2024-10-26, Бямба
5 C
Ulaanbaatar

Орчин цагийн аугаа их сэтгэгчид

“Хүн бэлгийн эрчим хүчээ хэмнэсний үр дүнд л урлаг соёл зорилгоо биелүүлэх нөөцтэй болдог”

Г.Аюурзанын “2*2=6 буюу суут жаран сэтгэгч” ном сонгодог философийг танилцуулж байсан бол “Орчин цагийн аугаа сэтгэгчид” нь орчин цагийн сэтгэлгээ хаана хүрчихэв ээ гэдгийг хэлж өгнө.

Энэ тухай олон юм ярьж болох ч энэ номоос хоёр санааг онцолж хүргэхийг хүслээ.

“Жинхэнэ яруу найраг хуурмаг толгой холболтоос юугаараа ялгагддаг гээч. Тэнд  асар их хүсэл, байж ядсан сэрэл, дээдийн мэдрэмж  нуугдан байдаг” хэмээн зохиолч онцолжээ.

Энэ дүгнэлтээ тэрбээр Зигмунд Фройдын тухай бичихдээ хийжээ.

Орчин цагийн шинжлэх ухаан, тэр дундаа урлаг судлалыг  психоанализгүйгээр төсөөлшгүй.  Психоанализ   буюу сэтгэцийн задаргааг үндэслэгч болохынхоо хувьд  Зигмунд Фройд XX зууны гарамгай сэтгэгчдийн нэгд тооцогдоно гэнэ шүү.

1900 онд анх хэвлэгдсэн “Зүүдний тайлал”  хэмээх ном нь өнөөг хүртэл сэтгэлзүйчдийн  “библи” гэгдсээр байна. Фройдын бичиж үлдээсэн өв маш их бөгөөд хамгийн гол гэгдэх бүтээлүүдээс нэрлэвэл “Хуял тачаалын онолын гурван тэмдэглэл”, “Онго шүтээн ба цээр”,  “Ердийн амьдралын сэтгэл зүй”, “Психоанализын тухай”, “Таашаалын зарчмын нөгөө талаар” зэрэг болно.

Ухамсаргүйгээр зөнгөөрөө л хийгдчихдэг  олон үйлдлийн цаад үндсийг Фройд тайлбарлажээ.

Амьтан бүхэн аминдаа хайртай, өөрийнхөө ая тух, таашаал хүслийг л дагаж явдаг. Өөрөөр хэлбэл бие махбодийн хэрэгцээгээ хангаж, зовж тарчлахаас зугтахыг эрмэлздэг нь амьтны жам ёс. Харин хүнд нэг онцлог бий нь хэрэв хүсэл тачаалаа хангах нь  түүний амьд явахад  аюул занал учруулахаар бол дур хүслээ гүйцэлдүүлэхээ  хойш тавин татгалзаж чаддаг.

Энэ нь амьтдаас  ялгарах хамгийн гол ялгаа бөгөөд ингэснээрээ таашаал хүслийн зарчмыг  бодот нөхцөлийн зарчмаар сольдог гэж Фройд үзжээ.

Жаахан хүүхэд хүссэн бүхнээ авах гэж уйлж орилдог нь нөгөө л “таашаал хүслийнхээ зарчмаар” оршин буйн шинж байх нь. Хүн насанд хүрэхийн хэрээр  ухамсар нь бодот нөхцөлийн зарчим”-д суурилж, мөнөөх адгуусан зан төрх нь далдын далд нуугдчихдаг ч  ухамсаргүйгээр илрэх нь бий.

Ухамсаргүйгээр амнаасаа унагачихдаг үг,  үйлдэл нь ухамсрын хяналт суларсан үед аль эсвэл зүүдэнд юм уу сэтгэцийн өвчний үед ажиглагддаг байна.

Эндээс үзвэл иргэншсэн нийгмийн  ёс зүйн хэм хэмжээ хүний байгалийн чанартай зөрчилддөг, дарангуйлдаг ч гэж болох нь.

Ухамсаргүйг Фройд нээсэн мэтээр ойлгодог нь бас буруу юм байна.

Бүр Христийн тооллын өмнөх V-IV зуунд аж төрж явсан Буддын их хөлгөний йогочара философийг үндэслэгч Васубанду “Өнгөрсөн цагаас үлдсэн кармын ул мөр ухамсарт хадгалагдаж хүний хожмын үйлдэлд нөлөөлдөг” тухай номлосон байдаг гэнэ.

Энэ мэтээр ухамсаргүй гарч ирдэг үйлдлийн талаар өмнөх үеийн сэтгэгчид цөөнгүй бичиж байсан ч Фройдын сургаалын шинэлэг тал нь  “Ухамсаргүйгээр хийгдэх зүйлс нь  хүний адгуусан зөн, бэлгийн дур хүсэлтэй холбоотой”-г тайлбарласанд оршино.

