-Таны нүүр хуудсыг дагадаг. Уламжлалт анагаах ухааны эмч гэдгээр тань, монгол хүний эртнээс идэж ирсэн хоол ундааны ач тусын талаар хэрэгтэй мэддэг хүргэдгээр тань мэднэ. Өөрийгөө танилцуулаач, манай уншигчдад?
-Намайг Батбаасангийн Батчимэг гэдэг. Уламжлалт анагаах ухааны эмч мэргэжилтэй. Сүүлд сэтгэл судлаач мэргэжлээр ХУИС-ийг төгссөн. Анагаах ухааны магистрын зэргээ Оточ-Маарамба их сургуульд хамгаалсан. 2017 онд төгсөөд сургуульдаа багшаар ажиллаж эхэлсэн.
Давхар уламжлалтын эмчээрээ ажиллахын зэрэгцээ клиник судалгаа хийгээд явсан. Судалгаа хийх явцдаа “Цусан дахь өөх тосыг хайлуулах монгол эм тан” судалгаагаар анагаах ухааны магистрийн дипломоо хамгаалсан. 2022 оноос хойш хувийн ажлаа хийгээд явж байна.
-Эмнэлэг нь ямар гол чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг вэ?
-Сэтгэл зүйн зөвлөгөөний төв, эмчилгээний бариа засал гэж явдаг л даа. Ер нь бол эмнэлгийн өмнөх тусламжийн байгууллага гэсэн үг. Нэг талаараа ихэвчлэн эмнэлэгт очихоос өмнөх тусламж дэмжлэг авах үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээг хангаж байгаа гэсэн үг.
Жишээ нь хүмүүс өдөр тутам ядардаг, хийддэг, нуруу татдаг, маш их хөшиж хөөрдөг, даралт нь ихэсдэг. Ийм шинж тэмдэг илрэх бүрд эмнэлэгт ханддаггүй. Эдгээр зовуурьтай өвчнүүдийг манайх эмчилдэг юм.
-Танай дээр ямар шинж тэмдэгтэй хүмүүс их ирж байна вэ?
-Ихэвчлэн хийрхэж ядарсан хүмүүс ирдэг.
-Өвчнөөс урьпчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна гэхээр олзуурхал төрж байна шүү…?
-Цаашид ч урьдчилан сэргийлэх талд түлхүү анхаарсаар явна гэж боддог юм. Манай эмч нар өвчтөнөө үзээд эмчлээд яваад байдаг ч цаана нь урьдчилан сэргийлэх гэдэг юм үлдээд байдаг. Үүнийг л барьж аваад нийгэмд түгээх ойлгуулах зорилготой ажиллаж байна даа.
Нийгмийн хүрээнд өвчнөөс урьдчилан сэргийлэх салбарт ажиллая гэж зорьсондоо бага багаар хүрч л явна. Сургалт, лекц хийе гэж зорьдог. Уламжлалт анагаах ухаан гэдэг чинь ийм юм аа, улиралтайгаа зохицуулж хооллодог юм аа, хөдөлгөөн хийдэг юм аа, цаг нарны шилжилт хөдөлгөөнөөс болоод хүний сэтгэл хөдлөл дагаад хувьсан өөрчлөгддөг юм аа гэдгийг олон нийтэд ойлгуулж мэдүүлэх учиртай.
-За хоёулаа үндсэн сэдэв рүүгээ оръё. Сая битүү шөл сошиал шуугианы сэдэв боллоо. Миний хувьд монгол хүн төдийгөөс өдий хүртэл идэж хэрэглэсээр ирсэн хоол хүнсээ мартсанд, олонх нь пицца, чикен мэтээр хүүхдээ хооллодог болчихсонд эмзэглэдэг. Хоолоор эмчлэх арга, төдийгөөс өдий хүртэл идэж дадсан хоолны нөлөө гэж байна биз?
-Аливаа өвчнийг хоол, хөдөлгөөн, эм, засал гэсэн 4 аргаар эмчилж болдог. Хоол, хөдөлгөөн хоёр нь урьдчилан сэргийлэх арга. Хүн өөрөө зохицуулж чадна. Энэ хоёрыг бид мэдээд хэрэгжүүлж чаддаг болчихвол эрүүл байх 70 хувийн баталгаагаа олоод авчихаж байггаа юм. 30 хувь нь гадны хүчин зүйлээс яалт ч үгүй хамаарна.
