2024-10-05, Бямба
8 C
Ulaanbaatar

Германы монголч эрдэмтэн Удо Баркмен: Монгол бол ганцаардсан улс

Германы монголч эрдэмтэн, доктор, профессор Удо Баркмены “Монголын буддын шашны өнөөдөр” илтгэлийг тоймлон хүргэе.

Монголыг Япон шиг ганцаардсан орон гэж хэлж болох юм. Товчхондоо танай улс монгол соёл иргэншлийн гол цөм болсон цорын ганц орон. Хэдийгээр Орос, Хятадын хил залгаа нутгуудад монголчууд бий ч тэдний хувьд монгол соёл, иргэншил илүү эмзэг, хэврэг байдалд буй.

Хөрш хоёр орны аль алинд нь өнгөрсөн зууны туршид монгол соёл иргэншлийг их бага, ямар нэгэн хэмжээгээр зориуд мөхөөж ирсэн. Энэ талаас нь харах аваас монгол соёлын тойргийн гол цөм болсон Монголд “ганцаардсан улс” гэсэн тодорхойлолт тохирч байна. Монголын аюулгүй байдлын үзэл баримтлалд “Монгол бол монголчуудын голомт мөн” гэсэн өгүүлбэр бичигдсэн нь цаанаа ийм учиртай.

Үндэсний бичиг, түүх зан заншил, нүүдэлчдийн соёл иргэншил, шашин шүтлэг нь монголчуудын голомтын хэв шинжийг бүрдүүлж буй. Шарын буюу Төвдийн шашин Монголд нэгэн цагт орж ирсэн нь түүхийн бодит үнэн. Түвдийн Бурханы шашин тархсан газар орон гэвэл Хятад, Өмнөд Монгол, Энэтхэгт цагаачлан амьдарч буй төвдүүд, Монгол Улс, ОХУ, монголчуудын оршин амьдарч буй зарим нутагт дэвсгэрээр хязгаарлагддаг. Эл шашин туурга тусгаар Монгол улсад чөлөөтэй хөгжиж яваа. Монголын уламжлал гүн шингэсэн уг шашныг Монголын бурханы шашин хэмээн нэрлэвэл зүйд нийцнэ гэж би хувьдаа боддог.

Монголын бурханы шашин ерэн оноос ахин сэргэхэд улс үндэсний хэмжээнд өрнөсөн үйл явдлууд, мөн гаднаас түлхэц өгсөн онцлог бий. Улс үндэсний хэмжээнд өрнөсөн үйл явцын үе шатууд Эрдэнэзуу, Амарбаясгалан зэрэг хийдийн хурлын ажиллагааг сэргээх талаар АИХ-аас гаргасан шийдвэр, Мэгжид Жанрайсиг шүтээнийг босгох тухай Ерөнхийлөгчийн зарлиг, Шашны асуудал эрхэлсэн зөвлөл байгуулах тухай зарлиг, Монголын сүсэгтний холбоо байгуулагдсан явдал орох юм. Тус холбоо 1991 онд Жавзандамба хутагтыг урих, эсвэл хойд дүрийг тодруулах асуудлыг тавьж байсныг онцлохгүй орхиж болохгүй.

Эцэст нь 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр хүчин төгөлдөр болсон Үндсэн хуульд Монгол улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ хэмээн заасан түүхтэй. Энэ өгүүлбэрт “шашнаа” гэж ганц тоон дээр бичсэнийг онцолмоор байна. Миний бодлоор энд нэг л шашны тухай ярьж байгаа. Мөн 1993 оны 11 дүгээр сард Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг баталсан чухал явдал болсон юм.

Бурханы сургаал монголчуудын ахуй амьдрал, үзэл бодол, оюун санаанд гүн гүнзгий нэвтэрч, Монголын уламжлалт соёл иргэншлийн салшгүй хэсэг болсон. Нөгөө талаар Монголын бурханы шашны эрдэмтэн мэргэд бурханы соёлд хувь нэмрээ оруулсан гэж Ерөнхийлөгч Очирбат хэлсэн нь бий.

