2024-10-05, Бямба
-3 C
Ulaanbaatar

Бусдын тохуу болдог туниа муутай хүү тулааны урлагийн мастер болсон нь

Жан-Клод Ван Дамм. Энэ нэрийг мэдэхгүй хүн ховор биз. Тэр бол тулааны урлагийн мастер, найруулагч, тулаант киноны зохиолч, жүжигчин, продюсер гэдгээрээ дэлхий даяар алдаршиж, тулаант киноны гол дүрүүдээр үзэгчдийн хайртай жүжигчин болсон юм. Тэр дундаа шпагат суудгаараа Ван Дамм ихээхэн алдартай. Гэхдээ хүүхэд ахуй насанд нь түүнийг хэн ч ийм ирээдүй хүлээж байгаа гэж төсөөлөхийн аргагүй байв. Сул биетэй, үеийнхэн нь байнга тохуурхан дээрэлхдэг байсан туниа муутай хүү хэрхэн энэ бүхнийг даван туулж, дэлхийн од болов?

Туниа муутай хүү өөрийгөө даван туулсан нь

VandamЖан-Клод Камиль Франсуа Ван Варенберг Брюсселийн тойрогт төрж, өсжээ. Тэр айлын ганц хүүхэд байв. Ээж аав нь түүнд амиа тавьдаг байж, тэр дундаа ээж нь. Хүү өвчлөмтгий, сулбагар нэгэн байсан тул ээж нь түүнийг хайрлаж, эрхлүүлж, бөөцийлж, ингээд л “ээжийнхээ өврөөс салаагүй хүү” болон хувирсан гэдэг.

Тэр уйланхай, гоншигонуур, байнга л ээждээ хов зөөж, гомдол мэдүүлдэг байв. Жан-Клод шил зүүдэг, бөгтөр, үе тэнгийнхэн нь байнга л түүнийг дээрэлхэж доромжилно. Үүнээс болж хүү улам л дотогшоо, хүмүүстэй харилцаж чаддаггүй нэгэн болжээ. Үүн дээр биполяр эмгэг /nio.mn: сэтгэл санааны байдал огцом өөрчлөгддөг өвчин/ нэмэгдэж байдлыг бүр л дордуулав.

Тухайн үед эмч нар энэ эмгэгийг өвчин гэж тооцдоггүй байв, тиймээс хүүд нь асуудал тулгарсныг анзаарсан аав нь өөрөө үүнийг шийдэхээр болжээ. Ингээд хүүгээ дорны гардан тулааны секцид бүртгүүлэв.

Энд хичээллэсэн хүү нь түрэмгийллийг сөрөн зогсож чаддаг болохын зэрэгцээ сул талаа даван туулж, эрүүл мэнд нь сайжирна гэж аав нь итгэж байлаа.

Үнэхээр л аавынх нь зөв байлаа. Гайхамшиг тохиож, өнөөх сул дорой, туниа муутай хүү маш хурдан каратэ сурч, найман жилийн дараа хар бүстэй болжээ. Удалгүй Бельгидээ спортын од болов. Үүний дараа гардан тулааны өөр төрлүүдээр хичээллэж, бодибилдингийн тэмцээнд түрүүллээ. Ингээд л түүнийг нэгэнтээ уйланхай, гоншигнуур, сул дорой нэгэн байсан гэдэгт хэн ч итгэхээргүй болов. Одоо түүний зорилго нь Холливуд.

Холливудыг бишрүүлсэн нь

VandamӨнөөдөр Ван Даммын тоглосон кино ихэд алдаршиж, үзэгчид байнга л танхимыг дүүргэнэ. Харин Ван Дамм жүжигчин болохоор шийдсэн тамирчин байх үедээ жижиг дүр ч болтугай авах юмсан гэж мөрөөддөг байлаа. Тэр сонгон шалгаруулалтад байнга орж, энэ хугацаандаа амин зуулгаа залгуулахын тулд таарсан бүх ажлыг хийдэг байв.

