2024-10-04, Баасан
5 C
Ulaanbaatar

Дэлхийн хамгийн өвөрмөц, эрх чөлөөт сургуулиуд

Үе үеийн хүүхдүүдийн дунд сургуульдаа явах дургүй хүүхдүүд байдаг. Одоо ч тэр хэвээрээ. Харин альфа үеийн хүүхдүүд ангидаа дуртай болж, дунд боловсролын утга учрыг сайтар ойлгохын тулд юуг өөрчлөх ёстой вэ? Энэ асуултын хариултыг олж чадсан сургуулиуд бий. Орчин үеийн өсвөр насныханд сонирхолтой байх бүхэнд сургадаг дөрвөн сургуулийг Форбс сэтгүүл онцолжээ.

Ногоон сургууль (Бали, Индонез)

Анхны Ногоон сургууль Бали арал дээрх Убуд хотод 2008 онд нээгджээ. Энэ сургуулийг үндэслэгч, гэр бүлийн хоёр болох Жон болон Синтия Харди нарын өгүүлснээр “юу хийснээ ойлгохгүй байсан ч арай өөрөөр хийхийг хүссэн гэдэгтээ итгэлтэй байсан” гэнэ.
Жон Канадад өсчээ. Тэр бээр багадаа унших дадал олж авах чадварт саад болдог эмгэгтэй байсан бөгөөд хожим нь гал сөнөөгчийн сургуульд элсэх шалгалт өгч чадаагүй аж. 2000-аад оны дунд үеэр хос хоёр гэрээр сурдаг байсан охиддоо сургууль хайж, тохирсон сургууль олоогүйн улмаас өөрсдөө хөтөлбөр боловсруулахаар шийджээ.

Хардигийн төсөөлснөөр, сургалтын явцад хүүхдүүд “сэтгэлзүй, бие бялдрын боллон сэтгэл хөдлөлийн хүчин зүйлсийг хослуулсан бүрэн цогц боловсрол олж авах” ёстой байв. 2006 онд тэд Индонезийн эрх баригчдаас экологи сургууль байгуулах зөвшөрөл авчээ.

Байгальд суралцаж, байгальтай нэгдсэнээр боловсролын чанар сайжирна гэж Харди үзсэн аж. Энэ зорилгодоо хүрэхийн тулд тэд голчлон хулс ашиглан сургуулийн барилгыг барьж, хичээлийг ангид болон гадаа явуулахаар шийдсэн гэнэ.

green-school-bali

“Харри Поттер суралцаж байсан Хогвартс шиг гоё, ид шидийн сургуулийг Жон мөрөөдсөн. Ногоон сургуульд хүүхдүүд үүнтэй адил туршлага олж аваасай гэж тэр хүссэн юм” хэмээн сургуулийн сайт дээр бичээтэй байх аж.

Сургуулийн хөтөлбөрт бие даах чадварыг төлөвшүүлэх, хүсэл тэмүүллийг бодит байдал болгож сургахад илүүтэй анхаарал хандуулахаар заажээ. Үүний тулд сурагчид идэвхтэй ажиллагааны төрөл бүрийн аргуудтай танилцаж, дэлхий дахины асудлыг ярилцдаг аж.

Сургалт дөрвөн зарчим дээр тулгуурлана. Харьцангуйн зарчим /аливаа хичээлийг бодит байдал болон хүрээлэн буй орчинд сургавал илүү ойлгомжтой болно/, туршилтын зарчим /ярих биш хий/, үйлдлийн зарчим /боловсрол нь амьдралд бэлтгэх бэлтгэл биш харин амьдралын нэг хэсэг/, даяаршлын зарчим /салбарынхаа асуудлыг шийдэж чадахгүй бол өөрийн салбар дахь асуудлыг шийдэхэд нь бусдад бүү заа/ гэсэн дөрвөн зарчмыг баримталдаг гэнэ.

green-school-bali

Ногоон сургууль байгуулагдсанаасаа хойш 17 жилийн хугацаанд Шинэ Зеланд, Өмнөд Африкт, Мексикт салбараа байгуулж, энэ сургуулийн сурагчид, төгсөгчид алдартай идэвхтнүүд болжээ. Тухайлбал Мелати, Изабель Вийсон нар ердөө 10, 12-хон настайдаа төрөлх Балид гялгар уут ашиглахын эсрэг кампанит ажил эхлүүлсэн бол Исами Саид Рашид Борнейд гарч буй ойн түймрийн талаар олон нийтэд таниулахын тулд хамтлагтайгаа аялан тоглолт хийдэг гэнэ.