Энд тэнд явж байгаад халдвар авчих эрсдэл бий. Улирал хүйтрэхэд нимгэн яваад байвал улирлаас шалтгаалсан өвчин авчихна. Тэгэхээр хүн цаг улирлыг захирч чадахгүй учраас түүнтэй нийцэж амьдрах ёстой. Та сая асуултдаа битүү шөлний тухай хальт дурдлаа. Битүү шөлний ач тус их л дээ.
Ер нь битүү хоол хий өвчнийг анагаадаг. Битүү шөл, хорхог, битүү чанасан мах зэрэг нь хий хор дарж, ядаргаа тайлдагаараа номер нэг. Битүү хоол дундаа хатаасан гурилтай битүү шөл чухал нөлөөтэй.
-Монголчууд хэдий үед битүү хоолыг түлхүү хэрэглэсээр ирсэн бэ, яагаад?
-Манай монголчууд өвөл, зуны улиралд битүү хоолыг түлхүү идсээр ирсэн. Яагаад гэхээр хүний бие махбод амтлаг, исгэлэн, давслаг амтыг түлхүү хэрэглэж байж өвлийн хүйтнийг давах, илчээ алдаж ядрахгүй байх зохицолдолгоотой. Зуны улиралд зүрх судасны өвчинөөс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтойгоор дээрх гурван амтыг түлхүү хэрэглэж байх ёстой.
Тэгэхээр бидний өнөөдөр идэх гээд байгаа битүү шөл нь амтлаг амттай хоол. Байгаль эх дэлхий дээр амтлаг, исгэлэн, гашуун, эхүүн, халуун, давслаг гээд зургаан төрлийн амт бий. Эдгээр амтыг эн тэгш идэж байж бид эрүүл байдаг. Жишээ нь би өнөөдөр исгэлэн болон эхүүн амтыг идэхгүй бол миний хий судсууд хаагдах, бодисын солилцоо удаашраад юм идэх дуршил маань багасдаг гэсэн үг. Амт гэдэг маш чухал.
-Тэгэхээр өвөл, зуны улиралд амтлаг амтыг түлхүү хэрэглэх ёстой, амтлаг амттай хоол нь битүү шөл болж таарах нь. Битүү шөл ууснаар биед үзүүлэх сайн нөлөөг сонирхуулаач?
-Дархлаа дэмжинэ, ханиаднаас урьдчилан сэргийлнэ, хүний биеийн бодисын солилцоог сайн явуулна. Дахиад хэлэхэд битүү шөл амтлаг амттай. Мах нь амтлаг, үр тариа өөрөө амтлаг. Битүү шөл нэг талаасаа ясанд маш сайн шим өгдөг. Одоо цагт ясны сийрэгжилттэй, яс нь сийгдэг хүүхдүүд маш олон болсон.
Шалтгаан нь мөн л хоолтой холбоотой. Бид хүүхдүүддээ яс бариулдаггүй, яс мөлжүүлддэггүй, ясны гаднах хальсыг тодорхой түвшинд зажилж идүүлдэггүй, хуйх шийр идүүлдэггүй. Ингэтлээ ахуйгаасаа холдчихсон.
-Ясны сийрэгжилт үнэхээр асуудал болчихсон. Хүүхдүүдэд хүртэл яс сийгэх гэх мэт асуудал гарч байна гэдэг санаа зовох асуудал мөн шүү. Монголчууд бие сайтай хүнийгээ яс сайтай гэж ярьдаг байсан нь тохиолдлын зүйрлэл биш гэж боддог юм. Ингэхэд ясаа сайн байлгахын тулд, сийрэгжилтээс урьдчилан сэргийлэхийн тулд ямар хоол хэрэглэвэл зохистой вэ?
-Борви, тойг, гурван өндөр, далны ясыг сайн чанаж буцалгаад шөлтэй хоол хийх хэрэгтэй. Яс муутай болж буй нь хоол хүнстэй маш гүнзгий холбоотой.
Монголчууд гахай, тахианы махтай хуурсан, шарсан гадны хоолыг маш их иддэг болчихсон. Монгол ахуй, өөрсдийнхөө бие махбодод кодлогдчихсон, генд шингэчихсэн хоол хүнсийг идэхгүй, ахуйгаас холдож салж байна. Яс муутай болж байгаагийн гол шалтгаан ерөөсөө л энэ. Тэгэхээр уламжлалт хоолоо идэх хэрэгтэй.