Фройдынхоор бол хүн хуял тачаалаа  нийгмийн ёс зүйн хэм хэмжээ, урлаг соёлын үнэт чанарт сөргүүлснээр сэтгэцийн хямралд ордог гэнэ. Аливаа иргэншил  хүсэл тачаалыг хязгаарласны үндсэн дээр л тогтдог гэсэн санаа л даа.

“Хүн бэлгийн эрчим хүчээ хэмнэсний үр дүнд л урлаг соёл зорилгоо биелүүлэх нөөцтэй болдог” гэсэн санаа “Психоанализ. Шашин. Соёл” хэмээх зохиолд нь дурайж буй.

Эцэст нь зохиогч тун ч сонирхолтой дүгнэлт хийснийг хүргэе.

 “Ухан бодвоос хүн тус бүрийн сэтгэцийн байгууламж нь Японы багт театр мэт, эмэгтэй хүний дүрээр нүүрээ хувиргасан эрчүүдийн Бээжин дуурь мэт нууцлаг юм.

Тэгээд ч бидний бахдан уншдаг яруу найргийн бүтээлүүд дарагдашгүй хүсэл улангаслын дуун байдаг биш үү?

Тэгэхээр урлагийн төгс төгөлдөр бүтээл гээчид маань ухамсаргүй онгод тачаалын  үр дүн болж таарах нь.

Дундаж хүмүүсийн дарангуйлал

Ямар нэгэн онцгой чанар авьяасгүй өөрийн гэх дүр төрхгүй бусдаас үл ялгарах ерөнхий хүн.

Ийм ерөнхийчүүдээс бүрдсэн олон нийт өөртэйгээ адилгүй  бусдаас өөрөөр сэтгэдэг хүмүүсийг  нийгмийн хог шаар мэтээр үзэж, адлаж устгахаар чармайдаг…

Өнөөдөр зөвхөн олонхыг л бүгд гэж тооцох болов. Гэтэл үнэн хэрэгтээ олонх гэдэг бол хараахан бүх хүн  гэсэн үг биш шүү дээ.

Сэтгэл сэрдхийлгэм эдгээр үгсийг орчин үеийн испани хэлтний ертөнцийн хамгийн том философич Хосе Ортега-и- Гассет хэлжээ.

Ортегагийн “Дорд олонхын бослого”  гэсэн утгатай ихэд алдаршсан номыг Ч.Энхээ “Түмний түрэлт” гэсэн нэрээр орчуулж байжээ.

1930 онд гарсан ном юм байна.

Ортегагийн үзэл санаа нь XX  зууны европын  философийн нэгэн салаа мөчир юм  хэмээн Г.Аюурзана дүгнэжээ.

Нарийндаа бидний ардчилсан тогтолцоо гэж нэрлээд байгаа зүйл бол Ортегагийнхаар хуурамч ардчилал бөгөөд олонхын ноёрхлыг жинхэнэ ардчилал гэж үзэх боломжгүй.  Учир нь олонх ямагт хоцрогдонги үзэлтэй байдаг.

Өнөөгийн ертөнц бол нийт олонхын бослого ялан дийлсэн орчин гэдгийг бид бэлээхэн харж байна. Олонхын таашаалд нийцсэн бараа илүү гүйлгээтэй, олонхид үйлчилсэн дундаж урлаг илүү ашигтай. Олонхын сонгосон зам илүү зөв мэтээр хэн хүнгүй ойлгох болж.

Олонх руу хэлбийсэн энэ туйлшралыг Ортега иргэншил мөхөж сүйрэхийн дохио гэж үзсэн юм.

 “Дундаж олон нийт нь дээд давхаргын хүртэх ёстой бүхнээс хүртээд эхлүүт хамгийн тоогүй нь оюун сэтгэлгээ нь хаагддаг”.

Бусдын авьяас чадвараар бий болсон баялагаас ердөө л энэ нийгмийн гишүүн яваагийнхаа төлөө  хувь хүртэж байгаа олонх амьдрал хялбарших тусам оюуны хоосролд орно гэсэн зүй тогтлыг Ортега нээжээ.

Дундаж хүн хэнийг ч өөрөөсөө дээш гаргах дургүй. Харин өөрийгөө бусдаас ялгаатайг мэддэг  агуу их хүмүүс бол үнэнчээр  зүтгэх ямар нэгэн дээд зарчим хийгээд өөрөөсөө илүү хүнийг үргэлж хайж явдаг  гэсэнд элит ба олонхын төлөөлөгчийн гол ялгаа гарч ирж байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img