2024-10-04, Баасан
2 C
Ulaanbaatar

Мөнгөний өвчин буюу санхүү, сэтгэлзүйн эрүүл мэнд хэрхэн холбогддог вэ

Шопоголизм, Плюшкиний синдром, хэт их зардал, өр төлбөрөө төлж чадахгүй байх зэрэг нь санхүүгийн асуудлын илрэл төдийгүй англиар money disorders хэмээн нэрлэгддэг эмгэгийн тодорхой нэг бүлгийг хэлдэг. Үүнийг сэтгэцийн өвчин гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй ч мэргэжилтнүүд энэ талаар ярьж, бичсээр байна. Эдгээр эмгэг хэрхэн илэрдэг, ийм эмгэг өөрт байгаа эсэхийг хэрхэн таних, хүүхдэд багаас нь санхүүгийн боловсрол олгох нь яагаад чухал байдаг талаар Forbers сэтгүүлээс авсан эх сурвалжтайгаар хүргэе.

“Залуудаа би банканд мөнгө хадгалах дургүй, зүгээр л гэртээ, цүнхэндээ хадгалдаг байсан. Би олсон мөнгөө хаа сайгүй цацдаг байлаа, найз нөхдөдөө, байшин худалдан авахад, зугаацаж цэнгэхэд гээд янз бүрийн л зүйлсэд зарцуулна. Гэхдээ хуримтлалд л мөнгө хийдэггүй байсан” хэмээн боксын супер од Майк Тайсон мөнгөтэй хэрхэн харьцдаг байснаа ярьжээ.

2000 онд Тайсоны хөрөнгө 400 сая доллараар үнэлэгдэж байв. Гэсэн ч тэр мөнгөөр гачигдаж байлаа. Тайсон нэгэнтээ төрсөн өдрөөрөө ганцхан өдрийн дотор 580 мянган доллар үрж байлаа. Тэр үнэтэй машин солин унаж, 2 сая доллараар алтан ванн худалдаж авч байсан гэдэг.

Ингээд эцэстээ боксчин эр хүүхдийнхээ тэтгэмжийг ч төлж чадахгүйд хүрч, найз нөхөд, продюсерүүд, хуулийн компаниудад ч өртөй болов. Ийм байдалд орсныхоо дараа Тайсон хэвлэлд ярилцлага өгөхдөө мөнгөө зөв зарцуулж чадаагүй, анхан шатны санхүүгийн боловсрол олж авах талаар өчүүхэн төдий ч сонирхоогүйнхээ гайгаар ийм байдалд хүрсэн хэмээн хүлээн зөвшөөрч байлаа.

Америкт хийсэн судалгаагаар, дөрвөн хүн тутмын нэг нь мөнгөнөөс болж стресстдэг, үүнийгээамьдралын асуудлын гол эх үүсвэр гэж нэрлэдэг байна. Улмар стрессээс үүдэн money disordes буюу мөнгөтэй холбоотой эмгэгүүд үүсдэг аж.

Санхүүгийн эмчилгээний төвийг үүсгэн байгуулагчид, “Ухамсар мөнгөнөөс хүчтэй” номын зохиогч нар болох доктор Тэд Клонц болон Брэд Клонц нар дээрх эмгэг дотроо 12 төрөлтэй байдаг гэж үзжээ.

Тэдгээрийн дунд хэт үрэлгэн байдал, болзошгүй хүндрэлээс сэргийлэн урьдчилан хуримтлал үүсгэх, санхүүгийн үнэнч бус байдал /эхнэр, нөхрөөсөө нууцаар мөнгө үрэх/, хэт махран ажиллах, “санхүүгийн инцест” /төрөл төрөгсдөдөө хяналтаа тогтоохын тулд тэдэнд мөнгө өгөх/, санхүүгийн “завхайрал”, хэт их хуримтлал үүсгэх, түүнчлэн төрөл бүрийн санаа зовнил, баялаг болон ядуурлын комплекс зэрэг багтдаг аж.

