2024-12-05, Пүрэв
-22 C
Ulaanbaatar

С.МОЛОР-ЭРДЭНЭ: Ницшегийн “Одоо сэр, бос” гэдэг чинь body building биш mind building

Философич С.Молор-Эрдэнэ Фридрих Ницшегийн 180 жилийн ойд зориулан “Христийн гоодын үхэл ба Буддизмын бурхан” сэдэвт лекц уншсан юм. Түүний лекцийг тоймлон хүргэе.

– “За” гэж хэлэх бядтай, “үгүй” гээд татгалзчих зүрхтэй хүн л жинхэнэ зоригтон-
-Хүчирхэг хүн байх нууц бол ерөөсөө л өөртөө цаг гаргах-

GOD бол зүгээр л “Гоод”, тэнгэрийн эзэн гэж орчуулах шаардлагагүй

Ницшегийн нэрийг унагах гэж олон удаа дайралт хийсэн түүх барууны ертөнцөд бий. Тэгсэн ч өрнөдийнхөн өнөөг хүртэл энэ хүний номыг уншсаар байна. II дайны дараа Германы их дээд сургуулиудад Ницшегийн номыг уншиж, нэрийг нь хэлэх хориотой байлаа. 70, 80-аад оноос “Ницшег буруу ойлгоод, буруу тайлбарлачихсан байна шүү дээ. Ямар мундаг номнууд бичсэн юм бэ” гэцгээж эхэлсэн. Бичлэгийн хэлбэрийн хувьд үргэлжилсэн үгээр хэрнээ яруу найрагч шиг бичдэг байсан юм. Мөрт мөртөөр маш цэцэн бичнэ. Гётегээс ч илүү гэгддэг. Герман хэлийг төгс эзэмшсэн хүн л дээ. Кантийг уншиж байгаад Ницше рүү орохоор ямар гайхамшигтай гээ. “Ямар гоё бичдэг юм бэ” гэж дуу алдаад л уншаад байна шүү дээ.

Лекцийн гарчигтаа би “Христийн ГООД-ын үхэл” гэсэн үгийг зориуд оруулсан. “ГООД”-оороо явах ёстой. Манайхан “Тэнгэрийн эзэн” гэх мэт хачин хачин үгээр орчуулаад байдаг. Тэгэх шаардлагагүй. Бананыг гадил, кофег боргол гэчихдэг юм байж. “ГООД”-ыг учиргүй зүггүй ингэж орчуулах гэж улайрах хэрэггүй. Ер нь бол энэ улайрал чинь МУИС-ийн монгол хэлнийхний олон арван жилийн өвчин. Мэргэжлийн нарийн ширийн абстрак, idea-нуудыг орчуулж болохгүй. “GOD” бол “ГООД”. Миний хувьд GOD дээр “Бурхан” гэдэг үгийг ч хэрэглэхгүй.

Ницше гэж хүний амьдрал философидох л байсан. Тэр төрсөн, философидсон, үхсэн. Тэгээд л болоо. Үүгээрээ яг Аристотельтэй шиг. Сэхээтэн хүн яг Ницше шиг байх хэрэгтэй. Тэр гэр орон, хоол хувцас, мөнгө төгрөг, эд хогшил, эд бараа, илүү дутуу юмсыг сонирхоогүй. Ганц бүтэлгүй дурлалыг нь эс тооцвол зөвхөн уншсан хүн. Маш их уншсан, маш их бичсэн.

Хав дарсан сэтгэл хөдлөлүүд чинь чамаас олон жилийн дараа “өшөө”-гөө илүү хатуу авах болно

Ницше хүн төрөлхтөнд “ГООД үхсэн. Та нар ГООД-гүй болчихлоо” гэсэн. Тухайн үеийн шинжлэх ухааны гойд ололт, техник технологийн үсрэнгүй хөгжил, хорхой асаасан мэдлэг боловсрол руу хүмүүс бултаараа хуйларчихсан л даа. Сэргэн мандалтын үеийн “хүнлэг ёс, гоо зүй, ёс зүй”-н элдэв хэмжүүр гээгдэж, хүмүүс ГООД-оо алдаж эхэлсэн гэж Ницше хэлсэн. “ГООД нь үхчихсэн ийм үед хүн яаж амьдрах вэ” гэсэн асуулт тавиад хариултыг нь хэлж өгсөн хүн бол Ницше.

