2024-10-04, Баасан
2 C
Ulaanbaatar

Bild: Зеленский АНУ-д айлчилж, гал зогсоох төлөвлөгөө танилцуулна

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-д айлчилж, тус улсын төрийн тэргүүн Жо Байден болон ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа Камала Харрис нартай уулзахаар болжээ. Айлчлалын товын талаар тодорхой мэдээлэл гараагүй, “ойрын хэдэн долоо хоногт айлчлал болно” гэж Германы Bild сэтгүүл мэдээлсэн байна.

АНУ-д айлчлах үеэр Владимир Зеленский тус улсын Ерөнхийлөгч Жо Байден болон Ерөнхийлөгчид нэр дэвшигч Камила Харрис нартай уулзан, Орос, Украины дайныг зогсоох энхийн төлөвлөгөөг танилцуулахаар төлөвлөж байгаа талаар нөхцөл байдалтай ойр эх сурвалж Bild сэтгүүлд мэдээлэл өгчээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Зеленскийн төлөвлөгөөнд Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөхөд барууны зэвсгийг ашиглах зөвшөөрөл шаардах болон фронтын тодорхой хэсгүүд дээр байлдааны үйл ажиллагааг Украины тал түр зогсооход бэлэн байгааг илэрхийлсэн заалтууд тусгагдсан байна.

Түүнчлэн Зеленский барууны орнуудад хандан Украинд нэмэлт цэргийн тусламж өгөхийг уриалжээ.

“Бид түншүүддээ талархаж байна. Гэхдээ бидэнд цэргийн тусламж дахин хэрэгтэй байгаа” хэмээн Зелеский мэдэгджээ.

Bild сэтгүүлийн онцолсноор, холбоотнуудын үзүүлж буй тусламж Украинд ихээхэн саатаж очиж байгаа гэнэ. Тухайлбал, Украинд холбоотнууд нь 60 сөнөөгч онгоц амласнаас ердөө зургаа нь л Украинд хүрчээ. Харин энэ оны эхнээс нийлүүлэгдэнэ хэмээж байсан Германаас нийлүүлэх 400 хуягт машины нэгийг ч Украины тал хүлээж аваагүй аж.

Зарим ажиглагчийн үзэж байгаагаар, барууны орнуудын цэргийн тусламж сааталтай байгаа учраас фронт дээр нөхцөл байдал хүнд байгаа, тиймээс л барууны зэвсгийг Оросын нутагт цохилт өгөхөд ашиглах, эсвэл фронтын зарим хэсэгт гал зогсоох хэлэлцээ хийхийг Украины тал хүсэж байгаа гэнэ.

Өмнө нь, есдүгээр сарын зургааны өдөр Германд болсон Украины Батлан хамгаалах асуудлаарх хамтарсан бүлгийн хуралд Зеленский үг хэлэхдээ өвөл эхлэхээс өмнө энэ дайныг дуусгахыг уриалж байлаа.

“Энэ намар Оросын түрэмгийллийг дуусгахын төлөө зүтгэцгээе. Ингэснээр аюулгүй байдлын олон улсын найдвартай дэг журам сэргэнэ. Бид үүнийг хийх ёстой” гэж Зеленский мэдэгдэж байв.

Үүнээс өмнө, наймдугаар сарын сүүлээр Зеленский АНУ-д танилцуулах, Украины “ялалтын төлөвлөгөө”-г боловсруулсан гэж мэдэгдэж байсан. Энэ төлөвлөгөө нь таван зүйлтэй бөгөөд “дайныг дуусгах дэлгэрэнгүй төлөвлөгөө” 11 дүгээр сард болох “энх тайвны дээд хэмжээний” хоёр дахь уулзалтын үеэр бэлэн болно гэж Зеленский мэдэгдэж байлаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ч Украинтай хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ илэрхийлж байгаа. Гэхдээ ямар нэг тулган шаардалтын үндсэн дээр биш харин 2022 оны хавар Стамбулд тохиролцсон хэлэлцээрийг тулгуурлан, Хятад, Энэтхэг, Бразил зэрэг улсаар зуучлуулах боломжтой гэж Оросын тал үзэж байгаа аж.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img