Эдгээрээс эмгэг хуримтлалын хямрал буюу “Плюшкины синдром” нь албан ёсоор өвчинд тооцогддог бөгөөд өвчний жагсаалтад багтдаг байна. Гэхдээ ихэнх мэргэжилтнүүд ажилдаа энэ эмгэгийг money disorders гэсэн нэр томъёогоор илэрхийлдэг аж.

“Мөнгөнөөс үүдэлтэй хямрал нь таны амьдралд сөргөөр нөлөөлж буй санхүүтэй холбоотой байнга гардаг асуудлууд юм. Хэдийгээр албан ёсоор өвчин гэж оношлодоггүй ч энэ эмгэг нь хүний сэтгэл санаанд сөргөөр нөлөөлдөг” хэмээн сэтгэцийн эмч, BlueCross BlueShield даатгалын компанийн захирал доктор Жудит Овертон Форбес сэтгүүлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Түүний өгүүлснээр, мөнгөтэй холбоотой хүндрэлтэй нөхцөл байдал тулгарсан үед, жишээлбэл тухайн хүн урт хугацаанд санхүүгийн хүндрэлтэй байгаад мөнгөтэй болсныхоо дараа ядуу байсан үеээ нөхөж, мөнгөө хэт ихээр үрж эхэлдэг зэрэг тохиолдолд илэрдэг аж. Түүнчлэн мөнгөө хэт хэмнэн, хуримтлуулж, дуртай зүйлээ авч чадахгүй байх үед ч илэрдэг гэнэ.

Хөрөнгө чинээ болон нэр хүнд ч мөнгөтэй зөв харьцаж сурахад нөлөөлдөггүй. Тухайлбал, Бритни Спирс гэр бүлээ цуцлуулах үедээ сард 800 мянган долларын орлоготой байсан ч хадгаламж гэхээр зүйл огт байгаагүй аж. Бритни Спирс үнэтэй зоогийн газар, үл хөдлөх хөрөнгө, зугаа цэнгээнд асар их мөнгө үрдэг байжээ. Өөр нэг жишээ.

Британийн Йоркийн гүнгийн ахайтан Сара Фергюсон мөн л санхүүгийн боловсрол муутай нэгэн байж. Тэр ханхүүгээс хүүхдийн тэтгэмж авдаг, номоо борлуулан чамгүй орлого олдог байсан ч 90-ээд оны үед 4,5 сая фунтын өрөнд орж байжээ.

ЕМС сэтгэцийн эмнэлгийн захирал, анагаах ухааны дэд эрдэмтэн Наталья Ривкина санхүүгийн асуудал, хүний сэтгэлзүйн онцлог болон нийгэм соёлын хүчин зүйлсийн нөлөөлөн хоорондоо холбоотой гэж үздэг.

Мөнгөтэй буруу харьцдаг байдал нь сэтгэл хямрал, хоёр туйлт сэтгэцийн эмгэг, хувь хүний эмгэг зэрэг төрөл бүрийн сэтгэл хөдлөлийн хямралуудын илрэл байх магадлалтай гэж тэр бээр үздэг аж. Тухайлбал, анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтэх эмгэгийн үед бодлогогүй зардал, санхүүгийн асуудалтай нүүр тулах нь олонтаа байдаг гэнэ.

“Гэхдээ ийм хүндрэлийн шалтгаан нь санхүүгийн боловсрол тааруу, хүрээлэн буй орчны нөлөөлөлтэй ч холбоотой байж болдог гэдгийг ойлгох нь чухал. Мөн түгшүүрт байдлын эмгэг, сэтгэл гутрлаын үед ч мөнгө замбараагүй үрэх эрсдэл нэмэгддэг” хэмээн эмч онцолжээ.