“ГООД”-гүй болсон ертөнцөд хүний элдэв дур тачаал, тэгэх юмсан, ингэх юмсан гэсэн хачин хачин хүслүүд нь өндийн босч эхэлнэ гэдгийг тэр олж харсан. Өмнө нь хүн төрөлхтөн “Өө миний тачаал хөдөлж байна, бурханаас очиж уучлал гуйя” гээд нүглээ наманчилдаг, залбирдаг байсан.

Хүн гэдэг амьтныхаа хувьд, психологийн хувьд ямар нэгэн дур сонирхол, хүсэл тачаалаа хэчнээн дарсан ч хэзээ нэгэн цагт ил гарч ирдэг нь жам. Түүнийгээ яаж даван гарах вэ, түүнтэйгээ яаж учраа олох вэ гэдэг чинь сэтгэл судлал.

Ницшегийн хэлснээр “хав дарсан” бүхэн чинь хэзээ нэгэн цагт өндийн сэрж чамаас хариугаа авдаг. Дарах гэж оролдлоо гэхэд арван жил л дарах байх. Дараа нь чамаас “өшөөгөө авна”. Өшөөгөө авахдаа сэтгэлийн хачин хачин хөдлөлүүдээр ил гарч ирнэ. Зарим нэг маань согтуудаа “солиороод” байдаг чинь үүний нэг илрэл.

“ГООД” амьд байх үед хүмүүс энэ хүсэл, тачаалаа амилж өндийх гэхэд нь наманчилж, залбираад дарчихдаг байсан. Харин “ГООД” үхсэн үед яах нь тодорхой. Хав дарсан мэдрэмж, хүсэл, тачаалууд нь урьд урьдынхаасаа аймшигтайгаар “сэрж” таарна.

Гадагшаа хориотой бүхэн дотогшоогоо чиглэдэг. Түүнийг бид сэтгэл зүй гэж нэрлээд байгаа юм. Дотогшоогоо чиглэхээр яах вэ? Гомдол, хорсол, үзэн ядалт, өрөвдөх гэх мэт мэдрэмжүүд “соёолж” эхэлнэ. Сонирхолтой нь өрөвдөх гэдэг үгийг герман хэлнээс хайсан чинь олдоогүй. Англи хэл дээр ч ийм утга байхгүй. Малчин бидний л онцлог шиг байгаа юм. Их өрөвч. Гэмших гэсэн ойлголт бас бий. Гэхдээ тэр нь бидэнд үгүй шиг санагддаг. Гэмшиж байгаа мэт царайлахаас хэтэрдэггүй л дээ, бид.

Power бол “хүч” биш, монгол хэлнээ “тэнхээ” гэвэл илүү ойр бууна

Дараа нь Ницше психологийн том том асуудлууд руу орсон. Ницшегийн дэлхийд алдартай болчихсон нэг үг бий. WILL TO POWER. WILL гэдгийг нь хүсэл гээд орчуулчих ёстой юм шиг байна лээ. Миний түрүүн хэлсэн шиг “МУИС”-дах юм бол эрмэлзэл болоод явчихна. POWER гэдэг нь тухайн хүний чадварыг л хэлээд байгаа юм. Монголоор “тэнхээтэй” гэсэн үг юм уу даа. “Хүч” бол биш. Эцсийн эцэст бидний power-той болох гэсэн хүсэл биднийг амьд үлдээнэ, амьд хэвээр “оршооно” гэдгийг Ницше тээр эрт хэлчихсэн. Үүссэн нөхцөл байдлаас өөрийгөө аваад гарах тэнхээ, чадварыг Ницше POWER гэж нэрлэсэн байдаг юм.

Ницше “За яахав бид power-той байгаад ялдаг юм байж. Ялсан хүний цаана ялагдагч үүснэ. Ялагдсан хүн зүгээр байхгүй. Бөөн эсэргүүцэл, бөөн зовлон. Тэднийг яах вэ? Бүгдийг давж, бүгдийг өөртөө ашигтайгаар эргүүлэхийн тулд яах ёстой вэ” гэсэн асуулт тавиад хариу өгсөн.

Хүн төрөлхтөн үнэт зүйлээ гээсэн учраас “ГООД” үхсэн, одоо яах вэ гэсэн асуултад Ницше “Шинэ үнэт зүйлийг өөрсдөө босгож ирэх учиртай. Шинэ үнэт зүйл босож иртэл барууны орнууд замбараагүйтнэ” гэчихсэн. Үнэхээр ч өрнөдийн ертөнц замбараагүйтснийг бид олон жишээгээр нотолж чадна. Ницшегээс хойш барууны оронд өчнөөн дайн дэгдсэн.

