2024-12-05, Пүрэв
-23 C
Ulaanbaatar

“Эрдэнэс Монгол” нэгдэл эхний хагас жилийн ажлаа дүгнэж, өвөлжилтийн бэлтгэлээ хэлэлцэж байна

Өнгөрсөн жилээс уламжлал болгон зохион байгуулж буй “Эрдэнэс Монгол нэгдлийн эхний хагас жилийн ажлын үр дүн-өвөлжилтийн бэлтгэл” удирдах ажилтны зөвлөгөөнийг 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Багануур ХК-ийг түшиглэн зохион байгуулж байна.

Энэхүү зөвлөгөөнд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн дарга Ш.Мөнхцэрэн, гүйцэтгэх захирал С.Наранцогт нар болон нэгдлийн бүрэлдэхүүний охин, харьяа компанийн удирдлагууд оролцож, эхний хагас жилийн төлөвлөгөөт ажлын хэрэгжилт, үр дүнг үнэлэн дүгнэж, өвөлжилтийн бэлтгэлээ хэрхэн хангаж байгаа талаар мэдээлэл солилцон зөвлөлдөж байна.

Энэ үеэр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал төрийн өмчит уул уурхайн компаниудын засаглал, үйл ажиллагааг сайжруулж, үр ашгийг дээшлүүлэх, улс орон, ард иргэдэд хүртээх эрдэс баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх “Монголын баялаг Монгол хүндээ” уриатай Үндэсний баялгийн санг бүрдүүлэх реформыг танилцуулж, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэхээ олон нийтэд зарлалаа.

Үндэсний баялгийн санг бүрдүүлэх цогц реформ нь дараах чиглэлээр хийгдэнэ:

Нэг. Төрийн өмчит үйл ажиллагааг ил тод болгох, тунгалагжуулах реформ

  • Сайн засаглал, үр дүнг сайжруулах шинэчлэлийн хүрээнд төрийн өмчит компаниудын засаглалыг олон улсын жишигт хүргэж, эрх зүйн таатай орчин бүрдүүлнэ. Ингэснээр төрийн өмчит компаниудын засаглалын тогтолцоо олон улсын жишигт нийцэж, хөрөнгийн зах зээлд гарах (IPO) боломж бүрдэнэ. Түүнчлэн төрийн өмчит аж ахуйн нэгжийн олон төрлүүд тэдгээрийн эрх зүйн тодорхойгүй байдлыг цэгцлэх юм.
  • Аж үйлдвэрийн ээлтэй орчинг бүрдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх реформын хүрээнд ашигт малтмалыг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг бүхий эцсийн бүтээгдхүүн үйлдвэрлэгч, аж үйлдвэржилтийн суурь дэд бүтцийг дэмжих, эрчимжүүлэх эрх зүйн орчныг сайжруулна. Ингэснээр эрх зүйн таатай орчин бүрдэх, байгалийн баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, Үйлдвэрлэл технологийн паркийн суурь үйлдвэр, дэд бүтэц байгуулагдаж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих юм. Урьдчилсан тооцоогоор 6 үйлдвэр технологийн паркад хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 6.2 тэрбум ам.долларын 68 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 36 үйлдвэр байгуулагдана.
  • Түмэндээ харагддаг төрийн өмч буюу шилэн реформын хүрээнд нэгдлийн компаниудын өдөр тутмын үйл ажиллагааны үр ашиг, хяналтыг сайжруулах нэгдсэн удирдлагын систем (ERP) нэвтрүүлнэ. Энэхүү Их өгөгдөлд суурилсан цахим систем нь компаниудын бүх үйл ажиллагааг ил тод болгосноор үйл ажиллагааны үр ашгийг хамгийн багадаа 30%-иар нэмэгдүүлэх юм.

Хүний нөөцийн сонгон шалгаруулалтыг Хиймэл оюун ухаанд суурилан нээлттэй, ил тод, ур чадварт суурилсан зарчмаар зохион байгуулж, стратегийн бүтээн байгуулалтад шаардлагатай мэргэжилтнүүдийн судалгааг гаргана.