Өөр нэг онцлох үйл явдал 1996 оны аравдугаар сарын 25-26-нд шилжих шөнө болж байв. Тэр нь Мэгжид Жанрайсиг шүтээний нээлтийн ёслол. Далай лам Бурхан багшийн чандар бүхий долоон боодол, Адишагийн чандар бүхий нэг боодол, шарын шашныг шинэчлэгч Зонховын яс буюу чандар, өмнөх бүх Ванчин лам нарын тэргүүний үс зэрэг ариун нандин шүтээнүүдийг энэ шүтээнд оршоохоор илгээсэн түүхтэй. Жанрайсиг шүтээн онцгой, ариун нандин шүтээний зэрэгт орж, Төвд Монголын өргөн уудам нутаг зайд Гандантэгчинлэн хийдийг сонирхох сонирхлыг улам өдөөсөн хэрэг болсон юм.

1997 онд Монголд 2500 лам, 160 сүм хийд байсан. Гэхдээ шинэ лам нарын хувьд хувраг хүнд тавигдах шаардлагыг хангаж чадаж байсан уу гэвэл хэцүү. Энэ тал дээр Бакула Ринбүчи угийн ухаалаг, дипломат зангаараа “Монголд бурханы шашин олон арванаар доройтож, тасалдаад сүүлийн хэдэн жил дахин сэргэж дэлгэрч байна. Сүм хийд нь дэг жаягаа дагадаг, лам нар нь винайн ёсоо чанд сахидаг байх нь их чухал. Тийм байвал эрдэм ихтэй, ёс сайтай, жинхэнэ сайн лам нар бий болно. Гандангийн лам нар сайн байвал хойч хойчийн лам нар улам сайн болно” хэмээн хэлсэн юм.

Шашин номыг тасалдуулсан өнгөрсөн хэдэн арван жилд шашин, ном, соёлын хүрээнд бүтээж буй болгосон байшин барилга ямар ч аймаг сумдад байсангүй. Үүний зэрэгцээ улс орны хэмжээнд шарын шашныг сэргээн дэлгэрүүлэх үйл явцад нөлөөлсөн гадны түлхэц, хүчин зүйлсийн талаарх асуудал санаснаас илүү нарийн төвөгтэй байсныг онцолмоор байна. Монголчуудын соёл, түүх гүн шингэсэн энэ шашин 1937 онд гэнэт таслагдсан түүхийг бултаараа мэднэ. Гэсэн ч би социалист Монголд оюутан байхдаа монгол найз нарынхаа суудаг өрөөнд Далай ламын бяцхан хөргийг үе үе хардаг байлаа. 1979-1981 оны үе л дээ. Тэгэхээр Далай ламын шашны нэр хүнд социализмын үед ч харьцангуй тасраагүй гэсэн үг. Далай ламын 1979, 1981 онд Монголд хийсэн айлчлалууд үүнийг тодорхой харуулсан. 1991 оноос хойшхи айлчлалууд нь нийгмийн сэтгэлд хоногшсон үйл явдал болж байв.

Далай лам монголчуудын талаар ямар санаа бодолтой байсан бол. Энэ асуултад өөрийнхөө үүднээс хариулах гэж оролдъё. Шашны хэмжүүрээр авч үзвэл нэгдүгээрт итгэл бишрэлийн үнэ цэнийг бий болгохыг хүсч байсан болов уу. Хоёрдугаарт бурханы сургаалыг дэлгэрүүлье гэвэл лам нарыг сургах нь хамгийн чухал зорилт гэж үзсэн нь тодорхой харагддаг.

Далай лам монгол, төвдүүд соёлын хувьд ойр болохыг удаа дараа онцолсон байдаг. Тэрээр “Төвд болон монголчууд хөх толботой төрдгөөрөө адилхан. Манай Төвдөд монгол ёс байдаг бол Монголд ч төвд ёс их бий. Тиймээс би төвд, монголчуудыг ихэр хүүхэд мэт ард түмэн минь гэж байнга хэлдэг” гэсэн удаатай. Энэ үгийг улстөрийн бодит нөхцөл байдалтай холбон, соёл ойр байдлыг онцолж буй нь эв нэгдлийг эрхэмлэх санаагаар эвлэлдэж нэгдэх хүслийнх нь илэрхийлэл байх. Мөн урт хугацааны санаа зовнил болох монголчуудтай холбоотой хойд дүр тодруулах орчлыг сэргээх явдал ч Далай ламын онцгой анхааралд байсан болов уу.

