2025-05-20, Мягмар
15.7 C
Ulaanbaatar

Н.Нанзаддорж: Ганжуурын эш лүн хүний сэтгэлд асар эерэг нөлөө үзүүлдэг

Гандантэгчэнлин  хийдийн хансүр, гавж, Жавзандамба Хутагт төвийн багш Н.Нанзаддорж ламтай ярилцлаа.

Бурхан багш 504 сая шүлэг сургаалийг хүн төрөлхтөнд үлдээсэн байдаг

–Гандантэгчэнлин хийдэд болж буй Ганжуурын эш лүн хүртээх арга хэмжээний утга учраас ярилцлагаа эхлэх үү?

–Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд 2023 оноос эхлээд бурхан багшийн зарлигийн эмхтгэл Ганжуурын эш лүн хүртээх арга хэмжээ эхэлсэн юм. Энэ жил гурав дах жилдээ зохион байгуулагдаж байна. Ганжуур гэдэг бол Бурхан багшийн эх сургаалийн эмхтгэл л дээ. Хэвлэлийнхээ онцлогоос болоод Ганжуурын ботийн тоо нь янз бүр байдаг. Жишээ нь зарим ганжуурын боть 108 байдаг. Тиймээс монголчууд 108 боть ганжуур гэж нэрлэж ирсэн. Бурхан багш 36 насандаа төгс гэгээрч Будда болсон. 81 нас хүртлээ 45 жил хүн төрөлхтөнд гэгээрлийн тухай, нирваанд хөтлөх гайхамшигтай сургаал номлолоо үлдээсэн байдаг. Бурхан багшийн үлдээсэн сургаал зарлигийг хэмжээнийх нь хувьд 84,000 номын цогц хэмээн ярьдаг юм. Нэг цогцондоо 6,000 шүлэг хамгийн багадаа байдаг. Тэгэхээр бурхан багшийн нийт номлосон номыг шүлгээр нь боть болгож хэвлэх юм бол 504,000,000 /таван зуун дөрвөн сая/ шүлэг сургаалийг бидэнд үлдээсэн байдаг. 6,000 шүлэгтэй номыг бид нэг боть болгож хэвлэлээ гэхэд 84,000 боть сургаалийг хүн төрөлхтөнд үлдээсэн гэсэн үг шүү дээ. Ихэнх сургаал нь цаг хугацааны уртад устаж үгүй болсон. Одоо бидний  үед монголчуудад буй сургаал нь 108 боть сургаал байгаа юм. Тиймээс энэ 108 боть сургаалийн эш лүнг багш маань гурав дах жилдээ бидэнд хайрлаж байна. Энэ сургаалийг нэг үг ч орхихгүйгээр үсэг тоолж өдөрт 4-5 цаг уншдаг юм. Эхний жил 45 хоногийн хугацаанд 19 боть номын эш лүнг хүртээсэн. Хоёр дахь жил 25 боть ном уншсан. Эхний хоёр жил нийт 49 боть ном уншсан. Гурав дах жилдээ бид 30 боть ном унших болов уу гэж бодож байна. Ингэвэл дөрөв дэх жилдээ 101 боть сургаалийг бүтэн багшаараа уншуулж эш лүнг хүртэж гүйцэх юм.

–Бурхан багшийн сургаалийн эш лүнг хүрсэнээр хувь хүн, улс орон, монголчууд бидэнд ямар тустай вэ гэж олон хүн бодож байгаа байх.

–Бурхан багш бол төгс гэгээрсэн бодгаль. Муу сэтгэл өчүүхэн ч байхгүй, Бурханы номын онолд дурдснаар “гэм бүгдийг арилгаж, эрдэм бүгдийг төгсгөсөн” төгс бодгаль юм. Тиймээс тэр төгс бодгалийн үлдээсэн сургаал маш хүчтэй хэмээдэг. Жишээлбэл энгийн хүн бидний үг ч хүчтэй байдаг шүү дээ. Намайг хүмүүс муугаар хэлбэл маш хүнд тусч эсвэл намайг магтаад байвал маш их баярладаг. Энэ мэт энгийн хүний хэлсэн үг хүчтэй нөлөөлж байхад гэгээрсэн Буддагийн үг асар их хүчтэй. Энэ хүчтэй зарлигийн эш лүнг хүртснээр үгийнх нь адис жанлав хүчийг нь бүрэн хүлээж авдаг гэж үздэг юм. Тийм болохоор бурхны эх сургаалийн эш лүнг хүртэх нь маш чухал, эш лүнг бид бүрэн бүтэн сонсох нь тун тустай.  Цагаан зүгийг сахигч тэнгэрүүд гэж байдаг. Тодруулбал Монголчууд бид 1000 жилийн турш бурхан шашинтай явж ирсэн учраас манай Монгол орныг цагаан зүгийн номыг тэтгэгч лус савдагуудтай гэж үздэг. Тиймээс лус савдагууд нь баярладаг. Байгалийн гарц сайхан болж, хур бороо элбэгшдэг. Түүнийгээ дагаад хүний сэтгэл ч сайхан болдог. Тийм учраас Монголчууд бидэнд эш лүн гэдэг маш их хэрэгтэй.

–Эш лүнгийн тухайд хэлмэгдүүлэлтийн үеэс тасарсан гэж дуулдсан. Түүнээс өмнөх хугацаанд ном ёсоор нь түгээдэг байсан уу?

–Эш лүн гэдэг маань 1937 оноос өмнө бүрэн байсан. Манай өвөг дээдэс ганжуурын эш лүн дамжлагыг бүрэн гүйцэт эрхшээсэн, шавь нартаа өгдөг уламжлалтай байлаа. 1937 оноос хойш 86 жилийн турш тасарчихаад байсан юм. Эш лүн дамжлагатай багшийгаа Энэтхэгээс залж ирээд  энэхүү тасарсан уламжлалаа шинээр сэргээж байгаа юм. Ингэснээр Монголын маань бурханы шашин уламжлал номын ёсоороо дэлгэрэх  сайхан боломж  нээгдэж байна даа.