Судлаачдын үзэж байгаагаар, мөнгөнөөс үүдэлтэй стрессээ даван туулаагүйн улмаас гэнэт амиа хорлох шийдвэр гаргах тохиолдол олон байдаг аж. Түүнчлэн тухайн хүн сэтгэцийн хувьд ямар нэг хямралд өртөмтгий бол их хэмжээний мөнгөтэй болсон эсвэл их хэмжээний мөнгөтэй байх хүсэл сэтгэлийн хямралыг улам л дордуулдаг гэнэ. Мөн их мөнгө олж, хуримтлуулах хүсэл нь архинд эсвэл мансууруулах бодисонд донтдогтой адил хамаарал, дон болж хувирдаг аж.

Ингэснээр, мөнгөний бэрхшээл болон сэтгэцийн эмгэг нь аль алинаа хурцатгадаг байна. Тухайлбал, сэтгэлзүйн асуудалтай хүмүүс энгийн хүмүүстэй харьцуулахад өр төлбөрөө төлж чадахгүй байх нь гурав дахин их байдаг гэнэ. Мөн Англид хийсэн судалгаагаар, тус улсын 1,5 сая гаруй хүн сэтгэлзүйн асуудалтайн дээр өр төлбөрөө төлж чадахгүй хямарч байгаа гэсэн дүн гарчээ.

Мөнгөтэй холбоотой эмгэг хэрхэн илэрдэг вэ?

Санхүүгийн асуудлууд болон түүнтэй холбоотой сэтгэлзүйн эмгэгүүд нь биеийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэдгийг Наталья Ривкина онцолжээ.

Мөнгөнөөс болж байнга түгшиж, шаналах нь организмд стрессийн урвалыг өдөөж, энэ нь мэдрэл, зүрх судас, хоол боловсруулах болон дархлааны системд нөлөөлөн, улмаар толгой, гэдэс, цээж өвдөх, даралт ихсэх, нойрны хэм алдагдах, хоолны дуршил алдагдах, дархлаа унах зэрэг шинж тэмдгүүдийг үүсгэх магадлалтай аж. Цаашлаад, санхүүгийн архаг стресс зүрх судасны өвчин, шархлаа, чихрийн шижин, таргалалт үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэнэ.

Заримдаа хүмүүс тухайн үед байгаа санхүүгийн боломжоос хэтрүүлэн мөнгөө үрэх, гэрлийн мөнгөө төлөх эсвэл найзаасаа зээлсэн мөнгөө өгөхөө мартах тохиолдлууд бишгүй бий. Энэ бол хэвийн л үзэгдэл. Гэхдээ нөхцөл байдал хяналтаас гарсан, мөнгөтэй харилцахад асуудал бэрхшээл нүүр тула ирсэн гэдгийг хэрхэн мэдэх вэ?

Silverman & associates компанийн санхүүгийн зөвлөхүүдийн өгүүлснээр, хүмүүс анхандаа үгүйсгэх шатыг туулдаг гэнэ. Тэд санхүүтэй холбоотой асуудлуудыг үл анзааран, юу ч болоогүй юм шиг амьдардаг аж. Ийм тохиолдолд ойр дотныхоо хүмүүсийн үгийг сонсох ёстой аж. Энэ үеийг туулж байгаа хүмүүс хэт их мөнгөө үрэх, хэтэрхий эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийх зэрэг үйлдлүүд түгээмэл гаргадаг гэдгийг зөвлөхүүд онцолжээ.

Сэтгэцийн эмч Брэд Клонцын үзэж байгаагаар, хүмүүс худалдаж авсан эд зүйлийнхээ үнэ эсвэл зарцуулсан мөнгөнийхөө талаар худлаа ярих зэргээр мөнгөтэй холбоотой худал зүйл ярьж эхэлвэл энэ нь асуудал үүссэн байгаагийн анхны дохио аж. Түүнчлэн хэт ихээр эд зүйл худалдан авах, эсвэл зарцуулсан мөнгө, хэт олон тоогоор авсандаа харамсан гэмших мэдрэмж нь ч мөнгөтэй холбоотой хямрал үүссэний дохио гэнэ.

