Бангладешийн Ерөнхий сайд огцорсон тухай мэдээллийг тус улсын армийн штабын дарга, генерал Вакер-Уз-Заман баталсан байна.
Хэвлэлүүдийн мэдээлснээр, Хасина өөрт нь аюулгүй байдал амласан Энэтхэг улс руу нисдэг тэргээр явжээ. Тэр бээр огцорч, эх орноосоо дүрвэсэн тул одоо тус улсад түр засгийн газар байгуулах юм байна. Армийн генералын мэдэгдсэнээр, тэр бээр Ерөнхийлөгч Мухаммед Шахабуддинтой уулзахаар зэхэж байгаа бөгөөд сөрөг хүчний намынхантай ч уулзаад амжсан аж.
Түүнчлэн генерал Вакер Уз-Заман мэдэгдэл хийхдээ, эсэргүүцэл өрнөсөн сүүлийн хэдэн долоо хоногийн туршид олон зуун хүн амиа алдсаны дараа эсэргүүцэгчид шаардаж буй шударга ёсыг тогтооно гэж амласан байна.
Даваа гарагт Ерөнхий сайд огцорч, эх орноосоо дүрвэсний дараа эсэргүүцэлд оролцогч олон мянган хүн Ерөнхий сайдын ордон руу дайрч, нэвтэрчээ. Тэд ордон доторх эд зүйлсийг тонон, эвдэлж сүйтгэн, зарим хүмүүс ордноос сандал, буйдан зөөн гарч байгааг харуулсан гэрэл зургууд олон нийтийн сүлжээгээр тархжээ.
Үүнээс нэг хоногийн өмнө буюу ням гарагт Ерөнхий сайд Шейх Хасинаг огцрохыг шаардсан эсэргүүцэлд оролцогчид болон цагдаагийнхан мөргөлдсөний улмаас 90 хүн амиа алдсан байна. Тэдний 13 нь цагдаагийнхан байсан бөгөөд Сиражганж хотод цагдаагийн хэлтэс рүү дайрах үеэр тэд амиа алджээ.
Даваа гарагт Ерөнхий сайдыг дүрвэсний дараа ордон руу нь нэвтэрсэн хүмүүс эд зүйлийг сүйтгэхийн зэрэгцээ энэ ордонд байх, Шейх Хасинагийн эцэг, тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөний тэргүүн шейх Мужибур Рахманы хөшөөг буулгахаар шийдсэн аж. Энэ нь 2003 онд Иракт Саддам Хусейны хөшөөг буулгасантай ижил үйл явдал болно гэж эсэргүүцэлд оролцогч нэгэн эр ВВС агентлагт ярьжээ.
Түүнчлэн эсэргүүцэгчид сайд нарын машинуудыг ч эвдсэн байна.
Эсэргүүцэл дэгдсэн шалтгаан
Бангладешт өрнөсөн энэ эсэргүүцлийг оюутнууд эхлүүлсэн юм. Тэд төрийн албаны орон тоонд квот тогтоосныг эсэргүүцэн, цуцлахыг шаардан долдугаар сард жагсаж эхэлж байлаа. Улмаар энэ эсэргүүцэл засгийн эрхэнд 15 жил болж байгаа, нэгдүгээр сард дахин дөрвөн жилийн хугацаагаар сонгогдсон Ерөнхий сайд Хасинаг огцруулах тэмцэл болон хувирсан юм.
Ингээд жагсаалыг тараахын тулд цагдаагийнхан нулимс асгаруулагч хий, резинэн сумтай буу ашиглаж, улмаар жагсагчид болон цагдаагийнхны хооронд байнга мөргөлдөөн гарч байлаа. Ийм мөргөлдөөний улмаас 280 гаруй хүн амиа алджээ.
Хасина дүрвэсэн нь
CNN агентлагийн мэдээлснээр, 76 настай Шейх Хасина Бангладешийн нийслэлээс зугтсаныхаа дара Энэтхэгийн Агартала хот руу даваа гарагт нисжээ.Энэтхэг улс түүнд аюулгүй байдал амласан гэж тагнуулын эх сурвалжууд мэдээлсэн байна.
Хасина анх 1996 онд сонгогдсон цагаасаа хойш Энэтхэгтэй нягт харилцаа тогтоосон бөгөөд олон жилийн туршид Энэтхэг улс Бангладешийн гол холбоотон байсаар ирсэн юм. Бангладеш Энэтхэгийн зүүн хойд мужуудтай хиллэдэг, эдгээр мужуудын ихэнх нь олон жилийн туршид дайчидтай тэмцэж, үүнд нь Бангладешийн эрх баригчид туслаж байлаа.
Хасина төрийн эрхэнд байх үедээ Бангладеш дахь Энэтхэгийн эсрэг цэргийн бүлэглэлүүдийн үйл ажиллагааг таслан зогсоож, Энэтхэгт транзит эрх өгч, дамжин тээвэр хийх боломжийг олгож байлаа.