2024-10-04, Баасан
4 C
Ulaanbaatar

Мистер Бин буюу Роун Аткинсоны амжилтын түүх

“Аливааг нотлох эсвэл амьтдралаас таашаал мэдрэхийн тулд нухацтай царай гаргах хэрэггүй гэж би боддог. Тэнэг зүйлс хийхдээ би их жаргалтай байдаг юм. Миний бодож байгаагаар, энэ бол өмнөө тавьж болох хамгийн хүнд зорилт”

Роуэн Аткинсон

Суут хошин жүжигчний амьдрал нэн хөгжилтэй, эсвэл зарим инээдмийн жүжигчний амьдрал нэн гунигтай байх нь ч бий. Гэхдээ Роуэний амьдралын түүхэнд аль аль нь байхгүй. Гэхдээ түүний түүх бол хүн цагаа олж хүчээ мэдэрвэл ямархан гайхалтай амжилтад хүрч болдгийн тод томруун жишээ. Энэ бол өөрийгөө өөрөө бүтээсэн хүний түүх. Өөрийгөө болон мистер Бинийг бүтээсэн түүх.

Роуэн Себастьян Аткинсон 1955 оны нэгдүгээр сарын зургааны өдөр Нэгдсэн хаант улсын Консетт хэмээх жижигхэн хотод төржээ. Тэр фермер Эрик Аткинсон болон түүний эхнэр Беллагийн гурав дахь хүүхэд байлаа. Роуэн энгийн нэгэн гэр бүлээс гаралтай ч Аткинсоныхноос төрсөн цорын ганц алдарт нь тэр биш. Түүний ах Родни Английн алдартай улс төрч, эдийн засгийн салбарын шинжээч юм.

Хүүхэд байхдаа л Роуэн өвөрмөц авьяастайгаа олж мэджээ. Тэр ямар ч хүчин чармайлт гаргалгүйгээр хүмүүсийг инээлгэж дөнгөдөг байв. Бусад хүн дуурайхын аргагүй нүүрний хувирлаараа ангийнхан дундаа хамгийн хөгжилтэй, сэргэлэн хүү болж, бүгд л түүнд сайн байсан гэдэг.

Роуэн 11 настай байхап түүнийг нэр хүндтэй Чористерийн сургуульд шилжүүлжээ. Түүнтэй хамт ирээдүйн Ерөнхий сайд Тони Блэр суралцаж байсан гэдэг. Үүний дараахан дахин сургуулиа солив. Энэ удаад Английн баруун хойд хэсэгт байх илүү нэр хүндтэй, хаалттай хувийн сургууль болох Сент Бис рүү шилжүүлжээ.

Энэ сургуульд спортын хичээлд илүүтэй анхаарал тавьдаг байсан бөгөөд бие бялдрын хөгжил төдийлөн сайнгүй Роуэний хувьд энэ нь багагүй бэрхшээлийг дагуулав. Ангийнхан нь түүнийг сул дорой гэж шоолох нь их. Энэ л үед нөхцөл байдлыг өөрт хэрхэн ашигтайгаар эргүүлэх талаар Роуэн бодож олсон гэдэг.

Тэр хувцас солих өрөөнд багш нараа элэглэж, ангийнхнаа инээлгэдэг байв. Ингээд л сул дорой нэгэнд тооцогдож байсан хүү лидер болон хувирах нь тэр.

“Миний нүүр хошин шогийг илэрхийлэх хэрэгсэл болж болох юм гэдгийг тэр үед ойлгосон. Хөл гараа элдэвлэн хөдөлгөж ч болох юм гэдгийг олж мэдсэн. Энэ нь маш хөгжилтэй, цааш үргэлжлүүлэх хэрэгтэй гэж бодож байлаа”.

Роуэн Аткинсон

Дунд сургуулиа төгссөний дараа Роуэн өсөж том болон, өсвөр насны үеийн алиа хошин зангаасаа болж тавгүйрхдэг болов. Энэ үед тэр нухацтай, хаалттай нэгэн болж хувирсан байлаа. Шинжлэх ухааныг сонгосон тэр бээр Ньюкаслын их сургуулийн электроникийн факультетэд төвөггүйхэн элсжээ. Роуэн дунд сургуульд байхаасаа л физик судалж, хамгийн хүнд томъёог ч төвөггүйхэн цээжилдгээрээ багш нарын гайхшралыг төрүүлдэг байв.