Хоёр. Аж үйлдвэрийн экосистем бүрдүүлэх “Түүхий эдийн түүхийн төгсгөл” реформ

Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн шинэчлэлийг хийхийн зэрэгцээ шаардлагатай дэд бүтэц, аж үйлдвэрийн үндсэн түүхий эд үйлдвэрлэх суурь үйлдвэрийг барьж байгуулан үйлдвэржилтийн гинжин хэлхээг бий болгоно. Энэхүү реформын хүрээнд 6 байршилд баригдах Үйлдвэрлэл технологийн паркаас нэн тэргүүнд стратегийн ач холбогдол бүхий дараах 3 үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Тухайлбал:

  1. Эрдэнэт ҮТП-ийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, Зэс боловсруулах үйлдвэрийн цогцолбор.
  2. Дархан ҮТП-ийн хүрээнд Ган боловсруулах үйлдвэрийн цогцолбор. Эхний ээлжинд түүхий эдээр тогтвортой хангах төмрийн нойтон баяжуулах, хорголжин үйлдвэрийн бүтээн байгуулалтын бэлэн байдлыг хангах, ТЭЗҮ, судалгааны ажлыг эрчимжүүлнэ.
  3. Багануур ҮТП-ийн хүрээнд Хүрэн нүүрс боловсруулах цогцолбор байгуулна. Түүхий эдээр тогтвортой хангах нөхцөлийг бүрдүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг яаралтай эхлүүлэх юм.

Үндэсний баялгийн санг бүрдүүлэх реформын гол зорилго нь төрийн өмчит уул уурхайн компаниудын үйл ажиллагааг сайжруулж, төрийн эзэмшлийн 34% хүртэлх хувьд ногдох ногдол ашгийг нэмэгдүүлж, Хуримтлалын сангийн орлогыг бүрдүүлэх замаар эрдэс баялгийн үр өгөөжийг ард түмэнд тэгш шударга хүртээх юм. Түүнчлэн энэхүү реформыг хийснээр төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа цахим, ил тод нээлттэй болохоос гадна зардал буурч, үйлдвэрлэлийн бүтээмж нэмэгдэнэ. Мөн аж үйлдвэрийн үндсэн түүхий эд үйлдвэрлэх суурь үйлдвэрүүд, шаардлагатай дэд бүтэц, хууль эрх зүйн орчин сайжирснаар хувийн хэвшлийнхэн болон гадаад дотоодын бизнес эрхлэгчдэд үнэ цэн бий болгох хөрөнгө оруулалтын таатай орчин нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа юм.

“Эрдэнэс Монгол” нэгдэл эхний хагас жилд 3.8 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллав

“Эрдэнэс Монгол” нэгдэл 2024 оны эхний хагас жилд үйлдвэрлэл, санхүүгийн үзүүлэлтээрээ төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, амжилттай ажиллалаа. Нэгдлийн үйлдвэрлэлийн үзүүлэлтийн хувьд, ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй компани, үйлдвэрийн газруудын хагас жилийн гүйцэтгэлээр олборлолт 100%, баяжмал үйлдвэрлэл 106%, хөрс хуулалт 88%-тай байна.

Санхүүгийн үзүүлэлтийн хувьд, 8.7 их наяд төгрөгийн орлого бүрдүүлэхээр төлөвлөснөөс 9.0 их наяд төгрөгийн орлого бүрдүүлж, 3.8 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, төлөвлөгөөгөө 140%-тай биелүүллээ. 2024 оны эхний хагас жилийн байдлаар улсад 2.6 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлээд байна.

Өвөлжилтийн бэлтгэл байдлын хувьд, нэгдлийн олборлолт, үйлдвэрлэл, тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг компани, үйлдвэрийн газрууд нь 6 чиглэлээр 810 ажил төлөвлөснөөс дундаж гүйцэтгэл 44.1%-тай байна.

Төвийн бүсийн эрчим хүч, дулааны системийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор Засгийн газрын 2024 оны 22 дугаар тэмдэглэлээр өгөгдсөн даалгаврын дагуу “Багануур” ХК болон “Шивээ Овоо” ХК-ийн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд шаардлагатай нийт 29 тэрбум төгрөгийг толгой компанийн зүгээс шийдвэрлэж ажиллалаа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img