2024-10-04, Баасан
5 C
Ulaanbaatar

ВВС: Украины эсрэг дайнд Оросын сайн дурын цэргүүд илүүтэй амиа алдаж байна

Орос, Украины дайн эхэлснээс хойш ОХУ-ын тал бие бүрэлдэхүүний хохирлын талаарх мэдээллийг төрийн нууцад хамруулсны улмаас Оросын арми хичнээн хэмжээний хохирол амссан талаарх мэдээллийг олж мэдэх боломжгүй болсон. Харин ВВС агентлаг Оросын хараат бус агентлаг болох “Медиазона” болон сайн дурын бүлгэмтэй хамтран амиа алдсан орос цэргүүдийн тоог тоймлон гаргах болсон юм. Энэ удаад ВВС, Медиазона есдүгээр сарын сүүл үеийн байдлаар Оросын бие бүрэлдэхүүний хохирол ямар байгаа талаар тооцоолон гаргажээ.

Украин руу түрэмгийлэх явцад амиа алдсан Оросын 70 мянга гаруй цэргийн нэрсийг нээлттэй эх сурвалжуудаас авсан мэдээлэл дээр үндэслэн ВВС болон Медиазона тогтоожээ. Амиа алдсан таван хүн тутмын нэг нь дайн эхэлснээс хойш Оросын арми эсвэл Росгвардтай гэрээ байгуулан дайнд явсан хүмүүс байгаа аж.

Энгийн амьдралаас фронтын зүгт

Амиа алдсан хүмүүсийн талаас илүү хувь нь дайн эхлэх үед цэрэг, армитай огт холбоогүй байсан гэдгийг ВВС, Медиазона агентлаг олж тогтоожээ.

Одоогийн байдлаар Оросын цэргийн бие бүрэлдэхүүн дундаас хамгийн ихээр амиа алдсан нь сайн дурынхан байгаа аж. Гэрээ байгуулан фронт руу явсан эдгээр хүмүүс мэргэшсэн цэргийн алба хаагчдаас туршлагын хувьд эрс тэс ялгаатай бөгөөд учир нь тэд дайн болох хүртэл олон жил иргэний салбарт ажиллаж байсан, харин фронт руу явахын өмнө ердөө 3-10 хоногийн бэлтгэлд хамрагдсан байна.

ВВС агентлагийн мэдээлснээр, дайнд 13 781 сайн дурын цэрэг амиа алдсан нь Оросын бие бүрэлдэхүүний хохирлын 20 хувийг эзлэж байгаа аж. 2024 оны есдүгээр сараас эхлэн сайн дурын цэргүүд амиа алдах нь эрс нэмэгджээ.

Дайнд амиа алдсан сайн дурын цэргүүдийн ихэнх нь 42-50 настай, амиа алдсан хамгийн ахмад сайн дурын цэрэг нь 71 настай байгаа бол дайны явцад 60-аас дээш насны 250 сайн дурын цэрэг амиа алдсан байна.

Сайн дурын цэргүүдээс бүрдсэн хэсгүүд 2022 оны дөрөвдүгээр сараас эхлээд л дайнд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. Цэргийн командлал десант болон тусгайгийнхныг хамгаалж, мэргэн буудагчийн ажиллагаа, байршлыг тогтоон барихын тулд сайн дурынхныг ашиглаж эхэлсэн байна.

2022 оны сүүл, 2023 оны эхээр фронтын хамгийн хүнд хэсгүүдийг хоригдлуудаас бүрдсэн отрядаар хааж байсан. Харин 2024 оны эхээр ийм отрядын тоо цөөрч, хоригдлын нөөц шавхагджээ.

Ингээд 2023 оны 10 дугаар сараас эхлэн чухамхүү сай дурын цэргүүдийн хохирол огцом өсөж эхэлсэн байна. Энэ үед Оросын тал Авдеевка руу шинээр довтолж байсан юм.

Оросын арми давшилтдаа Вагнер группийн тактикийг ашигласан хэвээр байгаа. Энэ нь өөр өөр чиглэлд цөөн хүнтэй давшилтын бүлгүүдээр долгион хэлбэрээр хийх довтолгооны тактик аж. Ийм арга нь амьд хүчийг ихээр хороодог ч сөргөлдөгчийн хүчийг доройтуулж, Украины артиллерийн хамгаалах хүчийг сулруулдаг гэнэ.