Энэтхэг улс Монголд шарын шашныг дэлгэрүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн орон. Энэ бүхний цаана том учир байсан л даа. Шарын шашны оюун санааны эргэлтэд оройлж яригддаг монголчууд төвдөөс гадна санскрит хэл эзэмших ёстой байсан юм. Санскрит хэл монголчуудад угаас онцлог оюун санааны ертөнцөд хүргэх замыг нээж өгснийг онцлох учиртай.

Шарын шашныг дэлгэрүүлэхэд тус улсын гүйцэтгэсэн үүргийг хамгийн тод харуулах жишээ нь Бакула Ринбүчиг Энэтхэгээс Монгол улсад элчин сайдаар томилсон шийдвэр байлаа. 1990 онд Далай ламын багш асан Бакула Ринбүчи Монголд суух элчин сайдаар томилогдож байсан юм. Тэр үе бол Бакула ринбүчи Найдан хувилгааны 16 дугаар дүрээр тодорсон цаг.

Бакула Ринбүүчи ерээд оны үед Монголд буддын шашныг сэргээн дэлгэрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн их хүмүүн. Энэтхэг улс энэ чигт Монгол улсын туйлын сайн түнш байсныг батлах энэ мэт жишээ олон. Цаашдаа ч тийм байсаар байх болно.

Монголын бурханы шашинд гадны бурханы шашны үзүүлж буй нөлөөллийн хувьд төдийлөн мэдрэгдээд байдаггүй нэг тал бий. Бурханы шашинд багш шавийн барилдлага насан туршийн бөгөөд салшгүй гэсэн онцлог байдаг юм. Монгол улс 1993 оноос хэдэн зуун монгол залуусыг урт хугацаагаар бурханы номд суралцуулахаар Дарамсала, Энэтхэгийн Бэрээвэн, Сэра хийдүүдэд илгээсэн юм.

Илгээсэн залуус олон жил суралцах хугацаандаа Бурханы шашны гүн мэдлэг өвөрлөн Монголдоо буцаж ирнэ. Гэхдээ тэд Монголдоо ирсэн ч гэсэн төвд багш нарынхаа шавь хэвээр байх болно.

Ойрын хугацаанд тэдгээр лам нар гүн гүнзгий мэдлэг олгодог Бурханы шашны нэрийг улсдаа түгээн, Монгол соёлынхоо онцлогийг тодруулан шингээж, Монголыг соёлыг сонирхох гадныхны хүслийг улам өдөөнө гэдэгт би хувьдаа эргэлздэггүй. Би 2001 онд судлаач О.Машбатын “Өнөөгийн Монголын соёлын зарим асуудал” өгүүллийг уншсан юм. Зарим зүйлийг эргэцүүлэн бодоход хүргэсэн энэ өгүүлэлд монголчууд улстөр, эдийн засаг, дипломат төдийгүй оюуны хувьсгал авчрах эрч хүчтэй гадаад бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн санааг онцолсон байсан.

Монгол улс бусдыг татах чадвараа сайжруулахын тулд зөөлөн хүчийг хөгжүүлэх ёстой. Бусдыг татаж чадна гэдэг нь соёлын дархлаагаа жолоодож чадна гэсэн үг. Монголын соёл гээд ярихаар Аравдугаар богдод онцгой үүрэг ногдох нь дамжиггүй. Миний хувьд Аравдугаар Богд монгол уншлагын талд ямар нэгэн шийдэл бодох байх. Монгол уншлага надад маш чухал санагддаг. Монгол уншлага дээр л Буддын ухаан жинхэнэ утгаараа Монголын шашин болох бүрэн боломжтой.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img