2024-10-05, Бямба
1 C
Ulaanbaatar

Галзууртлаа, үхтлээ бүжих буюу гучаад оны Америкийн бүжгийн марафон

Галзууртлаа, үхтлээ гэдэг үгсийг энд хэрэглэсэн нь зүгээр нэг зүйрлэл, хэтрүүлэл биш. Үнэхээр л сөхөрч унатлаа, тэр бүү хэл амиа алдталаа бүжиглэдэг үе байсан. Зүгээр ч нэг хүмүүс зугаацаж цэнгээд бүжиглэх биш харин их шагналын төлөө, бусдыг зугаацуулах гэж бүжиж байсан үе Америкийн түүхэнд бий. Энэ бол бүжгийн марафон.

1923 оны гуравдугаар сард Нью-Йорк хотноо анхны албан ёсны бүжгийн марафон зохион байгуулагдаж, энэ марафонд бүжгийн зааварлагч Альма Каммингс 27 цаг тасралтгүй бүжиглэн, анхны дээд амжилтыг тогтоож байв. Үүнээс сар ч хүрэхгүй хугацааны дараа түүний амжилтыг бусад хүмүүс есөн удаа эвджээ.

Сөхөрч унатлаа бүжиглэх шоу

1929 онд АНУ-д биржийн сүйрэл тохиосны улмаас эдийн засгийн хямрал нүүрлэсэн бөгөөд Аугаа их хямрал хэмээн нэрлэгдсэн энэ үзэгдэл 1939 он хүртэл үргэлжилсэн юм. Америкийн нийгэмд урьд хожид үзэгдээгүй ажилгүйдэл нүүрлэж, дөрвөн хүн тутмын нэг нь ажилгүй болж, хүнсний хомстолд ч орж байлаа. Чухамхүү энэ үеэр л бүжгийн марафон үүсэж, иргэдийг бэрхшээлт асуудлаас анхаарлыг нь сарниулахын тулд төрөөс ч энэ арга хэмжээг дэмжиж байв.

Энэ марафонд орж ялагч болвол 1000-5000 долларын шагналын эзэн болно. Тухайн үед АНУ-д жилийн дундаж цалин 1400 доллар байсан гэж тооцвол энэ нь үнэхээр асар өндөр шагнал. Хүмүүс энэ шагналд төдийгүй үнэгүй хоол идэх боломжтойд нь татагдаж марафонд бүртгүүлдэг байсан гэнэ. Марафоны оролцогчдыг өдөрт хэд хэдэн удаа хооллодог байсан бөгөөд гэхдээ гагцхүү бүжих зуураа л хооллоно.

Мэдээж бүжгийн нарийн техник шаардахгүй, хөлөө солбин, хөгжмийн аянд хөдөлж байхад л болно. Оролцогчид бүжиглэнгээ сахлаа хусаж, захидал бичиж, сонин уншиж, нүүр гараа ч угаадаг байв. Өдөр бүр яг л ийм хэмнэлээр…

Зарим тохиолдолд оролцогчид нэмэлт орлого олохын тулд ивээн тэтгэгч ашигладаг байлаа. Орон нутгийн компаниуд тэмцээнд оролцох хосыг өөрсдийнх нь нэрийг зүүж гарсны төлөө багахан мөнгө өгдөг байжээ. Түүнчлэн оролцогчид гарын үсгээ худалдаж мөнгө олно. Ихэвчлэн 10 центээр гарын үсэг зурж өгдөг байсан гэнэ.

Марафон үзэгчдээс багахан мөнгө авна, 10-25 цент. Төлбөрөө төлж орсны дараа үзэгч хичнээн хугацаанд тэснэ тэр чинээгээрээ л тэнд үлдэж болно.

Долоо хоног, сараар ч үргэлжлэх марафон

Бүжгийн марафон хэдэн өдөр төдийгүй хэдэн долоо хоног, тэр бүү хэл сараар ч үргэлжилдэг байв. Тухайлбал, Миннеаполисын Каллум Девилье, Вонни Кучински нар 1933 онд марафонд оролцож, таван сар бүжиглэн, нэгдүгээр байранд орж байжээ. Тэд 1000 долларын шагнал авсан байна.

Энгийн дүрэм, гэвч…

Марафоны дүрэм ёсоор оролцогчид босоогоороо, цаг тутамд 45 минутын туршид хөдлөх ёстой. Бүтэн хоногийн туршид.