 

Цаас гараагүй байсан тул Бурхан багшийн сургаалийг шавь нар нь цээжилж авч үлдсэн

–“Ганжуурын их эрдэнийн эш лүн” хэмээх ойлголт, утга агуулгыг  бүрэн дүүрнээр нь хүмүүст хүргэх нь их тустай юм байна. Та манай уншигчдад дэлгэрэнгүй, ойлгомжтой, энгийнээр тайлбарлаж өгөөч.

–Ганжуурын эш лүнгийн талаар бүрэн гүйцэт ойлгоё гэвэл бурхан шашны түүхийг судлах хэрэгтэй. Бурхан багш 45 жилийн турш хүмүүс бидэнд гэгээрэл, сургаалиа айлдаж номлосон юм. Бурхан багш 81 нас сүүдэртэй нирваанд орсон. Нирваанд орсоны тэр зун нь бол бурхны шавь 500 архадаа цуглуулаад бурхны сургаалиудыг анх эмхтгэж хураан, ариутган шүүсэн юм гэдэг. Ингэхдээ бурхан багшийн нийт сургаал номын гурван аймаг сав болгон хуваасан байдаг. Жишээлбэл Судрын аймаг савын бүх сургаалийг нь бурхан багшийн шавь Ананда нэг ч үсэг үлдээлгүй цээжээр уншсан. Винайн аймаг савын сургаалийг Убали гэдэг архада бас нэг ч үсэг орхих үгүйгээр, өгүүлбэрийн алдаа мадаггүйгээр уншсан юм. Авидрамын аймаг савын зарлиг сургаалийг Махагашиб том архад уншсан. Бусад шавь нар нь тэр сургаалийг сонсоод өөрийнхөө цээжилсэн сургаал номтой тулгаж, миний энэ дамжуулж буй сургаал өгүүлбэрийн хувьд алдаа байна уу, үсэг, үг дутаж байна уу гэж шүүж архад шавь нь цээжээр уншсан юм гэдэг. Энэ бол бурханы шашны түүхэнд бурхан багшийн сургаалийг анх удаа эмхтгэсэн нь энэ юм.

–Яагаад үсэг бичигт буулгаагүй цээжээр уншсан юм бол?

–Үүнд олон учир шалтгаан бий. Үүний нэг шалтгаан нь  цаас гэгч зүйл гараагүй байсан тул бурхан багшийн сургаалийг үсгэнд буулгах боломжгүй байсан байх. Тийм болохоор гэгээрсэн архадууд өөрийнхөө сэтгэл үндсэнд буй цээжтэй сургаалийг ямар ч алдаа мадаггүйгээр уншиж бусаддаа дамжуулсан. Энэ бурхан багшийн сургаалийн анхлан эмхтгэсэн эмхтгэл нь Ганжуурын  эш лүн гэдгийн эх сурвалж байгаа юм. Үүнээс хойш бурхан багшийн сургаалийг үг үсгийн алдаа мадаггүйгээр шавь нартаа уншиж өгдөг, эш лүн хүртээх уламжлал бурхны шашинд тогтсон. Түүхэнд бурхны сургаалийг гурван удаа эмхтгэсэн гэж үздэг. Бурхан багшийг нирваанд орсноос хойш 110-аад жилийн дараа хоёр дах удаагаа эмхтгэсэн. Энэ үед бас л цээжээр уншсан гэж үздэг. Гурав дах удаагаа бурхан багшийн нирваанд орсоноос хойш 300 жилийн дараа эмхтгэх үедээ анх бичиг үсэгэнд буулгаж боть ном болгож хэвлэсэн юм гэдэг. Тийм болохоор эш лүнг дамжуулах, хүртээх гэдэг энэ номын үйл ажиллагаа бурхны шашны нийт бусын номын дамжлага, номын авшиг, хүч чадлыг оршоох зөвхөн бурхны шашинд байдаг зан үйл. Бурхан багшаас хойш биднийг хүртэл бурхан багшийн сургаал багшаас шавьд, багшаас шавьд аман хэлбэрээр дамжиж ирсэн юм. Эш  лүн гэдэг маань заавал дамжлагатай байдаг. Дамжлага нь тасраагүй байх шаардлагатай. Хэрэвээ дамжлага нь тасарчих юм бол тэр эш лүнг цааш нь уншиж болдоггүй. Тийм учраас тасраагүй уламжилж ирсэн дамжлага одоог хүртэл байна. 90-ээд жилийн турш тасарсан энэ уламжлалаа сэргээж дамжлага лүнгээ авч цаашид уламжлуулж буй ийм сайхан номын үйл болж байгаа гэж ойлгож болно оо.

 

Хубилай хааны үеэс бурханы сургаалийг төвд хэлнээс орчуулж эхэлсэн түүхтэй

–Бидний үед бурхан багшийн сургаал 108 боть ганжуур гэж уламжлагдаж ирсэн. Хэзээ анх Төвдөд хэвлэгдсэн бэ, мөн Монгол хэлнээ хэзээ хэвлэгдсэн бол?

–Энэ бол яалт ч үгүй Монголчууд бидний мэдэх ёстой түүх л дээ. Юань гүрний үед Хубилай хаан түүний дараагийн Өлзийт хаан, Хайсанхүлэг хааны үед монголчууд төвд хэлнээс бурхны сургаалийн монгол хэлнээ орчуулж эхэлсэн юм байна. Ялангуяа Монголын түүхэнд тэмдэглэснээр Аюурбарбад буянт хааны үед Чойгу-Одсэр гэж орчуулагч 1308 онд Банзрагч буюу “Таван сахъяа”  гэдэг судрыг монгол хэлнээ  орчуулсан гэсэн мэдээлэл байдаг. 1310 онд  Бодисадын явдалд орохуй хэмээх шаштирыг монгол хэлнээ орчуулсан юм. Тийм болохоор Юань гүрний үед бурхны зарлиг сургаалийг төвд хэлнээс монгол хэлнээ  орчуулж эхэлсэн гэж үзэж болох юм. Гэхдээ 108 боть болгож бүтэн орчуулж дуусаагүй. Энэ нь тухайн үеийн цаг үеийн байдалтай холбоотой олон саад бэрхшээлээс үүдэлтэй. Ингээд 1500 оныг хүртэл 200 гаруй жилийн турш монголчууд орчуулсаар л байсан. Монголын Лигдэн хутагт хааны үед буюу 1626 онд Гунгаа–Од сэр тэргүүтэй орчуулагч нар 108 боть Ганжуурыг төвд хэлнээс монгол хэлнээ бүтэн орчуулсан байдаг. Монгол Ганжуур хэвлэгдэн гарсан  түүх нь энэ.