“Яаж өөрсдөө үнэт зүйл бүтээх вэ” гэдэг асуултад Ницше “Дарагдаж байсан юмнуудаа гарга, гоё гоё юмнуудаа хий” гэсэн хариу өгсөн. Учир нь Христийн “ГООД” хүнийг хэт доош нь дарж, хувь хүнийг нь устгаад хаячихдаг байсан юм. Юм л бол даруухан бай, хүлцэнгүй бай гэж мөргөл хийлгээд хүнийг жижигрүүлчихсэн байсан. “Баяр хөөртэй байж болохгүй, энэ ядуусыг хар” гэж мэгээд.

Ницше ингэтлээ жижгэрсэн хүмүүст “Одоо зоригтой бай. Гэхдээ хамаагүй зоригтой байж болохгүй. Шийдэл, сонголтод за гээд хэлчих бяр, үгүй гээд татгалзчих зүрхтэй байх ёстой. Тэрнээс хүнтэй зодолдоод барьцалдаад байх нь зориг биш. Өөртөө бахархалтай яв. Өөрийнхөө чадварт, авъяастаа итгэлтэй бай, хөгжүүл, гарга. Битгий даруухан царайлаад суу.

Хүмүүс юу гэчих бол, яачих бол гэлгүй мэдрэмжээ гарга. Хав дарсан мэдрэмжүүдээ цаг тухайд нь гаргахгүй бол сум буцаад эргэдэг. Онилогдох бай нь чи өөрөө шүү” гэж хэлсэн. Үүгээрээ тэр гайхалтай.

Ном уншаад хэвтэх чинь маш том power

Ницше “Өөрийгөө давах хамгийн том асуудал бол яг одоогийн өөрөөсөө илүү болох” гэчихсэн. Өөрөөсөө илүү болоход түрүүн хэлсэн хүсэл буюу power тус болно. Чамайг дээш гаргах зүйл мөнгө биш, банк биш, уурхай биш. Ерөөсөө power буюу тэнхээ л чамайг дээш гаргана.

Тэнхээ гэдэг нь биеийн хөдөлгөөн төдий ойлголт биш. Ном уншаад хэвтэх чинь өөрөө маш том тэнхээ. Ном уншин хэвтэж буй хүн бол хамгийн их юм хийж байгаа хүн. Тэр хүнийг “Бос, юм хий” гэдэг хүн бол номын үнэ цэнийг мэдэхгүй яваа хэрэг.

Ницшегийн “Одоо сэр, бос” гэдэг чинь body building биш mind building. За тэгээд хүн ийм “хүч”-ээр урагшилж бослоо гэж төсөөлье. Урагшлах тусам саад, бэрхшээл өндийн гарч ирнэ. Хажуу дах хамгийн дотно найзаас эхлээд атаархана, сөргөнө, муулна, ажлыг нь уяна. Их юм болно. Тэр бүрд бүтэлгүйтнэ, харамсана, шантарна.

Ингэж хуучин шинэ хоёрын хооронд асар том хагарал гарна. Чиний бүтэлгүй “хуучин” бүхэн хөгжих гэж хичээж буй “шинэ”-тэй зөрчилдөнө, хагаралдана. Үүнийг яаж даван, ард нь гарах вэ. Өнөө их “хүч” маань мохно. Ницше энэ мохолт, харуусал, хагарал, бүтэлгүйтлийг “зөв, байх ёстой” гэж үзсэн байгаа юм. “Жаахан тэсээд дараагийн шатны шинэ ертөнц рүү орчихвол илүү сонин юм хийх боломжтой” гэчихсэн. Давж чадаж гэмээ нь өөрөөсөө шинэ содон авьяас чадварыг олж харна, нээж бий болгоно гэсэн хариуг Ницше бүр эрт хүн төрөлхтөнд хэлээд өгчихсөн.

