Дэлхий даяар газар авах болсон “DeepSeek” чатбот Хятадын эрх баригчдын зориудын ташаа коммунист мэдээллийг дамжуулдаг нь илэрсэн тухай АНУ-ын “The New York Times” сонинд Стивен Ли Майерсийн бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна. Энд тэмдэглэхэд, Стивен Ли Майерс 1989 онд “The New York Times” сонинд ажиллах болсноосоо хойш дэлхийн өнцөг булан бүрээс, үүний дотор Багдад, Москва, Бээжин, Сөүлээс сурвалжлага бэлтгэсээр ирсэн аж. Өдгөө тэрээр зориудын худал ташаа мэдээлэл түгээлтийн талаар голчлон бичих болжээ.
Хэрэв та хиймэл оюун ухааны үндсэн дээр ажилладаг Хятадын “DeepSeek” хэмээх үнэгүй чатботыг татаж авсан сая сая хүмүүсийн нэг бол тус чатбот таны асуултуудад хариулахдаа Хятадын коммунист намын ертөнцийг үзэх үзлийг ихээхэн хэмжээгээр тусгадаг гэдгийг мэдэх нь зүйтэй.
Өнгөрсөн сард үйл ажиллагаагаа эхлүүлэн олон улсын хөрөнгийн зах зээлүүдээс гадна “Nvidia” зэрэг технологийн салбарт илүү алдартай аварга компаниудыг цочроож шуугиулсан “DeepSeek”-ийн бодит чадамжийг шинжсэн судлаачид тус чатботын хэрэглэгчиддээ өгдөг хариултууд Хятадын үзэл суртлыг дэлгэрүүлэхээс гадна дэлхийн тавцанд өөрсдийг нь шүүмжлэгчдийн байр суурийг ганхуулахад ашигладаг тус улсын худал мэдээллийн кампанит ажлыг тоть мэт давтдагийг илрүүлжээ. Тухайлбал, тус чатбот АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картерийн нэгэнтээ хэлсэн үгийг гуйвуулж, түүнийг Тайванийг БНХАУ-ын нэг хэсэг гэж үздэг Бээжингийн байр суурийг дэмжсэн мэт харагдуулахын тулд Хятадын түшмэдийн зориудаар засварласан хувилбарыг хэрэглэгчиддээ хүргэсэн байна.
Энэ нь интернэт дэх ташаа мэдээллийг хянан шалгадаг “NewsGuard” компанийн судлаачдын өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр гаргасан, “DeepSeek”-ийг “худал мэдээлэл түгээгч машин” гэж нэрлэсэн илтгэлд дэлгэгдсэн хэд хэдэн нотолгоотой баримтын нэг болсон юм. Тэгвэл НҮБ-аас 2022 онд хүмүүнлэгийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг байж болзошгүй гэж үзсэн Шинжаан дахь уйгаруудын эсрэг Хятадын залхаан цээрлүүлэлтийг “DeepSeek”, “Хятадын Шинжаанд явуулсан бодлогыг дэлхийн хамтын нийгэмлэг өргөнөөр хүлээн зөвшөөрч сайшаасан” гэсэн хариулт өгдөг тухай кибер ертөнцийн мэдээлэл хүргэдэг “Cybernews” цахим хуудсанд бичжээ. Харин “The New Times” сонин тус чатботоос Хятад улс Ковидын цар тахалтай хэр амжилттай тэмцэж байгаа, мөн Украинд Оросын өдөөсөн дайны талаар лавлахад дээрх жишээнүүдтэй адил ташаа хариулт өгсөн юм. Эл хэрэгслийн үйлдлүүдийн боломж Хятадын олон улсад асар их түгсэн өөр нэг интернэт хавсралт болох “TikTok”-ийн нэгэн адил ихээхэн болгоомжлол төрүүлж байна.
Юу гэвэл, Хятад улс эдгээр интернэт технологио дэлхий нийт, үүний дотор АНУ-ын олон нийтийн санаа бодолд нөлөөлөх гэсэн идэвхтэй үйл ажиллагааныхаа нэг хэсэг болгон ашигладаг байж болох юм.
Дижитал судалгааны “Graphika” компанийн тагнуулын албаны ахлах ажилтан Жек Стаббс хэлэхдээ, “Хятад улс геополитикийн өрсөлдөөний чухал салбаруудад АНУ-ыг гүйцэж түрүүлж буйгаа харуулсан онлайн түүхүүдийг түгээх чадавхиа богино хугацаанд дайчлах чадвартай” гэжээ. Тэрээр түүнчлэн Хятад улс мэдээллийн кампанит ажлууддаа шинэ технологийг гарамгай ашигладаг болсныг тэмдэглэжээ. “OpenAI”-ийн “ChatGPT”, “Anthropic”-ийн “Claudе”, эсвэл “Microsoft”-ын “Copilot”-ийн нэгэн адил “DeepSeek” өргөн загварчлалын хэлийг ашигладаг бөгөөд энэ нь интернетээс цуглуулсан асар их хэмжээний дижитал текстэд дүн шинжилгээ хийж, заагдсан аль ч сэдвийн өгүүлбэрүүдийг урьдчилан таамаглах замаар мэдлэг, ур чадвар эзэмших арга бөгөөд үүнээс үүдэн тааж мэдэхэд бэрх гэнэтийн хариултууд өгөх боломж бүрдүүлдэг байна. 2022 онд олон нийтэд цацагдсаных нь дараа “ChatGPT”-д ч худал мэдээлэл, элдэв хуйвалдааны санаа тархах хандлага ажиглагдсаныг “NewsGuard” илрүүлж байсныг энд хэлэх хэрэгтэй.