Шөнийн цагаар амьд хөгжмийн хамтлаг тоглох бол өдрийн цагаар радио эсвэл пянз тоглуулагчийн аянд бүжиглэнэ. Хэдэн цаг болоод нэг удаа дохио дугарч, бүжгийн хосууд 15 минут хэвтэж амарна. Тэднийг үнэрлэдэг давсны тусламжтайгаар сэрээдэг байсан бөгөөд сэргэж чадахгүй байгаа эрчүүдийг цэв хүйтэн устай ваннанд хийх тохиолдол ч цөөнгүй гардаг байсан гэнэ. Хосын аль нэг нь бүжгийн үеэр зүүрмэглэвэл хамтрагч нь түүнийг тэврээд хөдлөхөөс аргагүй. Ийм тохиолдолд унтаж буй оролцогчийн өвдөг шал шүргэх ёсгүй, ингэвэл тэмцээнээс шууд л хасна.

Bujig

Үзэгчид уйдах ёсгүй

Аливаа бүжгийн марафоны гол хүмүүсийн нэг нь хариуцлагатай ажилтан байв. Энэ хүн урт хугацааны туршид үзэгчдэд бүжгийг сонирхолтой байлгах үүрэг хүлээнэ. Тиймдээ ч хариуцлагатай ажилтан оролцогчдод төрөл бүрийн даалгавар өгдөг байсан гэнэ. Дуу дуулах, шугам дагаж явах эсвэл олноор гүйх гээд л. Зарим тохиолдолд уур амьсгалыг сэргээхийн тулд оролцогчдыг зодоонд уруу татах хуурамч хос ч оруулж ирнэ. Үзэгчдийг уйдаахгүйн тулд хачин санаа ихээр гаргадаг байсан гэнэ.

Нэгэн удаа марафоны оролцогч хос тэмцээний үеэр гэрлэхээр шийджээ. Зохион байгуулагчид үүнд ихэд баярлав, үзэгчдэд нэн сонирхолтой учраас тэр шүү дээ. Тиймдээ ч гэрлэх хосд хувцас, бөгж өгч, санваартныг дуудан адислуулжээ. Үүнээс хойш марафоны гол хэсэг нь гэрлэлт болсон бөгөөд зориудаар ийм ёслол зохион байгуулах нь цөөнгүй байсан гэнэ.

Хямралын үед зохион байгуулагдаж байсан марафон эмч, сувилагч, зөөгч, хөгжимчин, хөтлөгч, хамгаалагч нарт ажлын байр гаргаж өгдөг байлаа. Оролцогчдод идэх хоол, тэвчээр нь хүрвэл их хэмжээний шагнал өгдөг байв. Харин ялагдал хүлээсэн оролцогчид тэмцээнд оролцсон, энэ үерээ үнэгүй идсэн хоолныхоо төлбөрийг биеийн болон сэтгэцийн эрүүл мэндээрээ төлдөг байсан гэдэг.

Хүч тамираа тасартал бүжиглэсэн хүмүүс ээрч мууран, дэмийрч, үзэгчдийн нүдэн дээр галзуурдаг байв. Тэр бүү хэл бүжгийн талбар дээр зүрх нь зогсож амиа алдсан тохиолдол ч хэдэнтээ гарч байсан гэдэг.

Энэ бүхэн нь мэдээж цагдаагийнхны анхаарлыг татдаг байв. Гэвч үзэгчид дургүйцнэ гэсэн болгоомжлолын улмаас марафоныг зогсоож зүрхэлдэггүй байсан гэдэг. Сүмийнхэн ч эсэргүүцэж байлаа. Мөн кино театрын эзэд ч эсэргүүцэж байв, учир нь Аугаа хямралын үед бүжгийн марафон театрын гол өрсөлдөгч нь байсан юм.

Түүхчдийн үзэж байгаагаар, Америкийн 50 мянгаас дээш хүн амтай хот бүрт бүжгийн марафон дор хаяж нэг удаа болсон гэдэг. Гучаад оны сүүлээр мужууд ар араасаа энэ марафоноос татгалзаж эхэлсэн ч нэг мөр зогсохгүй байсаар, хоёрдугаар дайн эхлэхэд л энэ марафон зохиогдохоо больжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img