2024-12-04, Лхагва
-23 C
Ulaanbaatar

Н.Тэгшбаяр: Эрчим хүчний үнийг нэмэх биш бүр чөлөөлөх ёстой

Цөмийн физикч Н.Тэгшбаяраас эрчим хүчний үнэ тойрсон цөөн асуултад хариу авлаа.

-Эрчим хүчний үнэ нэмэгдчихлээ. Цаашид шаталсан маягаар нэмсээр явах нь зөв гарц уу, эсвэл бүр чөлөөлсөн нь бодитой шийдэл үү?

-Миний хувьд эрчим хүчний үнийг чөлөөлөх ёстой. Гэхдээ амьжиргааны төвшнөөс доош орлоготой иргэддээ ваучер өгөх хэрэгтэй. Хөлдөж үхчихгүй байх хэмжээний цахилгааны мөнгөний ваучер өгөхөд болохгүй юм байхгүй. Хөлдөж үхчихгүйн тулд нэг айл сард 20 мянган төгрөг хэрэглэдэг бол түүнийг нь ваучир хэлбэрээр өгчих. Илүү гарсан төлбөрийг нь иргэн өөрөө төлөх учиртай. Ингээд ирэхээр эрчим хүчний хэрэглээ илүү ухаалаг болно. Эрчим хүчийг жинхэнэ утгаар нь хэмнэдэг болно. Тэгэхгүй бол эрчим хүчний салбар хэцүүдчихлээ.

Социализмдаа үлдсэн цор ганц салбар болчихлоо шүү дээ. Талх зардаг хүн гурилынхаа үнээс бага үнээр талхаа зараад байвал дампуурна биз дээ. Эрчим хүчний салбар яг ийм болсон. Өөрийнхөө өртгөөс бага үнээр цахилгаанаа зарж байгаа учраас элгээрээ хэвтчихсэн. Хоёр хөршөөсөө хараат болчихсон.

-Хоёр хөршөөсөө хараат болсон гэдгийг та тодорхой жишээгээр тодотгож өгөөч?

-Хятадаас оруулж ирдэг цахилгаан тасарвэл эдийн засгийг тэтгэж тэжээдэг Оюу толгой төсөл зогсох эрсдэлтэй гээд та бод доо. Оросоос импортолдог цахилгаан тасарвал баруун таван аймаг хөлдөнө. Бусдаас хараат байна гэдэг бөөн эрсдэл гэдгийг сая хэлсэн хоёр кейсээс харчихаж болно. Тэгэхээр улс орноо үнэхээр урагшлуулья гэвэл нэгдүгээрт бүхнийг фронтод гэдэг шиг бүхнийг эрчим хүчний салбарт хандуулах ёстой. Тэр нь ерөөсөө л үнэ чөлөөлөх.

Манай улс 1980-аад оноос хойш нэг ч эрчим хүчний шинэ эх үссвэр бариагүй. Шалтгаан нь үнэ чөлөөлөөгүй, эрчим хүчний салбараа социализмд нь үлдээсэнтэй холбоотой. Өөрийнхөө өртгөөс бага үнээр бүтээгдэхүүнээ зардаг ийм салбарт хэн ч хөрөнга оруулахыг хүсэхгүй. Ийм дампуу салбарт хөрөнгө оруулдаг бурхан ч байхгүй.

-Эрчим хүчээрээ бусдаас хараат байхын сөрөг тал их биз?

-Тэгэлгүй яахав. Эдийн засаг нь бүхэлдээ бусдаас хараат болчихсон гэсэн үг шүү дээ.Эдийн засаг нь бусдаас хараат байхаар иргэдийн эрүүл мэнд, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж чадахгүй байна.

-Эрчим хүчний үнийг чөлөөлчихөөр жирийн иргэдийн амьдрал хэцүүднэ, үнийн өсөлт бүр ч гаарна гэх болгоомжлол байгаа шүү дээ?

-За би танд ганцхан жишээ хэлье. “Мобиком”-ын нэгж бүр анх байгуулагдахад нь өндөр үнэтэй байсан. Утсаар ярих тансаг хэрэглээ байсан даа. Энэ салбарын үнийг чөлөөлсөн эхэн үед л байдал тийм байлаа. Үнэ чөлөөлсөн учраас үүрэн холбооны салбарт Скайтел, Юнител гэх мэт компаниуд гарч ирсэн. Олон компани нэг салбарт орж ирэхээр өрсөлдөж таарна аа даа. Компаниуд хамгийн түрүүнд үйлчилгээний чанар, үнээрээ өрсөлдсөн. Жинхэнэ зах зээлийн зарчмаараа явсаны хожигч нь хэн байна. Хэрэглэгчид шүү дээ.

Өнөөдөр Монголын иргэд үүрэн холбооны дэлхийн төвшний үйлчилгээг авч байна. Ийм өндөр чанар үйлчилгээг хямдаар авч байгаа нь ерөөсөө л үнэ чөлөөлсний давуу тал. Эрчим хүчний салбар ч ялгаагүй. Үнэ чөлөөлчихвөл хөрөнгө оруулалтууд орж ирнэ. Тэр хэрээр өрсөлдөөн явагдана. Эрчим хүчний маш олон хямд эх үүсвэр бий болчихсон.

Эрчим хүчний салбар дахь компаниуд үйлчилгээний чанар, үнэ өртгөөрөө өрсөлдөж эхэлнэ. Чанартай, хямд үйлчилгээ үзүүлдэг компаниуд нь өрсөлдөөнд манлайлна.

Ингээд харахаар эрчим хүчний үнийг чөлөөлчихвөл хэсэг хугацааны дараа монголчууд маш өндөр чанартай эрчим хүчийг хямдхан аваад сууж байна гэдэгт эргэлзэх зүйл байхгүй.

-Хэрэв та эрчим хүчний салбарт шийдвэр гаргах нөлөөтэй нэгэнбайсан бол ямар шийдлүүд гаргах байсан бэ?

-Хэрвээ би Эрчим хүчний зохицуулах хорооны дарга байсан бол энэ шинэчлэлтийг хийхийн тулд хамгийн түрүүнд экспортлож байгаа үнэ өөрөө тогтоох байсан. Ингэвэл магадгүй оросууд орж ирээд цахилгааны үйлдвэр бариад улс руугаа эрчим хүч гаргаж мэднэ. Хятад гэсэн аварга зах зээл рүү ч гаргах боломжтой. Ийм шийдлээр цахилгааны тарифаа чөлөөлөөд өгөхөөр бусад нь дагаад чөлөөлөөд өгөх ёстой юм байнаа гэдгийг ойлгоно.

Төгсгөлд нь хэлэхэд бидэнд дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүрэг бий. Монголчууд энэ дэлхий дээр ганцаараа амьдраагүй. Дэлхий дээр НҮБ-д бүртгэлтэй олон улс бий. Өөрөөр хэлбэл бид нэг агаараар амьсгалж байна. Ядаж л хүлэмжийн хийг бага ялгаруулах үүргээ бид биелүүлэх ёстой. Хүлэмжийн хий бага гаргадаг ямар төсөл байн вэ гээд харахаар атомын цахилгаан станц, усан цахилгаан станц, нарны цахилгаан станц гэх мэт шийдлүүд байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img