–Өндөр гэгээний үед Ганжуурыг алт, мөнгөөр урласан байх аа?

–Өндөр гэгээн Занабазарын үед төвд ганжуурыг алтан үсэг, мөнгөн үсэг, улаан шунхан бэхээр бичээчдийг дуудаж цуглуулж ирээд бүтэн бичүүлж Ганжуурыг буюу бурхан багшийн сургаалийн түүвэр эмхтгэлийг 3-4 удаа бүтэн бичиж бүтээсэн түүх бий. Монголд хамгийн анх 108 боть төвд ганжуурыг бүтэн хэвлэхдээ VIII  богдын зарлигаар, улсын эх дагина Дондогдулам хатан удирдаж 1908 онд барыг нь сийлж эхлээд 1910 онд гэхэд хүрээ барын Ганжуур гэж бүтэн хэвлэсэн түүхтэй. Тэгэхээр бид төвд ганжуурыг их хүрээндээ 1910 онд гэхэд бүтэн хэвлэж байсан гэсэн үг. Төвдөд хэвлэсэн түүх мөн монголчуудтай холбоотой. Юань улсын үед “улсын багш” гэдэг хүнийг Төвдөөс залдаг уламжлалтай байсан. Ингээд Юань улсын дөрөвдүгээр хаан Аюурбарбад буянт хааны үед улсын багшаар төвдийн Нартан хийдийн бандида Чимжамбиян гэх их эрдэмтэй ламыг өргөмжилж Дайду хотод залж ирсэн байна. Чимжамбиян лам Юань улсын төрийн багш байх үедээ Төвд рүү бэх, бурхны сургаал Ганжуурыг бичих өргөлийг  ихээр явуулсан гэдэг. Ингээд Төвдүүд 1300-аад оны дунд үед монголчуудын тусламжтайгаар тухайн үед төвдөд олон газар хадгалж байсан бурхан багшийн сургаалийн орчуулгуудыг эмхтгэж анх 101 боть ганжуур болгож эхэлж гараар бичсэн. Төвд Ганжуурыг Мин улсын Юнлө хааны наймдугаар  онд хааны ордонд анх хэвлэсэн юм. Үүний дараа 1600-аад оны үед төвдүүд анх Ганжуурыг хэвлэсэн. Ганжуурын Монгол, Төвдөд уламжилж ирсэн түүх товчхондоо ийм байна.

–Ганжуур нийт хэдэн ботийг агуулдаг вэ? Энэ жил ямар аймаг, ямар ботиудыг айлдахаар төлөвлөж байна вэ?

–Ганжуур нь тухайн хэвлэлийн онцлогоос хамаарч ботиудын тоо 108, 103, 100, 101 гэх мэт өөр өөр байна. Бид одоо хамгийн сүүлд Лхаст хэвлэсэн шол барын Ганжуурыг багшаараа уншуулж байгаа. Энэ Ганжуур бол 100 боть юм. Энэ жил 30-аад ботийг айлдуулах төлөвлөгөөтэй байна. Дараа жил гэхэд энэ 100 боть номоо бүтэн уншаад гүйцэх байх аа.

–Ганжуур лүн хайрлаж буй Ринбүүчи багшийн талаар товч танилцуулж өгнө үү?

–Багш маань Догдан ринбүүчи гэж хувилгаан лам байгаа. Нас сүүдэр 80 нэлээд гарсан өндөр настай хүн. Ганжуурын лүнг Энэтхэг, Төвдөд дөрвөн удаа тавьсан. Тав дах удаагаа манай Монголд тавьж байгаа юм. Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд уншиж байна. Багшийн маань түүх намтар дэлгэрэнгүйгээр ном болгож хэвлэсэн. Түүнийг та бүхэн сонирхож үзээрэй.

 

Ерөөл, бурханы сургаал сонссон усны молекул их үзэсгэлэнтэй болсон байсан гэдэг

–Ганжуурын лүнд суух нь хувь хүн болон нийт олны хувьд яг ямар эрдэм тустай болохыг онцолж тайлбарлаж өгнө үү.