Жолооч хийж, шал угааж, Чак Норрисын шөнийн цэнгээний газарт хамгаалагч хийж байв. Чухамхүү Чак Норрис түүнд өөрийнх нь кинонд туслах дүр бүтээх санал тавьжээ. Үүний дараа Ван Даммыг бусад найруулагчид анзаарч, түүний од гийв.

Жан-Клод анхны дүрээ бүтээхдээ л уран бүтээлийн нэр ашиглажээ. Учир нь Бельги овог нэр хэлэхэд хүнд байв. Түүний хувьд “Цуст спорт” кино өөрийг нь таниулах томоохон алхам болсон бөгөөд үүний дараа л тулааны урлагийн жинхэнэ од болж, кинонд тоглох санал тасралтгүй ирдэг болжээ.

Ван Дамм бүхий л үзүүлбэрийг өөрөө гүйцэтгэдэг байсан нь түүний амжилтыг илүүтэй тодотгож байлаа. Ингээд л Ван Дамм Холливудын хамгийн өндөр орлоготой жүжигчдийн нэг болж, Америк төдийгүй дэлхий дахинд алдаршжээ.
Ван Даммын хувийн амьдрал

Жан-Клод Ван Дамм тулааны урлагийн мастер төдийгүй бүсгүйчүүдийг урхидах урлагийн мастер гэлтэй. Тэр амрагийн явдлуудаараа алдартайн дээр таван ч удаа албан ёсоор гэрлэж байв.

Ван Дамм төрөлх Бельгид байхдаа анх гэрлэжээ. Холливуд явах хүслийг нь эхнэр нь дэмжээгүй тул тэд салж, Ван Дамм Америкийг зорьсон аж. Хоёр дахь эхнэр нь Синтия Дердериан байв. Тэр Жан-Клод жолоочоор ажиллаж байсан компанийн захирлын охин байсан гэнэ. Жан-Клод алдартай болж эхлэхэд тэдний харилцаа муудаж, улмаар хоёр тийш болжээ.

Vandam

Ван Даммын амьдрал дахь хамгийн гол эмэгтэй болох Глэдис Португезтэй тэр Чак Норрисийнд болсон үдэшлэгийн үеэр танилцжээ. Глэдис тухайн үед АМерикийн бодибилдингийн аварга байв. Тэдний харилцаа хурдацтай өрнөж, удалгүй гэрлэжээ. Глэдис Жан-Клодод хоёр хүүхэд төрүүлж өгсөн бөгөөд нөхөр нь түүнийг араар тавьсныг мэдээд салах өргөдлөө өгсөн аж. Жан Клод нууц амрагтайгаа гэрлэж, Николас гэх хүүтэй болов. Тэр алдар нэртэй болж, архинд дурлаж, мансууруулах бодис хэрэглэж эхэлсний дээр биполяр эмгэг нь хурцаджээ. Ингээд эхнэр нь түүнийг хаялаа.

Жан-Клод эмчилгээнд орсныхоо дараа Глэдистэй эргэн нийлэхээр шийдэв. Глэдис ч түүнийг уучилж, тэд дахин гэрлэжээ.

Жан Клод Ван Дамм 2020 онд тулааны урлагаа орхиж, олон нийтийн ажил хийнэ гэж мэдэгдэж байлаа. Аялж, олон нийтийн сүлжээндээ гэрэл зураг оруулж байсан тэр гэнэт л кино урлагт эргэн орохоор шийдэж, “Хүний там” нэртэй кинонд тогложээ. Өдгөө 63 настай Жан-Клод “тулааны урлагийн ертөнцөд амьдарч байх үед нас бол ердөө тоо” хэмээж байв. Түүний өгүүлснээр биеэ эрүүл чийрэг байлгахын тулд сахилга бат, анхаарал төвлөрөл, дайчны зүрх зоригтой байх ёстой гэнэ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img