2024-10-05, Бямба
8 C
Ulaanbaatar

Али Трувит аварга загасны дайралтаас амьд үлдэж, Паралимпын наадмыг зорьсон түүх

Парис хотноо үргэлжилж буй Паралимпын наадамд дэлхийн өнцөг булан бүрээс хосгүй түүхтэй тамирчид оролцож байна. Тэдний нэг нь Америкийн усанд сэлэлтийн тамирчин 24 настай Али Трувит юм. Тэр бээр энэ жил анх удаагаа Паралимпэд оролцож байгаа бөгөөд жилийн өмнө аварга загасанд хөлөө хазуулж, тасдуулсны дараа Паралимпэд оролцох шийдвэр гаргажээ. Али энэ аймшигт үйл явдлын дараа хэрхэн хөл дээрээ босож, спортод эргэн ирсэн талаараа Форбс сэтгүүлийг эрхлэн гаргагч Мойра Форбсд ярьсан байна.

Аварга загасны дайралтад өртөхөөс өмнө Али Трувит Йелийн их сургуулийн усанд сэлэлтийн багийн гишүүн байжээ. Тэр бээр паралимпэд 400 болон 100 метрийн чөлөөт сэлэлт болон 100 метрийн араар сэлэх төрөлд оролцож байгаа юм.

2023 оны тавдугаар сард Али Трувит Атлантын тэнгист байх Теркс, Кайкос арлууд дээр усан доорх сэлэлтээр хичээллэж байжээ. Йелсийн их сургуулийн багт байсан тэрээр энэ удаад найзуудтайгаа амарч явсан аж. Энэ өдөр Али болон түүний багийн гишүүн, найз нь болох Софи нар усанд байх үед аварга загас дайрчээ. Эсэргүүцээд нэмэр болсонгүй, аварга загас бүсгүйн хөлийг хазав.

“Үүний дараа аварга загас миний хөлний нэг хэсгийг хазаж тасалчихлаа гэдгийг би ойлгосон” хэмээн Али дурсжээ.

Ингээд найз бүсгүйчүүд өөрсдөөс нь 70 метр орчимд зайд байх завь руу сэлж, аварга загас ч араас нь хөөж. Гэсэн ч бүсгүйчүүд амжиж завин дээр сууж чадсан гэнэ. Софи цус алдахыг зогсоохын тулд Алигийн хөлийг боож чангалан, эмнэлэгт хүргэж, дараа нь Алиг тэндээс Майамигийн эмнэлэг рүү нисдэг тэргээр хүргэжээ. Энэ эмнэлэгт түүнд халдвар үүсэхээс сэргийлэх хоёр мэс засал хийж, тэндээс Нью-Йоркийн эмнэлэг рүү шилжүүлсэн гэнэ. Чухамхүү энд л 23 насныхаа төрсөн өдрөөр Али нэг хөлөө тайруулжээ.

“Ганцхан хормын дотор миний амьдрал орвонгоор эргэсэн. Нүд ирмэхийн төдийд л хөлгүй болчихсон” хэмээн Али дурсжээ.

Энэ үед түүний санааг зовоож байсан олон асуултуудын нэг нь дахин сэлж чадах болов уу гэсэн айдас байв.

“Спорт миний амьдралыг бүхэлд нь тодорхойлсон. Би дасгал хийхийн чухлыг мэддэг, сэтгэл санаагаа өөдрөг байлгахын тулд гүйдэг. Гэтэл гэнэт л ийм боломжгүй болчихсон. Үүний зэрэгцээ шинэ биеэ хүлээж авч чадах болов уу, хүмүүс намайг яаж харах бол гэж санаа зовниж байлаа” хэмээн Али дурсжээ.

Гэсэн ч Али бууж өгөлгүй, өөрт тулгарсан асуудлыг үл хайхран өөрийгөө юу чаддагийг өөртөө харуулахаар шийджээ. Бүх насаараа сэлсэн ч дахин ус руу зүглэнэ гэдэг аймшигтай байв. Хиймэл хөлтэй явж, шатаар буухад ч айдастай байлаа. Учир нь тархи тавхай газар дээр байгааг мэдрэхгүй, байгаа тул унахаас айж, алхаж ч чадахгүй байсан гэж Али дурсжээ. Гэхдээ усан сан руу эргэн очихын тулд, шинэ бие нь амьдралд саад болохгүй байхын тулд өөрийн чадах бүхнийг хийх ёстойг ойлгосон гэдэг.

Sport

Ингээд сэлэхээр шийдэв. Анхандаа ус руу ормогц тайруулсан хөл тэсэхэд бэрх өвдөж, усны чимээ өнөөх аймшигт өдрийг сануулдаг байсан аж. Усан сангийн ирмэг дээр сууж, хиймэл хөлөө авч тавин, нэг хөлтэйгээ ус руу орно гэсэн бодлоосоо Али айж, айдастайгаа тэмцэх нь сайн уу, муу юу гэж байнга бодох болсон гэдэг. Гэвч аажимдаа хүнд дурсамжууд орж ирэх нь цөөрөн, усанд сэлэхдээ л баяр баясалтай, амар тайван байгаагаа мэдрэх болж, спортод эргэн хөл тавьж чадна гэсэн итгэл найдварыг олж авчээ.

Мэс засал хийлгэснээс хагас жилийн дараа, бэлтгэлдээ орсноос хоёрхон сарын дараа Али Үндэсний аварга шалгаруулах тэмцээнд оролцсон аж. Бүсгүй 12 настайгаас нь тэмцээнд бэлтгэсэн дасгалжуулагчтайгаа хамт хичээллэдэг байжээ. Түүний дурссанаар, өөрийгөө сайн сэлж байгаа, бие нь хурдан тэнхэрч байгааг хараад өөрөө ч гайхдаг байсан гэнэ. Ингээд Паралимпын хөдөлгөөн, өөрийн орныг төлөөлөх боломж амьдралд ганц л тохиолдоно гэж бодсон тул Паралимпын наадамд бэлдэхээр шийджээ.

Хөлөө тайруулснаас хойш жилийн дотор АНУ-ын тэмцээнүүдэд оролцон, гурван алтан медаль хүртэж, дэлхийн шилдэг гурван усанд сэлэлтийн тамирчны нэгд тооцогдож, АНУ-ын дээд амжилтыг тогтоожээ. Ингээд түүнийг усанд сэлэлтийн шигшээ багт авсан байна.

“Паралимпын хөдөлгөөний нэг хэсэг болсноороо эрүүл мэндийн бэрхшээлтэй хүмүүс юу чаддагийг харуулах боломж олдсонд би маш их баяртай байгаа. Өмнө нь пара тамирчдаар үргэлж л бахархдаг байсан. Гэхдээ тэд ямар бэрхшээл туулж байгааг ойлгодоггүй байсан юм” хэмээн Али өгүүлжээ.

Түүний түүх өөртэй нь ижил нөхцөл байдалд байгаа хүмүүст урам зориг өгнө гэж Али итгэлтэй байгаа аж.

“Паралимпын наадам бол спорт, медаль төдий биш. Энэ бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тухай, тэдний ололт амжилтын талаар нийгэмд хүргэх тавцан юм. Энэ наадам хүмүүс урагшлах, нэгдэхэд тусалдаг” хэмээн Али өгүүлжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img