–Чухал асуулт байна. Түрүүн хэлсэн ч гэсэн ахиад тодруулж тайлбарлая. Бурхан багшийн сургаал гэдэг бол төгс гэгээрсэн хүний айлдсан сургаал. Энэ зарлиг сургаал нь маш хүчтэй хүний сэтгэлийг ариусгах, гэгээрүүлэх чадалтай байдаг юм. Эш лүнг хүртснээр үгийн чадлыг олдог. Тийм болохоор бурхан шашны хувьд эш лүнг хүртэнэ гэдэг бол маш чухал юм. Хүний үг хүний сэтгэлд нөлөөдөг. Түүгээр үл барам амьгүй физик биед хүртэл нөлөөлж байгаа шүү дээ. Энэ талаар сүүлийн үеийн судалгаанууд хүртэл гарсан байдаг. Жишээлбэл Японы нэг эрдэмтэн усан дээр туршилт хийсэн байсан шүү дээ. Гурван саванд ус хийгээд ижил температур бүхий өөр өөр өрөөнд байлгаж байгаад. Нэг савтай усанд нь дан сайн сайхан үгс хэлээд. Пали хэлээр бурхан багшийн сургаалийг хүртэл хэлсэн гэдэг юм. Нөгөө саванд нь хараал, эсвэл хахир хатуу хөгжим чимээ сонсгоод, үлдсэн нэг савтай усыг зүгээр орхисон гэдэг. Хэд хоногийн дараа эдгээр ус хүний илгээсэн дуу авианы давтамжаар өөр өөр болсон тухай шинжилсэн байдаг. Дандаа ерөөл болон бурхны сургаал сонсч байсан усны молекулын бүтэц их үзэсгэлэнтэй болсон. Мөн ууршилт нь удаан, уухад их тааламжтай рашаан мэт болсон байсан гэдэг. Харин муу үгс сонсгосон усны бүтэц их муу, мөн амархан муудаж байсан гэсэн ийм туршилт хийсэн байдаг. Тэгэхээр бидний үг гэдэг амьд бие байтугай амьгүй бие махбодид үйлчилж нөлөөлдөг болж таарч байгаа юм. Тийм болохоор бурхны зарлиг сургаал эш лүнг хүртэнэ гэдэг хамгийн их энергитэй, хамгийн их хүч чадалтай, тийм үгийн чадлыг нь өөртөө шингээж авч байна гэж ойлгож болно. Хувь хүн талаас нь ач холбогдол нь энэ болов уу гэж хэлэх байна. Нийгэм олон талаас нь ач холбогдлыг нь юу гэж үнэлэх вэ гэвэл, монголчууд бидний хувьд бурхны шашин ном уламжлалын ёс дагуу дэлгэрэхэд маш том нөлөөтэй. Нэг шалтгаан нь болно. Энэ дэлхий дээр хүмүүс бид  ганцаараа оршдоггүй. Лус савдаг тэргүүтэй орон усны эзэдтэйгээ хамт найрсаг орших ёстой. Энэ эш лүнг хүртснээр цагаан зүгийн тэнгэрүүд, номын сахиуснууд баясаж, Монгол орныг маань ивээх болно.

–Лүнд суух үед ямар сэтгэл, сэдэлтэйгээр оролцох нь зохистой вэ?

–Ганжуурын эш лүн хайлж буй багш өглөө бүр товч тайлбар хүргэдэг. Багшийн тэрхүү тайлбарт сэдлээ хэрхэн засах уу, яаж зөв сэдэл үүсгэж ганжуурын лүнг сонсох ёстой вэ гэдгийг өдөр бүр тайлбарлаж байгаа. Хүн гэдэг сэтгэлийн амьтан, бидний сэтгэлд нисваанис муу сэтгэл, муу бодлууд байна. АНУ-ын эрдэмтдийн судалгаагаар хүн хоногийн 24 цагийн 8 цагт нь унтаж 16 цагт нь сэрүүн байна. Сэрүүн байх үеийн сэтгэлд төрж буй бодлуудын тоо 60-аад мянга байгааг гаргажээ. Энэхүү 60,000 бодлын 80 хувь нь сөрөг бодол байна. Сөрөг бодлынхоо 95 хувь нь улиг болсон бодлын давтамж байна гэсэн судалгаа гарсан байна. Бидний сэтгэл гэдэг ганц хүнд байдаг зүйл биш, амьд амьтан болгонд сэтгэл гэж байгаа. Тэр сэтгэл нь эерэг болон сөрөг бодол төрж байдаг. Ихэнх амьтад сөрөг бодлынхоо эрхэнд орчихдог. Ингэснээр стресс, депресс гэх зэрэг зовлонг амсаж эхэлдэг. Хамаг амьтны сэтгэл жаргалыг хүсдэг, зовлонг хүсдэггүйгээрээ ижилхэн. Яагаад зовоод байдаг вэ гэхээр бидний сэтгэл сөрөг бодлынхоо эрхэнд орчихоороо зовдог юм байна. Гэхдээ хүн сэтгэлээ ажиглаад сөрөг бодлоо таньж мэдээд хамгаалж чадах чадамжтай. Тэрхүү сөрөг бодлоо тэвчих юмуу эсвэл эерэг болгох чадал оюун ухаантай хүнд л байдаг гэж байгаа. Адгуус амьтанд бол ийм чадамж байхгүй. Жишээ нь арслан уурлаж байх үедээ “би уурлаж байна”, эсвэл амьтан барьж идэж байхдаа “би амьтанд хорлох сэтгэл үүсгэж” байна гэж мэдэхгүй шүү дээ. Зөвхөн хүмүүс бидэнд л сөрөг бодлоо таньж мэдэх, хянах, хаах, эерэг бодлыг төрүүлж сэтгэлээ амирлангуй, жаргалтай болгох чадамж бий. Бурхан багшийн сургаал гэдэг бол сөрөг бодлыг хэрхэн хянах вэ, эерэг бодлыг хэрхэн төлөвшүүлэх вэ гээж тэр арга замыг заасан байдаг. Түүнийг бясалгал гэж нэрлэдэг. Бясалгалаар өдөрт төрдөг  60,000 бодлоо цэгцэлж, сөрөг бодлуудыг хянаж чадна гэсэн үг юм. Хүмүүс бид бясалгал хийх нь маш чухал. Бурхан багшийн зааж өгсөн гэгээрэлд хүрэх арга техникийг эзэмших нь маш чухал байгаа юм. Бурханы зарлиг сургаал бол ийм үнэ цэнтэй сургаал, монголчууд бидний өвөг дээдэс үе үеийн турш уламжилж ирсэн түүхэн баялаг гайхамшигтай сургаалийг өвлөж авсан ард түмэн юм. Энэ сайхан уламжлалаа алдахгүй, цааш нь улам дэлгэрүүлж залуустаа хүргэх, залуучуудаа төлөвшүүлэх, залуу үеэ боловсруулах шаардлага бидэнд тулгарсан байна. Ийм ороо бусгаа цаг үед лам хурвагууд нь бурхны сургаалиа үзэж, судлаж эзэмших, нийгэмд дэлгэрүүлэх нь нийгмийн сайн сайхан асар тустай зүйл юм.

 

Бодь сэтгэлийг дадуулж чадвал маш өндөр амжилтад хүрнэ

–Хүн сөрөг бодлоо хэрхэн хянах вэ?