Их сургууль төгссөнийх нь дараа түүнийг Оксфордод урьж, тэр бээр тэндээ электротехникийн магистрын зэрэг хамгаалж, докторын ажлаа бичиж эхэлжээ. Чухамхүү энэ үед л хувь тавиланг нь тодорхойлох өөрчлөлтүүд гарч эхлэв. Тэр зохиолч Ричард Кертис болон хөгжмийн зохиолч Говард Гудалл нартай танилцжээ. Тэд сайн найзууд болж, хожим нь хамтран ажилладаг болсон юм.

Хэдийгээр алдарт “Мистер Бин” шоу 1990 онд телевизийн дэлгэцнээ гарч эхэлсэн ч Роуэн тайзны замналаа Оксфордод сурч байх үедээ эхлүүлжээ.

“Оксфордын театрт тавих жижигхэн шог гараа тоглох санал тавьсан юм. Гэхдээ би үүнд бэлдэж юу ч бичээгүй. Би чинь зохиолч биш шүү дээ. Гэхдээ таван минутын үзэгдлийг 48 цагийн дотор бодож олох хэрэгтэй болсон. Ингээд л би толины өмнө зогсоод нүүр амаа хөдөлгөж эхэлсэн. Ингэж нь ярьдаггүй, хачирхалтай, сюрреалист баатар төрсөн юм даа” хэмээн Аткинсон дурсаж байв.

Удалгүй тэр Оксфордын их сургуулийн Туршилтын театрын клуб олон Драмын нийгэмлэгийн гишүүн болов. Түүний шог гараа оюутан, багш нарын дуртай үзүүлбэр болж, тэр хэдэнтээ хошин шогийн наадмын ялагч болж байсан гэдэг. Жүжгийн зохиолыг найз Ричард Кертистэй хамтран бичиж байсан бөгөөд Кертис хожим нь кино урлагийн салбарт багагүй амжилтад хүрсэн юм.

Магистрын зэрэг хүртсэнийхээ дараа тэр “Etceteras” театрын бүлгэмийн бүрэлдэхүүнд багтан Англиар аялах тоглолтод оролцохоор болжээ. Шинжлэх ухааны карьераа хойш тавихаас аргагүй болов.

Лабораторид өглөөнөөс үдшийн бүрийн хүртэл ажиллаад их мөнгө олохгүй, харин тайз түүнд шинэ боломж өгнө, үүнийг ашиглах хэрэгтэй гэдгийг Роуэн цагаа олж ойлгосон гэдэг.

Аялан тоглолтын үеэр Роуэн хошин шогийн жүжигчин Ангус Дейтонтой танилцаж, хамтдаа “Аткинсоны хүмүүс” нэртэй төсөл дээр ажиллах болжээ. Үүний араас телевизийн төслүүдэд оролцох болж, ихээхэн амжилтад хүрэв. “Аткинсоны хүмүүс” төсөл Английн хошин шогийн хүрээлэлд жинхэнэ нээлт болсон гж шүүмжлэгчид үздэг.

Түүний бүтээсэн “Хар могой” телевизийн цуврал дэлгэцнээ гарсан даруйдаа асар их амжилтад хүрч байв. Энэ цуврал зургаан жил үргэлжилж, Роуэн Британийн кино, телевизийн урлагийн академийн BAFTA шагнал хүртэж байлаа. Үзэгчид түүнд хайртай болж, улмаар мистер Биний дүр бүгдийн сэтгэлд хоногшжээ.