Өнөөгийн шинжлэх ухаан батлаад байгаа элдэв нээлтийг бидний өвөг дээдэс 2500 жилийн өмнөөс мэддэг байсан. Тийм л оюуны чадамжтай, өндөр ухамсартай өвөг дээдэстэй улс шүү дээ, бид.
Бие махбодио сонсдог, мэдэрдэг, анзаардаг, ахуй улиралтайгаа холбочихсон агуу хүмүүс байсан. Ямар цагт ямар хүнс идэхийг сургаад заагаад өвлүүлээд өгчихсөн. Тэднийхээ зөвлөмж, уламжлалаар явахад монгол хүний цөс ихтэй, цус цэвэр, шингэн, дархлаа сайтай байна. Нүдний цог жавхаатай монгол дархлаагаа авч үлдэж чадна.
-Манай Монголын бэлчээрийн малын мах олон давуу талтай л даа. Барууныхны хэлдгээр стрессгүй малын мах энэ тэр гээд яривал. Монгол малын махын давуу чанарын талаар ярилцлагаа үргэлжлүүлье?
-Тийм шүү. Манай Монгол нутаг шиг ийм өргөн уудам бэлчээрт дураараа бэлчиж идээшилсэн малын мах стрессгүй байдаг. Өвөр Монгол руу явахаар мал нь хашаан дотроо өвс идэж ус уудаг. Дураар бэлчээрлэхгүй байгаа тийм малын тархи стресстдэж байгаа нь эргэлзээгүй. Биднийг ажил, гэрийн хооронд хэн нэгэн тушааж захиран зөөгөд байвал бид мөн л стресстэнэ. Хааяа дэлгүүр хэсмээр, сул чөлөөтэй гоё гармаар санагдана. Тэгэхээр стрессгүй малын мах идэх хэрэгтэй.
Бас нэг чухал юм нь бэлчээрийн мал өвсний хамгийн шим тэжээлтэй, сортойг нь түүж идэж учраас маханд нь хүнд хэрэгтэй гол амин дэмүүд байдаг. Монгол хүн монгол адуу, үхэр, хониныхоо махаа идэж байж дархлаа сайтай байна гэдгийг цаана ийм учир бий.
Ковидын үеийг бид дажгүй туулсан, даваад гарсан. Ямар нэгэн байдлаар биднийг аюултай өвчнүүд тойроод байдгийн цаад шалтгаан нь монгол малын мах, шим тэжээллэг хөрсөнд ургаж байгаа ногоо, үр тарианд байгаа. Нөгөө талаасаа малын махыг сонгож идэхэд учир бий.
Тариа тариагүй, туранхай эцэнхий биш, хэт их өөхтэй биш, өвчингүй малын махыг сонгож идэх хэрэгтэй. Хэт нялх малын мах биш, шүдлэнгээс дээшхийг сонгоно. Иймэрхүү энгийн зүйлс бидний эрүүл байхад маш чухал.
-Бид эртнээс гахай, тахианы мах идэж ирээгүй. Ер нь гахай, тахианы махыг ямар давтамжтай хэрэглэвэл зохистой бол?
-Амтлаг амттай юмаар тамирыг тэтгэнэ гэж өмнө хэлсэн дээ. Үүн дээр хаа нэг тахианы мах идээрэй л гэж зөвлөмөөр байна. Тахианы махны хувьд шингэхэд хөнгөн зөөлөн, холестерин багатай, маш их уураглаг. Уураглаг хүнсийг түлхүү идэх нь хийрхэхээс, ядаргаанаас хамгаалдаг. Тэгэхээр уураглаг махыг хааяа битүү шөл хэлбэрээр хийж идэж болно. Өөрөөр хэлбэл хоолныхоо хэлбэрийг баяжуулаад тахианы махтай битүү шөл хийж идэж болно шүү дээ.
-Уламжлалт анагаах ухааны нэг гоё нь энэ дэлхийн улирал цаг агаар чинь таны биеийг удирдана аа, улиралдаа зохицуулж биедээ анхаар аа гэж зөвлөдөг. Одоо хоёулаа улирал ба хүний биеийн харилцан уялдаа, нөлөөллийн талаар ярилцах уу?