–Нисваанис буюу уур, шунал атаа жөтөө, хорсол эдгээрийн эрхэнд хэрхэн орохгүй байх вэ гэдэг нь бидний сэтгэлээ засахтай холбоотой. Сэтгэлээ зөв зоригдол дээр аваачаад, сэтгэлдээ зөв бодлыг үүсгээд ингэж бид сэтгэлдээ зөв бодлыг төлөвшүүлж, дадуулж сурах хэрэгтэй юм. Хамгийн аньстай, хамгийн ашигтай зөв бодол бол бодь сэтгэл гэж багш маань бидэнд сургасан юм. Бид өглөө босоод бодь сэтгэлийг дадуулж байвал маш их амжилтанд хүрнэ хэмээдэг. Бодь сэтгэл гэдэг маань амин хувиа хичээсэн хүлээснээс ангижраад бусад амьтныг энхрийлсэн, бусдыг хайрласан сэтгэлийг хэлнэ. Зөвхөн өөрийн амин хувиа бодсон энэ арчаагүй бодлоо хянаад, үүнийхээ эрхэнд орохгүй түүний оронд бусдыгаа хайрласан бусдын эрх ашгийг хүндэлсэн сэтгэл. Бусад гэдэг маш өргөн ойлголт. Монголд 3сая 500 мянган хүн байхад би өөрөө ганцхан бодгаль харин 3 сая гаруй хүн бусад болно. Тиймээс бусад олон хүний хүний эрх ашиг миний эрх ашгаас илүү юм гэдгийг ухамсарласан сэдвийг дадуулах ёстой гэж багш маань өглөө болгон бидэнд айлдаж байгаа. Тийм болохоор бодь сэтгэлийг дадуулах, хоосон чанарыг оносон билгүүнийг бясалгах, орчлонгийн мөн чанар буюу бодит байдлыг таньсан магад гарахуйн сэтгэл тэргүүтнийг дадуулах нь бол сөрөг бодлоо хаах, сөрөг бодлоо хянах хамгийн шалгарсан сайн арга юм.

–Сүүлийн жилүүдэд бурхны номыг монгол хэлээр айлдах, тайлбарлах тухай санал ихээр гарч байна. Зарим хүмүүс олон хоног үргэлжлэх эш лүнгийн айдварыг монгол хэлээр тавих шаардлагатай гэж үздэг.  Та энэ талаарх ялгаа онцлогийг тайлбарлаж өгнө үү?

–Ганжуурын эш лүн төвд хэл дээр явж байгаа. Энэ асуулт бол энэ эш лүнг монгол хэлээр яагаад өгч болохгүй вэ гэж байна. Энэ асуултыг тайлбарлах, бас ойлгож хүлээн авахын тулд бурхан шашны суурь ойлголт сайтай байх ёстой юм. Ер нь бол эш лүн монгол хэлээр тавьж болно. Гэхдээ монгол хэлээр тавих дамжлага нь байхгүй юм. Тиймээс одоо энэ цагт боломжгүй гэж ойлгож болно. Ганжуурын сургаалийг Монгол хэлрүү Лигдэн хутагт хааны үед орчуулж дүүрсэн байдаг. Орчуулсаны дараа эш лүнг монголоор унших, монголоор өгөх зүйлийг тэр үед гаргаагүй байна. Ганжуурын эш лүнг уншихдаа дандаа төвд хэлээр уншиж байсан байна. Үүнийг учир холбогдлыг бид мэдэж байх учиртай. Түрүүн хэлсэнчлэн бурхны сургаал гэдэг бол үг үсгийн хувьд алдаагүй, утгын хувьд алдаагүй уламжлагдах ёстой юм байна. Ингэж уламжлагдах нэг шалтгаан нь өөрийн айлдсан хэлээр нь дамжуулж байх юм бол сургаалийнх нь үг үсэг өөрчлөгдөхгүй, утга нь гажихгүй гэж үздэг. Гэхдээ бурхны зарлиг сургаалийг өөрийн хэлнээ орчуулсан гурван том улс байгаа. Жишээлбэл Хятад улс 1000 аад оны үед бурхны сургаалийг орчуулж гүйцээд Хятад ганжуур гэж байдаг. Мөн Төвд болон монголчууд өөрсдийн хэл дээрээ орчуулсан. Хятад болон Төвдүүд бурхны сургаалийг өөрийн хэлрүү орчуулахдаа яг эх хэлээс нь бусад хэлрүү дамжуулахгүйгээр орчуулсан. Манай монгол ганжуур цаг хугацааны хувьд сүүлд орчуулсан, тийм учраас дунд нь нэг хэл дамжсан. Өөрөөр хэлбэл төвд хэлээр дамжуулж авч орчуулсан. Тийм болохоор цааш уламжлагдахдаа хоёр юмуу гурван хэл дамжчихаар уг ариун сургаал нь үг үсгийн болон утгын алдаагүй дамжих эрсдэлд ордог юм байна. Тиймээс манай Монголын мэргэд өндөр түвшиний мэдлэг, ойлголттой байсан тул эш лүнг нь хүртэхдээ яг эх хэлнээс нь авсан хоёр дах хэлээр нь дамжуулах юм бол илүү их хүч чадалтайг нь мэдээд эш лүнг нь хүртэхдээ төвд хэлээр нь хүртдэг байсан уламжлалтай. Бид энэ уламжлалаа бариад төвдөөр уншуулж байгаа юм шүү. Эш лүн дамжихдаа дамжлагатай байх ёстой. Бидэнд  монголоор дамжуулсан дамжлага гараагүй юм. Ийм учир шалтгаантай юм шүү. Монголчууд маш соёлтой ард түмэн. Номын хэлтэй. Бурхны зарлиг сургаалийг төвд хэлээр үздэг, төвд хэлийг номын хэл болгосон улсууд юм. Энэ уламжлалаа алдахгүй дамжуулж явах ёстой. Жишээлбэл бид дэлхий нийтийн хүн болохын тул эх хэлнээсээ гадна англи хэлийг суралцах ёстой болдог. Үүнтэй ижилхэн монголчууд маш соёлтой ард түмэн байсан болохоор бурхны эх сургаалийг дамжуулдаг номын хэлтэй байсан. Тэр номын хэл нь  төвд хэл юм. Монгол лам нар хоёр хэлтэй, эх монгол хэл түүнээс гадна номын хэлтэй өндөр боловсролтой улсууд байсан юм шүү.

