2024-11-10, Ням
1 C
Ulaanbaatar

С.Молор-Эрдэнэ: Мэдлэгтэй залуусаа устгалд оруулчихсан учраас бид эмэгтэйчүүд эзэрхийлсэн сонин нийгэмд амьдарч байна

Философич С.Молор Эрдэнийн “Молор-Эрдэнэ Философийн академи” Youtube сувгаас монгол эрх хүний тухай лекцийг нь товчлон хүргэе.

  • Эр хүний тухай ярихад маш асуудалтай цаг үед бид амьдарч байна Бид зөвхөн биологийн талаас нь ярих ёстой. Нийгэм талаасаа гомо байна уу, ямар байна огт хамаагүй. Янз бүрийн асуудлаас болоод шинэ хүйс нэмэгдэж байгаа. Боловсролтой эрчүүд 90 оноос хойш хэлмэгдсэн. Айлын аавууд ихэнх нь гахай зөөх, наймаа хийх, гэр орноо авч явах гээд бүгдээрээ өөрсдийгөө хохироосон. Эрсдэлд хамгийн түрүүнд өртсөн гэсэн үг. Ингээд сайхан ажил мэргэжилтэй эрчүүд маань ажил мэргэжлээсээ хөндийрсөн. Тэр хооронд мэргэжлүүд нь ч устсан. Эмэгтэйчүүд нь ар талд ажлаа хийгээд үлдсэн. Үүнээс эхлээд л эрчүүдгүй эмэгтэйчүүд эзэлсэн сонин нийгэм болчихсон.
  • Би одоо их гайхдаг. Герман, Япон зэрэг янз бүрийн оронд ажлаар очиход 80-90 хувь нь дан эрчүүд байдаг. Мэдлэг боловсролтой, их сургуултийн доктор, профессорууд, эмч нар, инженерүүд гээд хаана л очно чухал салбарт эрчүүд л байдаг. Гэтэл Монголд эсрэгээрээ. МУИС, Анагаах, ШУТИС-ийн профессорууд, улс төр гэхээрээ 80-90 хувь нь эмэгтэйчүүд. Машин бариад явахад ч эрэгтэй хүн жолооч, хажууд нь эмэгтэй хүн босс. Яагаад эмэгтэйчүүдийн орон болчихов оо гэсэн асуултын хариу маш тодорхой. 90 онд мэдлэг боловсролтой залуучууд устгалд орж, сахилгагүй, хулигаан эвгүй эрчүүдийн цаг үе мөн тэр үеэс эхэлсэн. Зүй нь эрэгтэй хүн тээр дээр, элитүүд байх ёстой байтал эсрэгээрээ эргэчихсэн.
  • Эр хүн ямар байх ёстой вэ гэхээр эрсдэлтэй тэмцдэг, байгалиасаа зоригтой, нэг юманд төвлөрч түүнийхээ араас явдаг тууштай явдаг гэх мэт онцгой онцлогтой. Бүх салбарт эр хүний энэ зан чанар маш хэрэгтэй байдаг. Ялангуяа улс төрд. Тэд улс эх орныг авч явах ёстой. Гэтэл өнөө цаг хулчгар, ажилгүй эрчүүдийг бий болгочихсон. Хүүхдүүд хичээлдээ явна, аав гэртээ үлддэг болсон жишээ нийтлэг болчихсон. Хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгээс нь орой очиж авна ч гэх шиг. Айлын туслах үйлчлэгч шиг байна, эрчүүд. Эр хүнийг доошоо хийж болохгүй. Үүнийг өөрчилж, аав хүнийг, эр хүнийг байранд нь аваачих хэрэгтэй.
  • Эрчүүдэд хэн үлгэрлэх вэ гээд харахаар их сонин зүйл анзаарагддаг. Арван жилийн багш нар эмэгтэйчүүд, их сургуулийн багш нар ч эмэгтэйчүүд. Тэгэхээр эрэгтэй хүүхдийг яаж эмэгтэй хүмүүс инженер, эмч болгож чадах юм бэ? Хөвгүүдийг эрэгтэй хүн л ойлгоно шүү дээ, хүйс нэгтэй учраас. Нэгнийхээ бага нас ямар байдгийг, эрэгтэй хүүхэд ямар байдгийг мэднэ. Идэр залуу эр хүнд юу хэрэгтэй байдгийг ч мэднэ. Ийм учраас арван жил, их сургуульд эрэгтэй хүүхэд дээшээ гарч ирэхэд хэцүү болчихдог. Дахиад хэлье, шалтгаан нь эмэгтэй багш нар олон учраас. Лекцийн үеэр гэхэд л урдуур нь охид, ангийн онц сурлагатан охид орчихно. Учир нь тэд багшийнхаа хамаг хар ажлыг хийж өгдөг, үгэнд нь ордог, томоотой даруухан. Эрэгтэй хүүхдүүд болохоор өөрийнхөөрөө зөрдөг. Тийм чанарт эмэгтэй багш нар дургүй. Эрэгтэй хүүхэд бага зэрэг дураараа, өөрийнхөөрөө байхад л асуудалд орчихдог. Томоотой даруухан, хүний үгээр байх ёстой гэж хааж боодог.