Дэлхийн хүн амын 5-8 хувь нь худалдан авах донтой байдаг бөгөөд хүмүүс аливаа төрлийн сэтгэл хямрал, гутрал, сэтгэцийн хамаарлын улмаас ийм донтой байх нь элбэг байдаг гэдгийг сэтгэлзүйчид онцолжээ.

“Санхүүгийн асуудалд нягт нямбай хандахын тулд энгийн алхмуудаас эхлэх хэрэгтэй. Орлого зарлагаа бүртгэж, төсвөө төлөвлөн, орлогын нэг хэсгээ хадгалж, санхүүгийн боловсролоо дээшлүүлэх нь зүйтэй. Мөнгөтэй холбоотой түгшүүр улам нэмэгдсээр байвал сэтгэлзүйчид хандаж сурах нь зөв” гэж Наталья Ривкина зөвлөжээ.

Түүнчлэн мөнгөнөөс үүдэлтэй хямрал, эмгэгийг эмчлэхийн тулд эмчилгээний онцгой төрөл болох санхүүгийн эмчилгээг ашигладаг аж. Ийм эмчилгээний үед хүмүүс сэтгэлзүйчтэй ярилцаад зогсохгүй санхүүгийн зөвлөхтэй ярилцаж, зөвлөгөө авна. Ингэснээр хүмүүс сэтгэлзүйн асуудлаа шийдэхийн зэрэгцээ төсвөө гаргаж, мөнгөтэй зөв харилцаж сурдаг гэнэ.

Хүүхдүүддээ хэзээнээс мөнгөний талаар ярьж эхлэх вэ?

Хүмүүс мөнгө бодож эхлэх нас нь харилцан адилгүй байдаг. Зарим хүүхдүүд бага наснаасаа л мөнгөний үнэ цэнийг ойлгож эхэлдэг бөгөөд ялангуяа санхүүгийн асуудалтай гэр бүлд өссөн хүүхдүүд ийм ойлголтыг эрт олж авах нь бий. Гэхдээ, Наталья Ривкинагийн үзэж байгаагаар гагцхүү өсвөр нас, залуу насанд буюу тухайн хүн бие даасан амьдралаа эхлүүлэх үед л санхүүгийн талаарх санаа зовнил үүсдэг гэнэ.

Сэтгэлзүйчийн үзэж байгаагаар хүүхдүүд мөнгийг танин мэдэх хэд хэдэн үе шатыг туулдаг аж. Эрт үе буюу 3-4 насандаа хүүхдүүд мөнгөн дэвсгэртийг таньж эхэлнэ. Цаашлаад сургуулийн өмнөх насандаа буюу 5-6 насандаа бараа бүтээгдэхүүн худалдан авахад мөнгө төлдөг гэдэг суурь ойлголттой болох бол 7-12 насандаа мөнгөний үнэ цэн, нийгэмд гүйцэтгэх үүргийг ухамсарладаг аж. Харин өсвөр нас буюу 13-аас дээш насандаа “илүү нарийн төвөгтэй санхүүгийн үзэл баримтлал”-ыг ойлгож эхэлдэг.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, хүүхэд долоон нас хүрэхэд суурь зуршлууд төлөвшдөг тул энэ үеэр анхан шатны санхүүгийн боловсрол олгохын тулд тоглоомын арга ашиглах нь ихээхэн үр дүнтэй байдаг аж. Түүнчлэн гэр бүл дотроо мөнгө санхүүгийн талаар ярих нь хүүхдүүдэд сайнаар нөлөөлдөг гэсэн судалгаа ч бий. Өөрөөр хэлбэл гэр бүлийн төсвийн талаар хүүхэдтэйгээ ярихаач ичих хэрэггүй гэж мэргэжилтнүүд зөвлөжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img