–Ганжуурын эш лүн бүрэн айлдсны дараа Монгол лам хуврагууд шавь нартаа эш лүнг хайрлах эрхтэй болох уу?

–1937 оноос өмнө Ганжуурын эш лүнг тавьдаг дамжуулдаг монгол лам нар байсан. Хамгийн сүүлийн жишээ дурдахад хүрээнд долоон цорж гэж байсан. Хүрээний хамба номун хаан, дэд хамба хоёр нь эхний хоёр цорж нь, түүнээс гадна дахиад таван цорж гээд хүрээ бол 12 дацан сургуультай, 12 дацан сургуулийн түм /10,000/гаруй хуврагуудыг эрдмээр манлайлдаг 7 цоржтой явж ирсэн түүхтэй. Хүрээний долоон цоржийн нэг Цогтзандан цорж 1937 оноос өмнө Ганжуурын лүнг тавьж байсан. Хамгийн сүүлд лүн өгч байсан хүн энэ хүн юм. Энэ цоржоос ганжуурын лүн бүрэн хүртсэн хүмүүс социолизмын үед манай Гандантэгчэнлин хийдэд зөндөө байсан. 1990-ээд оны эхээр манай Гандантэгчэнлин хийдийн хамба, бид “Өндөр хамба” гэж дуудаг эрдэмтэй лам байсан. Өндөр хамба Дамдинсүрэн гуай бол хүрээний Цогтзандан цоржоос ганжуурын лүн хүртсэн байсан. Зарим шавь нартаа уншиж өгдөг байсан ч цаг үеийн байдлаар болоод бүтэн уншиж өгч чадаагүй гэдэг. Тийм болохоор бид дараа жил гэхэд ганжуурын лүн бүрэн авна. Ганжуурын лүнгийн ерөнхий дүнгээр 540 хувраг сууж байна. Энгийн хүмүүс нь 700 гаруй хүн сууж байна. Дөрвөн жил үргэлжилсэн Ганжуурийн лүнгийн дараа 540 хувраг Ганжуурын лүнтэй болчихно гэсэн үг. Нөгөө дамжлагатай болчихно, бурхан багшийн сургаалийг цааш дамжуулах эрхтэй болчихно. Тийм болохоор монгол лам нар үүнээс хойш Ганжуурынхаа лүнг өөрсдөө уншиж шавь нартаа дамжуулах энэ боламж дараа жилээс нээгдэж байгаа юм.

–4-5 жил үргэлжлэх, нэг удаад 45-60 хоног уншдаг энэ номын айлдвар нь лам багшийн хувьд ч сүсэгтэн олны хувьд ч их хичээл зүтгэл шаарддаг, нүсэр их ажил байх. Энэ талаар та сэтгэгдэлээ хуваалцахгүй юу?

–Тиймээ их нүсэр ажил. Жишээлбэл нэг боть ном урт барын хэвлэлтээр 450-500 хуудас ном байгаа. 450-500 хуудас номыг багш маань өглөө 08:00 цагаас орой 17:00 -17:30 хүртэл дундаа 2 цагийн завсарлагаатайгаар үг үсэг алдахгүй уншиж байгаа. Тийм учраас Ганжуурын лүн хүртээдэг хүн хурдан, тод хэлтэй байх ёстой. Ганжуурын лүн тавьдаг хүнээс нэлээд их эрдэм чадвар шаарддаг. Багш маань үдээс өмнө 24-205 хуудас, үдээс хойш мөн 200 гаруй хуудас гээд нэг боть номыг нэг өдөр юмуу нэг өдөр хугаст уншиж гүйцэж байгаа. Ганжуурын лүн хүртээнэ гэдэг багшийн хувьд маш их чадамж шаардсан, шавь нарын хувьд нэлээд тасвар хатуужил хэрэгтэй. Учир нь өглөө 08 цагаас орой 17,00 цаг хүртэл таслахгүй сонсож байж ганжуурын лүнг олохоос биш нэг үсэг, нэг үсэг орхиж сонсвол ганжуурын лүнг бүтэн хүртэж чадахгүй байдал үүсдэг юм. Тиймээс сонсож байгаа хүн унтахгүй, ярихгүй, үг үсэг алдахгүй сонсох ёстой юм.

–Ганжуурын лүн дэлхийн буддистуудын хувьд ямар ач холбогдолтой вэ?

–Монголчуудын хувьд ямар ач холбогдолтойг дээр дурдсан. Ер нь бурхны шашин дэлхийд их хөлгөн, бага хөлгөн гэж хоёр хэлбэрээр оршиж байгаа. Бага хөлгөний уламжлалтай орнууд бол Тайланд, Бирм, Лаос, Камбожи, Вьетнам тэргүүтэй зүүн өмнөд Азийн улс орнууд байна. Их хөлгөний уламжлалтай орнууд Хятад, Монгол, Төвд гэсэн төв ази, хойд азийн улс орнууд бий. Бага хөлгөний уламжлалтай орнуудад Бурхан багшийн сургааль пали хэлээр уламжлагдсан. Манай монголчуудын хувьд санскрит хэлнээс төвд хэлрүү орчуулаад төвд хэлээр уламжлагдсан. Пали хэлээр байгаа бурхан багшийн сургаалийн эмхтгэл, төвд болон хятад монгол хэлээр байгаа бурхан багшийн сургаалийн эмхтгэл ялгаатай. Пали хэлээр байгаа сургаал номлолууд дан нийтийн сургаал гэж үзэж болно. Нөгөө талаас нь ярих юм бол бага хөлгөний сургаал, пали хэлээр уламжлагдсан сургаал бол тэнд хадгалагдаж байгаа. Монгол, төвд, хятад ганжуурт байгаа сургаал бол пали хэлээр байхгүй их хөлгөн судрууд уламжлагдсан байна. Жишээлбэл бага хөлгөний сургаалд байхгүй Билиг барамидын 21 боть сургаал байна. Олонхийн аймгийн зургаан боть сургаал, Чухаг дээд давхарласны аймгийн зургаан боть сургаал, Их хөлгөний элдэв судрын хураангүй 32 боть сургаал, Дандарын сургаалийн эмхтгэл 21 боть сургаал гэх мэт эдгээр сургаал бол пали хэл дээр байхгүй. Зөвхөн их хөлгөний шашин, их хөлгөний уламжлалд уламжлагдсан юм. Эдгээр сургаалийн эш лүнг хүртэж байгаа нь монголчууд бидний маш том давуу тал болно. Дэлхийн буддизмд уламжлал нь тасрахгүй байх, баялаг байх ач холбогдолтой.