  • Өнөөгийн нийгэм төрийн шагналтай баян өвгөчүүлээр дүүрчихсэн. Тэд нь залуу үедээ үлгэрлэж чаддаггүй. Энд тэнд уурхай дээр оччихсон, шунал нь хөдөлчихсөн явж байдаг. Орчин үеийн эрэгтэйчүүд залуучууд тэднээс үлгэрлэхгүй шүү дээ.
  • Монгол оронд эр хүнд үлгэрлэх хүн байхгүй. Аав бол үлгэрлэгч биш. Аав бол хүүхдийг хооллож ундлаад, хажууд нь байж байх ёстой л хүн. Түүнээс биш чи улс төрч бол, бөх бол гэх ёсгүй. Аав нар ер нь эрэгтэй хүүхдэд их дараатай байдаг. Үнэнийг хэлэхэд бидний амьдрал хүүхдээ “Гар, яв ямар нэг аргаар мөнгө олж ир” гэдэг юман дээр л өрнөөд байна. Охидоо “Бушуухан хүнтэй суу, хүүхэд гарга” гэдэг. Амьдралын хэв маяг, залуу үедээ өгч буй зөвлөгөө, хүсэл шаардлага маань гэмт хэрэг болчихсон.
  • Ээж ааваас гадна, худал багш нар, гавьяат, төрийн шагналтнуудаас чөлөөлөгдөх гэдэг юм бас байна. Ямар ч утгагүй, хүнд юм заадаггүй тэгснээ хүнд гайтай багш нар байна шүү дээ. Мэдлэгийг “Энэ л болоо, үүнээс цааш чи чадахгүй” гэж хаагаад хүүхэд залуусыг түгжчихсэн. МУИС-ийн оюутнууд багшаасаа юм асуухаар “Өө чи иймхэн юм мэддэггүй юм уу” гэдэг гэсэн. Мэдэх гээд цагаа зарцуулж, мөнгө төлж байгаа хүнд тийм юм яриад сууж таарахгүй. Их сургуулийн оюутнууд хоёрдугаар курсээсээ л залхаад эхэлчихдэг. Ээж, аав нь мөнгийг нь төлчихсөн учраас аргацааж төгсөөд диплом авдаг. Ийм л хөнгөн шингэн барьцаалагдсан баригдмал амьдралд орчихож байгаа юм. Ингээд л нөгөө эрэгтэй хүний хийе бүтээе гэсэн хүслийг унтраачихаж байна. Яахаа мэдэхгүй гацсан байдалд оруулчихаар хэн юу бүтээх юм. Тэгэхээр эрчүүдийн үлгэр дуурайллыг гаднаас л хайх хэрэгтэй. Англи, Франц, Герман, Хятад, Орос, Япон зэрэг улс орон, ард түмнээ авч явсан сүрхий эрчүүдтэй улсын мундаг зохиолч, философичидын намтар, ном зохиолыг унших хэрэгтэй.
  • Хэрэглэж байга цаг, утас бүгд том үнэтэй байх ёстой гээд маш их материаллаг эд бараанд төвлөрсөн, эд бараагаар хүнийг дүгнэсэн шилжилтийн насны ард түмэн, бид бол. Насанд хүрсэн хүн эд барааг тоохоо больдог. Тэгэхээр Монголын гурван сая ард түмэн насанд хүрээгүй, нэг тийм хөөрхөн үе дээрээ байна. Хүнийг хэн бэ гэдгээр үнэлэх байтал эсрэгээрээ эдэлж хэрэглэж, идэж байгаа хоол хүнс энэ тэрээр нь үнэлээд явчихдаг. Ээж нар ч охиноороо, шилжилтийн насан дээрээ яваа. Ямар ч ээжийн шинж байхгүй. Есөн сар тээж төрүүлснээ гавьяа болгож яриад амьдардаг. Гэтэл Америк, Японд тийм юм ярьдаггүй. “Хүүгээ ээж нь яаж дэмжих үү” гэх мэтээр харилцдаг.
  • Хамгийн том эрх чөлөө бол оюуны эрх чөлөө. Миний толгой дотроо эргэцүүлж, бодож, шүүмжилж байгаа зүйлийг хэн ч булааж авч чадахгүй гэдэг л хамгийн том эрх чөлөө. Толгойдоо л эрх чөлөөтэй болох хэрэгтэй, өөрийгөө маш сайн бэлдэх шаардлагатай.