ВВС агентлагийн мэдээлснээр, 2022 оноос хойш гэрээт цэргээр явж, амиа алдсан хүмүүсийн ихэнх нь үнэхээр сайн дураар фронт руу явж байсан аж. Гэхдээ дарамт шахалтын улмаас гэрээт цэрэг болсон тохиолдол ч багагүй гарсан бөгөөд хугацаат цэргийн алба хаасан эрчүүд дарамт шахалтын улмаас гэрээ байгуулан, фронт руу явж байсан гэнэ. Түүнчлэн урьдчилан саатуулах төвд саатуулагдаж байсан зарим хүн ч ийм шахалтын улмаас фронтыг зорьжээ.

Амиа алдсан командлагчид

ОХУ Украин руу түрэмгийлснээсээ хойш 4104 офицерээ алджээ. Тэдний дунд 7 генерал, дэд хурандаагаас дээш цолтой 458 хүн байгаа аж.

Амиа алдсан офицерүүдийн 1142 нь командлалын түвшний офицерүүд байна. Тэдний дунд тэнгисийн явган цэрэг, тусгай тасаг, Росгвардын тусгай зориулалтын отрядын офицерүүд, цэргийн нисгэгчид багтаж байгаа гэнэ.

Эдгээр офицерүүдийг дайнд алдсан нь Оросын армийн хувьд нэн хүнд, нөхөгдөхөд бэрхшээлтэй хохирол болж байна гэж шинжээчид өгүүлсэн байна.

Буудагч, минометчин, цэрэг, өөр мэргэжлийн офицер зэрэг түгээмэл мэргэжлийн алба хаагчид амиа алдсан тохиолдолд сэлгэн ирсэн хүмүүсийг хэдэн долоо хоногоос нэг хоёр сарын хугацаанд сургаж авах боломжтой байдаг. Харин тусгай ротын командлагч амиа алдлаа гэхэд түүнийг гагцхүү ийм л мэргэжилтэй офицер орлох боломжтой, түүнийг бэлтгэхэд цэргийн сургуульд дор хаяж дөрвөн жил, дараа нь туршлага олж авахын тулд 2-3 жил ажиллах шаардлагатай байдаг тул командлалын түвшний офицерүүд амиа алдах нь Оросын армийн хувьд хүндхэн хохиролд тооцогдож байгаа аж.

Түүнчлэн, Оросын зэвсэгт хүчинд гагцхүү офицерүүд бусад төрлийн цэргийн хүчтэй, тэр дундаа артиллерийн хүчтэй зэрэг ажиллах чадварт суралцсан байдаг. Ийм даалгаврыг дайн тулаан гэсэн хүнд нөхцөлд сургагдаагүй эсвэл туршлагагүй командлагчид өгвөл уялдаа холбоотой ажиллаж чадахгүй, улмаар бие бүрэлдэхүүний хохирол эрс өсөх сөрөг талтай байдаг аж.

Дайны бодит хохирол

Дайнаас үүдэлтэй бодит хохирол нээлттэй эх сурвалжаас олж тогтоосон тооноос хавьгүй илүү гэдэг нь ойлгомжтой гэдгийг ВВС агентлаг онцолжээ.

Тус агентлагийн сэтгүүлчидтэй ярилцсан шинжээчдийн үзэж байгаагаар, ВВС, Медиазона болон сайн дурынхны хамтарсан багийн олж тогтоосон хохирлын хэмжээ бодит хохирлын 45-65 хувьтай тэнцэхээр байгаа аж.

Учир нь сүүлийн саруудад дайны талбарт амиа алдсан цэргүүдийн цогцосыг ар гэрт нь хүргээгүй байх магадлалтай. Тэдгээрийг нүүлгэн шилжүүлэх цэргийн алба хаагчид дроны цохилтод өртөж амиа алдах эрсдэлтэй тул цогцосуудыг цуглуулахыг хойшлуулж байгаа тохиолдол олонтаа гарч байгаа гэнэ.

Эндээс үзэхэд, бодит байдал дээр, дайн эхэлснээс хойш талаас 107 864-155 804 хүн тулааны талбарт амиа алдсан байж болзошгүй гэж ВВС онцолжээ. Харин байлдах чадвараа алдан шархадсан болон амиа алдсан хүний тоог нийлүүлвэл 387 000-540 000-д хүрсэн байж болзошгүй аж.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img