Эрика Манны бага сургууль (Берлин, Герман)

Нобелийн шагналт Томас Манны охин, Германы зохиолч Эрикагийн нэрээр нэрлэгдсэн энэ бага сургуулийн дизайныг сурагчид өөрсдөө боловсруулсан гэдгээр онцлогтой.

Erika

Энэ сургууль 1914 онд байгуулагдсан бөгөөд тэр үеэс хойш нэг ч удаа бууриа сэлгээгүй аж. 2000-аад оны дунд үеэр сургуулийн удирдлагууд орчноо шинэчлэхээр шийдэн, энэ ажилд сурагчдыг оролцуулж, сурагчид шинэ хэв маягийг бүтээсэн байна. Сурагчид төгс сургуулийг ямраар төсөөлж байгааг хэлснээр дизайнерууд тэдний хүслийг харгалзан сургуулийн дизайныг боловсруулсан гэнэ.

Сурагчид “мөнгөн луугийн ертөнц” гэж нэрлэсэн, өөрсдийн бодож олсон ертөнц дээр тулгуурлан санаагаа танилцуулжээ. Энэ “ертөнц”-д хатуу хэв маяг гэж үгүй, төрөл бүрийн хэмжээ, хэлбэртэй олон шатлалт гадаргуу байх бөгөөд хүүхдүүд тэнд хичээлээ давтаж, амарч, тоглож, зурж, дуртай зүйлээ хийнэ. Сурагчдын бодож олсон нээлттэй бүсийн нэг хэсгийг поролон, даавуугаар бүрхжээ.

Өвөрмөц сургуулийн интерьерт хэвтэх хэсэг, агуй, үүр, эвхэгддэг сандалтай ширээнүүд багтана. Чухамхүү сурагч бүр өөрт тухтай байдлаар амарч, хичээлээ давтахад зориулан өөр өөр хэсгүүдийг бүтээж өгчээ.

Өөр олон сонирхолтой хэсэг энд бий. Тухайлбал, хоёр давхарт байх, “Луугийн эрдэнэс” нэртэй бүсийн хананд соронз наасан бөгөөд хүүхдүүд энд өнгө өнгийн шигтгээ нааж болно. Харин гуравдугаар давхарт “Дуран авай” галерейд олон толь байрлуулсны ачаар орон зай эрс томорч харагдахын дээр хананд өлгөсөн сурагчдын зурагнуудын тусгал тэр чигтээ харагддаг аж.

Сурагчид дизайныг гаргаснаар тэдний суралцаж байгаа орчин хувь хүний чөлөөт сэтгэлгээгээ хөгжүүлэх боломжтой хослосноороо онцлогтой гэнэ.

Эрестадын гимнази (Копенгаген, Дани)

2005 онд үүсгэн байгуулагдсан Эрестад гимнази нь тоон аргуудыг ашиглан сургалт явуулдаг дэлхийн анхны сургуулиудын нэг болсон юм.

Одоо энэ сургуульд 16-19 насны 1100 сурагч суралцдаг аж. Сургалтын бүхий л материалыг интернеот орчинд байршуулсан, ямар ч үед үзэх боломжтой аж. Үүний зэрэгцээ тус сургуулийн доторх орчин ихээхэн анхаарал татна. Гол барилга нь эргүүлэг, номын шүүгээ, проектор бүхий асар том сууц бөгөөд энэ хэсэг нь олон хүмүүс нэг дор оршин, өөр өөрсдийн ажил хэргийг амжуулж байдаг э_нгийн нэгэн хотыг санагдуулахаар дизайнерууд төлөвлөжээ.

Erika

Гимназын сургалтын хэсэг нь таван давхраас бүрдэнэ. Давхар бүрд талбай, гэрэлтүүлгэ, акустикаараа ялгаатай бүсүүд байдаг аж. Зарим нь шинжлэх ухааны туршилт хийх, нөгөө хэсгийг чөлөөт цагт, өөр нэг хэсгийг баримтат болон уран сайхны кино үзэж хоорондоо ярилцахад зориулагджээ. Энд дуу чимээг дарахын тулд хивс дэвссэн нь албан бус уур амьсгал бүрдүүлэх боломжийг олгосон байна.

