Парис хотноо үргэлжилж буй Зуны олимпын наадмын гол шуугиануудын нэг нь сүүлийн таван жилийн туршид босоо байсан, өмнөх олимпоор ахынхаа хамт алтан медаль хүртэж, олимпын аварга болж байсан Ута Абэ өвдөг шороодсон явдал байлаа. Тэр энэ жил ч ахынхаа хамт олимпын аварга болох мөрөөдөлтэй ирсэн гэдэг.
Гэвч түүний мөрөөдлийг Узбекийн шавилхан бүсгүй үгүй хийж, өөрийнхөө мөрөөдлийг биелүүлсэн юм.
Энэ бүсгүйг Диёра Келдиёрова гэнэ. Аваргыг давж аварга болон хүртсэн энэ медаль Узбекийн багийнхан Парис-2024-өөс хүртсэн анхны медаль болсон юм.
Түүнчлэн Диёра Келдиёрова жүдогийн төрлөөр алтан медаль хүртэж буй Узбекийн анхны тамирчин болжээ.
Түүнээс өмнө Узбекийн жүдочид 1996 болон 2008 онд тус бүр нэг мөнгөн медаль, 2008, 2012, 2016, 2020 онуудын олимпоос тус бүр нэг хүрэл медаль хүртэж байсан аж.
Үүний зэрэгцээ Диёра зуны олимпоос алтан медаль хүртсэн Узбекийн анхны эмэгтэй тамирчин болж байна. Түүний энэ алтан медалиас өмнө Узбек улс олимпын ердөө ганц алтан медальтай байсан бөгөөд энэ медалийг 1994 оны Өвлийн Олимпоос цаначин Лина Черязова авчирж байжээ.
Саяхныг хүртэл эмэгтэйчүүд жүдогоор хичээллэдэггүй байсан Узбекистаны хувьд Диёрагийн ялалт “залуу бүсгүйчүүдэд урам зориг өгөх хосгүй гавьяа” гэж Олон улсын жүдогийн холбоо онцолжээ. Диёра ч өөрөө бүсгүйчүүдэд урам зориг өгөх нь гол зорилго гэж ярилцлагадаа онцолсон байна.
“Узбекистаны эмэгтэйчүүдийн амьдралыг өөрчлөх нь миний зорилт” гэж өдгөө 26 настай Диёра ярьсныг Олон улсын жүдогийн холбооны сайт иш татжээ.
Өмнөх, Токиогийн олимпоор Диёра манай улсын жүдочин Лхагвасүрэнгийн Сосорбарамд иппон үнэлгээгээр ялагдаж, тэмцээнээ дуусгаж байлаа.
Харин энэ удаад дэлхийн шилдэг бөхчүүдийг өвдөг шороодуулж, таван жил ялагдаагүй их аваргыг даван улсынхаа далбааг мандуулж, төрийн дууллыг эгшиглүүлсэн юм.
“Би үнэхээр баяртай байгаа ч энэ бүхэнд итгэж чадахгүй л байна. Мэдээж би алт явахын төлөө хичээсэн, гэхдээ л сэтгэл хөдлөлөөсөө гарч өгөхгүй л байна даа. Токиогийн олимпын дараа би гурван жил дутуу нойртой явсан. Ялагдсанаасаа болоод сэтгэл санаагаар унаад байсан юм. Үүнээс гурван жилийн дараа би алтан медаль авч чадлаа. Ээж аавдаа, ханьдаа, анхны дасгалжуулагчдаа гээд бүгдэд баярлалаа. Манай ерөнхийлөгч хэлж байсан, эмэгтэйчүүдэд нөхцөлийг нь бүрдүүлээд өгвөл тэд ямар ч оргилд хүрч чадна” хэмээн Диёра “Узбекистан 24” сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр өгүүлжээ.
Тэр спортын тоймчдын таамгийг эвдэж чадсан юм. Аваргын титэмд хүрэх замдаа таван жил нэг ч ялагдаагүй Японы жүдоч, олимпын аварга Ута Абэг ялсан бол финалын шатанд мөн л олимпын аварга, Косовогийн жүдочин Дистрия Красникиг өвдөг шороодуулсан.
“Энд ирэхийн тулд маш хүнд замыг туулсан. Би үргэлж л Олимпыг л бодож байлаа, зөвхөн Олимпыг. Зөвхөн медаль хүртэнэ биш гагцхүү алтан медаль авна гэж бодож байсан. Өнөөдөр би болон миний эцэг эх, гэр бүл, бид бүхний хувьд чухал өдөр. Энэ медаль манай багийн, миний, Маркогийн /Диёрагийн дасгалжуулагч/ медаль. Энэ бол Узбекистаны алт” хэмээн тэрбээр татамигаас олимпын аварга болон буухдаа мэдэгдэж байв.
Диёрагийн аав ээж болох Бахтиёр Мардонов, Дилор Шодиева нар охиныхоо барилдааныг Самарканд мужийн Пастдаргом аймаг дахь гэртээ үзжээ.
“Охин маань Абэг ялсанд би их баяртай байгаа. Олон жилийн хөдөлмөр шүү дээ.
Охиныг минь Японы жүдочин Абэгийн эсрэг барилдана гэдгийг зарлах мөчид л зүрхээ дараад зогсчихсон, учир нь Абэ олон жил манлайллаа алдаагүй хүн шүү дээ. Диёра түүнийг унагах үеийн сэтгэгдлийг үгээр илэрхийлж чадахгүй нь” хэмээн Диёрагийн ээж өгүүлжээ.
Диёра Келдиёрова өдгөө 26 настай. Азийн аварга, дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, жүдогийн дэлхийн рейтингийг тэргүүлэгч тамирчин юм.
Түүний дасгалжуулагчаар 1996 оны Атлантын олимпоос хүрэл медаль хүртсэн Германы жүдочин Марко Шпитка ажилладаг аж.