-Тэгье. Маш хэрэгтэй сэдэв. Улирал гэдэг зүйл маань хүний биеийг удирддаг. Улирал буюу нарны илч дулаан, сарны сэрүүн хүч хүний биед нөлөөлдөг. Нар гарах тусмаа бидний бие махбодын бодисын солилцооны нийлэгжилт илүү сайн явагдана, түүнийгээ дагаад сэтгэл санааны байдал ч тайван өөдрөг болдог.
Өвөл болоод хүйтрээд ирэхээр хүний бие дотогшоогоо бодисын солилцоогоо хураагаад эхэлдэг. Хураагаад эхлэхээрээ ходоод руугаа илүү ихээр илч дулаанаа чиглүүлдэг. Тэгэхээр илүү илчлэг, шим тэжээллэг хоол хүнс авах хэрэгтэй болдог. Яагаад гэхээр арьсны нүх сүв өвөл болохоор хаагдаж, дотогшоогоо халуун илчээ нөөдөг. Тэгэхээр хүн доторх илч дулаанаа алдахад дархлаа маш амархан унадаг.
Идэр есийн хүйтэнд адууны мах идэж дотор илчийг задалж дахиж илчийг бий болгодог нь ийм учиртай. Мөн үхрийн мах идэж болж байна. Хонины махаа намар цагтаа, зун цагтаа борцоо иднэ гэсэн үг.
Нар сарны шилжил хөдөлгөөнөөр хүний бие илч дулаанаа гадагш дотогш гаргаж, нөөж, бодисын солилцоо өсөж буурч байдаг. Үүнтэй холбоотойгоор манай монголчууд жилийн дөрвөн улиралд өөр өөр хоол хүнс хэрэглэж ирсэн. Өвлийн цагт хүйтэрч хүний биеийн илч ходоод руугаа чиглэж байдаг учраас идэш иднэ.
Хавар болохоор арай суларч байдаг учраас арай зөөлөн мах иднэ. Зун цагт ходоодны гал илч, дотор илч арьсны нүх сүвээр гадагшлаад эхлэнгүүт бодисын солилцоо сул болчихдог. Тэр утгаараа бид нар шингэхэд хөнгөн зөөлөн борц, цагаан идээ иддэг.
Намар болоод нар холдож бие махбод илчээ хураагаад эхлэнгүүт ан гөрөө, ямаа зэрэг сэрүүн чанарын махаа идэж дасгаж, өвлийн идшэндээ ходоодоо бэлддэг.
Бидний идэж ууж байгаа ерөөсөө улиралтай холбоотой. Монголчууд үүнийгээ мэддэг байсан. Бидний өвөг дээдэс “Энэ улиралд ингэдэг учраас энэ хоолыг идэж зохицуулна” гэдгээ мэддэг ухаантай хүмүүс байсан.
-Хүүхдүүд амттанд дурлаад хоол идэхгүй байдаг нь эцэг, эхчүүдийн бас нэг зовлон болчихдог. Биемахбодь нь амттаныг цаанаасаа нэхээд байна уу, бид тэгээд сургачихаад байна уу?
-Хөгшид болон нялх балчир 16 хүртэлх насны хүүхдүүдэд амтлаг амт маш их хэрэгцээтэй байдаг. Амтлаг амтны дутагдалтай байдаг юм. Тэр хэрэгцээг нь амттанаар нөхөөд байвал биед хор л болно. Зөв юмаар нөхөж өгөх хэрэгтэй. Тэгж чадвал цус нь төлжиж, цусны эргэлт нь сайжирч, дагаад ходоодны шингээх чадвар нь аяндаа сайжирна.
Үе мөч цусан хангамжаа чөлөөтэй аваад ирэхээр үений хөдөлгөөнд хүртэл сайн. Битүү хоол, амтлаг амттай хоол хэрэглэх ёстой гээд байгаагийн цаана байдаг олон учрын нэг энэ л дээ. Хүүхдэдээ хэрэгцээтэй байгаа амтлаг амтыг чихрээр биш битүү шөл гэх мэт зөв хүнсээр нөхөж өгөх учиртай.