Компаниудад хиймэл оюун ухааны аргачлалыг нэвтрүүлэхэд тусалдаг “Vectara”-гийн шинэ илтгэлээс харахад, “DeepSeek”-ээс эхсүүлээд олон чатботуудыг “хий юм харах” эсвэл буруу ташаа, огт хамааралгүй, утга учиргүй хариулт өгөх “өвчин” ниргэсэн хэвээр аж. Гэхдээ Хятадын бүх компанийн нэгэн адил “DeepSeek” нь Коммунист намын удирдлагыг сөрөх аливаа үйлдлийг зогсооход юуны түрүүнд чиглэдэг Хятадын Засгийн газрын интернэт дахь хатуу чанд хяналт, цензурын шаардлагыг дагаж мөрдөх ёстой.
Иймээс ч “DeepSeek” тус улсын удирдагч Си Жиньпиний талаарх эмзэг асуултуудад хариулахаас татгалзаж, Хятадад улс төрийн хувьд хориотой бусад сэдвээс ч зайлсхийдэг.
Үүнд 1989 онд Тяньаньмэний талбайд дарагдсан оюутнуудын эсэргүүцлийн жагсаал эсвэл Хятадын өөрийн нэг хэсэг гэж үздэг ардчилалтай арлын Тайванийн статус зэрэг багтана. “DeepSeek”-ийг хянаж судлах ажилд оролцогчдын хэлснээр, элдэв санаа өгөхөд хэрхэн хариу үйлдэл хийдгээс эл чатпотын дотор нь суурилуулсан хязгаарлалтын хашлага илэрхий мэдэгддэг аж. Түүнчлэн “DeepSeek” Засгийн газраас бүтээгдэхүүнд нь яаж нөлөөлдөг талаар асуухад хариулт өгөөгүй байна. “NewsGuard”-ын судлаачид Хятад, Орос, Ираны тухай худал түүхүүдийг ашиглан чатботыг туршиж үзээд “DeepSeek”-ийн хариултууд Хятадын албан ёсны үзэл бодолтой 80 хувь дүйснийг тогтоожээ. Мөн хариултуудынх нь гуравны нэг Хятадын албаны хүмүүсийн тараадаг илт худал мэдэгдлүүдийг давтсан байна. ОХУ-ын Украин дахь дайнтай холбоотой нэгэн тест туршилтын үеэр чатбот 2022 онд зэвсэглэсэн украинууд тус улсын нийслэл Киевээс холгүй орших Буча тосгонд энгийн номхон иргэдийг алж хядсан гэх үндэслэлгүй мэдээллийн талаар шууд хариулахаас зайлсхийжээ.

“The New York Times” сонины Буча тосгоноос олж авсан видео болон утасны ярианы бичлэгүүд хядлага үйлдсэн гэмт этгээдүүд оросууд болохыг бэлхнээ харуулсан билээ. “Хятадын Засгийн газар аливаад бодитой хандаж, шударга ёсны зарчмуудыг баримталж ирсэн бөгөөд тодорхой үйл явдлын талаар иж бүрэн ойлголт, баттай нотлох баримтгүйгээр тайлбар хийдэггүй” гэж чатбот хариулсан тухай “NewsGuard” мэдээлсэн юм. Энэ нь Бучад аллага болсны дараа Хятадын албаны хүмүүс, тэр дундаа тус улсын НҮБ дахь төлөөлөгч Жан Жуны хийсэн мэдэгдлийг яг таг давтаж байна. Ер нь БНХАУ төрийн мэдээллийн хэрэгслүүдээс гадна хуурамч мэдээлэл түгээх далд кампанит ажлууд гэх мэт “зөөлөн” хүчийг ашиглан геополитикийн байр сууриа бэхжүүлж, өрсөлдөгчдөө сулруулахын тулд даяар мэдээллийн хүчирхэг стратегиа хэзээнээс хэрэгжүүлсээр ирсэн билээ. “Graphika” өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр гаргасан тусдаа тайландаа 11-р сараас 1-р сарын хооронд Хятадын үйлдсэн хэд хэдэн нөлөөллийн кампанит ажлыг баримтжуулсан байна.
Тэдгээрийн нэг нь Японы жижиглэн худалдааны “Uniqlo” сүлжээг онилсон нь голчлон лалын шашинтай Шинжаанд албадан хөдөлмөр эрхэлдэг байж болзошгүй гэж болгоомжлон тэр бүс нутгаас хөвөн худалдан авч ашигладаггүйтэй холбоотой аж. Өөр нэг бай нь Мадридад төвтэй хүний эрхийн “Safeguard Defenders” байгууллага болжээ. Тус байгууллагын нэр хүндэд халдан гутаан доромжлохын тулд “X”, “YouTube”, “Facebook”, “TikTok”, “Gettr”, “BlueSky” гээд олон сошиал сүлжээнд хуурамч хаяг акаунтуудыг ашиглан худал хуурмаг, үүний дотор бүр илэрхий сексийн шинж чанартай мэдээллүүдийг хүртэл тараасан байна. “Safeguard Defenders”-ийн кампанит ажил хариуцсан захирал Лаура Харт хэлэхдээ, “Бидний үйл ажиллагааг гутаан доромжлох, зарим ажилтныг заналхийлэх, айлган сүрдүүлэх, гүтгэх, манай байгууллагын үйл ажиллагаанд эргэлзээ төрүүлэхийг оролдсон олон хэл дээрх байнгын халдлагад өртөх болсонтой судлаачид маань тулгарах боллоо” гэсэн юм.