 

Хүлцэнгүй байх гэдэг нь номой дорой аж төрөх биш юм

–Уншиж буй ботиудын агуулгыг сүсэгтэн олон хэрхэн ойлгож амьдралдаа хэрэгжүүлж болох вэ? Жишээ болгон нэг ботийн утга чиглэлийг товч танилцуулбал?

–Би эхлээд Винайн 13 боть сургаалийн товч утгыг та бүхэнд хүргэе. Винай гэдэг маань ёс зүй гэсэн үг. Монголчууд ёс зүйг номын хэллэгээр “Шагшаабад” хэмээдэг. Энэ үг бол санскрит хэлнээс монгол хэлэнд орсон нэр томьёо. Хүн гэдэг бол шагшаабадад оршиж байж, ёс зүйтэй байж зөв хүн болдог. Ёс зүйг сахина гэдэг нь нийгэмдээ хоргүй, нийгэмдээ тустай, хувь хүн хүмүүжилтэй болдог. Ёс зүй болон шагшаабад гэж юуг хэлэх вэ гэхээр бие болон хэлний гэмийг тэвчихийг хэлж байгаа юм. Хүмүүс бид бие болон хэлээр гэм хийдэг. Амьтны амь тасалж, буруу хурьцал хийж, хулгай хийдэг. Хэлээр хийдэг гэм нь худлаа ярьдаг, хов хэлдэг, дэмий чалчдаг, бусдыг харааж доромжилдог гэх тэргүүтэн бие болон хэлээрээ гэмт үйлийг хийдэг. Энэ гэмт үйлийг хийхгүйгээр түүнийг хорьсон бие хэлний үйлийг шагшаабад гэж байгаа юм. Бие болон хэлний гэмийг тэвчсэнээр хувь хүн зөв хүн болно. Нийгэмд зөв хүн хичнээн их байна төдий хирээр нийгэм ариусч, төлөв түвшин нийтээрээ амар тайван, аз жаргалтай байх нөхцөл бүрддэг юм.

Бурхан багшийн айлдвар сургаалд байгаа Винайн 13 боть сургаал бол энэ шагшаабадыг хэрхэн эзэмших үү, хүн хэрхэн ёс зүйтэй байх вэ гэдгийг нарийн заасан сургуулиуд байдаг. Бас нэгэн багц сургаал бол Билиг барамидын 21 боть сургаал байна. Энэ сургаалийн бурхан багш гол нь бодьсадва нарт айлдсан байдаг. Тэр нь бодьсадва нар хэрхэн төгс гэгээрдэг юм бэ гэдгийг сургасан сургаал байдаг. Бодьсадва нарын зорилго нь хамаг амьтны тусыг хийх байдаг. Үүний шалтгаан нөхцөл нь зургаан барамидаг эзэмших ёстой юм.

 Эхлээд өглөгт суралцах учиртай. Энэ нь харамын сэтгэлийг тэвчиж бусдад өглөх өгөх. Өөрөөр хэлбэл бусдад туслах гэсэн үг шүү дээ. Хүмүүс бид өглөгч байх ёстой, бусадтайгаа хуваалцаж байх ёстой, харамгүй байх ёстой гэсэн үзэл санааг төлөвшүүлэх юм. Хоёр дах нь шагшаабадын барамида. Ёс зүйтэй байх ёстой. Хичнээн өглөгч байгаад ёс зүйгүй бол бүрэн төгөлдөр биш. Гурав дах нь тэсвэр хатуужил. Манай Монголын номын хэллэг нь хүлцэнгүй гэдэг. Үүнийг хүмүүс гуйвуулж ойлгож номхон, дорой байх, гэм хогүй байх юм байна гэж буруу ойлгодог. Гэтэл хүлцэнгүй гэдэг маань тэсвэр хатуужилтай байна гэсэн үг. Хүлцэнгүй гурван янз байгаа. Жишээлбэл Зовлонг үл хайхрах хүлцэнгүй гэж бий. Хүмүүс бидний амьдралд зовлон гэдэг зүйл үргэлж тохиолдож байдаг. Бид зовлонг хүлээж авах ёстой гэдэг. Бид зовлонг хүлээж авахгүй, зовлонтой буруу харьцснаас ёс зүйн алдаа гаргадаг. Би эд хөрөнгүй юм чинь хулгай хийе, эсвэл эрх мэдэлд хүрсэн үедээ надад боломж нь байна үүнийг хулгайлья, би л болж байвал бусад нь яахав гэх өөрийн аминч сэтгэлээр улс орноо хорлодог зэрэг муу үйл хийдэг. Тэгэхээр бид зовлон гэдэг зүйлийг хүлээн авах тэсвэр хатуулжилтай байх хэрэгтэй гээд байгаа юм. Зовлон хүлээж авах тэсвэр хатуужилтай байх нь ёс зүйн алдаа хийхгүй, зорьсон эрдмээ олж авах гэх тэргүүтнээр ач тус их байгаа.