Битүү шөл биеийг төлжүүлж, тамирыг үүсгэдэг, тэнхээ сайжруулдаг гэж би түрүүн хэлсэн. Монголчууд дээр үеэс төрсөн, хамаг хүч тэнхээгээ барчихсан, зарцуулчихсан нялх биетэй ээжид битүү шөл хийж өгдөг байсан. Энэ нь цаанаа учиртай.
Битүү шөлний гол учир нь битүү ууранд махны амтлаг амтыг ууршуулж гаргахгүйд байгаа юм. Амтлаг амтыг нь ууршуулж гаргахгүйн тулд битүүлдэг. Амтлаг амт нь түлхүү шөлөндөө шингэдэг гэсэн үг. Тэр амттай шөлийг уусан ээж, балчрууд, ахмадууд маань маш хурдан сэргэлт авч тэнхээтэй болдог. Ингэвэл дархлаа нь сайжраад, нян бактерийн гаралтай энэ ханиаднаас бүрэн урьдчилан сэргийлэх боломжтой.
-Тэгэхээр дархлаа дэмжих тэр амтлаг амтыг гаргахын тулд ямар мах, гурилыг хэрэглэвэл зохих вэ гэдэг асуудал гарч ирнэ. Та түрүүн хатаасан гурилтай битүү шөл сайн гэж хэлсэн. Хатаасан гурилаа хэрхэн бэлдвэл сайн бол?
-Энэ маш учир жанцантай. Манай монголчууд бүх махны амтлаг чанарыг гаргачихсан байдаг. Хонины мах бол хамгийн их амтлаг чанартай мах. Түүний дараа тахиа, үхэр гээд орж ирнэ. Битүү шөлөндөө хатаасан гурилыг оруулж өгвөл бүр илүү хийг дарж өгдөг.
Хатаасан гурилын тухайд үр тариа, буудай чинь өөрөө бүрэн боловсрогдоод зөв хураагдаж, зөв боловсруулсан зүйл. Түүнийг нь бид гурил болгож, зуурч хоол хүнсэндээ хэрэглэдэг.
Гурилаа ясны шөлөөр зуурах хэрэгтэй. Тэр дундаа хонины борви, тойг, далны бариулгэсэн гурван чухал ясыг буцалгаж гурил зуурах шөлөө гаргавал их сайн. Гурилаа зуурч элдчихээд хэсэг зуурт хатаачихна. Ингээд хатсан гурилаа битүү шөлөндөө хийгээд дээгүүр нь дахиад гурилаар битүүлж өгөх хэрэгтэй.
-Битүү шөлөө юугаар амталбал зохистой вэ?
-Болж өгвөл монгол сонгино, сармис, хөмүүл, ногоон сонгиноор амтлах хэрэгтэй. Сонгино, сармис хийвэл хий сайн дарна, нойргүйдэлд маш тустайгаас гадна тамир тэнхээ сэргээдэг, мөн нян бактерийг устгах үйлчилгээтэй. Өөр ямар ч амтлагч хэрэглэхгүй.
Хатаасан гурилтай, сонгино сармисаар амталсан хонины махтай битүү шөл л сая хэлсэн тус эрдмийг бүрэн хангаж чадах хамгийн чанарлаг шим тэжээлтэй, шингэхэд хялбар, хөнгөн зөөлөн тамир тэтгэх хоол болно. Хөгжих хэрээр хоол хүнсний хэрэглээ өргөн болж байна л даа.
Энэ бүхэн амтлаг амтанд дурладаг насан дээрээ яваа хүүхдүүдэд эрсдэлтэй тусч байгаа нь нуух юмгүй бодитой үнэн. Хүний биед тусгүй амттан өгч, хүүхдүүдийнхээ амтлаг хоолны хэрэгцээг хангаад байвал нэгт дархлааг нь шууд унана. Хоёрт , ходоодны бадгана салс гэдэг чухал зүйлийг багасгаж байдаг.
-Бадган салс багассан үед биед ямар үр дагавар гарах вэ?
-Бадган салс багассанаар байнга гүйлгэдэг хүүхэд олширсон. Ходоодны өнгөргүй болсон хүүхдүүд олноороо нэмэгдэж байна л даа. Тэгэхээр бид бага насны хүүхдүүддээ долоо хоногтоо ганцхан удаа битүү шөл идүүлчих хэрэгтэй. Хөгшид, өвөө эмээ, ээж аавдаа ч мөн хийж өгөх хэрэгтэй.
