2024-09-13, Баасан
9 C
Ulaanbaatar

Цахим ертөнцийг шуугиулсан Юсуф Дикеч: Амжилт санаан зоргоор ирчихдэггүй юм

Энгийн нүдний шилтэй эр халааснаасаа гараа ч авалгүй бай онилон зогсож байгаа зураг, бичлэг олимпын үеэр ихээхэн шуугиан тарьсан юм. Учир нь тэр бусад тамирчид шиг хамгаалалтын чихэвч, бусад тоноглол ашиглалгүй тэмцээндээ оролцсон. Ингээд л түүнийг “хөлсний алуурчин шиг”, “тусгай мэргэжлийн хүн байна” гэхчлэн егөөдөж, хошигносон постууд дэлхий даяар олон нийтийн сүлжээгээр тархаж, буудлагын тамирчин эр ихээхэн алдаршсан юм.

Түүнийг Юсуф Дикеч гэнэ. Тэр Парис-2024 олимпод 10 метрээс хийн буугаар буудах холимог багийн төрөлд Шевваль Илайда Тарханы хамтаар мөнгөн медаль хүртсэн юм.
Буу барьсан түүний тайван, хэнэггүй ч гэмээр төрхийг буулгасан гэрэл зураг олон нийтийн сүлжээнд шуугиан тарьж, харин Юсуф өөрөө дэлхийн хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд оржээ.

ВВС агентлагт ярилцлага өгөх үеэрээ тэр бээр буудлагын төрөлд Туркдээ анхны медаль авчирснаараа ихээхэн бахархаж байгаагаа хэлээд, энэ амжилт түүний төдийгүй улс орных нь амжилт гэж онцолсон байна.

Тэр залуу тамирчин биш. Өдгөө 51 настай Юсуф 28 настайгаасаа буудлагын төрлөөр хичээлэж эхэлжээ. Энэ хугацаанд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд таван удаа, Европын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа ялалт байгуулж байсан аж.

Парис-2024 түүний хувьд тав дахь олимп, харин медаль хүртсэн анхных нь олимп гэнэ.
“Үнэндээ би энэ спортоор хожуу хичээллэж эхэлсэн. Амжилт санаан зоргоор ирчихдэггүй юм. Би маш их хөдөлмөрлөсөн” гэж Юсуф өгүүлжээ.

Түүний өгүүлснээр, Европ болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд ялалт байгуулахад ийм их дуулиан шуугиан дагуулж байгаагүй гэнэ.

“Туркийн хувьд буудлага бол нэг их алдартай спортын төрөл биш. Гэхдээ олимпын тухайд өөр хэрэг л дээ” хэмээн Юсуф өгүүлжээ.

Юсуф 2008 оны олимпыг дурссан байна. Тухайн үед сайтар бэлтгэлтэй байсан ч дарамт, сандралын улмаас амжилт үзүүлж чадаагүй аж. Юсуф тив дэлхийн тэмцээнүүдээс олон медаль түүсэн ч өмнөх дөрвөн олимпоосоо медаль хүртэж чадаагүй байв.

“Надад олимпын медаль л дутуу байлаа. Азаар Аллах надад түүнийг өглөө” хэмээн Юсуф ВВС агентлагийн сурвалжлагчид ярьжээ.

Түүний хувьд хоёрдугаар байр эзлэсэндээ дурамжхан байгаа аж. Гэхдээ 2028 онд болох Лос-Анжелесын олимпын наадмаас алтан медаль хүртэх зорилт өмнөө тавьжээ.

Энд дуулгахад, Юсуфийн хамтрагч 24 настай Шевваль Тархан ч Юсуфтэй адилхан футболк өмсөж, чихэвчийг эс тооцвол мөн л элдэв тоноглолгүй зогсож байгаад мөнгөн медаль хүртсэн юм. Харин олон нийтийн сүлжээний хэрэглэгчид бүсгүйг төдийлөн анзаарсангүй, гагцхүү Юсуфийн талаар л шуугисаар байна.

Хүмүүс Юсуф Дикечийн талаар шуугиж байх үеэр Твиттерийн хэрэглэгч, Курдийн идэвхтэн, судлаач Шаро Маруф буудлагын тамирчин Юсуф өмнө нь цэргийн боловсрол эзэмшсэн гэсэн мэдээллийг өөрийн хуудсанд нийтлэжээ.

Нээлттэй эх сурвалжаас авсан мэдээллээс харахад, Юсуф дунд сургуулиа төгссөний дараа 1994 онд Анкарагийн Цагдаагийн тусгай сургуульд элсэж, төгссөнийхөө дараа курдүүд ихэвчлэн аж төрдөг Мардин хотод ажиллаж эхэлсэн аж.

Iosif

Судлаач Маруфын онцолсноор, 1995-1999 онуудад Юсуф Мардинд байх үеэр Туркэд алан хядагч байгууллагад тооцогддог Курдистаны Ажилчны намын курдийн босогчдын эсрэг Туркийн цагдаагийнхан ажиллагаа явуулсан гэнэ. Энэ ажиллагааны үеэр Туркийн цэрэг, цагдаагийнхан хүний эрхийг ноцтой зөрчсөн гэж Европын хүний эрхийн шүүх Туркийг буруутгаж байв.

Тухайлбал, курдийн энгийн иргэдийг шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад цаазлаж, иргэний дэд бүтцийг сүйтгэж, албадан нүүлгэж, курдийн идэвхтэн, улс төрч, сэтгүүлчдийг хөнөөсөн, тэд сураггүй болсон зэрэг хүний эрхийг зөрчсөн олон үйлдэлд Турк улс буруутай гэж хүний эрхийн шүүх үзэж байсан юм.

“Юсуф Дикечийн цол, ажиллагаа явагдсан бүс нутаг зэргээс харахад Туркийн зэвсэгт хүчний эдгээр ажиллагаанд Юсуф оролцсон гэдэг нь илт болж байна” хэмээн Маруф бичжээ.

Энэ мэдээлэлд Юсуф ч, Туркийн эрх баригчид ч тайлбар өгөөгүй юм. Мөн нээлттэй эх сурвалжуудад Юсуф Мардинд ажиллах хугацаандаа чухам ямар ажил үүрэг гүйцэтгэж байсан мэдээлэл байхгүй байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img