2024-10-04, Баасан
4 C
Ulaanbaatar

Украины асуудлаарх энх тайвны хоёр дахь дээд хэмжээний уулзалтад ОХУ оролцохгүй

2022 оны хоёрдугаар сард ОХУ Украин руу түрэмгийлсэнтэй холбоотой олон улсын энх тайвны дээд хэмжээний уулзалт 2024 оны зургадугаар сарын 15-16-ны өдрүүдэд Швейцарт болж байлаа. Хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг энэ онд багтаан хийхээр төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл гарч байсан. Харин энэ дээд хэмжээний уулзалтад ОХУ оролцохгүй гэж мэдэгджээ.

Москва таймс сонины мэдээлснээр, ОХУ “алан хядагчидтай” хэлэлцээр хийдэггүй тул Украины асуудлаарх хоёр дахь дээд хэмжээний уулзалтад оролцох бодолгүй байгаа гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова мэдэгдсэн байна.

“Энэ бол англосаксонууд болон тэдний украин утсан хүүхэлдэйнүүдийн ээлжит луйврын илрэл. Сөргөлдөөнийг шийдэх хувилбаргүй, оршин тогтнох ямар ч боломжгүй “Зеленский томъёолол” -ыг дэлхий дахинаар дэмжүүлж, Оросыг бууж өгөхийг тулгах гэсэн өнөөх л зорилгоо агуулж байгаа ” хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Захарова мэдэгджээ.

Түүний өгүүлснээр, ОХУ хямралыг улс төр, дипломат аргаар зохицуулахаас татгалзахгүй, өнөөгийн нөхцөл, бодит байдлыг харгалзсан нухацтай саналуудыг хэлэлцэхэд бэлэн гэнэ. Гэхдээ Украин болон барууны орнууд дайн зогсоох хүсэлгүй, тэдэнд хэлэлцээр хэрэггүй гэж Захарова онцолжээ.

“Тэдэнд дайн хэрэгтэй. Үүний нэг баталгаа нь Курск муж руу Украины Зэвсэгт хүчин зэрлэгээр түрэмгийлсэн болон Зеленский Оросын гүн рүү НАТО-ийн зэвсгээр цохилт өгөх зөвшөөрөл хүсч байгаа явдал юм. Энэ бол манай улсын хүн амын эсрэг хийж буй алан хядах ажиллагааны үргэлжлэл. Бид алан хядагчидтай ярихгүй” хэмээн Захарова онцолжээ.

Өнгөрсөн баасан гарагт Владимир Зеленский мэдэгдэл хийхдээ дайнд цэг тавьж чадах энх тайвны хоёрдугаар дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа дуулгасан юм.

“Энэ ондоо багтааж дайнд цэг тавьж чадах дээд хэмжээний хоёр дахь уулзалтыг зохион байгуулахын тулд бид Украиныг дайчлах ёстой. Хэзээ ч олон цэг болчихгүй тийм л цэгийг тавьж чадах уулзалт” гэж Зеленский мэдэгдсэн юм.

Түүнчлэн Оросын эсрэг дайнд “ялалт байгуулах төлөвлөгөө”-г дуусгахаар ажиллаж байгаа гэж өмнө нь Зеленский мэдэгдэж байлаа. Энэ төлөвлөгөөгөө дуусгамагц барууны холбоотнууддаа танилцуулахаар зэхэж байгаа аж. Ройтерс агентлагийн мэдээлснээр, Украины эрх баригчдын боловсруулсан энэ төлөвлөгөө нь таван зүйлтэй бөгөөд “дайныг дуусгах дэлгэрэнгүй төлөвлөгөө” 11 дүгээр сард болох “энх тайвны дээд хэмжээний” хоёр дахь уулзалтын үеэр бэлэн болно гэж Зеленский мэдэгдэж байлаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ч Украинтай хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ илэрхийлж байгаа. Гэхдээ ямар нэг тулган шаардалтын үндсэн дээр биш харин 2022 оны хавар Стамбулд тохиролцсон хэлэлцээрийг тулгуурлан, Хятад, Энэтхэг, Бразил зэрэг улсаар зуучлуулах боломжтой гэж Оросын тал үзэж байгаа аж.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img