  • Намайг бага байхад биеийн тамирын хичээлийг маш сайн ордог байсан. Одоо хажуудаа талбайтай сургууль цөөхөн шүү дээ. Байсан талбай дээр оффис, барилга, орон сууц барьчихсан. Ингээд эрэгтэй хүүхдийн спорт хийх, биеийн тамираар хичээллэх, биеэ хөгжүүлэх боломжийг нь хаачихсан. Ингэчихээр чинь хүүхдүүдийн бие сулраад муудаад ирэх нть тодорхой. Гэтэл аав, ээжүүд яадаг билээ. Хүүхдүүдээ өвчнөөс салахаа болилоо гээд нэг хэсэг нь лам руу аваад явчихна. Хүүхдүүд нь бие махбодио хөдөгөж, тархи толгойгоо сэргээхгүй болохоор сэтгэл зүйн асуудалд орчихдог. Тэгэнгүүт нь сэтгэл зүйч рүү аваад явчихдаг. Атал аврал эрж очсон өнөөдүүл нь хүүхдийг жинхэнэ алж байгаа юм. Ерөөсөө л мөнгөний бизнес болчихсон. Хөдөлгөөн хийхгүй болохоор таргална, түүнийгээ нууж тамирын хувцас өмсөнө, хөгшрөөд ирэхээр дээлээ л өмсдөг болно. Цэвэрхэн сайхан жентэлмен хувцаслаж чаддаггүй. Өөрийгөө, бусдыг, нийгмээ хүндэлж гоё сайхан хувцаслах хэрэгтэй шүү дээ, уг нь.
  • Улаанбаатар хотод зөвхөн нэг өрөөтэй хямдхан орон сууц барих шаардлагатай. Ийм юм байхгүй болохоор манай залуус өөрийнхөөрөө амьдрах ямар ч боломжгүй болчихоод байна. Заавал гэртээ байхаас өөр сонголтгүй болчихоод байна. Олон улсад нэг өрөөтэй орон сууц их. Тэнд залуус нь амьдарч үзээд амьдрал руу ордог. Гэтэл манайд шууд л тэр хотхоны гурван өрөө байр, Зайсан гээд явчихдаг. Хүн амьдрал руу ороход ганцаараа, хоёулаа жижигхэн өрөөнд амьдарч байгаад том юм руу орох ёстой. Ийм боломж харамсалтай нь Монголд алга. Тэгээд л банкны өндөр хүүтэй зээлэнд ямар нэг аргаар хамрагдаад соёлтой боолчлолд орчихдог. Гэртээ амьдрах, яаж ийгээд гэр бүл зохиогоод том байшинд орохоос өөр сонголтгүй байх их хэцүү шүү дээ. Ээж янз бүрийн юм ярина. Эхнэр мухар сүсгийн юм хэлээд тэвчихийн аргагүй байдалд оруулна. Тийм нөхцөлд орсон хүн компьютерийн ард суухаас өөр яалтай. Ажиллах, хөдөлмөрлөх, бүх боломжийг нь хаачихаж байгаа учраас архи уусан нь л дээр гэж харж байна. Архи ерөөсөө л эрчүүдийн орогнол болчихсон. Улс эх орноо авч явах эрчүүд, хөвгүүд, залуучуудтайгаа ингэж муухай зэрлэг хүйтэн харьцаж болохгүй.
  • Өөрийгөө төсөл гэж бодох хэрэгтэй. Хүн болох хэрэгтэй. Өөрөө өөрийгөө боловсролтой, мэдлэгтэй болгох хэрэгтэй. Боловсрол гэдэг эцсийн эцэст хүн болохыг л хэлээд байгаа юм.
  • Амьдрал сайхан гээд фэйсбүүк дээр бичээд байдаг. Зарим үед амьдрал их муухай. Алдаад бүтэлгүйтээд явж байсан нь дээр. Алдаж бүтэлгүйтээд явж байхдаа би азгүй байна, би чадахгүй байна гэж голох биш харин ч баярлах хэрэгтэй. “Тэр ямар мундаг юм бэ, би тэрэн шиг тийм юм хийх байж” гэж амаа барих бүр хэрэггүй. Манайханд амаа барьдаг нэг юм байдаг. Ерөөсөө л сонгосон замдаа үнэнч, алдаж онож түүнээсээ суралцаж байх хэрэгтэй.
  • Хамгийн хэцүү нь тойрон хүрээлж байгаа хүмүүс. Хувийнхаа, өөрийнхөө хүсэл эрмэлэзэл рүү дайрч орж ирэхийг нь битгий зөвшөөр. Манайд хувийн орон зай руу дайрч орж ирдэг их муухай юм бий.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img