- Нойр яагаад хүрдэг вэ гэсэн асуултад хариулъя. Нойр бол өдрийн хэмнэл, мелатонин, индогзин гэх гурван зүйлээс бүрддэг. Нойрны даавар болох мелатонин бидний тархинд “унт” гэсэн сигнал өгч байдаг бол индогзин нь түүнийг яг цагт нь хүлээн авч бүх бие тархинд унтах командыг өгдөг гормон юм. Харин өдрийн хэмнэл гэдэгт та хэдэн цагт босох, хэдэн цагт унтдаг зэрэг хамаарна. Жишээлбэл та өглөө 7 цагт босдог гэж бодъё. Энэ үед мелатонин ялгарахаа болино. Үргэлжлүүлээд 10 цагт та хамгийн сэргэг үе дээрээ байх болно. Үдээс хойш таны бие махбодь идэвхтэй болж хөдөлгөөний эвсэл, хариу үйлдэл сайжирна. Орой 6-7 цагийн үед цусны даралт өндөрсөж, биеийн температур хамгийн өндөр дээрээ байна. Ингээд оройн 9 цагт мелатонин “одоо унтья” гэсэн дохиог өгч эхэлдэг. Үүнийг нь индогзин хүлээж аваад бид тав тухтайхан орондоо ордог гэсэн үг.
- Бид унтахдаа биеэ амрааж энергиэ нөхөөд л өглөө болгодог юм биш. Нойрсож байхдаа ч ихийг сурч, бодож эргэцүүлэн бүр бие сэтгэлээ анагааж байдаг. Бидний 8 цагийн нойр NON REM, REM гэж хоёр хуваагддаг. Уг хоёр хэсэг маань дотроо таван үе шаттай. NON REM буюу нүдний хурдан хөдөлгөөнгүй үе гэж байна. REМ гэдэг нь хүн унтаж байхад зовхин дор хараа ийш тийш хөдөлсөн хэвээр байдгийг хэлнэ.
- Одоо нойрсох үйл явц ямар үе шатуудаар өрнөдөгийг сонирхуулъя. Бид эхлээд зүүрмэглэдэг. Дараа нь зүрхний цохилт удааширч биеийн температур буурч гүн нойр буюу “давсандаа явна”. Гүн нойрны үед бидний бие ядарч суларсан, гэмтэж бэртсэн эд эсээ нөхөн төлжүүлж, булчин шөрмөс маань шалтгаангүй хөдөлж байдаг. Харин тархи өдрийн турш авсан мэдээллийг хэрэгтэй, ашиггүй гэж ангилж устгах ажил хийнэ. Нэг ёсондоо тархи унтаж байхдаа их цэвэрлэгээ хийдэг гэсэн үг. Нойрны эхний үе урт байгаа нь тархи цэвэрлэгээ хийж байгаа юм. Сүүлийн шат буюу REM нь бие хөдөлгөөнгүй болж, зүүдэлж эхлэх үе юм. Хүний бие ийнхүү цэвэрлэсэн хоосон талбай дээрээ ашигтай гэж устгахгүй авч үлдсэн мэдээллүүдээ жагсааж бататгаж ой тогтоолтоо сайжруулж байдаг байна. Нарийн хэлбэл хүн унтаж байхдаа суралцаж байдаг.
- Нийгмийн олон салбарт унтаж байхдаа нээлт хийж түүхэнд нэрээ мөнхөлсөн хүмүүс бий. Жишээлбэл алдарт BEATLES хамтлагийн дуучин Пол Макартин YESTERDAY дуугаа зүүдэндээ сонссон гэдэг. Менделеев химийн үелэх системээ зүүдэндээ харж агуу нээлтээ хийсэн. Яаж ийм гайхамшиг тохиогоод байна вэ гэсэн асуултад одоо хариулъя. Биднийг “давсандаа яваад” гүн нойрсох үед тархины эд эсүүд хоорондоо маш сонирхолтой холболтуудыг хийж байдаг юм байна. Бүр тодруулбал логик сэтгэлгээ, ухамсарт рациональ бодлыг удирддаг духны хэсэг амарчихдаг учраас энд тэнд байгаа неоронууд логик сэтгэлгээгээр дамжихгүйгээр хоорондоо холбогддог. Ингэж л бидний бүтээлч сэтгэлгээ хөгжиж элдэв сонин хачин зүүд зүүдэлж мөн нэрээ мөнхөлсөн нээлт хийдэг байх нь.