Хүний ходоод гэдэг бие махбодийг эрүүл байлгах хамгийн чухал эрхтэн. Идэж ууж байгаагаас шалтгаалаад цус өтгөн шингэн, яс бөх хэврэг, хараа хурц сул, таван мэдрэхүй сайн муу байх нь хамаардаг. Ходоодонд өөрийн гэсэн өнгөр гэж бий. Тэр өнгөр салс хоол боловсруулахад мөн оролцоно.
Бидэнд хэрэгтэй амин чухал ашигтай бактериудыг тэнд байлгаж байдаг чухал зүйл бол салс өнгөр. Хэрэв байхгүй болчихвол байнгын суулгадаг болно. Шингэн алдаж ядаргаанд ороод маш хурдан турж эцнэ. Бие шингэнгүй болохоор булчингийн нягтаршил байхгүй, сулбайгаад уначихдаг.
Тэгэхээр өнгөр гэдэг зүйлийг суулгахад хамгийн чухал хүнс бол эслэг. Ногоон алим, арвайн гурил, бүхэл үрийн гурил, том том хальстай будаануудыг сонгож идэх хэрэгтэй. Том хальстай будаануудын хувьд гурвалжин будаа гэх мэт сонголт өргөн болсон. Эслэг өндөртэй ногоонуудыг мөн сонгож иднэ. Помидор, брокколи, байцаа гэх мэтээр сонголт мөн л өргөн болсон.
Дахиад хэлэхэд хүнд хэрэгтэй ашигтай бакетери өнгөр салсанд байж байдаг. Ашигтай бактерийг өсгөе гэвэл ислэг сайн ид, амтлаг, исгэлэн хоолыг сонгож идэх хэрэгтэй Исгэлэн гэдэгт цэвэр нэрс, чацаргана, байгалийн исгэлэн эхүүн амт орно.
-Монголчууд ногоо их хэрэглэдэг болж байна. Ямар ногоог түлхүү хэрэглэвэл зүгээр бол?
-Хүнсний ногоог нарийн, бүдүүн гэж ялгана. Бүдүүнд нь байцаа, төмс, манжин, лууван багтана. Ногоог намар цагт шинээр боловсорч байгаа үед болон өвлийн сүүл сар хүртэл хэрэглэнэ. Шинэ дээрээ чадал нь хөнгөхөн, бүлээн чанартай байдаг. Энэ утгаараа ходоодны шингэх чадварыг сайжруулна, галын илч, идэх дуршлыг сайн нэмэгдүүлж өгнө, амин дэм шимт чанараараа байна гэж үздэг.
Өвлийн сүүл сараас хойш лууван, төмс аль нь ч бай идээд хэрэггүй. Хуучраад хүйтэн чанартай болчихдог. Хүйтэн гэхээр цадахын тулд идэж байна гэсэн үг. Идчихээр бадгана салс илүү ихдээд шингээх чадвар алдагдана. Хавагнах, хэхрүүлэх, унгуулах зэрэг шинж илэрч, ходоод дэлүүний өөрчлөлт үүсгэдэг.
Харин шинээрээ байгаа нарийн ногоог хавар, зундаа идчих хэрэгтэй. Бүдүүн ногоог нь намар, өвөлдөө идчих. Нарийн ногоон дээр хорих зүйл бараг байхгүй. Өргөст хэмх, помидор витамин С-гээр баялаг, хулуу төмрөөр баялаг гэх мэт тус бүрдээ хэрэгтэй амин дэмтэй байдаг.
-Манайхан бас халуун ногоог маш их хэрэглэдэг. Яг ямар улиралд идэх ёстой вэ? Ер нь идэх нь зөв үү?
-Ходоодны ашигтай бактери, өнгөр салсыг хэд хэдэн зүйлс дарангуйлдаг.
Нэгдүгээрт амтлагч. Бүр тодруулж хэлбэл олон зүйлийг хооронд нь хольсон гадаад хоолны, хятад хоолны амтлагчнууд.
Хоёрдугаарт хэт ялз бүрэн болгосон хоолнууд. Ходоод зажлууртай хоолыг боловсруулах ажил хийдэг. Энэ ажлыг нь хийлгэхгүй болохоор өнгөр салс ашигтай бактери маань цөөрдөг. Гуравдугаарт хэт их амтлаг хүнс. Хийжүүлсэн ундаа, сахарын агууламж өндөртэй амттан, чипс орно. Хамгийн чухал нь цуу, кетчуп, амтлагч хэрэглэхгүй байх нь зохистой.