Дөрөвдэх нь хичээнгүйн барамида. Хичээнгүй гэдэг нь сайн зүйлд үнэхээр хичээл зүтгэлтэй түүнийгээ орхихгүй, ард нь гарж чаддаг ийм чадвар байх ёстой. Бурхан багш “Эрдэм бүгд хичээлийг дагадаг юм” гэж айлдсан байдаг. Эрдэм бүгд ухааныг дагана гэж айлдаагүй, эрдэм бүгд билгүүнийг дагана гэж айлдаагүй. Үнэхээр хувь хүн хөдөлмөрч,  хичээнгүй, залхуугүй байх юм бол зорьсон эрдмээ сурч чаддаг, зорьсон сайн зүйлээ бүтээж чаддаг. Тэгэхээр хичээнгүй гэдгийг эзэмших хэрэгтэй гэж бухан багш бодьсадва нарт 4 дэх барамидаг айлдсан байна.

Тав дах нь Самадийн барамида. Энэ бол сэтгэлээ төвлөрүүлэх. Сэтгэлээ дотогшоо хандуулж, дотоод зоригдол дээр сэтгэлээ төвлөрүүлэх. Эгэл хүмүүс бид нар гадаад зургаан мэдэрхүйнхээ эрхэд орсон байдаг. Тиймээс сэтгэлээ хянаж чаддаггүй. Бидний сэтгэл гадагшаа хандах тусам алгасарч эмх замбараагүй байдаг юм. Сэтгэлээ дотогдоо хандуулж дотоод зоригдол дээрээ төвөлөрүүлж чадах юм бол хүний сэтгэл маш их хүч чадалтай юм. Үнэхээр зоригдол дээрээ алгасарахгүйгээр  төвлөрсөн ийм чадамжийг олох юм бол эрдмийг олж чаддаг, гэмийг хааж чаддаг ийм гайхамшигтай чадвартай болдог.  Мөн номонд гардаг ид шид, рид хувилгаан гэдэг бол тогтож төвлөрсөн сэтгэлээс үүднэ. Гэгээрэл нирваанд хүрэхэд үндсэн арга зам нь бясалгал буюу самади юм. Энэ бяслгал самади билгүүгүйгээр буруу болдог.

Тийм учраас бурхан багш 6 дугаар барамидаг Билгүүний барамида гэж нэрлэсэн. Билэг оюун гэдэг маань жам ёсыг ухаарсан ухамсарыг хэлнэ. Жам ёс, бодот байдлыг хүлээн зөвшөөрсөн, ухаарсан билэг оюуныг хэлдэг. Жишээлбэл мөнх бусыг оносон билэг оюун, хоосон чанарыг оносон билэг оюун, хамгийн наад зах нь үйлийн үрийг ойлгосон. Бүр тодруулсан муу үйлдийн үрд зовлон ирнэ, бусдад тусласан сайн үйлийн үр дагаварт жаргал ирнэ гэх мэт үйлийн үрийг ухаарсан эдгээр билэг оюуныг бурхан багш билгүүн гэж машид эрхэмлэсэн байдаг. Тэгэхээр самади дээр билэг оюунын цогцлоох юм бол тэр хүн сэтгэлээ төгс гэгээрүүлж чадна, гэгээрэл нирваанд хүрч чадна, өөрөө гэгээрээд зогсохгүй бусад амьтны тусыг хийж, хамаг амьтныг ч гэсэн гэгээрүүлж чадна, бурхны хутагт хүргэж чадна гэж айлдсан байдаг. Билэг барамидын 21 сургаалийн хамгийн товч утга нь 6 билэг бармидаг эзэмших, 6 билэг барамилагийн шим нь бодь сэтгэл, хоосон чанарыг оносон билэг оюун. Энэ хоёрын арга билэг хоёр гэж нэрлэдэг. Арга билэг хоёрыг эзэмшсэнээр хүмүүс төгс төгөлдөр болж чадна гэж үздэг ийм сургаал байгаа юм. Гэх тэргүүтнээр 108 ботид хүн төрөлхтөнд машид хэрэгтэй мэдлэг, бясалгал агуулдагдсан хгайхамшигтай сургаалиуд байгаа юм.

Энэхүү номын айлдварын уламжлалыг цаашид хадгалж, үргэлжүүлэхэд залуу лам хувраг, шинэ үеийн залуучуудын оролцоо, үүрэг ямар байх ёстой гэж үзэж байна вэ?

Залуучууд бидний хувьд хамгийн их оролцоотой байх шаардлагатай. 1990 онд Монгол улс ардчилсан нийгэмд шилжээд, шашин шүтэх эрх чөлөөг олоод олон сүм хийд монгол улсад байгуулагдсан. Энэ үед манай эрдэмтэй ахмад настанууд, ихэвчлэн 70, 80 гарсан өвгөн хуврагууд эрдэм мэдлэгээ зааж сургаж үлдээж өгсөн. Ардчиллаас хойш даруй 30 гаруй жил өнгөрлөө. Ахмад үед маань ертөнцийн мөнх бусыг үзүүлээд дууссан байна. Одоо бол тухайн үед 17,18 настай байсан хүүхдүүд идэр насандаа хүрсэн шашин соёлоо түгээх, дэлгэрүүлэх үүрэг хариуцлага хүлээх үед дээрээ ирсэн байна. Одоо энэ ганжуурын лүнд 540 гаруй лам оролцож сонсож байгаа. Энэ 540 ламын ихэнх нь залуучууд юм. Тиймээс манай монгол залуу лам нар бурхан шашныхаа уламжлалыг хүлээн авах, дамжуулах тал дээр идэвх зүтгэлтэй байна гэдэг нь харагдаж байгаа. Ер нь манай монголд нийт лам нар 2000 шахам байдаг гэсэн тоо бий. Тэгвэл энэ дөрвөн жил үргэлжлэх, сараар нь тооцвол 8 сарын хугацаанд тасралтгүй уншиж, ганжуурын эш лүнг хүртэх үйл ажиллагаанд 500 гаруй залуу лам хуврагууд оролцож байна гэдэг бол залуучууд үүргээ ухамсарласан байна. Цаашид манай Монголын шашны ирээдүй гэрэлтэй харагдаж байна гэж өөдрөгөөр бодож байна.

Танд маш их баярлалаа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img