2024-12-05, Пүрэв
-22 C
Ulaanbaatar

Дэлхийг тойрон тоглолтоо хийж яваа ах дүү хоёр

Одоогоос таван жилийн өмнө, 2019 оны 6 дугаар сарын сүүлээр Нора гэдэг 10 настай хөөрхөн франц охин ”20 жил” гэдэг Кубын алдартай дууг ах Исаакийн хамт дуулж байв. Бяцхан охины дуу тэр дороо тархаж, дэлхийн 8 сая хүний анхаарлыг татаж, олон ч хүний сэтгэл зүрхэнд хүрч чадсан юм. “Энэ өдөр манай гэр бүлийн хувьд маш чухал, их эрхэм өдөр. Бидний амьдралыг хамгийн сайн сайхан тал руу орвонгоор нь эргүүлж орхисон шүү” хэмээн тэдний аав инээмсэглэн ярьж сууна.

cheirs13 cheirs4

“20 Асos” буюу “20 жил “хэмээх энэхүү гайхалтай сайхан дуу нь латин Америкийн сонгодог дууны нэг бөгөөд “Үхэшгүй өн мөнхөд дуулагдах дуу” хэмээн урлаг судлаачид өндрөөр үнэлдэг. Хайр сэтгэлийн хагацлын тухай энэ дуундаа Мариа Тереза Вера ая хийж 1935 онд өөрөө дуулсан түүхтэй. Энэ дуу өнөөг хүртэл олон арван нэртэй дуучдын дуулах дуртай дуу нь байсаар байна. Дуучин, хөгжмийн зохиолч, гитарчин тэрээр “Кубын Трова Хөдөлгөөн”-ий гол төлөөлөгчийн нэг юм (Трова гэгч төрлийг хот хөдөөгөөр нүүдэллэн явж тоглолтоо хийдэг хэрмэл дуучин бүжигчин жүжигчдийнх гээд ойлгочихож болно).

Францын баруун хойд хэсэгт орших Британь гэдэг жижиг хотод Николас Рестойн хэмээх залуу эхнэр Катеринатайгаа амьдардаг. Тэд хүүхдүүдээ Латин Америкийн “Сонгодог Дуу Хөгжим” -д дурлуулж, испани хэлээр дуулж сурахад нь нөлөөлжээ. Тэдний гэр бүлийнхэн олон төрлийн дуу хөгжим байнга л сонсож байдаг аж.

Харин Катерина бүсгүй испани дуу, тэр дундаас латин дууны сонгодог төрөлд үнэхээр дуртай нэгэн юм байна. Бороо зүсрэх саарал өдрүүдэд Катерина Кубын уянгалаг хөгжим тоглоход гэрт нь ёстой л нар мандах адил дулаан сайхан уур амьсгал бүрдэж, хүүхдүүд нь хөөрч баярладаг байж. Ээжийнхээ байнга сонсох сайхан дуунуудад эрхгүй татагдах Нора охин ээжээсээ өнөө гоё дуунуудыг зааж өгөөч хэмээн гуйснаар бүх зүйл эхэлсэн гэдэг.

Норагийн аав Николас нь Францын Хөгжмийн дээд сургууль төгссөн, мэргэжилийн хөгжимчин хүн. Тэгсэн атлаа хүүхдүүдээ хөгжмийн ямар ч сургуульд явуулаагүйн дээр, ямар ч шахалт дарамтгүй зөнгөөр нь байлгаж, өөрсдийнх нь сонсголоор дуу хөгжим зааж сургажээ.

Николас солонгос гаралтай франц хүн бөгөөд хүүг дөрвөн настай байхад нь франц аав, ээж нь Өмнөд Солонгосоос үрчилэн авч хайраар дүүрэн өсгөсөн аж. Рестойн гитар тоглож хамтлагаа удирдана. 10 настай охин Нора нь гоцлон дуулна. Харин 13 настай хүүи Исаак нь трамп – бүрээ үлээж, хоолой нэмэх үүрэгтэй анхны тоглолтоо эхэлж байж.

Тэд дуулж хөгжимдөхийн зэрэгцээ, бүгд испани хэл шамдан сурч эхэлжээ. Аав, хүү, охин гурав Латин Америкийн хамгийн түгээмэл хэрнээ эртний сайхан дуунуудыг өөрсдийн хоолой, өнгө хэмнэлд тохируулан дуулсанаар амжилтанд хүрчээ. Авьяаслаг гэр бүлийнхэн хамгийн анхны тоглолтоо Мексикийн Нэгдсэн Улсаас эхэлж байв.

Цаашлаад Латин Америкийн орнууд болох Колумби, Чили, мөн Испани зэрэг улсад тоглолтынхоо зарыг тараах төдийд тасалбар нь зурагдаад дуусчихсан гэдэг. Энэ гэр бүлийн алдар хүндийн цаана нэг олзуурхам тал бий. Мэдлэг боловсролтой аав, ээж нь үр хүүхдүүдээ зөв сургаж сайн талаар нөлөөлснөөр дэлхийд танигдсан авьяастууд болж чадсан юм.