-Ахиад л битүү шөл рүүгээ оръё. Ингэхэд битүү шөл хүний бие организмын ямар ямар чухал процессийг хангаж өгөөд байна вэ?
-Ууж идэж байгаа хоол хүнс маань бидний амжилттай, цог жавхаатай, идэвхтэй байх энергийг үйлдвэрлэж өгөх үүрэгтэй. Тийм ч учраас хоолоо, хоолны материалаа зөв сонгох нь амин чухал асуудал. Хоол хүнс ходоодонд ороод цөс, нойр булчирхайн оролцоотой задардаг.
Цаашаа 12 нугалаа гэдсэнд очно. Идсэн хоол хүнс маань нарийн гэдэсний ханаар хайлмаг шингэн болж бодисын солилцоонд цус руу орж шингэдэг. Тэгэнгүүт тэр тунгалаг шингэн зүйлийг элэг татаад авчихдаг. Ингээд цус болгоод үйлдвэрлэчихдэг.
Цус өөрөө мах, яс, өөх, чөмөг, дуслыг тэжээдэг зүйл. Дусал гэдэг нь эмэгтэй эрэгтэй хүний нөхөн үржихүй сарын тэмдэг, үрийн шингэн болж байдаг. Бидний үр удмаа үлдээх чухал бодисын солилцоог хангаж өгдөг зүйлийг дусал гэж ерөнхийд нь авч үздэг. Энэ дусдын тухайд нэг хэсэг нь нөхөн үржихүй рүү яваад нэг хэсэг нь зүрхийг тэжээдэг энерги болоод охь тунгалаг болдог.
Хүний амин чухал яс, чөмөг, дуслыг тэжээж өгдөг. Эдгээр гурав сайн байж байж хүн урт настай, яс сайтай, цог золбоотой, эрүүл өвчингүй байх нь. Үр удмаа үлдээх илүү өндөр чадамжтай, ген сайтай, яс сайтай хүмүүс гэж ярьдаг чинь энэ шүү дээ. Монгол хүний дархлаа, омог бардам байдал, улс үндэстний дархлаа, бие эрүүл байхад хоол маш чухал нөлөөтэй.
Бидний үр удмаа үлдээх чадвар, эрүүл монгол хүн байх хоолноос хамаарч байдаг. Хүүхдүүддээ чихэр жимс, чипс идүүлээд л байдаг, 25 нас хүрээд хүнтэй суухад үргүй байвал яах вэ, жирэмслэхгүй бол яах вэ? Энэ мэт асуултыг өөрсдөдөө тавьж л байх хэрэгтэй.
-Ханиадны цаг хооллолтод анхаарах өөр юу байж болох вэ?
-Өөр нэг чухал зүйл гэвэл шинэ лууван байна. ЕБС-ийн үдийн цайны хоолны хөтөлбөрт оруулж ирэх хэрэгтэй ногоо гэж боддог. Яагаад гэхээр өвлийн сүүл сар хүртэл лууван идүүлэх их сайн. Лууван дөнгөж эхэлж байгаа ханиадыг нам дардаг. Луувангаа жижиг жижиг хэрчиж байгаад эсвэл миксердээд шөлөндөө хийгээд идүүлж болно. Луувангийн зутан хийж өгч болно. Түүн дотроо монгол зэрлэг сармисаа хийгээд идэж болно.
Мөн лууванг ширгээсэн усанд хийгээд бага зэрэг буцалгаж хөргөөд цэвэр зөгийн бал хийж найруулж уулгадаг. Хүүхдээ шингэн нус гоожоод дархлаа нь суларч байх үед өгвөл маш сайн. Дахиад хэлье, лууванг өвлийн сүүл сараас хойш хэрэглэж болохгүй. Чадал нь хүнд, шингэхдээ удаан болчихдог учраас ходоодны шингээх чадварт, дэлүү болон нойр булчирхайд сөргөөр нөлөөлнө. Манжинг мөн өдий цагийн хоолонд оруулж ирж болно.