- Үүрийн нойр хамгийн чухал. Мэдлэг боловсролыг бэхжүүлж, бүтээлч үйл ажиллагааг идэвхжүүлж байдаг үе юм.
- Зүүдний тус эрдэм ганц үүгээр ч зогсохгүй. Бидний өнгөрсөнд туулсан сэтгэлийн шархыг маань эмчилдэг байвал яахав. Хүн амьдралдаа болж өнгөрсөн таагүй, хүндхэн, үйл явдлыг дахин дахин зүүдэлснээри аажим аажмаар сэтгэцэд үзүүлэх нөлөө нь багасгадаг байна. Арай хялбараар хэлбэл хэцүү, зовлон зүдгүүртэй процессыг мартуулдаг функц зүүдэнд байдаг юм байх нь.
- Хүн янар мандах үед сэрж, жаргах үед дагаад унтчихдгийн учир их сонин. Зүй нь харанхуйд ч ажиллаж, сурч болно шүү дээ. 1938 онд Чикаго хотын эрдэмтэд хүн яагаад нар мандах үед сэрдэг юм бол гэсэн туршилтыг өөрсөд дээрээ хийсэн байна. Тэд АНУ-ын Кентаки мужийн нарны гэрэл хэзээ ч тусдаггүй өвөрмөц агуйд 32 хоногийг өнгөрүүлсэн байна. Уг агуйд тэд сарын турш идэх хоол хүнс мөн биеийн байдлаа хянах төхөөрөмжөөр өдрийн хэмнэл өөрчлөгдөх нь үү гэдгээ судалсан байгаа юм. Гэтэл “хүн нарнаас шалтгаалахггүй өөрийн дотоодын 24 цагийн хэмнэлтэй бөгөөд дэлхий тэнхлэгээ тойрон эргэдэг 24 цагаас жоохон зөрүүтэй” гэсэн үр дүнгээр дэлхий нийтийг шуугиулжээ.
- Хүн нар мандахаар л сэрдэгггүй гэдгийг үүнээс өмнө, аль тэртээ 1729 онд ичимхий цэцэг дээр Франц эрдэмтэн туршиж байж. Мөн л “ургамалд нар чухал биш, тэд өөрсдийн дотоод цагаараа амьдардаг” гэсэн дүгнэлтэд хүрч байжээ. За тэгэхээр соёлт ухаант хүмүүс бид нарнаас хамаарахгүйгээр өөрсдийн дотоод цагтай бөгөөд уг цагтаа сэрж унтаж чанартай нойр аван зүүдэлдэг байна. Харин зүүдэндээ тархиндаа цэвэрлэгээ хийн элдвийн бүхнийг эргэцүүлэн тогтоож дахин дахин давтан тогтоож байдаг байх нь ээ. Сайн сурья, амжилттай ажиллая гэвэл сайн амарч чанартай нойр авах нь чухал гэдгийг энэ мэт олон баримтаар жишээлж хэлж болж байна.
Нойр, зүүдний тухай Ц.Мөнх-Оргилын сонирхуулсан 8 баримт
Английн эрдэмтэн, Калифорнийн их сургуулийн нойр судлалын профессор Мэттью Уоскерийн “Бид яагаад унтдаг вэ” гэсэн номыг УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргил сонирхолтойгоор тайлбарлаж, “Нойр ба зүүд” сэдвээр лекц уншиж байв. Түүний лекцээс онцлох 8 баримтыг тоймлон сонирхуулъя.