Хүүхдүүдийн тоглолтыг үзэхээр хэдэн зуун хүмүүс ирдгийг энд дурдах нь илүүц биз ээ. Тэднийг Мексикт очиход Мехико хотын Сала Канторал дахь 1000 хүний суудалтай заал тиг дүүрчээ. Өвдөг шүргэм урттай, чамин загвартай хамба хилэн даашинзаар гоёж, үсээ ардаа боосон турьхан охин тайзан дээр анх гарч ирхэд үзэгчид дуу алдан угтаж, халуун дулаанаар угтсан гэдэг.

Нора охиныг испанаар ярихад үзэгчид өхөөрдөн хайрлаж, маш их урам зоригийг өгч байж. Тэдний тоглолтыг ахин дахин үзэж сонсох хүсэлтэй байгаагаа олон арван үзэгчид илэрхийлсээр байгаа юм байна. Хөгжим урлагийн нэр хүндтэй сэтгүүл, телевизэд өгсөн ярилцлагадаа Николас Рестойн “Хуучны сонгодог сайхан дуунуудаас үзэгч олонд хүргэх нь гайхалтай сайхан хэрэг. Гэхдээ бид дуугаа сонгохдоо олон юм бодож, нарийн шалгуур тавьдаггүй. Зүгээр л таалагдсанаа сонгоод дуулчихдаг. Манай гэрийнхний хувьд хөгжим, дууны үг, аялгуу хэмнэл тун чухал. Гэхдээ хамгийн гол нь бидний дуулсан дуу хүмүүст ямар уур амьсгал төрүүлж байгаа нь чухлаас чухал зүйл” хэмээн онцолдог юм билээ.

Аав хүү охин гурвын тоглолтын тухай олон сайхан сэтгэгдэл үзэгч, сонсогчдоос нь ирдэг. Тэдний цөөхнөөс сонирхуулъя.

… Үй олон том жижиг асуудал байнга тулгарах өнөөгийн бидний амьдралд, өөдрөг үзэл, итгэл зүтгэлийг харуулж чадлаа. Гайхалтай урам, өөдрөг хандлагыг тэднээс, тэдний дуунаас олж авлаа, баярлалаа.

… Шинэ сэргэг хэрнээ яг мэргэлжлийн хэмжээнд зохион байгуулсан сайхан концерт болжээ.

… Олон төрлийн хөгжмийн зэмсэг ашиглаагүй ч гэсэн зүрх сэтгэлд хүрч дуулах нь ямар гайхам юм бэ…

cheirs14
Ээжтэйгээ

Авьяаслаг гэр бүлийнхний тухай энэ мэт олон сайхан комментийг сошиал орчноос олж унших боломжтой. Хүүхдүүдийн аав “Бид мэргэжлийн түвшиний биш нь мэдээжийн хэрэг. Өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой учраас хүмүүс биднийг таашаан сонсдог байх аа. Дуулсан дуу бүр минь бидний чин сэтгэл, зүрхний угаас гардаг юм шүү” хэмээжээ.

Нора, Исаак хоёрыг олж уулзаж яриа авах амаргүй гэнэ. Тэд гэртээ нэлээн дуу шуугиан дунд аж төрдөг аж. Нора охин өрөөндөө К- поп, “Stray Kids”-ийн дуунд бүжиглэж, Исаак хүү 70, 80-аад оны металл төрөл сонирхож AC/DC болон роск дуу сонсож пижигнүүлж өгдөг байна.

Энэ айлын том өрөө бол гэрийн эзэгтэй Катерина бүсгүйн бүрэн мэдлийнх. Тиймээс тэр өрөөнд үргэлжийн мөнх зөвхөн латин дуу хөгжим уянгалдаг аж. Нора охин “Латин дууны эгшиглэнт аялгуу сэтгэлийг минь үнэхээр хөдөлгөдөг тул би дуулах дуртай” гэхэд ах Исаак нь “Латин дууны шүлгүүд ихэнхдээ гунигтай байдаг. Би ирээдүйд хөгжилтэй олон дуу англи хэлээр дуулах сонирхолтой. Миний шүтээн бол Австралийн AC/DC чуулга” хэмээн дуржигнуулав. Хүүгээ ийн ярихад Николас Рестой дуртай нь аргагүй толгой дохин ”Бололгүй яахав, AC/DC-гийн сайхан дуунуудаас арай өөр арга барилаар зөөлөн, тогтуун тайван дуулж болно” хэмээн ярилаа. Тэд 2024 оны 2 дугаар сараас эхлэн Австралийн хамгийн том Сидней, Мельбурн зэрэг том хотуудад тоглолтоо амжилттай хийж чадсан байна.

Кубын дуучин Мариа Тереза Вера Чийрс

Австрали. 2024 оны 2-р сар
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img