Энд энгийн ангиуд ч бий. Гэхдээ эдгээрийг байнга ашиглаад байхгүй. Багш болон сурагчид ихэвчлэн нэгдсэн талбайд, эсвэл гадаа цуглан, төрөл бүрийн туршилт хийдэг аж. Мөн багш нар илүү эрх мэдэлтэйгээ харуулах гэж захирч зандардаггүй, харин дэмжигч, туслагчийн үүрэг гүйцэтгэдэг гэнэ. Ингэснээр хүүхдүүдийг хатуу хэв маягт шахаж, түүнд тааруулах биш харин хувь хүн талаас нь хөгжүүлэх боломж бий болдог аж.

“Сурагчид мэдлэгийг цээжлэх биш өөрийн болгох ёстой. Хичээлийн тал нь стандарт ангид явагддаг бол үлдсэн хэсэг нь нийтийн орон зайд явагддаг. Сурагчдыг хоёр бүлэгт хуваана. Тэд нэг хэсэг нь судлаж буй сэдвийн дагуу кино ч бүтээдэг. Ширээний ард суугаад багшийн хэлснийг сонсохын оронд тэд өөрсдөд нь таарсан нөхцөлд суралцдаг юм” хэмээн сургуулийн захирал Аллан Кьер Андерсен ярьжээ.

«Садбери Вэлли» (Фрэмингем, АНУ)

1960-аад оны сүүлээр Америкийн сэхээтнүүдийн дунд тухайн үеийн эрх баригч болон тэдний институтэд хандах шүүмжлэлт хандлага бий болжээ. Дайны эсрэг хөдөлгөөн болон өнгөт арьстнуудын эрхийн төлөөх хөдөлгөөн хүчээ авч байв.

WelcomeSVS

Үүний зэрэгцээ академик салбарт хатуу хяналтын нөхцөл дор сургалт явагдах албагүй гэсэн “чөлөөт сургууль”-ийн үзэл баримтлал бий болжээ. Чухамхүү энэ үед Колумбын их сургуулийн профессор Дэниел Гринберг үзэл санаа нэгтнүүдийн хамт Массачусетс мужийн Фрэмнигем хотод “Садбери Вэлли”-г байгуулсан аж.

Энэ сургуулийн онцлог нь багш, эцэг эхий албадлагаар биш хүүхдүүд өөрсдөө дурлан сурах явдал юм. Сургуулийг үндэслэгчид хүүхдүүд шинэ зүйл сурах сонирхолтой, үүнд хатуу хяналт шаардлагагүй гэж үзэж байлаа. Харин олонх эцэг эх энэ үзэл баримтлалд үл итгэж, хүүхдүүдээ боловсролын туршилтын золиос болгохоос татгалзаж байсан гэдэг.
Гэвч энэ сургууль шинэ арга үйлчилж байгааг батлаж чадсан юм. Одоо энэ сургуулийн аргыг Япон, Бразил, Нидерланд гээд дэлхийн олон орны сургуульд ашигладаг аж.

“Садбери Вэлли”-ийн гол онцлог нь сурагчид тухайн өдөр ямар хичээл үзэж судламаар байгаагаа өөрсдөө сонгодог. Тухайн хүүхдэд мэдлэг олгох ямар арга илүүтэй үйлчлэх эсэх нь энд чухал. Хүүхдүүд уншиж, видеотоглоом тоглож, хоол хийж, хөгжим, шүлэг зохиож болно. Гэхдээ энэ чөлөөт сургуульд ямар ч дүрэм журам байхгүй гэж бодож болохгүй. Энд дайсагнасан, зүй бус зан авир гаргасан бол хурлаар хэлэлцэж, олны саналаар аливаа шийдвэрийг гаргадаг. Тиймдээ ч “Садбери Вэлли”-г “чөлөөт” төдийгүй “ардчилсан сургууль” гэж нэрлэдэг аж.

Өөр нэг онцлог нь, өөр өөр насны бүлгийн хүүхдүүд хоорондоо харилцаж, тусгайлсан анги гэж байдаггүй. Ингэснээр бага насны хүүхдүүд өөрөөсөө насаар ах сурагчдаас суралцаж, хоорондоо туршлага солилцох боломжтой аж.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img