Садио Мане Бамбали тосгонд байнга очно. Түүнийг ирэх бүр тосгоныхны хувьд баяр болдог байв. Садио нутгийнхныхаа бахархал төдийгүй тэдэнд байнга тусладаг учраас нутгийн оршин суугчид түүнийг ирэх бүрийд талархан угтдаг аж.
Багадаа хөлбөмбөгчин болохыг мөрөөддөг байсан ч аав ээж нь өөр ажил олж хийхийг зөвлөдөг байжээ. Гэсэн ч хүү Сенегалын нийслэл дэх Generation Foot хөлбөмбөгийн академид элсэн орж чадсан нь түүний өмнө Европт хүрэх замыг нээсэн гэнэ. Томоохон амжилтад хүрч чадсан Мане энэ бүхнээ нутгийнхантайгаа хуваалцах ёстой гэж үздэг аж.
“Надад 10 Феррари, очир эрдэнэтэй 20 цаг, тийрэлтэт онгоц байлаа гээд яах юм? Ингэснээрээ би дэлхий ертөнцөд юу өгөх юм. Би өлөн зэлмүүн, талбай дээр ажиллаж, хөл нүцгэн тоглож, сургуульд ч явдаггүй байлаа. Харин одоо би бусдад туслах чадалтай болсон. Тансаглахын оронд сургууль барьж, ядууст хоол, хувцас өгөхийг илүүд үздэг. Би сургууль, цэнгэлдэх хүрээлэн барьсан. Одоо хүртэл нэн ядуу амьдарч байгаа хүмүүст хувцас, гутал, хүнс өгсөөр байна. Түүнчлэн эдийн засагт хувь нэмэр оруулах үүднээс Сенегалын хамгийн ядуу буурай бүсийн оршин суугчдад сард 70 евро өгдөг. Надад тансаг машин, байшин гайхуулаад байх шаардлагагүй ээ. Харин нутгийн миньв хүмүүс надад олдсон эд баялгаас багахан ч гэсэн хүртээсэй гэж хүсдэг” хэмээн Мане TeleDakar-т өгсөн ярилцлагадаа өгүүлж байв. .
Дэд бүтцэд хөрөнгө оруулдаг Мане
2019 онд төрөлх суурин Бамбалид эмнэлгийн төв байгуулах ажлыг эхлүүлжээ. Тэр бээр энэ барилгын ажилд 455 мянган евро зарцуулсан байна. Энэ эмнэлгийг барих хүртэл нутгийн оршин суугчдад эмнэлгийн тусламж үйлчилгээ хүртээмж муутай байсан гэнэ. Харин Мане эмнэлэг барьснаар нутгийн иргэдийнхээ энэ хүндхэн асуудлыг шийдсэн аж.
2021 онд нээлтээ хийсэн энэ эмнэлгээр зөвхөн Бамбали тосгоны төдийгүй хөрш 34 тосгоны оршин суугчид ч үйлчлүүлэх боломжтой гэнэ. Энэ эмнэлэгт төрөх тасаг, эмчилгээний тасаг, мэс засал, цогцос хадгалах болон бусад төрлийн тасгуудыг байгуулжээ.
Бамбалид эмнэлэг байгуулах нь Манед тохиолдсон эмгэнэлт явдалтай холбоотой. Тэр бээр энэ тухайгаа “Made in Senegal” баримтат кинонд дурсаж байв. Түүнийг долоохон настай байхад аав нь өнгөрчээ.
“Аавын гэдэс нь өвдөж байсан. Гэвч эмнэлэг байхгүйн улмаас бид уламжлалт анагаахын арга хэрэглэсэн юм” хэмээн Мане дурсаж байв. Түүний аав ийнхүү эмнэлгийн тусламж авч чадалгүйн улмаас нас барсан тул өсөж том болж, мөрөөдлөө биелүүлсэн Мане бусдыг эрүүл саруул, элэг бүтэн байлгахыг хүссэндээ ийнхүү эмнэлэг барьсан аж.
Түүнчлэн сургуульд сурч чадаагүй хэмээн дурсаж байсан Мане хүүхдүүдийг боловсролтой болгоход ч хөрөнгө оруулжээ. Тэр бээр төрөлх тосгондоо бага сургууль байгуулахын тулд 250 мянган евро зарцуулсан гэнэ.
Манегийн тэтгэмж
Бамбалигийн ядуу өрх Садио Манегаас сар бүр 70 еврогийн тэтгэмж авдаг аж. Ингэснээр тэр нэн ядуу амьдарч байгаа хүмүүст тусладаг гэнэ. Сенегалын хүн амын 46 хувь нь нэн ядуу амьдардаг бол 17 хувь нь хүнсний хомстолтой нүүр тулдаг гэсэн судалгаа бий.
Зүгээр ч нэг тэтгэмж өгөөд зогсохгүй Садио Мане Бамбали тосгондоо 4G сүлжээ нэвтрүүлж, шатахуун түгээх газар, шуудангийн салбар байгуулж, шилдэг оюутнуудад бэлэг, тэтгэмж өгдөг гэнэ.
Дэлхий дахиныг коронавирусийн цар тахал нөмөрч, Сенегалд байдал хүндрэх үеэр Садио Мане эрүүл мэндийн байгууллагад 50 мянган евро хандивлаж байв.
“Хүний хийж чадах хамгийн сайн зүйл болон төрөлх нутгаа санан дурсах. Тэдэнд тусламж хэрэгтэй, би чадаж байвал тусална. Энэ бол миний хувьд тун чухал. Би үргэлж тэдний талаар бодох болно” хэмээн Садио Мане өгүүлж байв.
Түүнчлэн Мане жил бүр Бамбали руу өөрийнхөө овгийг бичсэн маш их футболк илгээдэг гэнэ.
Даруухан Мане
Мане 2022 онд өгсөн нэгэн ярилцлагадаа өөрийнх нь барьж байгаа iPhone11 утсыг найз, хөлбөмбөгчин Жини Вейналдум бэлэглэсэн хэмээж байв. Найз нь хагарсан дэлгэцтэй утсаа огт солихгүй байгаа Манег харж залхсандаа шинэ утас бэлэглэсэн гэнэ.
2018 онд Лестертэй тоглосноос хэдхэн цагийн дараа Садио Мане Ливерпулийн сүмд байгааг хүмүүс олж харжээ. Тэр бээр энэ сүмийн мөргөлчид бие засах газар цэвэрлэхэд нь туслаж байсан гэнэ.