“Тэмээ”-нээс “арслан”, арслангаас “хүүхэд” болж хувир, тэгвэл чи жинхэнэ хүчирхэг нэгэн болно

Ницшегийн “Заратустра” гэж бүтээл бий. Заратустра бол одоогоос 3000 жилийн өмнө амьдарч байсан, хүн төрөлхтний анхны философич гэгддэг их хүмүүн. Персийн ард түмний багш, агуу онолч. Заратустрагаас хойш Энэтхэг, Грек, Европын философи цэцэглэсэн хэмээдэг. Энэ утгаар нь бид Персийн ард түмнийг хүндэтгэх хэрэгтэй. Перс чинь өнөөдрийн Иран шүү дээ. Заратустра 10 жил ном үзчихээд уулнаас бууж ирдэг.

Бууж ирээд ард түмэнд юу сурч мэдсэнээ ярьж эхэлтэл солиотой, элийгээр нь дуудацгаана. Хүмүүсийг ном сонсоход бэлэн биш байгааг мэдэрсэн Заратустра эхлээд тэднийг бэлдэх ёстойг ойлгосон. Тэгээд хоёр амьтан, нэг хүүхэд гэсэн ойлголтыг гаргаж ирсэн.

Хүн эхэндээ “тэмээ” шиг аваад л, нөөцлөөд л байдаг амьтан юм байна. Аав, ээжээсээ, сургуулиасаа, интернэтээс гээд гаднаас авч, цуглуулж хураасаар явдаг. Хүний хийх ёстой дараагийн алхам бол авсан бүхнээсээ татгалзаж “арслан” болох. Арслан шиг эрэмгийгээр тэмцэлдэж эрх чөлөөгөө олж авах ёстой.

Эрх чөлөөтэй болно гэдэг нь ээж, аавтайгаа ил шулуун тэмцэлдээд чөлөөтэй болох тухай ойлголт биш. Толгойдоо чөлөөлөгдөхийг хэлж буй хэрэг. Ухаандаа ээж нь өөрийн үзлээ тулгалаа гэж төсөөлье. Тэр үед гаднаа “Тийм шүү сайхан ээж минь” гэсэн мөртлөө толгойдоо “Үгүй шүү ээж минь” гэж тод чангаар бодохыг хэлээд байгаа юм. Зальтай, ухаалаг бай гэсэн санаа.

За тэгээд ингэж чөлөөлөгдсөний эцэст арслан шиг хүчтэй болчихлоо гэж төсөөлье. Заратустрагийнхаар дараагийн шат нь “хүүхэд болох”. Бүхнийг яг хүүхэд шиг сониучирхаж, соргог содноор хүлээж авах учиртай. Хөгшрөхөөр, нас ахихаар хүүхэд шиг сониуч зан нь үгүй болчихдог доо. Хөгжих хүнд ийм чанар байж таарахгүй.

Хүүхэд шиг бол гэдгийг “хүүхдээрээ бай” гэж ойлгож болохгүй. Юм бүрт хүүхэд шиг сониуч ханд л гээд байгаа юм. Нэг хүн Эйнштейнээс “Та яаж ийм том нээлт хийчихэв ээ” гэж асуухад мань эр “Би яг хүүхдээрээ байж чадсан” гэсэн хариу өгсөн байдаг.

Эйнштейн яг хүүхэд шиг байж шинэ юмыг соргог сэргэг хүлээж авах өндөр чадвартай байсан гэсэн үг. Бодож явдгаас нь огт өөр юм гараад ирэхэд хүлээж авч чадна гэдэг асар том чадвар.

Гэхдээ хүүхэд шиг байх санасан шиг амар зүйл биш. Пикассо “Хүн эргээд залуухан болтол их цаг ордог юм билээ” гэж хэлсэн байдаг. Хуучиндаа баригдахгүй, яг таг суучихсан үзэл барилаа эвдэж зурна гэдэг амар биш. Тэр энэ бүхнээ эвдэх гэж их цаг хугацааг туулснаа, тэр бүхнийг давж байж “залуухан” болсноо тэгж илэрхийлсэн хэрэг л дээ. Эцсийн эцэст өөртөө цаг гарга аа л гэсэн утгатай үг шүү дээ. Өдөрт хэдэн цаг өөртөө зарцуулсан чинь л маш чухал.

Ер нь хоёр л эрх чөлөө бий. Нэг нь 24, 25 хүртлээ тэмээ шиг баахан хурааж нөөсөн зүйлсээсээ чөлөөлөгдөх. Нөгөө нь аливаад чөлөөтэй хандах. Эргэн тойрны элдэв нөлөөнөөсөө чөлөөлөгдчихвөл ямар ч шийдэл гаргасан ямар ч дарамт байхгүй болчихно.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img