Луувантай яг ижилхэн үр нөлөөтэй. Хор хордлогыг тайлдаг. Хүний бие гэдэг чинь амьсгалаараа хортой утаа хүнд металлуудыг авч байдаг. Энэ бүгдийн хорыг луувангийн шүүс, манжингийн шүүс, манжинтай шөл тайлдаг. Зүгээр ууж идсэн юмны хордлогыг ч тайлдаг. Манжинг хавдраас урьдчилан сэргийлсэн хоол хүнсэнд оруулсны цаад учир нь энэ л дээ.
Б.Батчимэг эмчийн зөвлөж буй ханиад томууны улиралд дархлаагаа дэмжих 8 тип:
- Луувангийн шүүсийг цэвэр зөгийн балтай хольж уугаарай.
- Шингэн сайн уух хэрэгтэй. Бие махбод цангаад шингэн юм уух гэхээр бид өлсөж байна гэж бодоод хоол идчихдэг. Хүний биеийн усны түвшин багасах тусам дархлаа унадаг. Тэгэхээр шингэн ус, ширгээсэн ус сайн уух хэрэгтэй. Зөгийн бал нэмж чихрийн амт оруулаад ууж болно.
- Шөл, шөл, бас дахин шөл. Тойгны шөл, булууны ясны шөл, битүү шөл зөвлөе. Амтлагчаар нь зүгээр л сармис хийхэд болно.
- Дархлаагаа сайжруулахын тулд бие махбод руу чиглэсэн бодит зүйлийг хийх хэрэгтэй. Бид ярихдаа, ажиллахдаа, явж суухдаа их хотын дуу чимээнд энергиэ алддаг. Юугаар нөхөж авах вэ гэхээр та өөрийнхөө биеийг хайрла. Тэгж байж энергээ өсгөж, сэргээнэ. Шар тос, сүүлний тос, сайн чанарын эфирийн тостой бариа хийлгүүлэх хэрэгтэй. Давстай усанд хэвтэх, дасгал хөдөлгөөн хийх, бүжиглэх, агаарт гарах гээд сэргээх олон арга бий. Жамц давстай усанд хөлөө дүрж болно.
- Хүний биеийг сэргээдэг гурван хүчин зүйл бий. Тэр нь нар, ус, шороо. Өглөөдөө нарны илчийг цонхоороо ч болов авчих хэрэгтэй. Гэгээтэй орчинд цонх руугаа ширтээд суувал тун сайн.
- Хийг дарахад шар тос, ясны шөл, бурам, эмчилгээний архи гол нөлөөтэй. Эмчилгээний архи гэдэг нь ургамлаас гаргаж авсан архийг хэлнэ. Манай монголчууд цагаан идээнээс гаргаж авсан шимийн архиа эмчийн заавраар хэрэглэж болно. Чихэрнээс татгалзах хэрэгтэй. Мөсөн чихэр, бурам, зөгийн балаар чихрийн хэрэглээгээ хангаад байж болно. Эдгээр бүтээгдэхүүн дархлаа унагахгүй. Биед эрч хүч, глюкоз өгч тархи сэргээдэг. Бас энэ гурван чихэр маань эмчилгээний амтлаг амтанд багтдаг. Монголчуудын дээр үеэсээ хэрэглэж ирсэн зүйлс.
- Шар тосыг өвлийн улиралд хэрэглэж болно. Гэхдээ хэтрүүлээд амны халбагаар идээд байна. Ерөөсөө л хумсны толионы чинээ халбаганы үзүүр дээрх хэмжээгээр л авч хэрэглэнэ.
- Ханиаднаас урьдчилан сэргийлэх гэж байгаа бол сармисыг жижигхэн болгож хэрчиж байгаад шар тосондоо хутгаад хамрынхаа доогуур түрхээд байх хэрэгтэй. Үнэрээр нь биед байгаа нян бактери устаж бие сэргэдэг. Нимгэн арьстай хэсэгтээ түрхэж бас болно.
- Хүйтний улиралд уушиг, бөөрний тамираа дээшлүүлэх хэрэгтэй. Заавал өвдсөн үедээ биш урьдчилан сэргийлэх зорилгоор сороол 4 гэх мэт танг эмчийн заавраар хэрэглэж болно. Мана 4 тан ч байж болно. Нэг тунг 1 литр 500 гр усанд хийгээд өдөртөө уугаад байх хэрэгтэй.