Эх сурвалжийн мэдээлснээр, нийлүүлэлт буурсан нь ОХУ-аас хэсэг хугацаанд автобензин экспортлохоор хориглосон, түүнчлэн Казахстан, Узбекистан, Киргиз түлшний нөөцтэй байсантай холбоотой аж.
ОХУ-аас Төв Азийн орнуудыг чиглэх газрын тосны бүтээгдэхүүний ихэнх хэсэг нь төмөр замаар тээвэрлэгдэж, дизель түлшний ердөө 15 хувь нь Петропавловскийн Транснефтийн системээр нийлүүлэгддэг юм байна.
Ройтерс агентлагийн онцолсноор, энэ оны нэгээс зургадугаар сарын хооронд дизель түлшний экспорт оны дүнгээр 222.400 тонн болж буурсан бол 2024 оны нэгээс зургадугаар сарын хооронд ОХУ-ын автобензиний экспорт долоон хувиар буурчээ.
Үүнийг задлан авч үзвэл Афганистаныг чиглэсэн нийлүүлэлт 117.000 тонн буюу 55 хувиар, Киргиз рүү хийх нийлүүлэлт 90.00 тонн буюу 19 хувиар тус тус буурсан байна.
ОХУ-ын түлшний нийлүүлэлт буурах үеэр Монгол болон Узбекистан импортоо нэмэгдүүлж, Монгол гэхэд л 435.000 тонн буюу 55 хувиар, Узбекистан 295.100 тонн буюу 27 хувиар импортоо нэмэгдүүлжээ.
Цаашлаад, 2024 оны нэгээс зургадугаар сарын байдлаар Оросоос хамгийн их хэмжээгээр дизель түлш худалдан авсан орнуудыг Монгол Улс тэргүүлж байна. Манай улс импортын хэмжээгээ 755.600 тонн хүргэж, худалдан авалтаа 30 хувиар өсгөсөн аж.
Харин Узбекистаны тухайд энэ оны эхний хагаст 172.000 тонн дизель түлш худалдан авснаар импортын хэмжээ нь 13 хувиар нэмэгджээ.
Мөн энэ оны эхний хагас Төв Азийн ихэнх орнууд болон Монгол Улс Оросоос онгоцны керосин худалдан авах хэмжээгээ нэмэгдүүлсэн байна.
Энд дуулгахад, ОХУ дотоодын түлшний үнийг тогтоон барих үүднээс бензин, дизель түлшний экспортыг тодорхой хугацаагаар хязгаарлах шийдвэрийг 2023 оны есдүгээр сард гаргаж байлаа.
Энэ хориг хоёр сар гаруйн хугацаатайгаар үргэлжилж, мөн оны 11 дүгээр сард хоригийг цуцлаж байв. Гэвч түлшний хориг хязгаарлалт үүгээр дууссангүй. 2024 оны гуравдугаар сарын нэгний өдрөөс эхлэн хагас жилийн хугацаанд бензиний экспортыг хориглох шийдвэрийг ОХУ-ын Засгийн газар гаргасан юм.
Гэхдээ энэ шийдвэр нь Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд, Монгол, Узбекистан, Абхази болон Өмнөд Осети рүү нийлүүлэх бензинд хамаарахгүй хэмээн мэдэгдэж байлаа.