“Өдөр тутмын амьдралд хүмүүс намайг ихэвчлэн ноён Аткинсон биш ноён Бин гэж дууддаг. Гунигтай л даа, гэхдээ шоу бизнес ийм л хойно яая гэхэв. Энэ дүр бид хоёрын хоорондын харилцааг “хайр-үзэн ядалт” гэж тодорхойлохоор. Би энэ дүрийг бүтээх дуртай, учир нь тэр тааламжгүй, хувиа хичээсэн, болхи нэгэн. Гэхдээ заримдаа энэ дүрийн хувь хүн надад таалагддаг. Тэр яг л анархист шиг. Гэхдээ би түүнтэй хамт хооллох уу гэвэл үгүй”

Роуэн Аткинсон

Биний дүрийг Роуэн Оксфордод оюутан байхдаа л бодож олсон гэдэг. Мистер Бин бараг ярьдаггүй. Роуэн ч амьдрал дээрээ дуу цөөтэй нэгэн аж. Ирээдүйн эхнэр, нүүр будагч Санэтра Сэстритэй бүхэл үдшийн турш хамт байхдаа “Сүмс дамжуулаад өгөөч” гэсэн ганцхан өгүүлбэр хэлж байсан гэдэг.

Мистер Биний дүр жүжигчин Роуэн Британийн хилийг давж, дэлхий дахиныг байлдан дагуулахад тусалсан юм. Мистер Биний цуврал ердөө 14 ангитай ч одоо хэр нь шүтэн бишрэгчид нь түүнд үнэнч хэвээр. Мэдээж 1997 онд “Мистер Бин” бүрэн хэмжээний кино, 10 жилийн дараа 2007 онд “Мистер Бин амралтаараа” гэсэн хоёр кино гарсан гэдгийг сануулах нь зүй. Гэхдээ хоёр дахь кино гарсны дараа л Роуэн Мистер Биний дүрээс залхсан, энэ дүрээр гарч ирсэн сүүлчийн тохиолдол нь “Мистер Бин амралтаараа” кино байх болно гэж мэдэгдсэн юм.

2012 онд Роуэн дээрх амлалтаа зөрчин, үзэгчдийг баярлуулан, Лондонгийн олимпын наадмын нээлтэд мистер Биний дүрээр гарч ирсэн юм. Хэдийгээр дэлхий дахин түүнийг мистер Биний дүрээр мэдэх ч түүнийг “нэг дүрийн жүжигчин” гэж нэрлэж болохгүй. Жонни Инглишийн дүрээр үзэгчдийг дахин баярлуулсан тэрээр энэ дүрээ хамгийн амжилттай дүр нь гэж Роуэн үздэг. Энэ дүрийг Роуэн Аткинсон зээлийн картын сурталчилгаанд тоглохдоо бүтээсэн бүтэлгүй тагнуулчийн дүрээс сэдэвлэжээ. Энд өгүүлэхэд, сүүлийн үед Роуэний орлогын гол эх үүсвэр болж байгаа юм.

Одоо тэр бээр өнөө цагийн хамгийн өндөр орлоготой жүжигчинд тооцогддог. Түүний телевизийн төслүүд өндөр рейтингтэй бол ихэнх кино нь төсвөө хэд нугалсан ашиг олжээ. Тухайлбал, анхны “Мистер Бин” кино 18 сая доллараар бүтэж, 251 сая долларын ашиг олсон бол хоёр дахь кино нь 25 саяар бүтэж, 230 сая долларын ашиг олжээ. Өнөөдөр түүний хөрөнгө 155 сая доллараар үнэлэгдэж байна.

“Миний байшингийн ард мөнгө хэвлэдэг машин чимээгүйхэн ажиллаж байдаг юм. Энэ машиныг “мистер Биний үйлдвэр” гэдэг. Гэхдээ энэ машин намайг ч эдлэж байна даа”

Роуэн Аткинсон

Жүжигчин хөдөлмөрөөрөө олсон мөнгөө хоббиндоо зарцуулдаг. Түүний хобби үнэтэй автомашины цуглуулга бөгөөд Роуэнд хурдтай спорт загварууд илүүтэй таалагддаг гэнэ. Мөн автомашины сэтгүүлүүдэд байнга нийтлэл бичиж өгдөг гэнэ.

Тэр зөвхөн өөртөө болон өөрийн хүчид итгэдэг. Шинжлэх ухаанд өөрийгөө зориулах гэж байсан тэр бээр цоо шинэ чиглэлд өөрийгөө сорихоор хатуу шийдсэн нэгэн. Эхлээд тэр өөртөө итгэсэн, дараа нь дэлхий ертөнц бүхэлдээ түүнд итгэсэн. Энэ бол зууны хамгийн ашиг орлоготой хошин шогийн жүжигчний түүх.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img