “Энэ Таш эгч та яагаад намайг дандаа Цэгмээд гэж дуудаад байдаг юм бэ, Цэлмэг гэж хэлээч дээ” гэхэд цаадах нь “Ай лама” гэж хэлээд инээгээд л өнгөөрнө. Тэгээд л төд удалгүй “Цэгмээд” гээд дуудна.

“Ара” нь манай тогооны нэрмэл архитай тун төстөй. Амтны хувьд арай жаахан өөр. Учир нь Бутанчууд нэрмэлээ өндөрлөг газартаа ургах арвай, будаа, эрдэнэ шиш, улаан буудайнаас гаргаж авдаг юм билээ.

Butan
Хөдөөний эгэл жирийн амьдрал

Butan

Butan
Алс хол хөдөөний дэлгүүр
Butan
Хималайн бэлээр
BUtan
Хотын лам нар
Butan
Үндэсний музей
Butan

Барилгын хэв загвар
Butan
Уламжлалт усанд орох ванн

Butan

Butan

Butan

Butan

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img